Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2020/00044

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2020/00044

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00009/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид М.Мөнхдаваа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Г.******* /онлайнаар/

Хариуцагч М.*******

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Г.*******гийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 22.621.800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 2018 оны 08 сарын 02-нд хийгдсэн гэх Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* нь 11.100.000 төгрөгийг 2018 оны 8 сарын 2-ны өдөр 2018 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлж, барьцаанд нь газраа барьцаалсан. Гэтэл ******* нь уг мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй элдэв шалтгаан тоочиж худлаа яриад, утас дугаараа солиод байгаа учир гэрээнд заасны дагуу анх авсан 11.100.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.******* нэхэмжлэлийн хариу тайлбартаа: би энэ хүнээс 2017 онд мөнгө зээлж авсан нь үнэн. Харин 2018 оны 8 дугаар сарын 02-нд энэ хүнээс 11,100,000 төгрөг бэлнээр болон дансаар авсан зүйл байхгүй. Тухайн үед энэ хүмүүс миний араас ирээд 2017 онд авсан мөнгөн дээрээ шинээр гэрээ хийе барьцаа хөрөнгө авна гээд Г.******* гуайн хамтран амьдрагч гэх хүн миний машин, газрын хоёр бичгийг аваад явсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан учраас хэл амнаас айгаад гэрээн дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахдаа хэзээ нэгэн цагт үнэн учир нь олдох байх гэж бодож байсан. Анх энэ хүмүүс миний машиныг аваад явахдаа зарахгүй гэж аваад явсан боловч хоёр сарын дараа зарчихсан байсан. Тийм ч учраас би өмнө зээлсэн өрийг машинаа өгөөд өрөө дарчихсан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... иргэн М.******* би Г.******* гэдэг хүнээс 2017 оны 08, 09 сарын үед аман байдлаар тохиролцон увуулж, цувуулж мөнгө зээлж авсан. Ингээд дараа нь тэд миний нөхрийн нэр дээр байсан Daewoo winstorn маркийн жийп машиныг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж авснаа дараа нь ирж би энэ машиныг зарахгүй аваад явна гээд авч явсан. Харин 2018 оны 01 сард эхнэр нь ирж машиныг газрын гэрчилгээний /2ш/ хамт авч явсан. 2018 оны 08 сарын 02-нд би хэн нэгнээс, Г.*******гаас нэг ч төгрөг зээлж аваагүй юм. Хэрэв зээл өгсөн гэж байгаа бол нэхэмжлэгч яаж, ямар хэлбэрээр надад мөнгө өгснөө баримтаар нотлох ёстой. Иймд 2018 оны 08 сарын 02-нд хийгдсэн гэх Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд /онлайнаар/ гаргасан тайлбартаа: ... би М.*******ээс машин тэрэг аваагүй. Надтай хамтран амьдарч байсан хүн тэр машиныг нь авсан гэсэн. Тэр машин тэрэг надад ямар ч хамаагүй. Надтай хамтран амьдарч байсан хүн энэ хоёрын асуудал байх. ******* надад нэг ч төгрөг өгөөгүй. Надад яах нь мэдэгдэхгүй газрын гэрчилгээ өгсөн. Тэр нь хаана байдаг газар гэдгийг би мэдэхгүй. Одоо би энэ хүнээс зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт гаргуулж авмаар байна гэжээ.

Bottom of Form

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэгт зааснаар Г.*******, М.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.*******гийн М.*******ээс зээл 11.100.000 төгрөг, алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.059 төгрөг, хариуцагчаас төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******гаас 190.950 төгрөгийг гаргуулан М.*******т олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 43-46 дугаар талд авагдсан 4 хуудас бичгийн баримтыг нотлох баримтаас хасаж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь болж өнгөрсөн үйл явдал. хариуцагч нэхэмжлэгчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан баримт, талуудын тайлбараар илэрхий болсон.

Миний хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан хариуцагчаас гаргуулах ёстой байсан төлбөрийн үлдэгдлийг зээлийн гэрээ хэлбэрээр бичигдсэн гэрээнд тусгасан нь алдаа болсон. Гэвч миний зүгээс хариуцагчид 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр, 10 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд нийт 7.800.000 төгрөг зээлүүлсэн нь бодит үнэн. Үүнтэй хариуцагчийн зүгээс маргадаггүй. Гэтэл шүүх зөвхөн тухайн зээлд тогтоосон хүүг бичгээр гэрээ байгуулж тусгаагүй, хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр төлбөрийн үлдэгдлийг багасгаж 11.100.000 төгрөгийг зээлүүлсэн байдлаар гэрээ байгуулсанд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан үйлдэл болсон.

Би одоо зөвхөн зээлүүлсэн 7,800,000 төгрөгөө хариуцагчаас гаргуулан авахыг хүсч байна. Шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь агуулгын хувьд алдаатай, хүчин төгөлдөр бусад тооцож болох хэдий ч 2017 онд байгуулагдсан 7.800.000 төгрөг зээлүүлсэн хэлцэл маань хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэлд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгаа байдлаар бичсэн байдлыг анхаарч зөвхөн үг. үсэг төдийд дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн хүсэл зориг. нэхэмжлэл зорилгыг анхаарч үзээгүй. Тодруулаагүйгээр бүрэн бодитой бус дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагддаг. Миний 7.800.000 төгрөг гаргуулахыг хүсээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах тул шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас 7.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* гуайгаас мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ зээлийн оронд түүнтэй хамт амьдардаг эмэгтэй ирж машиныг минь авч явсан тул тэр өр төлөгдсөн гэж үзэж байна. Харин 2018 оны 08 сарын 02-ны өдөр хийсэн гэрээний дагуу мөнгө огт аваагүй тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байж өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 оны зээлийн гэрээний хувьд өөр асуудал гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримтад зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Г.******* хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11.100.000 төгрөг, алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг ирүүлснийг хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Г.*******гаас зээлсэн мөнгөнийхөө оронд автомашин өгсөн тул зээлийн гэрээ дуусгавар болсон харин талуудын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдээгүй тул талуудын хоорондох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл зохигчдын хооронд 2017 онд аман хэлцлийн дагуу тодорхой мөнгө зээлдүүлж, тус хэлцлээ хожим буюу 2018 оны 08 сарын 02-ны өдөр бичгийн хэлбэрт оруулан өмнө үүссэн зээлийн мөнгөн дүн дээр зээлийн хүүг гэж нэмж тооцон 11.100.000 төгрөгийг хүүгүйгээр 4 сарын хугацаатай, алданги төлөхөөр тохиролцон шинээр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь дээрх гэрээ нь бодитойгоор хийгдээгүй хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Г.******* нь зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 02-ны өдрийн гэрээ нь бодитойгоор хийгдээгүй хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Г.******* нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хариуцагчаас 2017 онд аман хэлцлийн дагуу шилжүүлсэн 7.800.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлттэй байгаа тухай мөн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад 2017 онд М.*******т зээлүүлсэн 7.800.000 төгрөгөө авч чадаагүй тул 2018 онд хүү бодож гэрээ байгуулсан юм одоо 2017 онд мөнгө шилжүүлсэн баримтаа үндэслэн 7.800.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа тухайгаа тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь 2017 онд байгуулсан гэрээний маргаантай асуудлаа 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй хамаатуулан тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээ хязгаар, хэмжээнээс хальж, өөр шаардлага тавьсан гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зөвхөн нэхэмжлэгч эдлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******ийн хүсэлтээр түүний Хаан банк дахь дансанд мөнгийг шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн ба тухайн гэрээний үүргийн талаар талууд маргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Г.*******гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх ба тус хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банк дахь 5585641996 тоот дансанд 2017 оны 09 сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 2017 оны 10 сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хэлцлийн дагуу хариуцагчид 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч М.******* нь 6.000.000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Харин 1.800.000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэх үйл баримтыг харсан гэх иргэн Д.Сумьяагийн шүүхэд гаргасан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхээс гаргах шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн боломжгүй юм

Хариуцагч М.******* нь зохигчдын хооронд 2017 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Г.*******д Daewoo Winstorn маркын автомашин өгснөөр гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тайлбартайгаа холбоотой ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байх тул хариуцагч М.*******ээс 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг энэ магадлалд дурдсан үндэслэлээр хангаж, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин зохигчдын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр хийгдсэн 11.100.000 төгрөгийн зээлийн гэрээ бодит байдлаар бус нөхөн хийгдсэн гэрээ байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 271.059 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул багасгасан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогоос олгохгүй бөгөөд харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг хариуцагч М.*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч М.*******ээс 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын нарын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг дурдсугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.059 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Г.*******гаас 190.950 төгрөгийг гаргуулан М.*******т тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.800 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд ногдох 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

 

Г.ДАВААРЕНЧИН