Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2024/0023

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Иргэн О, Д,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны хооронд үүссэн “Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээс хассан”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц цахимаар, хариуцагч Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч О, Д нараас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хороонд холбогдуулан тус Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолоор “Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд А намаас нэр дэвшүүлсэн Д, О нарыг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал баримтаар илэрсэн” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, уг тогтоол гарсантай холбогдуулан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын Д, О нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

2.2. Нэхэмжлэгч Д, О нар нь, Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны дээрх шийдвэрт холбогдуулан Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж, хариуг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10, 11 тоот албан бичгүүдээр авч улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /Хавтаст хэргийн 10,11 дэх тал/

 

Гурав. Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн О миний бие Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3-р тойрогт, иргэн Д миний бие 2-р тойрогт тус тус А намаас  нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ хуульд заасан шаардлагатай баримт бичгийг хавсаргаж өгсөн.

Ийнхүү хавсаргаж өгсөн баримт бичгийг сумын Сонгуулийн хороо нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнээд биднийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан.

Гэтэл сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигч биднийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангахгүй байх нөхцөл байдал баримтаар илэрсэн гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд  багтаан нөхөн ирүүлж болно”,  31.7-д “Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно” гэж  заасны дагуу сумын Сонгуулийн хороо нь шаардлагатай лавлагаа холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдээс гаргуулан авч нягтлан шалгаж, хуулийн хугацаанд багтаан уг арга хэмжээ авах байтал, хариуцлагагүй хандаж, биднийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан нь иргэн бидний буруутай үйлдэл биш юм.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т  зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авахаас 25 хоногийн өмнө биднийг нэр дэвшүүлсэн намаас өөр иргэнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байсан атал хуульд заасан нөхөн нэр дэвшүүлэх боломж олгоогүй сонгуулийн хорооны гишүүдийн дээрх үйлдэл нь нэр дэвшигч бидний төдийгүй өөр хэн нэгэн иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан санаатай үйлдэл юм.

Иймд иргэн О, Д биднийг “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэт эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болохыг сануулаад нэр дэвшигч нарт материалыг буцаан өгөх мөн эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэсний дагуу баримтуудыг авч шалгаж үзээгүй нь Сонгуулийн хорооны үйл ажиллагаа, сонгуулийн хорооны гишүүдийн буруутай үйл ажиллагаа гэж нэхэмжлэгч нарын зүгээс гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа.

 

Сумын Сонгуулийн хорооны тухайн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг аймгийн Сонгуулийн хороонд гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо сумын Сонгуулийн хорооны үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хайнга хандсан нөхцөл байдалд нь ямар ч арга хэмжээ аваагүй. А намын зүгээс магадгүй эдгээр иргэд нь энд оршин суух талаар зөрчилтэй байсан бол намаас дахиад өөр бусад этгээдүүдийг нэр дэвшүүлэх бүрэн боломжтой байсан хугацаанд энэ боломжийг эдлүүлээгүйгээс хууль зөрчсөн.

 

Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай тогтоол өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэчихсэн. Ийнхүү нэр дэвшигчээр бүртгэчхээд 09 дүгэр сарын 19-ний өдөр нэр дэвшигчийг бүртгэхийг татгалзах гээд байгаа юм. Нэгэнт нэр дэвшигчийг бүртгэснээс хойш нэр дэвшигч бүртгэгдсэнийг хасах тухай ойлголтууд яригдах болохоос биш, татгалзах тухай ойлголт яригдахгүй байх. Ингээд хууль зүйн агуулгынхаа хувьд зөрчилтэй тогтоолыг гаргаж байгаа нь хуулийн үндэслэл, шаардлагад нийцэхгүй байгаа учраас тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Шилжилт хөдөлгөөний хувьд энэ 2 иргэн өөрсдөө шилжчихсэн тухай дээр маргаан байхгүй. Магадгүй бид нар ч гэсэн энэ байдлаар өөр бусад этгээдүүдийн шилжиж суурьшсан хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг ерөөсөө мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ нэр дэвшигч нар сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө байнгын оршин сууж байсан иргэд мөн эсэх тал дээр сумын Сонгуулийн хороо ямар ч нэр дэвшигчид дээр нэгдсэн хяналт шалгалтын ажиллагаа огт хийгээгүй юм байна гэдэг нь өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна гэж ойлгож байгаа. Хэдийгээр нэр дэвшигч нар өөрсдийнхөө холбогдох материалуудыг өгсөн. Нэр дэвшигч нар намыг төлөөлж оролцож байх явцад намын анхан шатны нэгжээс авхуулаад аймгийн намын хороо ч тэр гишүүддээ байнгын оршин суугчаар бүртгүүлэх, шилжин суурьшсан эсэх талаарх байдлуудыг тодруулаагүй байсан ч сумын Сонгуулийн хороо тодруулж шалгах үүргээ биелүүлээгүй байна. Ингэж шалгах үүргээ биелүүлээгүйгээс болж эдгээр иргэдийг нэр дэвшигчээр бүртгэсэн тул 2 нэр дэвшигч буруутай биш.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, гомдлын үндэслэл нь өөр нэр дэвшигч нарыг бүртгүүлэх боломжоор хангасангүй гэдэг үндэслэл нь эдгээр иргэдийг нэр дэвшсэн байхад сумын Сонгуулийн хороо хянан шалгах үүргээ биелүүлээд нэр дэвшигч нар бүртгэгдэх эсэх талаар шийдвэрээ гаргасан бол дараа нь намын зүгээс өөр боломжтой нэр дэвшигч нарыг дэвшүүлэх эрхийг хүртэл хязгаарласан энэ үйлдэлдээ сумын Сонгуулийн хороо,  гишүүд нь ямар ч хариуцлага хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

 3.3. Хариуцагч Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн Хороонд холбогдуулан О, Д нараас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дэлгэрэх сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 2 дугаар тойрогт А намаас нэр дэвшүүлсэн Жын Д, 3 дугаар тойрогт А намаас нэр дэвшүүлсэн Дийн О нарыг 2024.09.12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн.

Гэтэл Дорноговь аймгийн Монгол ардын намын хорооноос 2024.09.18-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Сонгуулийн Хороонд хандаж дээрх нэр дэвшигчдийн хаягийн шилжилт хийгдсэн огноо болон оршин суугаа хаягийн зөрчилтэй эсэхийг нягталж, тодруулах тухай хүсэлтийг гаргасан байдаг.

Уг хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Сонгуулийн Хорооноос аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024.09.19-ний өдрийн 18/455 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хариугаар Д нь Сайншанд сумаас 2024.04.25-ны өдөр Дэлгэрэх сумын 2 дугаар баг хөдөө хаягт, О нь Сайншанд сумаас 2024.04.26-ны өдөр Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн Бичигт 4 гудамжны 420 тоот хаягт шилжиж ирсэн тухай шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгүүлсэн байдаг.

Ингээд Дорноговь аймгийн Сонгуулийн Хороо 2024.09.19-ны өдрийн 09 дугаар албан бичгээр сумын Сонгуулийн Хороонд хандаж Д, О нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг хангахгүй байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гарган нэр дэвшигчээр бүртгэсэн тухай өмнөх тогтоолоо хүчингүй болгож ирүүлэхийг мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэхдээ нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхэд бичигдсэн оршин суугаа хаягийг үндэслэсэн болно.

Ингээд дээрх гомдол, мэдээллийн дагуу Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, дээрх хоёр нэр дэвшигчийн материал зэргийг дахин хянахад  Д, О нарыг нэр дэвшигчээр бүртгэх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т  “... ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжиж суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, ... иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэх заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд Д, О нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн 2024.09.12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож,  нэр дэвшигчээр  бүртгэхээс татгалзсан 2024.09.19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг гаргасан болно.

Д, О нар нь АНСДИТХСтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуульд сонгогдох, нэр дэвших хуулийн шаардлагыг хангаагүй болохоо мэдсээр байж эл байдлаа нэр дэвшүүлж буй нам, цаашлаад Сонгуулийн хороонд үнэн зөвөөр мэдэгдээгүй, хууль зүйн  зөвлөгөө, туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул эдгээр хүмүүсийн сонгогдох эрхийг Хороо хязгаарлаагүй, харин ч урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож хуульд нийцүүлэх арга хэмжээг авсан гэж үзэж байна.

Үйл баримтын хувьд Д, О нар нь Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд сонгогдох хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул эдгээр хүмүүсийн субьектив эрхийг маргаан бүхий акт хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улмаар нэхэмжлэгч нар ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ АНСДИТХСтХ-ийн 33.1.1-т заасан нэр дэвшигчийг  бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25 хоногийн өмнө намайг нэр дэвшүүлсэн намаас өөр иргэнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байсан атал хуульд  заасан нөхөн нэр дэвшүүлэх боломж олгоогүй ... үйлдэл нь нэр дэвшигч бидний төдийгүй өөр хэн нэгэн иргэний ... сонгогдох эрхийг  хууль бусаар хязгаарласан санаатай үйлдэл юм” гэснээс үзэхэд өөрсдийгөө хуулийн шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн харин өөр хэн нэгний нэр дэвших эрхийг хөндсөн гэх агуулгатай байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг анх нэр дэвшигчээр бүртгэхдээ нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхэд бичигдсэн оршин суугаа хаягийг үндэслэж нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Үүний дараа аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээллийн дагуу  сумын Сонгуулийн хороо, улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, дээрх 2 нэр дэвшигчийн материал зэргийг дахин хянахад Д, О нарын нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Д, О нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг гаргасан.

 

Д, О нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу хуулийн шаардлагыг хангахгүй болохыг мэдсээр байж энэ нэр дэвшүүлж буй нам нь Сонгуулийн хороонд үнэн зөвөөр мэдэгдээгүй, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул эдгээр хүмүүсийн сонгогдох эрхийг Сонгуулийн хороо хязгаарлаагүй. Харин урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна. Үйл баримтын хувьд Д, О нар нь ээлжит сонгуульд сонгогдох хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул эдгээр хүмүүсийн субьективийн эрхийг маргаан бүхий акт хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл байхгүй.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33.1.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25 хоногийн өмнө намайг нэр дэвшүүлсэн намаас өөр иргэнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байсан атал хуульд заасан нөхөн нэр дэвшүүлэх боломж олгоогүй үйлдэл нь нэр дэвшигч бидний болон өөр хэн нэгэн иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан санаатай үйлдэл юм гэснээс үзэхэд өөрсдийгөө хуулийн шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд нэр дэвшигчдийг бүртгэх гэж байгаа. Сумын Сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээр сууж байгаад 31 дүгээр зүйлд байгаа 10 зүйлийг харж байгаад нэр дэвшигч нарыг бүртгэх эсэхийг шийдсэн. Хуулийн 31.2.7 нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар гэсэн байгаа. Нэр дэвшигч нарын материалтай танилцаад иргэний үнэмлэхний хуулбар, ар дээрх оршин суугаа газрынх нь хаягийг хараад Дорноговь аймгийн Дэлгэрэх сум гэдгээр нь бүртгэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр 02 дугаар сарын 15-ны өдөр гэдэг зүйл энэ 10 зүйл дотор байхгүй байгаа юм. Нэмж хэлэхэд энэ 2 хүн Сайншандаас Дэлгэрэх сум руу 04 дүгээр сарын 20-ны хавьцаа 1 өдрийн зөрүүтэй шилжиж очсон байдаг. Тэгэхээр энэ сонгуультай холбогдуулж, орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өөрсдөө бодож сумын иргэн байх ёстой гэдгээ мэдсэн байж хуулиа өөрсдөө зөрчсөн гэж үзэж байгаа. Эдгээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан сумын Сонгуулийн хорооны тогтоолыг зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйл дээр нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой харилцааг маш тодорхой зохицуулж өгсөн. Энэ дээр 10 төрлийн баримт бичгийг нэр дэвшигчээс бүрдүүлж өгсөн. Эдгээрт иргэний үнэмлэхийн хуулбар гэж байдаг. Мөн тухайн сумынхаа оршин сууж байгаа хаягийн хүрээнд тухайн үеийн лавлагаа нь байсан учраас манай сумын сонгуулийн хороо нягтлан шалгах хуулийн хугацаандаа 30 нэр дэвшигчийн баримт материалыг хүлээж авч нягтлан шалгалт хийсэн. Ингэхдээ ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хараад төрийн байгууллагын эрх бүхий байгууллагуудаас лавлагаа авах эрхтэй байсан боловч тэрийг хууль зүйн хувьд иргэний бүртгэл нь тухайн сумын харьяатай байсан болохоор өмнө нь шилжилт хөдөлгөөний асуудалтай гэдгийг анзаараагүй эсвэл ямар нэгэн байдлаар нягтлан шалгалт хийлгүйгээр нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг.

 

Энэхүү нөхцөл байдал дараа нь аймгийн Монгол Ардын намын хорооны гомдолд дурдагдсаны дагуу аймгийн Сонгуулийн хороо, Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч үзэхэд тухайн 2 иргэн нь энэхүү хуулийн 5.2 дахь заалтад заасан шаардлагыг хангахгүй. Өөрөөр хэлбэл тухайн сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө шилжиж ирсэн байвал зохих заалтыг шаардлага хангахгүй байгаа буюу 04 дүгээр сард шилжиж ирсэн лавлагаа мэдээлэл гарсан. Ийнхүү шаардлага хангахгүй хүмүүсийг бүртгэсэн байсан учраас хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, намуудаас тавьж байгаа шаардлагыг бүх намуудад ижил тэнцүү хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд аймгийн Сонгуулийн хорооноос сумын сонгуулийн хороонд чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл энэ шаардлагыг хангахгүй нөхцөл байдал тодорхой эрх бүхий төрийн байгууллагын лавлагаагаар батлагдаж гарсан учраас гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрээ гаргах чиглэл өгсөн.

Энэ дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар нэр дэвшигчийг хасах тухай хуулийн агуулгаар гаргах байсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр хууль зүйн үндэслэлийн хувьд нэг заалт авахыг дутуу гаргачихсан байна.

 

Орон нутгийн хурлын сонгууль өөрөө онцлогтой. Тухайн орон нутагтаа байнга оршин сууж байгаа, тодорхой хэмжээний хугацаанд оршин суучихсан хүмүүсийн хувьд сонгогдох эрхээ эдэлдэг учраас энэ шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдоод байхад бид нар тэрийг цааш нь явуулах боломжгүй байсан учраас нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг сумын Сонгуулийн хороо гаргасан. Мэдээж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг агуулгаар нь сумын Сонгуулийн хорооны даргыг чөлөөлөөд дотор нь байсан гишүүнээр сонгуулийн хорооны даргыг сольж томилгоожуулаад оронд нь өөр хүмүүсийг авч цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад сануулах арга хэмжээг авсан.

Намуудын хувьд анхнаасаа энэ хууль тогтоомж ил тод байж байгаа. Тэгэхээр 2022 онд орсон энэ өөрчлөлтийг бүх намууд маш сайн мэдэж байсан. Аймгийн Сонгуулийн хороо сонгууль эхлэхээс өмнө намууд сонгуульд оролцохоо илэрхийлж байх хугацаанд 5 намын сонгууль эрхэлсэн байгууллагын хүмүүст албан ёсны сургалт хийж, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг нэг бүрчлэн мэдээлж, ямар баримт материал бүрдүүлэх, ямар шаардлага байгаа буюу сонгогдох эрхийн талаар сайн ярьсан учраас хуулийг энэ шаардлагаа маш сайн мэдэж байсан гэж үзэж байна.

 

А намын хувьд энэ хуулийг аль хэдийнээс хойш судлаад явсан. Тэгэхээр нэр дэвшигчдэдээ нам өөрөө эхэлж, энэ хуульд заасан шаардлагаа хангаж байна уу, үгүй юу гэдгийг маш сайн баримт бичгийн хүрээнд нягтлан шалгах үүрэгтэй. Энэ нь өөрсдийнх нь эрх ашгийн асуудал. Нөхөн нэр дэвшилт бол хуанлийн хугацаагаар 09 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болчихсон учраас намууд нөхөн нэр дэвшүүлэх боломжоо алдсаны ар дээр 09 дүгээр сарын 18-ны өдөр энэ гомдол орж ирсэн. Нэхэмжлэгч талаас гомдож байгаа асуудал нь тухайн үедээ нягтлан шалгах явцдаа шаардлага хангахгүй байна гэдэг ажиллагаагаа хийгээгүйгээсээ болоод намд нь нөхөн нэр дэвшилтийн боломжийг олгосонгүй гэж гомдож байгаа. Тэгэхээр энэ дээр Эын хэлээд байгаа 31.1.7 дээр байгаа иргэний үнэмлэхний хуулбар гэчихсэн. Ер нь сонгуулийн хороо аливаа үйл баримтыг тогтоох гэхээсээ илүү ирүүлсэн баримт бичгийн хүрээнд нягтлан шалгалт явуулах эрх зүйн орчинтой байдаг.

Хуулийн 74 дүгээр зүйл нь бүхэлдээ нэр дэвшигчийг хасах, шүүхийн шийдвэр гарсны ар дээр хэрэгжүүлэх ийм заалт гэж бид нар ойлгож байгаа. Харин шүүхийн шийдвэр гарахаас өмнө алдаатай шийдвэр гаргасан байна гэдгээ баримтаар гаргаж ирээд мэдсэн бол өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг хэдийд ч хүчингүй болгоод тэрийг хуульд нийцүүлэх бүрэн боломжтой. Захиргааны ерөнхий хуулиараа ч байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Энэ шүүх хуралдаанаар “орон нутгийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгосон Сонгуулийн байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан” хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үзэж, дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо (цаашид “сумын Сонгуулийн хороо” гэх)-ны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.10, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасныг тус тус үндэслэн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт тус тус А намаас нэр дэвшүүлсэн Жын Д, Дийн О нарыг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал баримтаар илэрсэн” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, улмаар уг тогтоол гарсантай холбогдуулан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтад заагдсан Жын Д, Дийн О нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

6. Нэхэмжлэгч нараас, сумын Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “... сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах, шаардлагатай лавлагаа, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдээс гаргуулан авах зэрэг арга хэмжээг хуулийн хугацаанд авах байтал хариуцлагагүй хандаж биднийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан нь иргэн бидний буруу биш, ... биднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд А намаас өөр нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байтал ийм боломж олгоогүй нь бидний болон өөр хэн нэгэн иргэний Үндсэн хуулиар олгогдсон, сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл” гэж,

7. Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...Нэр дэвшигч нар нь ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй байсан нь нэр дэвшигчээр бүртгэсний дараа баримтаар тогтоогдсон тул бүртгэсэн тогтоолоо хүчингүй болгож, бүртгэхээс татгалзсан тогтоолыг гаргасан, хуульд иргэний үнэмлэхний хуулбар гэж заасан, үүний дагуу баримт бичгийг нь нягтлан шалгасан, нэр дэвшигч нар нь энэ шаардлагыг хангахгүй гэдгээ өөрсдөө мэдсээр байж нэр дэвшсэн, нам нь ч нэр дэвшүүлсэн,” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

8. Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” 05 дугаар тогтоолоор “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн, А Намын хорооноос нэр дэвшүүлсэн 15 нэр дэвшигчийг “холбогдох баримт бичгээ хуулийн хугацаанд ирүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээр нэрсийг хавсралтаар баталсны 6-д Д, 10-т О нар бичигдсэн.  /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

9. Дээрх үйл баримтын дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос, Дэлгэрэх сумын Сонгуулийн хороонд “нэр дэвшигч нарыг ... хуулийн 5.2-т заасныг хангахгүй байгаа тул өмнөх тогтоолоо хүчингүй болгох...” агуулга бүхий албан бичгийг холбогдох баримт /Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  ... албан бичиг/-ын хамт хүргүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо мөн өдрийн 19:00 цагт хуралдаж “нэр дэвшигч Д, О нарын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал”-ыг хуралдаанаараа хэлэлцээд маргаан бүхий 07 дугаар тогтоолыг гаргасан байна.

 

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ”18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэж  заажээ.

11.  Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, … иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн … хөтөлнө”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, … оршин суух гэнэ”, 18.2-т “Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь …иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна” хэмээн заасан байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...хуульд, сонгуульд нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийн дотор иргэний үнэмлэх л гэж байгаа, түүнийг хянахад хоёр нэр дэвшигч хоёулаа Дэлгэрэх сумын харьяа байсан” гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч нар нь бодит байдал дээр “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн” байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байсан нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18/507 тоот албан бичгээр ирүүлсэн “...Жын Д /ЕГ.../ нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дэлгэрэх сумын ... багт ... хаягт, Дийн О /ЕД.../ нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дэлгэрэх сумын.. дүгээр баг, ...гудамж, ... тоот хаягт тус тус шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна” гэх лавлагаагаар  тогтоогдож байх ба нэхэмжлэгч нараас энэхүү нөхцөл байдлын талаар маргаагүй болно.

13. Харин тэдгээрийн маргаж буй “...агуулгын хувьд зөрчилтэй (өмнө нь бүртгэсэн тохиолдолд хасах шийдвэр гаргахаар байтал бүртгэхээс татгалзсан) шийдвэр гаргасан, ... намаас өөр хэн нэгэн иргэнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжийг хязгаарласан” гэх үндэслэлийн тухайд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

а. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” хэмээн заажээ.

 Хариуцагч Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх зүйл, хэсгийг үндэслээгүй, тэргүү буюу гарчгийг  “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” хэмээн илэрхийлсэн, 1 дэх заалтаар “Д, О нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” зэрэг нь хэлбэрийн болон агуулгын хувьд зөрчилтэй байх боловч 2 дахь заалтаар нэр дэвшигчээр бүртгэсэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь, “нэр дэвшигч Жын Д, Дийн О нар нь ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал баримтаар илэрсэн” хэмээн дүгнэхдээ Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны албан бичигт хавсарган ирүүлсэн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/455 тоот “… Жамсрангийн Д /Е.../, …” гэсэн агуулгатай буюу нэр дэвшигч Дгийн эцгийн нэр өөрөөр бичигдсэн албан бичгийг үндэслэл болгосон байх боловч нэр дэвшигч Жын Д нь бодит байдал дээр “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн суманд шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх” шаардлагыг нэгэнт хангаагүй байсан нь үндэслэх нь хэсгийн 12-т дурдсанаар тогтоогдсон.

Улмаар нэхэмжлэгч Дгийн эцгийн нэрийг улсын бүртгэлийн байгууллагын лавлагаанд Жн гэж бичсэн ч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "регистрийн дугаар" гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл кодыг”-ыг ойлгоно хэмээн зааснаар иргэн Жын Дгийн үл давхардах нийлмэл код болох регистрийн дугаар үнэн зөв бичигдсэн байсныг дурдах нь зүйтэй байна.

б. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т  буюу нэр дэвшигчийн баримт бичгийн бүрдэлд түүний оршин суух хаягийн болон шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа байхыг шаардаагүй байх боловч нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг нэгэнт заасан байхад хариуцагч Дэлгэрэх сумын Сонгуулийн хороо нь энэ хуулийн 31.2-т нэрлэн заасан баримт бичгээр хязгаарлахгүй энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг 31.7-д заасны дагуу гаргуулах замаар нягтлан шалгах байтал хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг анхнаасаа хангаагүй байсан иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан “сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах, шаардлагатай лавлагаа, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдээс гаргуулан авах зэрэг арга хэмжээг хуулийн хугацаанд авах байтал хариуцлагагүй хандаж биднийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан нь ... А намаас өөр нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломж олгоогүй, ...өөр хэн нэгэн иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байх боловч нэхэмжлэгч иргэдийн тухайд өөр бусад иргэн болон нэр дэвшүүлсэн А намын эрхийг хязгаарласан гэх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, зөвхөн өөрсдийн сонгуульд нэр дэвшин сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”-оор заасан.

15. Хариуцагч Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооноос гаргасан маргаан бүхий 07 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”,  40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага, захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэнд нийцээгүй зэрэг зөрчилтэй байдал тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нарын тухайд орон нутгийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших хуульд заасан шаардлагыг нэгэнт хангаагүй байх тул тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  16. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О, Д нараас гаргасан “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О, Д нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 70,200 төгрөг урьдчилан төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА