Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 12

 

Ц.Ц-О-ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Л.Атарцэцэг

                                                   Х.Батсүрэн

                                                   Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0580 дугаар магадлал,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0580 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар ... урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

4. Миний зүгээс Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан дээд шатны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудалд хамааралгүй ба тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т ... газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга... шийдвэрлэхээр заасан байна.

5. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх тухай” зөвлөмжид дээрхи маргааны асуудлыг ...газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг зөвшөөрөөгүй эрхийн гэрчилгээ эзэмшигчийн гаргасан гомдлыг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэнэ ... гэж зөвлөсөн байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг хэрэглэж алдаа гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар тухайн гомдлыг захиргааны байгууллагад эхлээд гаргах талаар материаллаг эрх зүйн хуульд тусгайлан заасан бол нэхэмжлэгч нь шүүхэд хандах эрхээ үүний дараа хэрэгжүүлэх журамтай байна.

9. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон энэ маргааны хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж өөрөөр заасан тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” урьдчилан шийдвэрлэх журам нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Гэтэл “...сумын Засаг даргын шийдвэрийг хянаж, “хүчингүй” болгох боломжийг аймгийн Засаг даргад шүүх олгоогүй нь захиргааны эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна” гэсэн нь хуульд нийцээгүй буруу дүгнэлт хийсэн байна.

10. Түүнчлэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж хариуцагч маргаагүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн.

11. Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримт болон захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 5 га газар эзэмших эрхийн 2007 оны 0121254 дугаартай гэрчилгээг иргэн Ц.Ц-А-д шилжүүлэх тухай иргэн Б.Сүхбаатарын хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 39 дүгээр захирамжаар иргэн Ц.Ц-А-д 10 га газрыг мөн зориулалтаар шилжүүлж, нэгж талбарын 170201335 дугаар бүхий уг газрыг Ц.Ц-О-той /түүний ах/ хамтран эзэмших эрхийг 0306152 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажуулсан, үүний дараа тус газар нь Сант сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа нь 2016 онд хийгдсэн Баруунбүрэн, Сант сумдын хилийн цэсийг тогтоох ажиллагаагаар тогтоогдсон ба нэхэмжлэгч Ц.Ц-О-оос 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сант сумын газрын даамалд хандаж “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах”-аар /өргөдлийн маягтын дагуух/ хүсэлт гаргасныг үндэслэн Сант сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын хэмжээг багасгаж 8 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлж, нэгж талбарын 171101496 дугаар бүхий газрын эзэмших эрхийн 00613855 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

14. Түүнчлэн нэгж талбарын 171101496 дугаар бүхий 8 га газар нь Сант сумын газар нутгаас шинээр олгогдоогүй бөгөөд өмнө нь Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарч 2010 оноос хойш Ц.Ц-А болон түүнээс шилжүүлэн авсны дагуу Ц.Ц-О нар нь тус тус эзэмшиж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, эдгээрт заасан тохиолдол бий болоогүй байхад газар эзэмшигчийн эрхэд халдах нь хууль бус бөгөөд энэ маргааны тухайд хариуцагч Сант сумын Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/69 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо өмнөх Засаг даргыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгч Ц.Ц--От 8 га газар олгосон байна гэж буруутгасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй.

16. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж хуулиар зөвшөөрсөн, иймээс эерэг нөлөөлөлтэй хууль бус гэж үзсэн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1-д заасны дагуу эрх бүхий Засаг дарга “хүчингүй” болгох боломжтой ч нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 8 га газар нь 2016 онд Сант сумын бусад газар нутгаас шинээр эзэмшүүлсэн биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ын “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах” зарчмыг баримталж шийдвэрлээгүй гэж өмнөх шийдвэрээ хууль бусад тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй байна.

17. Харин, хууль бус уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх шууд сэргэх үр дагавартай, нэхэмжлэгч нь “... Засаг даргын 2017 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх уг шаардлагыг /нэгдмэл/ “хүчингүй болгох”, “газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах” хоёр шаардлага гаргасан мэтээр салгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцээгүй тул шийдвэрийн “Тогтоох” хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ц-О, өмгөөлөгч Г.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0580 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/69 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ