Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/569

 

 

 

 

   2023           5            30                                           2023/ДШМ/569

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга  Б.Зэнээмэдрээ  нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2211019930170 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б-,

 

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа үнэт эдлэлийн дэлгүүрийн хажууд байрлах “****” хоолны газарт хохирогч А.Э-тай хүн загналаа гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 161.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б-гаас гаргуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.5 дугаар зүйлд "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгчид оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь дээрх хуулийн заалт, эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үздэг. Шүүгдэгчийн хувьд тодорхой ажил эрхэлдэг нь “****” ХХК-д ****брокер оффисын агентаар, “Тэнүүн теннис” клубт багшаар ажилладаг талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр ирсэн ба шүүгдэгчийн харилцах банкны дансны хуулгаар нотлогдох болно. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа “тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломж, тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдаг зэргийг харгалзан оногдуулах учиртай. Шүүгдэгч шүүхээс ногдуулсан нийтэд тустай ажлыг хийснээр одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөсөө гарах, цаашлаад гэр бүлээ тэжээн тэтгэх боломжийг хязгаарлаад байгаа юм. Миний үйлчлүүлэгч Г.Б- нь хүүтэйгээ хоёулаа амьдардаг, нийтэд тустай ажил хийснээр санхүүгийн орлогогүй болохоос гадна хүүхдээ тэжээн тэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүргэх юм. Иймд торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх юм бол хүүхдээ асран хамгаалах, ар гэрээ авч явах санхүүгийн чадамж хязгаарлагдах нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв

 

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг хянаад, “тухайн хэрэгт тохиолдлын шинжтэй зүйл, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт тохирсон ялыг оногдуулсан. Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч түүний анхан шатны шүүх хуралдааны явцад биеэ авч яваа байдал, хохирогчтой харьцаж байгаа хандлагыг нь харахад хийсэн үйлдэлдээ гэмшсэн байдал ажиглагдаагүй. Тийм учраас улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “****” хоолны газарт хохирогч А.Э-тай “хүн загналаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт цохих, бие рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь баруун гарын 2, 3, зүүн гарын 1 дүгээр хумсны талласан хугарал, хууларсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Э-гийн “...тухайн газраар үйлчлүүлж байсан танихгүй эмэгтэй зөөгчийг доромжлоод байсан тэгэхээр нь би “чи болиоч“ гэж хэлсэн мөн манай Хонгорзул гэх найзыг доромжлоод байхаар нь “чи болиоч” гэж хэлсэн чинь миний нүүр хэсэгт баруун гараараа нэг цохисон. Миний шүд өвдөөд, дээд уруулын дотор тал халуу дүүгээд өвдөөд байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй маргалдаад намайг яагаад цохиж байгаа юм гээд үснээс нь зулгааж татсан. Нөгөө эмэгтэй хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь тавьсан. Хоолны газрын гадаа гараад би тухайн эмэгтэй дээр очоод “чи яагаад миний нүүр хэсэгт цохиж байгаа юм” гэхэд хараалын үгээр доромжлоод нэг удаа намайг өшиглөж гарын хэсгийг оносон. ...” /хх 10-11/,

гэрч Б.Б-ын “...шөнийн 04 цагийн орчимд хоёр өөр ширээнд сууж байсан хоёр эмэгтэй хоорондоо хэсэг муудалцаж байгаад нэг эмэгтэй нь нөгөө эмэгтэйгийнхээ нүүр хэсэгт нэг удаа цохисон, цохиулсан эмэгтэй уурлаад цагдаа дуудсан, дараа цохисон эмэгтэй муудалцаж байсан эмэгтэйгийн гар хэсэг рүү өшиглөж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17/,

гэрч Б.Б-ий “...хоолны газарт хэсэг бүлэг хүмүүс зөөгчийг загнаж байхаар нь би очоод юу болсон юм бол гэж асуухад “Хоол нь хоёр хүний порцоор гэчихээд нэг хүний порцоор ирлээ” гэхээр нь “хоолны порц нь ингэж гардаг юмаа” гэхэд Э- ирээд "Чи яагаад хүн загнаад байгаа юм бэ" гэхэд үгийн зөрүүгүй Э-гийн нүүр хэсэгт баруун гараараа цохисон. Ингээд тухайн хүмүүсийг салгасан. ...Хоолны газрын үүдэнд маргалдаан болсон ба муудалцдаг эмэгтэй Э-гийн гар хэсэгт нэг удаа өшиглөж гараас цус нь гараад байхаар нь цагдаа дуудсан. ...” /хх 19/,

гэрч Н.Х-ын “...үүдэнд орилоод байсан эмэгтэй хүнд хандаад А.Э- “ингэж болохгүй ш дээ соёлтой байгаач” гэж хэлсэн чинь шууд өшиглөөд, зодоод эхэлсэн. ... Бид нарын хооронд маргаан үүсээд тухайн газраас гараад надтай маргалдсан гэх залууд юу болж байгаа талаар тайлбарлаж хэлээд бид учир зүйгээ ололцсон. Манай найз А.Э- “цагдаа дуудах хэрэгтэй байна гээд орилоод, миний хумс хугарчихлаа” гээд байсан. ...” /хх 21/

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...хохирогч А.Э-гийн баруун гарын 2, 3, зүүн гарын 1 дүгээр хурууны хумс таллаж хугарсан, хууларсан, цус гарч шарх үүссэн байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 33/,

Г.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Э- над руу улаан галзуу дайраад гүйгээд ирэхээр нь өөдөөс нь өшиглөсөн, маргалдсан. ...Би гар хуруу дээр учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,

 

А.Э-гийн биед баруун гарын 2, 3, зүүн гарын 1 дүгээр хумсны талласан хугарал, хууларсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14957 дугаар дүгнэлт /хх 23-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Хохирогч А.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс, гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн нөхцөл байдалд хоорондоо зан харьцааны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж маргалдсан, шүүгдэгч Г.Б-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, 9 настай хүү А.Х-ын хамт хоёулаа амьдардаг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1000 нэгжээр торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ зохих хуулийн заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Г.Ганбаярын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 161.000 төгрөг шилжүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж,

5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-гаас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Б- нь Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН