Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0586

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  Н*******гийн Б*******

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Ц.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг,  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Миний бие Н.Б******* тус агентлагийн эрх зүй, дотоод хяналтын газар эрх зүйн баримт бичиг боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан билээ. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Дээрх тушаалын утга нь: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн Н.Б******* нь төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтгүй томилогдсон тул ажлаас чөлөөлсүгэй гэж дурджээ. 

Миний бие уг тушаалыг дараах 2 зүйлээр хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэл гаргаж байна. 

Үүнд: 1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээр төрийн албан хаагчийг ажилд томилдог. Гэтэл энэхүү зүйл заалтыг ашиглан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн чадамжгүй тушаал болно. 

2. Би 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн зохих шалгалтыг өгч тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн албанд ажиллах иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа бөгөөд үүнийг нягтлан шалгалгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. 

Ажлаас халсантай холбоотойгоор өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй. Даргатайгаа орж уулзахад буруу шийдвэр гаргасан байна. Таныг эхний ээлжинд авна гэж хэлсэн. Тэгээд хариу өгөхгүй цаг алдаад гомдол гаргах хугацаа дуусах гээд байсан учраас Төрийн албаны зөвлөлд хандсан. Иймд миний гаргасан үндэслэлийг харгалзан үзэж намайг өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Ц.Ц******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Н.Б******* нь тухайн үеийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гарын дарга Т.А*******ы 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/214 дугаартай тушаалаар Эрх зүй, дотоод хяналтын газарт эрх зүйн баримт бичиг боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Үүнтэй зэрэгцэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.А******* үүрэгт ажлаа өгч, Д.М******* томилогдсон. 

Улмаар тус газрын дарга Д.М*******ийн дээр дурдсан 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Н.Б*******г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгчийг зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар зүйлд заасан Төрийн албаны сонгон шалгаруулалтын журмын хүрээнд томилогдоогүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд Н.Б*******гийн хувийн хэрэгт төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, төрийн албанд ажиллах иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх мэдээлэл байхгүй байгаа. 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Үүнтэй холбоотой Н.Б*******гийн ажлын байр өөр албан тушаалтай нэгтгэгдэн өөрчлөгдсөн. Одоо бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн баримт бичиг боловсруулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн ажлын байранд тус газрын даргаар ажиллаж байсан Ж.Хичээнгүй ажиллаж байгаа болно. 

Нэхэмжлэгч ажлаас халагдсан шалтгаан нь манай байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс болж үүссэн. Агентлагийн доторх нэгжүүдийн нэр, орон тоо өөрчлөгдсөн. Энэ нөхцөл уг маргаанд нөлөөлсөн гэж үзэж байна.

Өмнө нь Эрх зүйн дотоод хяналтын газар гэж байгаад Эрх зүй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болж өөрчлөгдсөн. Чиг үүрэг хэвээрээ байгаа. 

Н.Б*******г ажилд авсан болон чөлөөлсөн тушаалын аль аль нь алдаатай байна. Энэ хүн манай байгууллагад 5-6 хоног ажилласан ч гэсэн эрх ашиг нь тодорхой хэмжээгээр хөндөгдөж байгаа. Энэ ч утгаараа шүүхэд хандаад явж байгаа.  Энэхүү маргаан нь хүний нөөцийн асуудал болон Н.Б******* нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үүссэн. Хууль тогтоомжид заасны дагуу тухайн иргэн ажилд орохдоо холбогдох бүх баримт материалаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. Тухайн ажилтан ажилд орохыг хүсэгч иргэний мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаад ажилд томилох эсэх талаар шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ процесс нь томилгоо хийсэн цаг үетэй зөрсөн. Эхлээд шууд ажилд авсан тушаал гарсан байдаг. Энэ хооронд алдаа гарсан байх. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зүйн үндэслэлийг зөв сонгож тушаал гаргасан эсэх нь эргэлзээтэй байна. Н.Б*******г ажилд авсан, халсан зэрэг тушаалууд алдаатай байна. Шүүхээс эдгээр байдлыг судлаад шийдвэр гаргах болов уу” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Б******* нь “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”  гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох...” гэж тодруулсан тул “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, “...өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.А*******ы 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/214 дүгээр тушаалаар  тус газрын “Эрх зүй, дотоод хяналтын газарт Эрх зүйн баримт бичиг боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллажээ.

Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.М*******ийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар  “төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтгүй томилогдсон” гэсэн үндэслэлээр дээрх албан тушаалаас Н.Б*******г чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Н.Б*******гээс “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл буюу төрийн албан хаагчийг ажилд томилох зүйл заалтыг ашиглан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн чадамжгүй тушаал бөгөөд би төрийн жинхэнэ албан хаагчийн зохих шалгалтыг өгч тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор төрийн албанд ажиллах иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байхад чөлөөлсөн нь хууль бус” гэж маргажээ. 

 

Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх” зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд энэ зүйлийн агуулга нь төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад буюу холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар, боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс, боломжгүй бол сонгон шалгаруулалт явуулах замаар уг сул орон тоог нөхөх дараалалтай байхаар байна.

Н.Б******* нь “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдсэн байсан нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор  тогтоогдож байна.

 

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Н.Б*******гийн дээрх нөхцөл  байдлыг шалгаж үзээгүй буруутай байх бөгөөд “Т.А******* дарга томилсон, Д.М******* дарга чөлөөлсөн, шалгалт өгсөнтэй холбоотой материалаа ирүүлээгүй” гэсэн тайлбарыг хийж байгаа нь төрийн албаны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй юм. 

Учир нь албан тушаалд томилогдох гэж байгаа иргэн нь өөрт байгаа баримт бичгийг гаргаж өгөх боломжтой бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын нөөцийн сангийн мэдээллээр үйлчлэх “Долоо” дугаар хэсгийн 7.2-т “Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын дарга болон салбар зөвлөлийн даргын зөвшөөрлөөр төрийн бус байгууллага, иргэнд нөөцийн санд байгаа мэдээллийг төрийн албаны хэрэгцээнд зориулан танилцуулж болох бөгөөд хувь хүний нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл өгч болно” гэсэн байх тул нэхэмжлэгч Н.Б*******г “Төрийн албан тушаалд анх орох иргэдийн нөөц”-д бүртгэгдсэн эсэхийг шалгах үүрэг нь ажил олгогчид байна. 

  

Нөгөө талаас маргаан бүхий актын үндэслэлийг “төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтгүй томилогдсон” гэж дурдсанаас үзвэл Н.Б*******г анх томилсон Б/214 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэж зөвтгөсөн агуулгатай байх ба энэ нь ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Анх томилогдохдоо бүрдүүлбэл зохих баримтуудыг дутуу өгсөн байдаг... Тухайн үед амаар шалгалт өгсөн гэж байсан боловч түүнийг нотлох баримт байгаагүй учраас халах тушаал гарсан” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Гэтэл Төрийн албан тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож,  буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд  заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл буюу төрийн албан хаагчийг ажилд томилох зүйл заалтыг ашиглан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн чадамжгүй тушаал” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, орон тоо батлах тухай” 141 дүгээр тушаалын үндсэн дээр Н.Б*******гийн ажлын байр өөр албан тушаалтай нэгтгэгдэн өөрчлөгдсөн” гэж тайлбарлаж байх боловч дээрх тушаалын 1 дүгээр хавсралтад “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зохион байгуулалтын бүтцийн схем” -ийн дагуу эрх зүй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын бүтэц, чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болох, орон тоо цөөрсөн эсэхэд маргахгүй байх ба “...агентлагийн хүрээнд нийт 36 хүний орон тоо байсан нь 36 хэвээр байгаа”  гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иймд нэхэмжлэгч Н.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгон, Н.Б*******г өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Б*******г тус агентлагийн эрх зүй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Б*******гийн ажилгүй байсан 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацааны цалин хөлс 4578158 /дөрвөн сая таван зуун далан найман мянга нэг зуун тавин найман/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.МӨНХЗУЛ