| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0025/Э/ |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч Р.Б
Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-ийн Л-д холбогдох 1816000010011 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Т овогт Т-ийн Л гэв.
Шүүгдэгч Т.Л нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Таван богд худалдааны төвийн гадна гээсэн иргэн Р.Б-ын 820.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн *** сериал дугаартай гээгдэл Samsung galaxy J-7 маркын гар утсыг завшсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Л-ийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед *** аймгийн *** сумын төв *** төвийн гадна гээсэн иргэн Р.Б-ын 820.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн Samsung galaxy J-7 маркын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь хүний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, бага бус хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Л гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн гар утсыг *** төвийн үүднээс олсон. Гэртээ очоод өөрийн сим картаа хийсэн. Гар утсыг олоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Р.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 30 минутад утас лизиндэж аваад 17 цагийн үед *** орсон. Тэгээд хүүгээ аваад 18 цагийн үед гэртээ очиход утас байхгүй байсан.Тухайн үед их сандарсан явж байсан. Тэгээд тэр оройгоо цагдаагийн байгууллагад ирж мэдэгдэхэд амралтын өдөр ажиллахгүй, ажлын өдөр ир гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад ирж өргөдөл бичиж өгсөн... Гар утсаа олсон учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар бичгээр үйлдэн нотариатаар батлуулсан байгаа ...” гэсэн мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Д-ын “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Р.Б Говь-Алтай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Мобиком төвөөс Самсунг Жи-7 маркын гар утас лизингээр худалдан авсан юм. Тухайн өдөр манай эхнэр *** ойролцоо явж байгаад гээсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ18/,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ21/, Мобиком корпораци” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18/196 дугаартай албан бичиг, хавсаралт /ХХ40-41/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Х.Гүнжидмаагийн хүсэлтээр: Хэрэглэгчийн гэрээ /ХХ5-6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ7/, гэрч ***-ын мэдүүлэг /ХХ18/, эд зүйлийн үнэлгээ /ХХ21/, хохирогч Р***-ын мэдүүлэг /ХХ13-14/ , “Мобиком корпораци” ХХК-ний албан бичиг /ХХ40/ зэрэг нотлох баримтуудыг тус тус хэлэлцүүлэхээр санал гаргасныг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Т.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч Р.Б нь “... миний бие 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гар утас Самсунг Жи-7 маркын цэнхэр өнгийг гээсэн. Цагдааагийн байгууллага миний утсыг олж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /ХХ50/ -ийг Цагдаагийн газарт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “...Гар утсаа олсон учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар бичгээр үйлдэн нотариатаар батлуулсан байгаа...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Л-ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Л-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy J-7 маркын цэнхэр өнгөтэй гар утсыг хохирогч Р.Б-д, хэрэгт хураагдаж ирсэн иргэний үнэмлэхийг шүүгдэгч Т.Л-д тус тус олгож, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1,36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ийн Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Т-ийн Л-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 90.000 /ерэн/ мянган төгрөгөөр таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Л-д танилцуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн *** сериалын дугаартай Samsung J-7 маркын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Б-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн *** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Т.Л-д буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА