Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 216/МА2021/00001

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2020/00233 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй******* ОНӨААҮГазарт холбогдох Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, 5 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох, Д.Санжидмаа, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 5 дугаар байрны 16 тоот өрөөг ******* миний бие 2002 оны 04 дүгээр сард одоогийн УСДУ ОНӨААТҮГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлдөө авсан билээ. Уг компани 2002 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээндээ бичихдээ Гэрчилгээг сууцны үнэ төлөгдөж дууссаны дараа сольж өгнө гэж заасан боловч сольж өгөөгүй учраас аймгийн Засаг даргад 2 удаа, Үл хөдлөх хөрөнгийн газарт /хуучнаар/ олон удаа шаардсан. Шинэ нэрээр Орон нутгийн Өмчийн албанд 1 удаа, Улсын бүртгэлийн хэлтэст 3 удаа хандсан юмаа.

Гэтэл байраа******* компанид өрөндөө өгчихөөд явсан Д.Бямбагарав гэгч хүний эхнэр Д.Лхамсүрэн гэгч 2009 онд байрны маргаан гаргаж эхэлсэн. Д.Лхамсүрэн нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хурлын үеэр ямар ч шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хурал хойшлуулсан юмаа. Дараа нь 2020 оны 05 дугаар сард ирж 2 сая төгрөг өгвөл байрны гэрчилгээг танай нэр дээр болгож өгье гэж тохиролцохыг оролдоод явсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-нд ирж гэрчилгээг шилжүүлж өгөхөөр ирсэн боловч хувьчлагдсан цэнхэр гэрчилгээ байхгүй учир Улсын бүртгэлийн хэлтэс олж ирэхийг шаардан буцаасан. Хэрэв Д.Лхамсүрэн та цэнхэр гэрчилгээг шинээр аваад ирвэл Улсын бүртгэл шинэ гэрчилгээг бичиж өгнө гэж явуулсан тул гэрчилгээг Д.Лхамсүрэнг авахаас нь өмнө хуулийн байгууллагад хандаж буй нь энэ билээ.

Найрамдал хотхоны 5 дугаар байр, 1 дүгээр орц, 4 давхар, 16 тоот, 3 өрөөг 2002 оны 04 дүгээр сараас одоог хүртэл 18 жил 6 сар илээр, шударгаар, тасралтгүй эзэмшиж ирсэн учир ******* миний өмчлөлд дээрх байрыг шилжүүлж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

Жич: 2002 онд 600 000 төгрөгөөр худалдан авсан байраа одоогийн ханшаар бодож, 20 000 000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь, подвальдоо удаан хугацаагаар устай байсан бөгөөд суулт үүссэн гэж Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан тул үнэлгээ нь бусдаас доогуур тогтоогдсон байр юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй НААҮ-ний******* ОНӨААТҮГ-т холбогдох иргэний маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ё.Бат-Өлзий миний бие оролцож байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

Манай байгууллагад 1998 онд Д.Бямбагарав гэх иргэн 580 368 төгрөгийн өртэй байсан тул маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 16 тоот 3 өрөө байрыг /тухайн үед 720 000 төгрөгөөр үнэлж өрөндөө 580 368 төгрөгийг гаргуулж, 139 632 төгрөгийг буцаан суутгаж авахаар/ хүсэлт гаргаж, байгууллагын өмчид бүртгэгдсэн. /тухайн үед тус байрыг өмчлөх эрхийн гэрчилгээгүй, бичиг баримтгүй/

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн Өмчийн албаны зөвшөөрлийн дагуу манай байгууллага нь 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай албан бичигт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж, байгууллагын үндсэн эд хөрөнгийн бүртгэлээс хассан. /нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна/

Иймд, тус байр нь манай байгууллагын эд хөрөнгийн жагсаалтаас хасагдаж бүртгэлгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь хөл дээрээ явж чадахгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Уг байранд 2002 оны 04 дүгээр сард Дундговь аймгаас шилжиж ирээд орсон. Энд ирээд таньж мэдэх айл байхгүй гээд уг байранд орохоор болсон. Байранд орсныхоо дараа улсын бүртгэлд бүртгүүлээгүй яваад байсан. Бүртгүүлэх гэж удаа дараа яваад болоогүй өдийг хүрсэн. Тухайн үед улсын бүртгэлийн хэлтэс гэж байгаагүй, орон нутгийн өмч, үл хөдлөх өмч хөрөнгө хариуцдаг Сарантуяа гэж төлөөлөгч байсан. Сарантуяад санал тавихаар*******-гийн захирал Лувсанвандангаас байрны бичиг баримтаа олж ав гэсэн хариуг хэлж байсан. Энэ асуудлаар зохих шатны байгууллагаар яваад гэрчилгээгээ авч чадаагүй. Орон сууц хувьчлалын комиссын дарга нь аймгийн дарга байсан. Тэр хүнд 2005, 2007 онд дарааллан өргөдөл өгөөд шийдэгдээгүй. Тэгээд улсын бүртгэлийн газар байгуулагдсан цагаас нь хойш 2 удаа асуудал тавьсан, шүүхэд ханд гэсэн боловч учраа олохгүй шүүхэд хандаагүй өдийг хүрсэн. Улсын бүртгэлийн албан ёсны гэрчилгээ авсны дараа энэ байр манай өмчлөлийнх болно гэдгийг мэддэггүй байсан. Өмнө нь орон сууцанд байж үзээгүй учраас мэдээгүй, зөвлөх хүн байгаагүй. Тэгээд улсын бүртгэлд хандсан. Тэгсэн улсын бүртгэлээс захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн зөвлөгөө өгсөн. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхтэй уулзсан. Дараа нь иргэний хэргийн шүүхэд хандсан. Мөн хуулийн мэдлэг дутуу байсан учраас байртай болсон гэж ойлгоод, төлөх ёстой төлбөр мөнгө бүгдийг нь төлдөг байсан. Сүүлд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлийн гэрчилгээтэй байх ёстой гэдгийг явцын дунд мэдсэн. Хөөцөлдөж эхэлсэн үеэс эхлээд бичиг баримтуудаа эх хувиар нь хадгалж байсан. 2006 онд*******-тай гэрээ хийсэн. Нягтлан Гүнжидмаа гэж хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг байрыг 600 000 төгрөгөөр үнэлсэн. Би төрийн хянан шалгах хороонд байцаагч хийж байгаад*******-гийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг үзээд 5-1-16 тоот 3 өрөө байр байгууллагын мэдлийн байр гэдгийг мэдсэн. Тэгээд 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Байгалцэцэг, Бямбасүрэн, Батдолгор нартай худалдах, худалдан авах гэрээ хийгээд авсан. Тэр дүнгээрээ мөнгөө төлж дууссан. 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан учраас байртай болчихлоо гэж ойлгосон. Тэгээд улсын бүртгэлийн гэрчилгээг авах гэсэн боловч өмчлөлийн гэрчилгээ байхгүй гээд авч чадаагүй. Анхны өмчлөгч биш учраас жил гаран болоод сунжраад яваад байсан. Байрны талаар хөөцөлдөөгүй жил байхгүй. Жилд 2-3 удаа холбогдох байгууллагад хандаж байсан. 2006 онд Лувсанвандан даргаас үнэ нь бүрэн төлөгдсөн учраас Элбэгбаярын нэр дээр шилжүүлсэн талаар тоот хийж өгсөн. Тиймээс манай байр болчихлоо гэсэн тоот хийж өгсөн учраас манай байр болчихлоо гээд орхисон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын зүгээс манай байгууллагыг энэ хэргийн хариуцагч гээд татсан байдаг. Хариуцагч нь хуульд зааснаар нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн ямар эрх, үүргийг зөрчсөн бэ? хариуцагчийн хувьд ямар нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчөөд байгаа вэ? манай байгууллага ямар үүрэг хүлээх вэ? хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллага жинхэнэ хариуцагч мөн үү? нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодруулах зүйл байгаа.******* ОНӨААТҮГ-ыг нэхэмжлэгчийн зүгээс ямар үүрэг гүйцэтгэх гээд байгаа вэ? гэдгийг тодруулж өгнө үү. Харин нэхэмжлэгчийн зүгээс жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү гээд хариуцагчаар******* ОНӨААТҮГ-ыг татаад байгаа. Манай байгууллага албан ёсоор хүсэлт болон албан бичгээр илэрхийлсэн. Энэ хэрэг маргааны тухайд 5-1-16 тоотод байр байгаа. Манай байгууллагын хувьд тухайн байрыг эд хөрөнгийн данснаас хасаад таны эзэмшилд шилжүүлнэ гэдгийг бичгээр хүргүүлсэн байгаа. Одоо манай эд хөрөнгөд энэ байр байхгүй байгаа. Тиймээс манай байгууллага энэ хэргийн хариуцагч биш гэдэг байр сууринаас оролцож байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй хариуцагч  УСДУ ОНӨААТҮГ-т холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.03-ны өдрийн 134/ШШ2020/00233 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой Орон сууцны өмчлөгч /эзэмшигч/-өөр тогтоолгох тухай юм.

Хариуцагч гэх энэ байгууллагаас би огт байр шаардаагүй, зөвхөн олон жил шударгаар эзэмшсэн орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл байгаа, хариуцагч болоод байгаа буюу өөрийн мэдлийн байраа худалдсан байгууллага харин ч гэрээнд заасан үүргээ сайн биелүүлж, худалдсан байраа манайд шилжүүлж өгсөн байдаг. Хариуцагч тал нь гэрээний зүйлээ манайд хүлээлгэн өгсөн тул манайх энэ байрандаа суугаад 18 жил 8 сар болж байна. Тиймээс хариуцагчид холбогдуулж нэхэмжлэх зүйл байхгүй нь маш тодорхой. Энэ байгууллага нь хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг хариуцагч биш нь үнэн. Угаасаа хариуцагчгүй, хариуцагч байх боломжгүй нэг талын нэхэмжлэлийн шаардлага гэдгийг шүүх ойлгохгүй анхнаасаа хариуцагч олж ир гэж биднээс нэхээд хариуцагч биш байгууллагыг хүчээр хариуцагч мөн гэж шийдлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Миний бие /манайх/ 2002-04-01-ний өдрөөс эхлэн одоог хүртэлх хугацаанд хуулийн хүчин төгөлдөр гэрээнүүдийн дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байршилтай Найрамдал хотхоны 5 дугаар байрны 16 тоот, 3 өрөө орон сууцыг 18 жил, 8 сар шударгаар, тасралтгүй эзэмшиж ирсэн тул өмчилж авах эрх надад хууль журмын дагуу үүссэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д ... гэж, 75 дугаар зүйлийн 75.2.2-т ... гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д ... гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д ... гэж, 91 дүгээр зүйлийн 91.1-д ... гэж, 100 дугаар зүйлийн 100.1-д ... гэж, 105 дугаар кзүйлийн 105.1-д ... гэж, 111 дүгээр зүйлийн 111.2-т ... гэж, 111.2.1-д ... гэж, 112 дугаар зүйлийн 112.1-д .. гэж тус тус заасан хуулийн дагуу нэхэмжлэгч надад энэхүү орон сууцыг эзэмшиж өмчилж авах эрх үүсч байгаа болно.

Давж заалдах гомдол:

1. Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байхад буруу тийш мушгиж улсын бүртгэлтэй холбоотой маргаан болгож нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн, /улсын бүртгэлтэй холбоотой маргаан бол захиргааны хэргийн шүүх шийдэх харьяалалтай/

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хэрэглэхгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Зүй нь миний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд Иргэний хуулийг шүүх, шүүгч тайларлан хэрэглэж эзэмшлийг шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан нотлох баримтыг шүүх нэхэмжлэлтэй холбож үнэлж дүгнээгүй болно.

4. Нэхэмжлэл бүхэн хуульд зааснаар заавал хариуцагчтай байдаг, заавал хариуцагч олж татах ёстой гэж биднийг төөрөгдүүлж нэхэмжлэлийг маань хүлээн авахгүй хүнд суртал гаргаж чирэгдүүлж байсны улмаас шүүхийн шаардсанаар арга буй хариуцагчийн үүрэг хүлээх боломжгүй этгээдийг хариуцагчаар татаж нэхэмжлэлдээ нэмж хариуцагч болгож өгсөн,

5. Нөгөөтэйгүүр шүүх байрыг нэг удаа хувьчилж өмчилдөг, энэ байрыг өөр 8 хүн хувьчилж авсан байна, танайх байраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул танай нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан миний нэхэмжлэл болоод нотлох баримтын талаар ярихгүйгээр шүүх өөрөө сайн дураараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 8 хүн гаргаж ирээд тэдний талаар шүүх дур мэдэн дүгнэлт хийж тэднийг шүүхийн шийдвэрт ...уг байрыг өмчөөр бүртгүүлж баталгаажуулаагүй байна... гэж дүгнэсэн атлаа ...тэдний өмч юм.. гэж нэг талыг хэт барьсан харалган шийдвэр гаргаж миний хууль ёсны эрхийг ноцтойгоор хохироосон, мөн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж, Иргэний хуулийн 9.4.1,90.1,91.1,105.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэжээ.

 ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгслийн нэг.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна.

хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д анхан шатны шүүх хуралдаан ...- д тэмдэглэл үйлдэнэ.

хуулийн 51.3-т тэмдэглэлийг энэ хуулийн 7.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.

хуулийн 51.4-т тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ... үйлдэнэ.

хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д шүүх хуралдааны тэмдэглэлд ... шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.

96.2-т шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно.Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

96.3-т шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна хэмээн тус тус хуульчилсан.

Дээрх хуулиар шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмын талаар хэргийн оролцогчдод тайлбарласан байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх, энэ нь албан хөтлөх бичгээр бичиж баримтжуулагдсан байх, улмаар тэмдэглэл алдаатай бол шүүх хуралдаан даргалагч шүүгч засвар хийх, тэрээр шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хуульд зааснаар хяналт тавихыг тус тус зохицуулсан гэж үзэхээр байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх болон хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой баримт юм.

Хэргээс үзвэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч *******ын Говьсүмбэр аймаг УС-ДУ ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэсэн .

Шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн 49 дүгээр хуудаснаас эхлэн 58 дугаар хуудас хүртэл үргэлжилж байх ба үүний дараа шууд 59-61, 62-66 дугаар хуудсанд шүүхийн шийдвэр /2 удаа/-ийг тус тус дугаарлан үдсэн байна.

Мөн хэргийн 69 дүгээр талд авагдсан баримт №16 /хэргийг хөтлөх, эмхлэх тухай/-аар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... хэргийг хөтлөж эмхлэсэн байдлыг шүүгч шалгаж гарын үсэг зурсан байх ба үүнд хэрэг 1 хавтас, 69 хуудас гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд шүүх хуралдааны тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл, шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байх тул шүүх хуралдааны тэмдэглэлийг хууль ёсоор баримтжуулж, баталгаажсан гэж үзэх боломжгүй. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүгч нь тодорхой хугацааны дараа буюу хэргийг хөтлөж эмхэлсний эцэст шалгасан байх боловч зөрчлийг илрүүлэн арилгаагүй нь шүүгчийн хэт хайнга, хайхрамжгүй ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

Иймд шүүх хуралдааны тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 134/ШШ2020/00233 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Г.ТЭГШСУУРЬ