Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/570

 

 

 

 

 

     2023           5            30                                         2023/ДШМ/570

 

А.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачитын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-ид холбогдох эрүүгийн 230000000098 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б-,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан;

Шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” бааранд Н.Т-ыг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч А.Б-ийн гэм буруу нотлогдсон, нотлох баримтуудыг /гэм бурууд хамаарах/ үнэлж шийдвэрлэсэн болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал илэрхийлэхгүй. Гагцхүү тухайн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд А.Б-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх зарим нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтЭрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. А.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Энэ талаар ч хохирогч Н.Т- нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэх хүсэлтээ илэрхийлсэн. /хх-61 дэх тал/ А.Б- нь хохирогчид нийт 2.460.000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа. Ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөлийн нэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал байдаг. А.Б- нь “Азийн барилга групп” ХХК-д ажилладаг ба тус компани нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ны ажилчдын орон сууцны хороолол барих ажилд А.Б- нь уг төслийг хариуцан Дархан-Уул аймагт байршин ажилладаг. Мөн түүний аав Г.А нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт бөөрний гуурс тавиулах хагалгаанд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орсон, давтан бөөрний чулуу авах мэс засалд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр орохоор болсон. Энэ хугацаанд А.Б- нь аавыгаа асрах зайлшгүй шаардлагатай байх тул Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирж очих, буцах байдалтай байна. Түүний хувьд аавыгаа хагалгаанаас өмнө болон дараа нь сахиур хийх, асрах, хоол унд хийж өгөх зэргээр асарч байгаа. Мөн ажлаа хийж сар бүр зээлийн эргэн төлөлтөө тогтмол төлж байгаа. А.Б- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа маш их харамсаж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан ч прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс торгох ялыг санал болгосон боловч шүүхээс шүүгдэгчийг цалин хөлс олж, торгох ялыг биелүүлэх боломжтой гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч А.Б-ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” бааранд Н.Т-ыг “жилийн өмнө чи олон юм ярьсан болохоор чамайг ална” хэмээн урьд болсон хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Т-ын “...би ширээндээ сууж байхад эхнэрийн найзын нөхөр болох Б- хүрч ирээд хоёулаа 00 оръё гэж хэлээд хамт 00 орсон. Миний зүүн талын нүд рүү шууд цохиод авсан. Би шалан дээр унаад нүднээс цус гараад юм харж чадахаа больсон. Хамт явж байсан залуу нь чи одоо яагаад хүүхэн шиг маяглаад байгаа юм гэж хэлсэн. ...” /хх 17-18, 22-23/,

А.Б-ийн яллагдагчаар өгсөн “...хяналтын камерын бичлэг дээр намайг цохисон гэж байгаа учраас би Т- гэдэг залууг цохисон байна. Би тухайн бааранд очихдоо нэлээн согтуу байсан, нэмж архи уусан болохоор нэлээн согтсон. ... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний буруу, согтуудаа биеэ хянах чадваргүй байдлаас болж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. ...” /хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

“...Н.Т-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1225 дугаар дүгнэлт /хх 36-37/,

 “...00:13 секундэд Б- хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, тонгойход дахин цохиж, хохирогч Т- доош тонгойход Б- хажууд нь явган суугаад юм ярьж байгаа дүрс харагдана. ...” гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Б-ийн хохирогч Н.Т-ын зүүн нүдрүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит “...А.Б-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачитын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачитын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН