Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

Н.Удахбаярт холбогдох хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр, 
Оролцогчид:     
Прокурор: Б.Эрдэнэбаатар
    Ялтан: Н.Удахбаяр    
Ялтны өмгөөлөгч: Б.Болормаа
    Цагдаагийн газрын хэсгийн цагдаа: Б.Сэнгэдамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай” 7 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Удахбаярт холбогдох  хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, 1993 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, комьпютер, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 9-36 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-35 тоотод оршин суух, урьд нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар  Ховд аймгийн хорих 457 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2014 оны 7 дугаар сарын 10-нд суллагдсан, Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан захиргааны хяналтад байсан, гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Номч овогт Нямдоржийн Удахбаяр.     

Н.Удахбаяр нь 2015 оны 12 дугаар сард Г.Шоовдойхүүтэй хамт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэж хянан харгалзан захиргааны хяналтанд байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 5000 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд  зааснаар 15.000 төгрөгөөр тус тус торгуулах арга хэмжээ авагдсан үндэслэлээр 


Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас Н.Удахбаярын ялыг биечлэн эдлүүлэх санал ирүүлжээ.

Анхан шатны шүүх: Н.Удахбаярт Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсгийг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эдлэх 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тус өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 336 дугаар зүйлийн 336.2 дахь хэсэгт зааснаар захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу прокурор эсэргүүцэл бичиж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.    

 Н.Удахбаярын өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нямдоржийн Удахбаяр нь тэнсэж хянан харгалзах хугацаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зөрчил гаргаж ялыг биечлэн эдлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй хэдий ч Н.Удахбаяр нь ар гэртээ хөгшин настай эмэг эх, эхнэр, 7 сартай хүүхдийн хамт амьдардаг. Н.Удахбаярт дээрх захирамжаар 4 жилийн хорих ялыг оногдуулсан нь энэ өрх бүлд хүндээр тусаж байна. Иймд хөгшин настай эмээгээ асардаг, ар гэрийн амьдрал хүнд байгаа зэргийг харгалзан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Удахбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 17-нд Г.Шоовдойхүүтэй бүлэглэж эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан  боловч шүүхээс 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Н.Удахбаяр тэнсэнтэй байх хугацаандаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан. Энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д тэнсэж хянан харгалзсан ялтан хянан харгалзсан хугацаандаа захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн байгаа болохоос заавал хорих ялыг биечлэн эдлүүлнэ гэсэн заалт байхгүй. Иймд 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

Ялтан Н.Удахбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2015 оны шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д хянан харгалзаж байгаа ялтанд захиргааны шийтгэл оногдуулсан бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлнэ гэж заасан байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Н.Удахбаяр нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д 

зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 5.000 төгрөгөөр, 2016 оны 03 дугаар сарын 9-ний өдөр мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15.000 төгрөгөөр тус  тус торгуулах арга хэмжээ авагдаж, шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй, засарч хүмүүжээгүй байна гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн анхан шатны шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д тэнсэгдсэн ялтан тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өөрчлөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Н.Удахбаярын өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн бйацаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЖАРГАЛСАЙХАН
                                     
                                       ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                                                                           Ч.ЭНХТӨР