Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хоту” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Даваасүрэн,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оюунболд,

Маргааны төрөл: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэрийн “Хоту” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх, “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Хоту” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““Хоту” ХХК-ийн MV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан байна.
    1. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэрийн “Хоту” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
  2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Туулын зүүн дэнж-1” нэртэй газарт орших 79.97 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-12406А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Хоту” ХХК-д 30 жилийн хугацаагаар олгожээ.
  3. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан бөгөөд тус хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээх, энэхүү хуульд заасан бүсэд хамаарч буй тохиодолд нөхөн олговор олгох зэрэг асуудлыг зохицуулжээ.
  4. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг баталсан ба тус журмаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахаар заажээ.
  5. “Хоту” ХХК-ийн эзэмшиж байсан MV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамаарагдсан байна.
  6. Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7303 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт … хамрагдсан байна. Иймд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт ирүүлнэ үү.” гэж хүргүүлжээ.
  7. Ийнхүү нэхэмжлэгч Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгч акт үйлджээ.
  8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэрээр “Хоту” ХХК-ийн MV-12406А дугаартай 79.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэж тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
  9. Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан  MV-12406А дугаартай 79.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олговрыг яаралтай шийдэж аж ахуй нэгжийг хохиролгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга уг хүсэлтийг хүлээж аваад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/724 дугаартай албан бичгээр “Хоту” ХХК-ийн MV-12406А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-д заасан үндэслэлээр цуцалсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй” гэх хариуг ирүүлсэн.
  10. Тус албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 16 дугаартай албан бичгээр хандсан бөгөөд тус газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/1418 дугаартай албан бичгээр “...Кадастрын хэлстийн даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/724 дугаартай албан бичгээр “... тус асуудлаар хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн болохыг үүгээр мэдэгдэлье …” гэсэн хариуг танай компанид хүргүүлсэн …. гомдлыг шийдвэрлэх боломжгүй. …” гэж хариу ирүүлжээ.
  11. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3860 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон ба 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлд дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна. 
  12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:Манай компани Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Туулын зүүн дэнж-1” нэртэй алтны шороон ордын MV-12406А дугаартай 79.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигладаг байсан. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ Манай МV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан гэж мэдэгдэж Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ ирүүл гэж шаардсаны дагуу нөхөх олговор хүлээн авах хүсэлтийг журмын дагуу хүргүүлсэн байдаг.

Үүний дараа бид нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар жил бүр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлт байгаа цонхны үйлчилгээнээс тодруулахад нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ, эргэж мэдэгдэнэ гэдэг хариу өгдөг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 17 өдрийн 08 дугаартай албан бичгээр МV-12406 дугаартай 79.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олговрыг яаралтай шийдэж өгнө үү гэх агуулгатай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандсан. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай 2024 оны 02 дугаар сарын 20 өдөр 10/724 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 заалтыг үндэслэн Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /Хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 318 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлагдсан байна нөхөн төлбөр олгох боломжгүй гэж хариу ирүүлсэн.

Энэхүү албан хариуг бид эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ашигт малтмалын газрын тосны газрын захиргаан хэргийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон хавсрагдсан материалаас 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэртэй танилцаж Ашигт малтмалын газрын тосны газарт уг шийдвэрээ хүчингүй болгож манай тусгай зөвшөөрлийг сэргээж өгөх талаар хүсэлт, гомдлыг гаргасан боловч хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийн Цуцлах Үндэслэлийг зааж өгсөн. Энэ хуулийн 56.1.3-т “Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бүрэн төлсөн”-ний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн зохицуулалтай. Мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ын 5.2-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох ноход олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нөхөн олговрыг төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах журамтай байтал нөхөн олговор олгоогүй байж манай компанид мэдэгдэлгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус.

Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь дээрх хууль журмыг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ” гэж заасан. Хориглосон хуулийн үйлчлэлд хамаарч улмаар нөхөн төлбөр олгох хүртэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн /тусгай зөвшөөрлийг хурааж авсан/ тул энэ хугацаанаас эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх ёстой бөгөөд биднээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрөл түдгэлзсэн тохиолдолд уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үүрэг, тухайлбал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүрэг бидэнд байхгүй.

Нөгөөтэйгүүр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;” тохиолдолд цуцлах тухай зохицуулалт, мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь..., шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахад оршино", 4.7-д “Энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно”, 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хэрэглэгдэх зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл цуцлагдсан тусгай зөвшөөрөлд нөхөн төлбөр олгох хуулийн боломжгүй бөгөөд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нөхөн төлбөр авах эрхтэй байна.

Ийм учраас бид Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 08 өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 318 дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гол үндэслэлээ тайлбарлая. “Хоту” ХХК тусгай зөвшөөрөл анх олгогдсон цаг хугацаанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан. Тэгээд 2011 онд Ашигт малтмал, газрын тосны газраас танай компанийн тусгай зөвшөөрөл Засгийн газрын 174-тэй давхцалтай болсон учраас тусгай зөвшөөрлөө хүлээлгэж өг, та нарт цаашдаа үйл ажиллагаа явуулах боломж байхгүй ээ гэдэг албан мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу “Хоту” ХХК нөхөн төлбөр авах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хамт хүлээлгэн өгч хүлээлцсэн акт үйлдсэн. Үүнээс хойш “Хоту” ХХК тусгай зөвшөөрлөөр нөхөн төлбөр авах юм байна гэж ойлгоод хүлээж байсан. Очоод уулзаад ярихад нөхөн төлбөрийн асуудлыг өгнө гэдэг байсан. 2023 онд та нар энэ асуудлаа хурдан шийдэж өгөөч ээ, манайд нөхөн төлбөрийг өгөөч ээ гэдэг байдлаар албан хүсэлт өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас танай тусгай зөвшөөрөл 2012 онд цуцлагдчихсан учраас нөхөн төлбөр өгөхгүй гэж одоо 10 жилийн дараа хэлсэн учраас одоо шүүхэд бид нар нөхөн төлбөр авах эрхтэй юм аа. Энийг хүлээн зөвшөөрүүлж өгөөч ээ. Бид нараас холбогдох бүх материалаа авчихсан гэдэг байдлаар анхны нэхэмжлэлийн шаардлагаа өгсөн. За хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцалсан 318 дугаартай шийдвэр ирсэн. Үүнтэй холбогдуулаад энэ манайд нөхөн төлбөр өгөөгүй байж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дээр заасан нөхөн төлбөр өгч байж тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байтал бид нарт нөхөн төлбөр өгөөгүй байж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус юм аа гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд нөхөн төлбөрийг төлж байж тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.2 дахь хэсэгт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тод тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно гэсэн зохицуулалттай. Мөн журмын 4.8-д санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөн олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгоно 5.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн зохицуулалттай. Ашигт малтмал, газрын тосны газар үүргээ биелүүлээгүй байж манай тусгай зөвшөөрлийг цуцалчихсан нь хууль бус юм. Ашигт малтмал, газрын тосны газраас тэмдэгтийн хураамж буюу лицензийнхээ төлбөрийг төлөөгүй учраас тусгай зөвшөөрлийг цуцалчихсан гэдэг тайлбар яваад байгаа. Миний хувьд энэ тайлбар үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь тусгай хэрэгцээнд хамрагдаад улс тусгай зөвшөөрлийг хураагаад авсан л бол бид нар тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хувьд төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй. Учир нь тусгай зөвшөөрлийн хавсралттай нь хураагаад авчхаж байгаа юм. Бид нар төлөөд хавсралтынхаа ард ингэж тэмдэглэгээ хийх ямар ч боломж байхгүй. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбаруудыг харахад нэгэнт улс тусгай хэрэгцээнд авчхаж байгаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөр төлөх үүрэггүй гэдэг жишиг шийдвэрүүдийг би харсан. Тийм учраас үүрэг хүлээхгүй гэж миний хувьд үзэж байгаа юм. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үйл ажиллагаа явуулах боломжгүй.” гэв.

  1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”Хоту” ХХК-ийн MV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлэх гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь мөн "Хоту" ХХК-ийн гаргасан Ашигт Малтмалын Газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэрийн "Хоту" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн утга бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Туулын зүүн дэнж-1” нэртэй газарт 79.97 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-12406 дугаартай тусгай зөвшөөрлийг АМГТХЭГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр “Хоту” ХХК-д олгосон байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т уг маргаан бүхий төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбай нь хамрагдсан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хоту” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит 6 дахь жилийн төлбөрийг 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлж бүртгүүлэх үүрэгтэй байсан. Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32,33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу “Хоту” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь алдангийн хамт бүрэн төлөөгүй…” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 318 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/2967 тоот албан бичгийг 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн УУККС дэх компанийн бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 15172, С.Чоймболын гудамж 28/А тоот хаягаар хүргүүлсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно" гэж, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсан байна. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай (АМ эзэмшигчид нөхөх олговор олгох)” 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтыг бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны “Журам батлах тухай (АМ эзэмшигчид нөхөх олговор олгох)” 299 дүгээр тогтоол хамаарах ба Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөн олговор хамаарахгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.” гэж /2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон/ заасан ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу дээрх шийдвэртэй холбогдуулан хуульд заасан хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Хоту” ХХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч хариуцагч шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Энэ хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх Төв аймгийн Заамар сумын нутагт, одоо энэ Туулын зүүн дэнжид нэг нэртэй газарт 79,97 га талбайд бол ашигт малтмалын *** гэсэн дугаартай тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны 1425 дугаар шийдвэрээр “Хоту” ХХК-д олгосон байдаг. Ингээд “Хоту” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад хууль тогтоомжид заасан бүхий л эрх үүрэг нээгдсэн. Эрх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг жил болгон төлөөд явах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд энэ тусгай зөвшөөрөл төлөх талаар нарийвчлан зохицуулсан. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 318 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улсын Их Хурлаас 2009 онд Урт нэртэй хуулийг баталсан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг олгогдсон талбайн хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг хэсэгчлэн тогтоох хилийн заагт хамрагдсан байдаг. Тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар тогтоосон хилийн заагтай бүхэлдээ давхцалтай хэдий ч “Хоту” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийнхээ төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй байсан. Энэ бол хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг нь юм. Мөн Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д бол ашигт малтмал Монгол Улсын нутаг дэвсгэрт гол мөрний ус бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор төлөх холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан. Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор журмыг батлагдсан. Уг журмын 3.4-д бол дараах тохиолдолд нөхөн олговор олгохгүй гэсэн. Өдөр тутмын сонинд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй. 2 жилийн дотор бол нөхөн олговрыг олгоно гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар цуцлагдчихсан. Энэ журам нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан журамд хамаарах зохицуулалттай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэсэн байр суурьтай байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, 4.3.”Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.”, 4.6.”Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг,  2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тус тус баталжээ.
  2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7303 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нөхөн олговор авах хүсэлтээ дээрх албан бичигт заасан хугацаанд буюу 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлж, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
  3. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4.1.”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана: …”, 4.2.”Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно.” гэж заасан ба нэхэмжлэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч хүлээн аваад журамд заасан хугацаанд санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
  4. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Туулын зүүн дэнж-1” нэртэй газарт орших 79.97 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-12406А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмшиж байсан байх ба тус тусгай зөвшөөрлийн талбай  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийн “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс”-тэй давхцсаны улмаас нөхөх олговор авах эрх үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “MV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдаж байна гэж үзэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
  5. Мөн дээр дурдсанаар хариуцагч, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн аваад өөрөөс хамаарах үйлдэлээ хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.”Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: … 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж зааснаар цуцалсан нь хуульд нийцээгүй байна.
  6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд заасны дагуу батлагдсан журмын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ гаргаж, тусгай зөвшөөрлийг хураалган үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэггүй юм.
  7. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн (2011.04.17-2012.04.17-ны өдрийг хүртэлх хугацааны) төлбөрийг төлсөн байх ба дараагийн төлбөр төлөх хугацаа болохоос өмнө хуульд заасны дагуу нөхөх олговор авахаар матераилаа бүрдүүлэн нөхөх олговор авах хүсэлт гаргаж тусгай зөвшөөрлөө хураалгасан тул дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус болжээ.
  8. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 318 дугаар шийдвэрийн “Хоту” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.5, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 08 өдрийн 318 дугаар шийдвэрийн “Хоту” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Хоту” ХХК-ийн MV-12406А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан Алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоон, хүлээн зөвшөөрсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс орлогоос болон хариуцагчаас 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН