Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/568

 

 

 

 

     2023           5            30                                        2023/ДШМ/568

 

З.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/482 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн З.М-эд холбогдох эрүүгийн 2210023821379 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М-,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

З.М-э нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” бааранд хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэх үедээ тухайн баараар үйлчлүүлж байсан Ч.Б-т гарах шаардлага тавихад өөдөөс нь дайрсан гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд хохирогч өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, эмчилгээний зардал 601.120 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч баримттай 601.120 төгрөгийг нөхөн төлнө гэж мэдүүлж хохирлын дүнд маргасан. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг хэрэгт хуулбараар өгсөн байхад хуульд зааснаар хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй, хуулийн шаардлага хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн нь зөрчилтэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэгт хохирол, хор уршгийн үр дагаврыг ухамсарласан, үр дагаврыг арилгахад чиглэгдсэн үйлдэл хийсэн, эсхүл илэрхийлсэн байхыг агуулах бөгөөд шүүгдэгч нь хохирлын хэмжээнд маргаж буй нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн шаардлагад нийцэхгүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч “...эхлээд манай хоёр хамгаалагч зодолдсон. Би энэ залуугийн цээж рүү нь жийсэн, өөр үйлдэл хийгээгүй. Хамгаалагч нар гарыг нь өчсөн. ...” гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...нэг залуугийнх нь цээжинд өшиглөсөн. ...хоёр удаа л өшиглөсөн. ...” гэж мэдүүлжээ /хх 43/. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ч.Б- “...гэмтлүүдийг “М-” баарны хамгаалагч нар учруулсан. ...” гэж /хх 22/ мэдүүлсэн байна. Хохирогчийн өмгөөлөгч Г.Л шүүх хуралдаанд “...Ч.Б-ийн эрүүл мэндэд 7 тооны гэмтэл учирсан, гэмтэл тус бүрдээ үүссэн, бичлэгээс харахад өшиглөсөн, дарж байгаа байдал харагдаж байх тул хэд, хэдэн этгээд гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгаагүй, шүүгдэгч нэг удаа жийсэн гэж мэдүүлж байх тул бусад гэмтлийг хэн учруулсан эсэх, хохирогчид гэмтэл учруулсан өөр этгээд байгааг тогтоогоогүй байна. ...” гэж маргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн 12918 дугаартай дүгнэлтэд Ч.Б-ийн биед “тархи доргилт, дух, зүүн зулай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, шинэ гэмтэл байна, хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн цээжинд хоёр удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн бол хохирогч хамгаалагч нар гэмтлийг учруулсан гэж мэдүүлж, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой хэлж чадахгүй байх тул хохирогчийн биед учирсан гэмтлүүд бүгд шүүгдэгч З.М-ийн үйлдлээс учирсан эсэх, эсхүл түүний үйлдлийн улмаас аль гэмтлийг учруулсан эсэх, цээжинд өшиглөхөд аль гэмтэл нь учрах боломжтой эсэх, бусад гэмтэл нь ямар үйлдлийн улмаас учрах эсэх, санаатай үйлдлээр учирсан эсэхийг нэг мөр ялгаж тогтоосны эцэст шүүгдэгч аль гэмтлийг учруулсныг тогтоон уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчээс тодруулж, шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь гэмт үйлдэл, зүйлчлэлд шууд хамааралтай. Мөн тус гэмт хэрэгт өөр этгээд хамтран оролцсон эсэх, үйлдэл оролцоог шалгах, хохирогчоос “хувцас урсан” гэж мэдүүлэх бөгөөд үүнд өөр гэмт хэргийн шинж буй эсэхийг шалгах, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн 2 дугаарт гэрч Б.Б /Д.Б мэдүүлгийг хх 26-27/ нотлох баримтаар дурдах боловч уг баримт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр тогтоож авсан мэдүүлэг байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болохгүй тул зөрчлийг арилгах. Хохирогчоос хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримт /хх 38-39/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сумъяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокуророос шүүгдэгч З.М-э нь хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурор бичгээр гаргаж өгсний дагуу хүсэлтийг хангаж шийдвэрлэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэрээр гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн хүсэлт гаргасан, тухайн хүсэлтээсээ шүүхийн шатанд буцаагүй, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “баримтыг үндэслэн хохирлыг бүрэн төлөх боломжтой” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх “нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хэрэг хавсаргаагүй, хохирлын хэмжээнд маргаж буй нь гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн шаардлага нийцэхгүй” гэж дүгнэн шүүхээс буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “хохирлын баримтыг үндэслэн хохирлыг бүрэн төлнө” гэдгээ илэрхийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан шүүгдэгч З.М-ийг хохирлын хэмжээнд маргасан гэж үзэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байна.

Шүүх шүүх хуралдааны явцад хохирогчийн гаргаж өгсөн баримттай буюу заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй дүгнэлтүүд хийсэн ба нөгөө талаар шүүгдэгч нь тухайн нотлох баримтын шаардлагад маргаагүй байхад хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэл болгосон нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шүүхийн захирамжийн 1 дүгээр заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх хуралдаанаас дараах нөхцөл байдлыг хянана: 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэх хуулийн заалтыг дурдсан атлаа дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 Шүүгдэгч З.М-э нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, камерын бичлэгт шүүгдэгч З.М-ээс өөр хэн нэгэн хохирогчийн биед гэмтэл учруулж болох үйлдэл гаргаагүй болох нь камерын бичлэгт тодорхой байхад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” заалт хангагдаагүй гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч Ч.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан хувцас урсан асуудалд хохирогч урагдсан хувцсыг нэхэмжлээгүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгуулах хүсэлт гаргаагүй байхад шалгах шалгах шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон. Харин тус гэмт хэрэгт өөр этгээд хамтран оролцсон эсэх, үйлдэл оролцоог шалгах гэж буцаасан үндэслэлд маргахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.М-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх З.М-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, хохирогчийн биед учирсан гэмтлүүд шүүгдэгч З.М-ийн үйлдлээс учирсан, эсхүл тус гэмт хэрэгт өөр этгээд хамтран оролцсон эсэх, үйлдэл оролцоог шалгах шаардлагатай ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт хохирогч Ч.Б-ийн “...уг гэмтлүүдийг “М-” баарны хамгаалагч нар учруулсан. ...” /хх 21-22/, гэрч Б.Б-ийн “...тэр хамгаалагч нар олуулаа болчихсон манай найзыг бөөнөөрөө зодоод байсан. Би тухайн үед гуйсан “манай найзыг битгий зодооч гэж. Миний үгийг тоохгүй зодоод байсан. ...” /хх 27/, З.М-ийн яллагдагчаар өгсөн “...тэр хоёр залуугийн нэгнийх нь цээжинд, нэгнийх нь мөрөнд өшиглөсөн. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд, “...Ч.Б-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12918 дугаар дүгнэлт /хх 33-35/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, хохирогчид учирсан тархи доргилт, дух, зүүн зулай, чамархай, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтлүүд З.М-ийн үйлдлийн улмаас учирсан эсэх, эсхүл тус гэмт хэрэгт өөр этгээд хамтран оролцсон эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/482 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сумъяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/482 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол З.М-эд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН