Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Б,

Хариуцагч: Нийслэлийн засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Маргааны төрөл: “Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ө.Боос Нийслэлийн засаг даргад холбогдуулан “Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар болон 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 51 байршилд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 364.5 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлжээ.
  3. Нэхэмжлэгч 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр албан бичгээр “...нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдье.” гэсний дагуу нэхэмжлэгч нь 2011 оноос Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Н”-т 2 га газарт сүүний үхрийн ферм байгуулах төслийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн байна.
  4. Б дүүргийн Засаг даргын Тамгын газраар уламжлан үйл ажиллагаа явуулж буй газраа нэр дээрээ шилжүүлж авах хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 01/611 тоот албан бичгээр “... иргэдээс газраа нэр дээрээ шилжүүлэн авахаар гаргасан өргөдөлтэй танилцлаа. Тухайн байршлын газруудын газар ашиглалтын гэрээний хэрэгжилтийг 2016 оны 05 дугаар сард Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь үзэж шийдвэрлэхийг мэдэгдье.” гэж Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.
  5. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Захирагчийн ажлын албанд гаргасан өргөдөлд “Захирагчийн ажлын албаны эзэмшлийн газартай холбоотойгоор дотоод хяналтын шалгалт орсон байна. Шалгалттай холбоотойгоор иргэн Ө.Боос шаардлагатай бичиг ирүүлэхийг мэдэгдсэн. Дотоод хяналтын шалгалт дууссаны дараа газрыг эзэмшилд шилжүүлэх эсэх асуудлыг менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх болно” гэсэн хариуг ирүүлсэн.
  6. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэсийн байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.С, Ө.Б, Б.Н нарын фермийн үйл ажиллагаа, газар ашиглалтын асуудлыг шалгаж, илтгэх хуудсаар “Нийслэлийн Засаг даргын 2009 оны дугаар захирамжаар сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н гэдэг газарт байрлах 6 га газрыг иргэн Д.С, Б.Н, Ө.Б нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх санал гаргажээ.
  7. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-08/*** тоот албан бичгээр “... Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дараа танд эзэмшүүлэн шийдвэрлэх боломжтой ...” гэсэн хариуг тус тус ирүүлсэн.
  8. Мөн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-05/*** дугаар албан бичгээр “...газрыг сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг судлан үзлээ. …Улаанбаатар хотын захирагчийн албанаас тус байгууллагатай байгуулсан гэрээний дагуу эзэмшиж буй газрыг иргэнд эзэмшүүлэх тухай албан бичиг болон эзэмшиж буй газрын эрхийг дуусгавар болгох хүсэлт ирүүлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дараа “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэх боломжтой болно.” гэх хариуг хүргүүлсэн байна.
  9. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нийслэлийн Б дүүргийн иргэн Ө******* овогтой Б миний бие 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр албан бичгээр нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдсэний дагуу 2011 оны 09 дүгээр сараас хойш Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Н”-т 2 га газарт сүүний үхрийн ферм байгуулах төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны , 2010 оны 05 сарын 19-ны дугаар захирамжуудаар Улаанбаатар хотын Захирагчийн албанд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын еренхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07-р сарын 24-ны өдрийн *******1 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталж, “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах” төсөлийн сонгон шалгаруулалт зарлагдсан юм.

Миний бие 2011 оноос хойш тухайн газар дээр шалгарсан төслийн дагуу өөрийн хөрөнгөөр болон үйл ажиллагааны орлогоороо 25 үнээний фермерийн барилга, малын хашаа, саравч, гүний худаг, малчны байр, сүүний цехийн барилга барих, цахилгааны шугам татах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон Б дүүргийн иргэд, байгууллагад сүү цагаан идээ нийлүүлэх зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Б.Н, Д.С бид нар дээрх мэдэгдлийн дагуу 2011 оны 08 дугаар сард Нийслэлийн Захирагчийн албанд гэрээ байгуулахаар очиж хариуцсан мэргэжилтэн Н.Лтэй нь уулзахад бид та нартай гурвалсан гэрээ байгуулна. Одоогоор гэрээнд гарын үсэг зурах 2 дарга гадагш томилолтоор явсан тул яг одоо гэрээ байгуулах боломжгүй байна. Иймд та нар харьж очоод зааж өгсөн газар дээр төслөө хэрэгжүүлж бай. Дуудна. Хамгийн гол нь төслөө хэрэгжүүлсэн байх шаардлагатай шүү гэж хэлээд буцаасан. Бид нар буцаж очоод тус, тусын газраа хашаалж 13 тугалтай үнээ Х аймгийн Б сумаас худалдан авч би фермерийн барилгын ажлаа эхлүүлж, 11 дүгээр сардаа багтаан дуусгасан. Төсөл хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай Нийслэлийн Захирагчийн албаны ажлын хэсэг анх фермерийн барилга барьж байхад ирж танилцаж байсан ба түүнээс хойш 1 жил, заримдаа 2 жил болоод ирж танилцаж хэрэгжилт сайн гэж дүгнэдэг байсан. Тухай бүрт нь газрын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьж байсан.

Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсан тул бид Б дүүргийн Засаг даргын Тамгын газраар уламжлан үйл ажиллагаа явуулж буй газраа нэр дээрээ шилжүүлж авах хүсэлт гаргасан. Ингэхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 01/611 тоот албан бичгээр “... иргэдээс газраа нэр дээрээ шилжүүлэн авахаар гаргасан өргөдөлтэй танилцлаа. Тухайн байршлын газруудын газар ашиглалтын гэрээний хэрэгжилтийг 2016 оны 05 дугаар сард Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь үзэж шийдвэрлэхийг мэдэгдье. Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Б” гэсэн бичиг Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирснийг бидэнд танилцуулсан. Ингээд мөн оны 05 дугаар сард Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг ирж шалгаад газрын асуудлыг шийдвэрлэнэ гээд явсан боловч шийдвэрлэхгүй байсан тул бид 2017 оны 12 дугаар сард Захирагчийн ажлын албанд өөрсдийн биеэр очиж мэргэжилтэн Н.тай уулзахад та нартай 2 жилээр гэрээ байгуулъя тэгээд гэрээг дүгнээд газрыг та нарын нэр дээр шилжүүлье гээд сайфнээсээ газрын гэрчилгээ гаргаж ирээд эхлээд Б.Н, Д.С нартай гэрээ байгуулсан. Миний ээлж болоход таны газрын гэрчилгээ газрын албанаас хараахан ирээгүй байна гэрчилгээ ирэхээр гэрээ байгуулна гэсэн ба манайд Нийслэлийн Засаг даргын 2009 оны дугаар захирамжаар олгосон газрын гэрчилгээнүүд ирсэн. Харин 2010 оны дугаартай захирамжаар олгогдсон газрын гэрчилгээнүүд ирээгүй байна. Та үйл ажиллагаагаа явуулж бай. Гэрчилгээ гарахаар тантай гэрээ байгуулна гэсэн ба дараа нь асууж сураглахад ажлаа өөрчлөөд явсан байсан. Үүнээс хойш газар эзэмших эрх олгохыг хүсэж удаа дараа захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж чадахгүй хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна.

Тухайлбал, сүүлийн үед л гэхэд 2022 онд Нийслэлийн Захирагчийн албанд Б.Н, Д.С нарын хамт очиж Захирагчийн ажлын албаны дарга Д.Г*******той уулзах гэхэд хүлээж аваагүй. 2022 оны 05 дугаар сарын 14-нд Захирагчийн ажлын албанд газрын асуудлаар гаргасан миний өргөдөлд “Захирагчийн ажлын албаны эзэмшлийн газартай холбоотойгоор дотоод хяналтын шалгалт орсон байна. Шалгалттай холбоотойгоор иргэн Ө.Боос шаардлагатай бичиг ирүүлэхийг мэдэгдсэн. Дотоод хяналтын шалгалт дууссаны дараа газрыг эзэмшилд шилжүүлэх эсэх асуудлыг менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх болно” гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 06 дугаар сарыг 08-нд Захирагчийн ажлын албанд “Сүүний үхрийн фермийн танилцуулга” 3 хуудас материалыг 5 хавсралтын хамт явуулсан боловч шийдээгүй. 2022 оны 07 дугаар сарыг 21-нд Н.Б гэх хүнээр ахлуулсан ажлын хэсэг, 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ХАА-н хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус, тус ирж ажилтай танилцаад явсан. Тэд нар та төслөө сайн хэрэгжүүлсэн байна, таны үйл ажиллагаа явуулж байгаа газрын асуулдлыг шийдвэрлэнэ гээд явцгаасан боловч шийдвэрлэгдээгүй.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэн Д.С, Ө.Б, Б.Н нарын сүүний үхрийн аж ахуй, мал бордох аж ахуйн үйл ажиллагааг шалгасан тухай” илтгэх хуудаст “... нийслэлийн Засаг даргын 2009 оны дугаар захирамжаар сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н гэдэг газарт байрлах 6 га газрыг иргэн Д.С, Б. Н, Ө.Б нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэж холбогдох хэлтэс нь дэмжсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/52 тоот албан бичгээр 2022 оны ажлыг дүгнэх шаардлагатай тул тайлан болон бусад материал ирүүлэхийг шаардсан ба материал заасан хугацаанд ирүүлж гэрээ дүгнүүлээгүй тохиолдолд газар ашиглах гэрээ байгуулах, газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсний дагуу ажлын тайлан болон бусад материалыг заасан хугацаанд нь хүргүүлсэн.

Гэвч асуудал шийдвэрлэгдээгүй болно. 2023 оны 11 дүгээр сарын 06-нд Нийслэлийн Засаг дарга Х.Н*******ын нэр дээр газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдөл өгөхөд Нийслэлийн газар зохион байгуулалиын албаар дамжуулан тус албаны 2023 оны 11-р сарын 28-ны 01-******* тоот албан бичгээр “ Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дараа танд эзэмшүүлэн шийдвэрлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Гэвч Захирагчийн ажлын албаны газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал одоо хүртэл шийдвэрлэгдээгүй болно.

Иймд 2024 оны 04 дүгээр сарын 10-нд Нийслэлийн Засаг дарга Х.Н*******ын нэр дээр дахин өргөдөл гаргахад 2024 оны 5 дугаар сарын 10-нд хариугаа 1800-1200 утсанд хандаж авна уу? гэсний дагуу залгахад танд газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байна гэсэн болно. Энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл, чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга байгууламж, дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн болно. Захирагчийн ажлын албаны дарга М.Б*******д 2023 оны 10 дугаар сарын 23-нд газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн өргөдөлд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “... Иргэн Д.С, Б.Н нар нь Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж бөгөөд 2 тусдаа захирамж тул өнөөдрийн байдлаар шилжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч тус хуулийн 35.2-т энэхүү эрх нь төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан. Ийм учраас Захирагчийн алба газраа бусдад эзэмшүүлэх боломжгүй гэдэг бөгөөд уг газруудыг газрын албанд буцаан шилжүүлнэ гэдэг боловч энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, төслийг бүрэн хэрэгжүүлж үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа иргэн Ө.Б надад Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б дүүргийн төвөөс 6 км орчим зайтай “Н” нэртэй газарт байрлаж байгаа 2 га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүсч Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Миний хэрэгжүүлж байгаа төслийг Засгийн газар буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24- ны өдрийн *******1 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан, хуулинд газрыг төсөл шалгаруулалтаар олгохоор заасан тул миний бие төслөө хэрэгжүүлснээр газрын асуудал шийдэгдэнэ гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй явж ирсэн болно” гэжээ.

11. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б миний бие Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар мэдэгдлээр Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгасан. Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах төсөл байсан. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны 1/15 дугаар албан бичгээр Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдсэн. Энэний дагуу 2014 оны 9 дүгээр сараас хойш Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяннуур гэдэг газар 2 га газарт сүүний үхрийн ферм байгуулах төслийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн Засаг даргын 05 дугаар сарын 05-ны өдрийн , 2010 оны 05 дугаар сарын 19-ний дугаар захирамжуудаар бид Захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/0101 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглагдах газрын хэмжээ, байршлыг баталж, Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах төслийн сонгон шалгаруулалт зарлагдсан.

Миний бие 2011 оноос хойш тухайн газар дээр шалгарсан төслийнхөө дагуу өөрийн хөрөнгө болон үйл ажиллагааны орлогоор 25 үнээний фермерийн барилга барьсан. Малын хашаа саравч, гүний худаг, малчны байр, сүүний цехийн барилга сүүлд нэмж барьсан байгаа. Цахилгааны шугам татах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон Б дүүргийн иргэд, байгууллагууд сүү цагаан идээ нийлүүлэх зэргээр тухайн тойрог зориулалтын дагуу ашиглагч тогтвортой үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Надтай хамт Б.Н, н.С нар Б дүүргээс төсөлд оролцож шалгарсан байгаа.

2011 оны 8 сард гурвуулаа Захирагчийн албанд очиж гэрээ байгуулахаар очиж хариуцсан мэргэжилтэн н.Лтэй уулзсан. Тэгэхэд гуравласан гэрээ байгуулна гэсэн. Бид нарыг дээшээ доошоо дагуулж явсан. Гэтэл 2 гарын үсэг зурах 2 дарга нь томилолтоор гадагшаа явсан байна. Одоо гэрээ байгуулах боломжгүй, та нар хариад газар дээр төслөө хэрэгжүүлж бай дуудна, гол нь одоо төслөө хэрэгжүүлсэн байх шаардлагатай гэж хэлээд бид нарыг буцаасан. Бид очоод шууд Бээс сүүний чиглэлийн үхэр авсан. Тэгээд ажлаа шууд эхэлсэн. Миний бие 11 сард фермерийн барилгаа яаравчлан барьсан. Төсөл хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай Нийслэлийн Захирагчийн албаны ажлын хэсэг барилга барьж байхад очиж танилцаж байсан. Ажил эхэлж байгаа юм байна болж байна, хэрэгжилт болж байна. Шалгалт бол нэгээс хоёр жилдээ байнга ажилтай танилцаж байсан. Асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтийг тухай бүрд нь тавьж байсан. 2016 он болтол асуудал шийдэгдээгүй. Иймээс Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт газраа нэр дээрээ шилжүүлж авъя гэж хандсан. Гэтэл Тамгын газар энэ газар чинь Нийслэлийн Захирагчийн албаны мэдлийн газар тул бид Захирагчийн алба руу уламжилъя гэсэн. Захирагчийн алба руу уламжилсан хариу нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны 01/614 тоотоор ирсэн. Үүнд иргэдээс газраа нэр дээрээ шилжүүлэн ав, гаргасан өргөдөлтэй танилцлаа, тухайн байршлын газруудын газар ашиглалтын гэрээний хэрэгжилтийг 2016 оны 5 сард Захирагчийн ажлын хорооноос томилогдсон ажлын хэсэг газар дээр нь үзэж шийдвэрлэхийг мэдэгдье гэсэн. Хотын ерөнхий менежер, захирагчийн ажлын хорооны дарга н.Б гэсэн гарын үсэгтэй байсан. 5 сард захирагчийн ажлын албаны ажлын хэсэг шалгаж та гурвын газрын асуудлыг шийднэ гээд явсан.

Гэвч ингээд шийдвэрлэгдэхгүй байхаар нь 2017 оны 12 сард Захирагчийн ажлын албанд бид нар өөрсдийн биеэрээ очиж хариуцсан мэргэжилтэн н.тай уулзах гэтэл энэ хооронд н. нь жирэмсний амралтаа аваад 3 жил ажилдаа байгаагүй. Тэгээд жирэмсний амралтаасаа ирээд ажилдаа орсон байсан. Амралтаасаа ирэхээр нь уулзтал та нартай 2 жилээр гэрээ байгуулъя за тэгээд гэрээг чинь өгөөд та нарт газрыг чинь шилжүүлье ээ гэсэн. Хавтаснаасаа гэрчилгээ гаргаж ирээд эхлээд н.Н, н.С хоёртой гэрээ байгуулсан. Надтай гэрээ байгуулах болсон чинь хавтсаа ухаад гэрчилгээ олохгүй байсан. Таны гэрчилгээ ирээгүй юм байна. Та үйл ажиллагаагаа явуулж бай, гэрчилгээ ирэхээр тантай гэрээ байгуулахаа дуудна гэсэн. Тэгээд сүүлдээ н. нь ажлаа өөрчлөөд алга болсон. Ингээд Захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж чадахгүй байсан. 2022 онд Нийслэлийн Захирагчийн албанд н.Н, н.С нарын хамт очиж Захирагчийн ажлын албаны дарга н.Г*******той уулзах гэтэл хүлээж аваагүй. 2022 оны 05 дугаар сарын 14-нд Захирагчийн ажлын албанд газрын асуудлаар өргөдөл гаргасан. Хариугаа Дүнжингаравын цахим системээр явуулсан байсан тэндээс ав гэсэн. Үүнд дотоод хяналтын шалгалт орсон байгаа. Шалгалттай холбоотойгоор иргэн Боос шаардлагатай бичиг ирүүлэхийг мэдэгдсэн. Дотоод хяналтын шалгалт дууссаны дараа даргыг шилжүүлэх эсэх асуудлыг менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх болно гэсэн хариу ирүүлсэн байгаа. 2022 оны 06 дугаар сарын 08-нд Захирагчийн ажлын албанд сүүний үхрийн танилцуулга 3 хуудас материалыг 5 хавсралтын хамт явуулаад асуудлаа шийдүүлье гэсэн бас шийдээгүй. 2022 онд н.Боор ахлуулсан ажлын хэсэг ирж шалгасан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-нд Хөдөө аж ахуйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажилтай танилцсан. За тэд нар төслөө сайн хэрэгжүүлсэн байна, таны үйл ажиллагаа явуулж байгаа газрын асуудлыг шийдүүлнэ гээд явцгаасан ч шийдээгүй. Харин н.Бын ажлын хэсэг нь бол Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудас гаргасан байсан. Илтгэх хуудаст иргэн н.С, Ө.Б, н.Н нарын сүүний үйлдвэрийн аж ахуй, мал бордох аж ахуйн үйл ажиллагааг шалгасан тухай бичсэн байв.

Үүндээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Н гэдэг газарт байрлах 6 га газрыг иргэн н.С, н.Н, Ө.Б нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх саналтай гэсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний 02/52 тоот албан бичгээр 2022 оны ажлыг дүгнэх шаардлагатай тул тайлан болон бусад материалуудыг ирүүлэхийг шаардсан. Шаардсан материалуудыг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд ажил дүгнэхгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй, газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй болохыг мэдэгдье гэсэн бичиг байсан. Үүнтэй холбогдуулаад ажлынхаа тайлан, заасан материалуудыг Захирагчийн албад хүргүүлсэн ч асуудал шийдээгүй. За ингээд 2023 оны 11 дүгээр сарын 06-нд Нийслэлийн Засаг дарга Х.Н*******ын нэр дээр газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдөл өгөхөд Нийслэлийн газар зохион байгуулалтыг албаар дамжуулан тус албаны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны 01******* тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дараа та нарт газар эзэмшүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Гэвч Захирагчийн ажлын албаны газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал огт шийдвэрлэгдэхгүй байсан.

Иймд 2024 оны 04 дүгээр сарын 10-нд Нийслэлийн Засаг дарга Х.Н*******ын нэр дээр дахин өргөдөл гаргахад 2024 оны 05 дугаар сарын 10-нд хариугаа 1817 утсанд хандаж авна уу гэсний дагуу залгахад боломжгүй гэсэн хариу байсан. Дараа нь тэр хариуг бичгээр авч хавтаст хэрэгт тусгасан. Үүнд 2024 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд танай газрыг тусгасан гэсэн ийм утгатай байсан. Миний үйл ажиллагаа явуулж байгаа газрыг бол Нийслэлийн Засаг даргын 2010 оны дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэх, хүнсний үйлдвэрлэл, эрүүл чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга байгууламж, идэвхэжсэн бий болгох шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн. Захирагчийн ажлын албаны дарга н.Б******* гэдэг хүн байсан. н.Б*******д 2023 оны 10 дугаар сарын 23-нд газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн өргөдөл гаргасан.

Цахим системээс харахад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр н.Сэргэлэнбаатараас хариу ирүүлсэн байсан. Иргэн н.С, н.Н нарын Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж бөгөөд 2 тусдаа захирамж тул өнөөдрийн байдлаар шилжүүлэх боломжгүй гэсэн хариу надад өгсөн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших нөхцөл, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Улаанбаатар орчимд сүүний, үхрийн болон мал ургах аж ахуй байгуулах төсөл шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэх журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Улаанбаатар хотод сүүний үүлдрийн болон мал бордох аж ахуй байгуулах төсөл шалгаруулалтад оролцож төсөл шалгаруулалтыг хамаарсан төслийг бүрэн хэрэгжүүлдэг, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа иргэн надад Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төвөөс 6км орчим зайтай байх Н нэртэй газар байрлах 2 га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүсэж нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. За Нийслэлийн Засаг дарга Х.Н*******т 2 удаа өргөдөл гаргатал Газрын албаар дамжуулж хариу өгсөн. 7 хүн Нийслэлийн Засаг дарга С******* даргад хандаж хүсэлт гаргахад шийдээгүй тул Засгийн газарт хандтал хариу нь Хэрэг эрхлэх газрын дарга Д.А******* дарга Д.С******* даргад хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэ гэсэн хариу өгүүлсэн байсан.

Миний хэрэгжүүлж байгаа төслийг Засгийн газар буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *******1 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан. Газрын тухай хуульд газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасан. Иймд миний бие төслөө хэрэгжүүлснээр газрын асуудал шийдэгдэнэ гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй өнөөдрийг хүртэл бол явж ирсэн. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна.” гэв.

12. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:... Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ы өдрийн А/ дугаар захирамж болон 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/ дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор нийт 51 байршилд 364.5 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн.

2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 01/1383 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 780 дугаар захирамжаар олгосон хүлэмжийн зориулалттай 2 га газар, 2011 оны 357 дугаар захирамжаар олгосон тариалангийн зориулалттай 220 га газар, 2009 оны дугаар захирамжаар олгосон саалийн үнээний фермийн зориулалттай 12 га газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан.

Тус албан бичигт иргэн Ө.Бод хамаарах Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/ дугаар захирамжийг дурдаагүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ө.Б нь Нийслэлийн Засаг даргад хандан Б дүүргийн 5 дугаар хороонд байрлах саалийн үнээний фермийн зориулалттай 2 га газар дээрээ эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-******* дугаар албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн албаны эзэмшиж буй газрын эрх дуусгавар болсны дараа тус газрыг эзэмшүүлэх боломжтой бөгөөд “Саалийн үнээний ферм болон мал бордох аж ахуйн зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ”-ний 3.3, 3.4-т заасны дагуу ашигласан хугацааны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн.

2024 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн Ө.Бын ашиглаж буй Б дүүргийн 5 дугаар хороонд байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар нь 3925325 дугаар төлөвлөлтөнд тусгагдсан боловч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/ дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгосон Б дүүргийн 5 дугаар хороонд байрлах 2 га газрын эрх хүчингүй болоогүй байх тул Нийслэлийн Засаг даргад тус газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэнэ” гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2009 оны А/ болон 2010 оны А дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд хөдөө аж ахуй, фермийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор нийт 51 байршил, нийслэлд 364 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн. Уг газрыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тус газраас ирүүлсэн албан бичгээр эдгээр газруудаас 2011 оны 700, 2011 оны 357, 2009 оны гэсэн захирамжуудад дурдсан газруудыг Нийслэлийн Засаг даргад буцаан шилжүүлэх хүсэлтээ гаргасан. Тус захирамжуудад Ө.Бод хамаарагдах 2010 оны гэсэн захирамж тусгагдаагүй байгаа. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа газар маань одоогоор Нийслэлийн Захирагчийн ажлын албаны нэр дээр хэвээрээ байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга энэ газрыг эргэн тоолоод эрх хэмжээ олгогдоогүй байна. Иргэний Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүлээн аваад түүнд нь хуулийн хугацаанд хариу өгсөн. Үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй учраас даалгах ямар ч боломжгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3.”Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4.”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гэж тус тус заасан.
  2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга, байгууламж дэд бүтцийг бий болгоход шаардлагтай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор 16 байршлын 56.5 га талбай бүхий газарт фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ.
  3. Гэвч дээрх захирамжаар эзэмшүүлсэн Б дүүрэг, Н орчимд саалийн үнээний фермийн 2 га газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хуульд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.
  4. Газрын тухай хуульд зааснаас үзвэл хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ба дээр дурдснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул гэрчилгээг шилжүүлэх хуулийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
  5. Харин нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
  6. Тодорхойлох хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулахаар очсон боловч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйн улмаас үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулалгүй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зөвшөөрлөөр тухайн газрыг саалийн үнээний фермийн зориулалтаар эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны илтгэх хуудас, Улбаанбаатар хотын захирагчийн ажлын албаны  2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/1659 дүгээр албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.
  7. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нь “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах” төслийн сонгон шалгаруултанд оролцон шалгарч газрыг бодитоор ашиглан, саалийн үнээий фермийн үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд хэдийгээр саалийн үнээний фермийн зориулалтаар газар ашиглах гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
  8. Иймд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: … 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
  9. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр газар ашигласан хугацааны төлбөрийг барагдуулахад татгалзахгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасныг тус тус баримтлан иргэн Ө.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Н” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Н.ДАМДИНСҮРЭН