Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 306/шш2025/00023

 

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 306/ШШ2025/00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 5 дугаар хэсэг, ****

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, ****

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Миний бие 2023 оны 12 дугаар сард *** гэх хүнтэй 6 сараар байр түрээслэхээр тохиролцож, 12 дугаар сарын 25-нд түрээсийн төлбөр болох 3,600,000 төгрөг шилжүүлж, хотоос 2,000,000 төгрөгийн нүүлгэлтийн зардал гарган гэр бүлийн хамт нүүн ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-нд **** над руу холбогдон байраа 12 сараар түрээслэхээр боллоо 6 сараар түрээслэхгүй төлбөрөө 12 сараар төлөөрэй гэж холбогдон дарамталсан. Тухайн үед би хүлээн зөвшөөрч төлбөрийг урьдчилан 12 сараар төлсөн. 12 сарын төлбөрийг урьдчилж хийсэн учир түрээсийн гэрээ хийе гэж удаа дараа мэдэгдсэн боловч ажилтай байна, мөн байрны гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байгаад хэдэн сар өнгөрсөн. Хамгийн сүүлд байрны түрээсийн талаар 2024 оны 06 дугаар сард холбогдохдоо би дахин гэрээ хийх талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн асуудал гарахгүй, гэрээ хийх хэрэггүй гэж хэлсэн. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 20-нд бидний амьдарч буй тус байрыг хүнд худалдсан, байрнаасаа гар гэж мэдэгдсэн. Тохиролцсон хэлцлээ цуцалсан учир байрны түрээсийн урьдчилан төлсөн төлбөр болох 2,000,000 төгрөг, мөн хот руу нүүх зардал 1,000,000 төгрөгийг Ц****аас нэхэмжилсэн боловч нөхцөл байдал өөрчлөгдсөн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 500,000 төгрөг болгож байна. Тавилгаа байрнаас нь зөөсөн зардал гэж ойлгож болно. Манай PC тоглоомын газрын хүүхдүүд байдаг юм, 1 хүүхдэд 40,000 төгрөг өгч тавилгаа зөөсөн, мөн машин хөлсөлсөн зардал гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байрны түрээсээс 60,000 төгрөг илүү төлсөн гэж байна, **** нь хоногтоо тооцоод үлдсэн төлбөрөө өөрөө тооцож над руу шилжүүлсэн, би тооцож үзээгүй. Тухайн байрны сангийн хоолойны ашиглалтын хугацаа дуусаад маш их ус алддаг байсныг удаа дараа янзлуулж байсан. Тоолуур нь 10 жилийн хугацаатай байж байгаад хугацаа нь дуусчихсан гээд манайх 130,000 төгрөгөөр шинэ тоолуур авч тавьсан. ****ын байрыг хадам аав, ээждээ авч өгөх зорилгоор нөхцөлийг нь сонссон юм. Тухайн үед 67,000,000 төгрөг гэж байсан, 2 сард байрны талаар ярилцахад 80,000,000 төгрөг гэхээр нь авахгүй гэсэн юм. Гэтэл жилийн төлбөрөө өгчих гэсэн байсан. *** нь 1,860,000 төгрөгийг буцааж өгсөн тул түрээсийн төлбөр дээр маргаангүй, харин нүүхэд гарсан зардлаа 500,000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс өгсөн нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбарыг гаргаж байна. *** би Сүмбэр сум Найрамдал хотхоны ***тоот байрыг эзэмшдэг. 2023 оны 12 дугаар сард худалдан борлуулахаар 11,12 дугаар сард засвар хийсэн хүнгүй байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд *** миний эзэмшлийн 15-2-21 тоот байрыг худалдан авах зорилгоор иргэн *** хадам аав *** хадам ээжийн хамт ирж үзээд 2024 оны эхний 2 сард багтааж банкны зээл хөөцөлдөж худалдан авья, зээл бүтэх хооронд 6 сараар түрээсийн мөнгө өгье, зээлээ гарахаар үлдэгдэл зөрүү мөнгийг буцааж авахаар тохиролцож тус байранд 12 дугаар сарын 28-ны тухайн өдрийн 16 цагт шууд нүүж орсон. Иргэн *** нь Сүмбэр сумын Найрамдал хотхоны 4 дүгээр байранд PC тоглоомын газрыг 2023 оноос одоог хүртэл ажиллуулдаг, эхнэр хүүхдийн хамт энэ аймагт амьдардаг байсан гэж бодож байна.

Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сард Говьсүмбэр аймагт 2 өрөө орон сууцны түрээсийн үнэ 800,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байхад иргэн ***ын хадам аав ***, хадам ээж нарыг сайн таньдаг учир тухайн байрыг худалдан авна гэж хэлсэнд итгэж, сарын түрээсийг 600,000 төгрөгөөр бодож, 6 сарын төлбөр 3,600,000 төгрөгийг авсан. 2024 оны 1, 2, 3 дугаар сард холбогдож, зээлийн талаар асуухад банкинд ипотекийн зээл судлагдахгүй байна гэдэг шалтгааныг тогтмол хэлж, түрээсийн төлбөрийг хямдханаар тохиролцсоныг ашиглаж, түрээсийн төлбөрийг жилээр хийчихье, зээл гараад худалдаж авахаар зөрүү мөнгийг хасаж тооцъё гэсэн үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин 3,600,000 төгрөгийг 5006332310 тоот **** миний ХААН банк ХК-ийн дансанд хийсэн.

2024 оны 05 дугаар сард **** би 15-2-21 тоот байрыг зарах шаардлагатай байна, та нар авах үгүйгээ тодорхой хэл гэж удаа дараа утасдсаны эцэст иргэн *** манайх зээл гарах боломжгүй байна худалдаж авахаа болилоо гэсэн хариу өгсөн. Иргэн ***т би 2024 оны 08 дугаар сарын 08, 21-ний өдрүүдэд иргэн ***тай холбогдож манайх байраа зарахаар болсон 8 дугаар сарын 28-наар дуусгавар болгож байр суллаж өгөөрэй, үлдэгдэл тооцоог буцааж өгнө гэж мэдэгдсэн.

2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1***тоот байрыг худалдан авах иргэн ***тай хамт тухайн байранд очиж үзэн худалдан авахаар шийдвэр гаргаж, иргэн ***т байрыг суллаж өгөх чөлөөлөх талаар дахин мэдэгдсэн. Иргэн *** нь 08 дугаар сарын 16-наас хойш нүүх талаар ямар нэгэн арга хэмжээг авахгүй байсаар л байсан. ***ыг байр суллаж өгөх талаар ярихад нь энэ их муу байр ус алддаг, тог тасардаг энэ байрыг авах хэрэггүй дээ гэх мэтээр хэлж байсныг тухайн үед надад хэлж байсан нь байрнаас гарахгүй үргэлжлүүлэн суух бодолтой байсан гэж үзэж байна. 09 дүгээр сарын 04-ний өдөр *** байрны урьдчилгаа төлбөрийг хийснээр *** тоот байрыг ***ын зээлээс чөлөөлж байрыг зарах асуудал эхэлсэн. Энэ талаар мөн иргэн ***рт мэдэгдсэн.

2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байрны төлбөрийн үлдэгдлийг шилжүүлж, тухайн байр иргэн ***ын нэр дээр шилжсэн. Тухайн өдөр сайн өдөр байсан учир Т**** байрандаа хадаг уяна гээд иргэн ***тай уулзаж, 15-2-21 тоотод очиж, хадаг уяж, дахин байрыг суллаж өгөх талаар мэдэгдэж явсан. Иргэн Т.Эрдэнэбаяр болон би байрыг суллаж хүлээлгэж өгөх талаар байнга хэлж мэдэгдэж байсан боловч иргэн **** нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар 09 дүгээр сарын 25-ны өдөр байрыг суллаж, цахилгааны төлбөр, усны төлбөрийг барагдуулж дуусахад үлдэгдэл сарын төлбөрийг буцааж өгөхөөр болсон. 09 дүгээр сарын 25-ны өдөр бүх тооцоог хийсэн үлдэгдэл сарын мөнгөө авъя гэсний дагуу ***ын дансанд 3 сар 3 өдрийн 1,860,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн.

Гэвч *** нь 09 дүгээр сард хэрэглэсэн усны төлбөр тооцоог хийгээгүй худал ярьж мөнгөө бүрэн авсан. *** би 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний хооронд Дорнод аймагт албан ажлаар явах хооронд 26-ны өдөр байрыг суллаж өгсөн байна. Иргэн **** нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,860,000 төгрөгийг өөрийн дансанд аваагүй мэтээр шүүхэд гомдол гаргаж, Ц***би ****ыг Говьсүмбэр аймагт амьдруулахаар авч ирсэн мэтээр худал нэхэмжлэл гаргаж, шүүхийн байгууллагыг үнэн зөвийг тогтоохгүй мэтээр хандаж, иргэн *** намайг гүтгэн доромжилж, нэр хүндэд муугаар нөлөөлөх байдлаар халдаж байгааг шийдвэрлэж өнгө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ****тай ярьж тохирохдоо 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай дүү ***ын байрыг үзэж худалдаж авахаар тохиролцоод, 2 дугаар сард байрны ипотекийн зээл судлуулж байраа худалдаж авна, энэ хугацаанд түрээсийн журмаар түрээсэлж байя гээд 1 сарын түрээс 600,000 төгрөг гэж тохиролцсон байдаг. 2024 оны 2 сард байрны зээлээ судлуулсан уу, юу болсон бэ гэхэд бид нарын ипотекийн зээл гараагүй байна, банк судалж эхлээгүй байна гэдэг нэрийдлээр цаг хугацаа хожиж явсан. Бид нар энэ хүнийг хүлээсний эцэст танай зээл гарахгүй удаж байна, бид нарт мөнгө хэрэгтэй байна, ипотекийн зээл төлдөг гээд 3,600,000 төгрөгийг авсан. Байрны зээл гарахгүй байгаа юм чинь энэ хүмүүсийг гаргая. Найрамдал хотхонд байрны ханш 1 000 000-1 200 000 төгрөг болсон. Хүмүүс ч түрээсэлье гээд холбогдсон. Тэгээд бид нар зээл нь бүтэхгүй байгаа бол байрнаас гараарай гэдэг шаардлагыг 5 болон 8 саруудад тавьж байсан. Гарахгүй болохоор нь энэ хүний талаар мэдээлэл авсан. Танай байрыг худалдаж авахгүй юм байна, шинэ байранд захиалга өгсөн байна гэж сонсоод чи ер нь авахгүй юм байна, бид нар аргаа бодлоо гээд дараагийн хүмүүстээ санал болгоод *** гэдэг хүн худалдаж авахаар боллоо, эрт зарчихсан бол банкны хүүний асуудал гарахгүй байсан гээд хэлсэн. Энэ хүнээс урьдчилгаа мөнгө аваад байрны зээлээ хааж банкнаас гэрчилгээгээ аваад **** гэдэг хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн, үлдсэн мөнгийг нь буцааж өгье гээд үлдсэн мөнгийг нь өгсөн, ямар ч өглөг, авлага байхгүй. Харин 1,800,000 төгрөг төлөхөөс 1,860,000 буюу 60,000 төгрөгийг илүү төлсөн байсан. Мөн 9 дүгээр сарын УСДУ-гийн мөнгө болох 40,000 төгрөгийг бид өөрсдөө төлсөн. Байр худалдаж авна гэдэг нэрийдлээр хямдхан түрээсэлж суусан. Бидэнд мөнгөний алдагдал гарсан, хохиролтой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, интернэт банкны хуулгыг,

хариуцагчаас: Хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, **** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлийг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: ****банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5990/24/678 дугаар албан бичгийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: **** ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, *** банк ХК-ийн 5990/25/13 дугаар албан бичиг, **** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ түүний хавсралт, гэрч **** мэдүүлгийг шүүх тус тус бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч *** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: 2023 оны 12 дугаар сард *** гэх хүнтэй 6 сараар байр түрээслэхээр тохиролцож, 12 дугаар сарын 25-нд түрээсийн төлбөр болох 3,600,000 төгрөг шилжүүлж, хотоос нүүж ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-нд **** над руу байраа 12 сараар түрээслэхээр боллоо, 6 сараар түрээслэхгүй бол төлбөрөө 12 сараар төлөөрэй гэж холбогдон дарамталсан. Тухайн үед би хүлээн зөвшөөрч төлбөрийг урьдчилан 12 сараар урьдчилж хийсэн учир түрээсийн гэрээ хийе гэж удаа дараа мэдэгдсэн боловч ажилтай байна, мөн байрны гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар байсан. Байранд анх орохдоо **** ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийчихсэн гэдгээ *** хэлж байсан, ****ын байрыг хадам аав ээждээ авч өгөх зорилгоор нөхцөлийг нь сонссон юм. Тухайн үед 67,000,000 төгрөг гэж байсан, 2 сард байрны талаар ярилцахад 80,000,000 төгрөг гэхээр нь авахгүй гэсэн. 2024.09.25-ны өдөр манайд урьдчилан мэдэгдэхгүйгээр манайхыг байрнаасаа хөөж гаргаж, тохиролцсон хэлцлээ цуцалсан учир байрны түрээсийн урьдчилан төлсөн төлбөр 2,000,000 төгрөг, нөхцөл байдал өөрчлөгдсөн тул нүүхэд гарсан зардлаа 500,000 төгрөг болгон багасгаж гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд *** миний эзэмшлийн 15-2-21 тоот байрыг худалдан авах зорилгоор иргэн ***, хадам аав *** хадам ээжийн хамт ирж үзээд 2024 оны эхний 2 сард багтааж банкны зээл хөөцөлдөж худалдан авья, зээл бүтэх хооронд 6 сараар түрээсийн мөнгө өгье, зээлээ гарахаар үлдэгдэл зөрүү мөнгийг буцааж авахаар тохиролцож тус байранд 12 дугаар сарын 28-ны тухайн өдрийн 16 цагт шууд нүүж орсон. Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сард Говьсүмбэр аймагт 2 өрөө орон сууцны түрээсийн үнэ 800,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байхад иргэн ****ын хадам аав **** хадам ээж нарыг сайн таньдаг учир тухайн байрыг худалдан авна гэж хэлсэнд итгэж, сарын түрээсийг 600,000 төгрөгөөр бодож, 6 сарын төлбөр 3,600,000 төгрөгийг авсан. 2024 оны 1, 2, 3 дугаар сард холбогдож, зээлийн талаар асуухад банкинд ипотекийн зээл судлагдахгүй байна гэдэг шалтгааныг тогтмол хэлж, түрээсийн төлбөрийг хямдханаар тохиролцсоныг ашиглаж, түрээсийн төлбөрийг жилээр хийчихье, зээл гараад худалдаж авахаар зөрүү мөнгийг хасаж тооцъё гэсэн үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин 3,600,000 төгрөгийг 5006332310 тоот **** миний ХААН банк ХК-ийн дансанд хийсэн.

2024 оны 05 дугаар сард*****т би 15-2-21 тоот байрыг зарах шаардлагатай байна, та нар авах үгүйгээ тодорхой хэл гэж удаа дараа утасдсаны эцэст иргэн **** манайд зээл гарах боломжгүй байна худалдаж авахаа болилоо гэсэн хариу өгсөн. Иргэн Э**** нь Сүмбэр сумын Найрамдал хотхоны 4 дүгээр байранд PC тоглоомын газрыг 2023 оноос одоог хүртэл ажиллуулдаг, эхнэр хүүхдийн хамт энэ аймагт амьдардаг байсан гэж бодож байна. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байрны төлбөрийн үлдэгдлийг шилжүүлж, тухайн байр иргэн Т-***н нэр дээр шилжиж, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. УСДУ-гийн мөнгө 40,000 төгрөгийг бид төлсөн. Байр худалдаж авна гэдэг нэрийдлээр хямдхан түрээсэлж суусан, энэ хүн хотоос нүүж ирээгүй. Гол нь энэ хүн анх нэхэмжлэл гаргахдаа худлаа хэлсэн, танай байрыг худалдаж авна гээд бага зардлаар түрээслээд өөр байранд захиалга өгч нуун далдалсан, худал хуурмагийг нотлохын тулд нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Худалдаж авна гэдгийг нь тодорхой болгохын тулд гэрч ***ийг асуулгасан, түрээсийн үлдэгдэл мөнгийг нь өгсөн, ямар ч өглөг, авлага байхгүй гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, ***** нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, интернэт банкны хуулга, ХААН банк ХК-ийн 5990/24/678, 5990/25/13 дугаар албан бичиг, ОСО констракшн ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, түүний хавсралт, гэрч ****йн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ***** 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүмбэр сум, Найрамдал хотхоны 15 дугаар байрны**** тоот орон сууцыг 6 сарын хугацаатай, сарын 600,000 төгрөгөөр хөлсөлж, хариуцагчийн ХААН банк ХК-ийн 5006332310 тоот дансанд 3,600,000 төгрөгийг,

2024.02.07-ны өдөр дахин 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч **** нь дээрх орон сууцыг 2024.09.26-ны өдөр суллаж өгчээ.

 

7. Талуудын маргааны зүйл нь **** байрыг хөлслөхдөө 1 сарын төлбөрийг 600,000 төгрөгөөр тохиролцсон, ОСО констракшн ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийчихсэн гэдгээ *** хэлсэн, байрыг нь хадам аав, ээждээ авч өгөх зорилготой байсан, 2024.09.25-ны өдөр манайд урьдчилан мэдэгдэхгүйгээр байрнаасаа хөөсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа *** нь 1,860,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул маргаангүй, харин нүүхэд гарсан зардлаа 500,000 төгрөг болгон багасгаж нэхэмжилнэ гэж,

 

бид нар зээл нь бүтэхгүй бол байрнаас гарах шаардлагыг 5, 8 саруудад тавьсан, худалдаж авахгүй юм байна гээд дараагийн хүмүүстээ санал болгосон, **** гэдэг хүн худалдаж авсан, эрт зарчихсан бол банкны хүүний асуудал гарахгүй байсан, орон сууцны түрээсийн төлбөрөөс 1,800,000 төгрөг төлөхөөс 1,860,000 буюу 60,000 төгрөгийг илүү төлсөн, хүүхдэд 40,000 төгрөг өгч, тавилгаа зөөлгөсөн, портер хөлсөлсөн гэх боловч баримтгүй гэж тус тус маргана.

 

8. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг ... хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.,

42 дугаар зүйлийн 42.8.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.,

мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшинг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Тодруулбал, орон сууцыг хөлслөхдөө гэрээний гол нөхцөлийн талаар талууд амаар тохиролцож болох бөгөөд гэрээг заавал бичгээр үйлдэх шаардлагагүй юм.

 

9. Нэхэмжлэгч нь орон сууцны түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ****нь үлдсэн түрээсийн төлбөрийг хоногтоо тооцож, 1,860,000 төгрөгийг над руу шилжүүлсэн тул маргаангүй гэсэн ба харин шүүх хуралдаанд нүүхэд гарсан зардлаа 500,000 төгрөг болгон багасгаж нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

10. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

11. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1заасныг баримтлан ***нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ****н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА