Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/495

 

      2023            5             09                                       2023/ДШМ/495

 

Б.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 221100002043 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.Д, 

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, 

Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр:

1. Д.Нямхүү, Ү.Гантулга нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бэзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол,

2. Д.Нямхүү, Ү.Гантулга нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Хтүргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч, шоколад, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол,

3. Д.Нямхүү, Ү.Гантулга, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерын цоожийг эвдэн орж, тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.800.000 төгрөгийн хохирол,

4. Ү.Гантулга, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Ундраны түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж, бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол,

5. Ү.Гантулга, Т.Түмэнбаяр, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Ундраны түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж, 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 28.342.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бэзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн төхөөрөмжийг хууль бусаар устгаж, бусдад 339.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Батбэхийн Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан уг ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 738 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доос нийт 5.665.199 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бт 1.236.966 төгрөгийг, хохирогч А.Хорлоод 81.983 төгрөгийг, хохирогч С.Баянмөнхөд 1.450.000 төгрөгийг, хохирогч Ц.Ундранд 2.914.250 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Дийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг Т.Түмэнбаяр нарт холбогдох 1811035010003 дугаартай үндсэн хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2018 оны 6 дугаар сард цагдан хоригдож 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр батлан даалтад гарч, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хоригдож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлан даалтад гарсан. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хоригдож, 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Мөн цагдан хоригдсон 738 хоногийг биеэр эдлэх 3 жилийн ялаас хасаж нийт 326 хоногийн ял авсан ба миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний бие хоригдож байх хугацаандаа олон зүйлийг бодож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Би энэ гэмт хэргийг 2018 онд үйлдсэн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн гэмт хэрэг дахин үйлдээгүй. Энэ хугацаанд эхнэр, хүүхэдтэй болж амьдралыг өөр өнцгөөр харж эхэлсэн. Иймд миний эдлээгүй үлдсэн хорих ялыг өөрчилж, өршөөлд хамрагдаж байгаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдлийг “цар тахлын нөхцөл байдал арилсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбар, Эрүүгийн эрх зүйн зарчим зэргээс авч үзвэл анхан шатны шүүх “хуулийн хэм хэмжээ, утга санааг агуулгаас нь хэтэрхий дэлгэрэнгүйгээр буруу тайлбарлан” хэрэглэж миний үйлчлүүлэгчид Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Дид холбогдох хэргийн хэд хэдэн үйлдлийг анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн. Ингэхдээ анхан шатны шүүхээс “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай” хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж энэ хуулийн хэрэгцээ шаардлага арилсан гэж үзсэн. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар Б.Д нь тодорхой оршин суух хаяггүй, хохирол төлбөр төлөгдөөгүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр:

1. Д.Нямхүү, Ү.Гантулга нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бэзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол,

2. Д.Нямхүү, Ү.Гантулга нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Хтүргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч, шоколад, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол,

3. Д.Нямхүү, Ү.Гантулга, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Баянмөнхийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерын цоожийг эвдэн орж, тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.800.000 төгрөгийн хохирол,

4. Ү.Гантулга, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Ундраны түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж, бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол,

5. Ү.Гантулга, Т.Түмэнбаяр, Л.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах иргэн Ц.Ундраны түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж, 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 28.342.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

6. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бэзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн төхөөрөмжийг хууль бусаар устгаж, бусдад 339.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б“. . ...” /5хх 33-39/,

хохирогч А.Х“... ...” /4хх 71-72/,

хохирогч С.Б “...” /3хх 181-182/,

хохирогч Ц.У “...” /5хх 93-94/,

гэрч Н.У “.... ...” /5хх 55-56/,

гэрч У.Б “.... ...” /5хх 61-62/,

гэрч О.Н“...” /7хх 191-192, 193-194/,

гэрч Л.Г “.... ...” /7хх 195-196/,

гэрч Ч.Д “....” /7хх 197-198/,

гэрч Л.Д “..

..” /7хх 199/,

гэрч Т.Л “.. ...” /4хх 214-215/,

яллагдагчаар Б.Дийн “...2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз болох Нямхүү, Гантулга нарын хамт дэлгүүр ухах гээд хараад явж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис бензин түгээгүүрийн замын эсрэг талд байрлах “Болор” нэртэй хүнсний дэлгүүрийг ухъя гэж хоорондоо ярилцаж байгаад тохиролцоод буцаад Гантулгын гэрт нь очоод орой болохыг хүлээсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болонгуут “Болор” нэртэй хүнсний дэлгүүр рүү такси бариад дэлгүүрийн ойролцоо буугаад жалгаар бид 3 явж дэлгүүрт ойртож очоод Нямхүү хүн харж зогссон. Гантулга цонхны хаалт төмрийг тасдсан, харин би цонхоор нь орсон. Тэгээд бид гурав дэлгүүр дотроос тамхи, архи зэрэг эд зүйлсийг аваад цонхоор гурван шуудайтай барааг Нямхүүд дамжуулж өгсөн. ...Тэгээд дэлгүүрээс гарахдаа тухайн дэлгүүр камертай байсан болохоор хард дискийг нь авах гээд бүх залгуурыг нь хүчээр татаж салгаад хард дискийг нь аваад орж ирсэн цонхоороо эргэж гарсан. Тэр үед харанхуй байсан болохоор тааралдсан залгуур болгоноо хүчээр татчихсан. Тэгээд бид 3 шуудайтай бараагаа аваад жалгаар буцаж гудамж руу ороод зам руу гараад тэндээсээ такси аваад Баянбүрд ороод тэр орчмоороо байж байгаад өглөө болохоор нь бараагаа дэлгүүрээр явж зарсан. Тэгээд бид нар бүх бараагаа зараад 810.000 төгрөгтэй болсон. ... 2017 оны 10 дугаар сарын дундуур байх найз Нямхүү, Гантулга нартай мөнгөний хэрэг байна, хулгай хийе гэж ярилцаад уулзсан. Уулзахдаа Атимос байрны грашид 0,75 литрийн 1 шил соёрхол архи уучихаад шөнө 03-04 цагийн үед хулгай хийхээр ярилцаж тохироод ТҮЦ хайсан. Дөлгөөн нуурын замын зүүн талд гадуураа төмөр хайстай вакум цонхтой хүрэн өнгийн модон ТҮЦ байсан. Ийшээ оръё гэж ярилцаад би ТҮЦ-ний хамгаалалтын төмрийг тасдагчаар тасдсан. Нямхүү дотогш орсон, Гантулга замын эсрэг талд хүн хараад зогссон. Нямхүү гялгар тортой юм аваад гараад ирсэн, бид нар гудамж руу ороод үзэхэд дотор нь тамхи, шоколад, чихэр, шампунь зэрэг байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байх гэртээ байж байсан чинь манай найз Ү.Гантулга утсаар ярьж хаана байгаа юм бэ, хүрээд ирээч Нямхүү бид хоёр Нарантуул-2 зах дээр контейнер ухах гэж байна, мөнгөний хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгээд би Нарантуул-2 зах дээр очиж Гантулга, Нямхүү хоёртой уулзсан юм. Тухайн үед Гантулга надад Мөнх-Эрдэнэ энэ контейнерийг зааж өгсөн гэж хэлсэн юм. Би ямар учиртай контейнер болох талаар мэдээгүй бөгөөд Гантулга тасдагч ашиглан контейнерын хаалганы цоожийг эвдэж ороод Гантулга, Нямхүү бид гурав нэг нэг хайрцаг тамхи авсан, тэр тамхи парламент, майлд севен гэсэн тамхи байсан. Уг тамхийг бид гурав авч гарч Нарантуул-2 захын үүднээс таксинд сууж тамхиа таксинд ачиж доош бага зэрэг уруудаж Гантулга, Нямхүү хоёр бууж, би таксигаар жоохон уруудаж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буусан юм. Удаагүй Гантулга, Нямхүү хоёр араас өөр такси барьж ирээд бид гурав таксинд тамхиа ачиж 39 дүгээр сургуулийн автобусны буудал орсон юм. 2018 оны 04 дүгээр сарын дундуур бас Гантулга мөнгө хэрэгтэй юу, нөгөө Нарантуул захын лангуунаас дахиж тамхи авах уу гэхээр нь надад ч бас мөнгө хэрэгтэй байсан болохоор би зөвшөөрсөн. Тухайн үед мөн л Мөнх-Эрдэнэ, Түмэнбаяр хоёр байсан ба шөнө 04.00-05.00 цагийн үед байсан санагдаж байна. Тэр үед Түмэнбаяр нэг машинтай явж байсан бөгөөд би машины марк сайн мэдэхгүй болохоор ямар машин байсан талаар мэдэхгүй байна. Машинаа ямар ч байсан захаас зайтай тавиад бид дөрөв дахиад л урд талын хаалгыг давж ороод анх тамхи хулгайлсан лангууны цоожийг эвдэж 6-7 ширхэг хайрцаг тамхи аваад мөн л урд талын хаалгыг давж гарсан. Тэгээд Түмэнбаяр машинаа захын урд талд авчираад тамхиа хийсэн ба бид нар сууж багтахгүй болохоор нь Түмэнбаярыг машинтай нь явуулаад бид гурав араас нь такси бариад явсан. Тэгээд маргааш нь надад 500.000-600.000 төгрөг өгсөн санагдаж байна. ... ” /5хх 43-44, 79-81, 6хх 93-95, 113-114, 7хх 225-226, 9хх 79-81/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйлийн үнэлгээний баримтууд /5хх 119, 66-67, 6хх 102-103, 7хх 200-203, 7хх 202- 203, 8хх 117-118, 8хх 236-237/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-22/, хэргийн газар дээр биечилсэн сурвалжлага хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /5хх 23/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /5хх 25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 78-81/, яллагдагч Ү.Гантулгын мэдүүлэг /6хх 90-92, 115-116/, яллагдагч Д.Нямхүүгийн мэдүүлэг /6хх 88-89, 117-118/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 167-174/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7хх 176-178/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 199-204/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх 73-77/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 87-93/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх 71-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Б.Дийн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  Б.Дийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Б.Дийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 28.342.850 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Дийн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамруулах боломжгүй байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх нөхцөлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цаашид ямар эд хөрөнгөөр хохирол төлөх нь тодорхойгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

          Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 98 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ