Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Год холбогдох 1706029820408 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Радио телевизийн хөтлөгч мэргэжилтэй, “Монинж трейд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 103 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар нийт 21 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 251 дугаартай захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлсэн ялын тэгшитгэлээр суллагдсан, Б овогт Э Г  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” диско клубын гадна иргэн А.Базаргарьдтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн: “...мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн  нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Базаргарьдын өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн найз охин Ганболор, найз Улаанаагийн хамт Сансарын Камел бааранд ороод 1, 1 шил пиво уучихаад 02:30 цаг болж байхад баарнаас гарах гэж байсан чинь баарны үүдэнд хоёр хүүхэн бөгсөн дээр алгадчихлаа гээд над руу дайрсан тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа солиороод байгаа юм бэ гээд хэрэлдсэн чинь нэг хүүхэн нь хайраа гээд дуудсан чинь Ганболд гээд залуу ирээд намайг барьж аваад миний толгой руу цохисон, би тэгээд газар унаад цааш нь юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгсэн чинь цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр байж байгаад өргөдөл өгөөд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Зүүн чих сэтэрсэн, хамар бага зэрэг муруйсан, зүүн хацар шалбарч язарсан, баруун нүд хөхөрсөн байсан. Би чих, хамраа янзлуулмаар байна. Намайг зодоход миний саравчтай малгай, мөнгөн гинж алга болсон, зодоон болж байхад манай эхнэрийг болиоч гээд салгахад нь алгадаад чихэнд байсан монетон ээмгийг нь алга болгосон, ээмгийг нь бол өчигдөр тэр залуу худалдаж авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13573 дугаартай: “... А.Базаргарьдийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хацар, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн байцаалтад Э.Гын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой Камел баарны эзэн гэх залуу Нас-Очирын төрсөн өдөр нь болж байгаа гээд намайг урьсан юм. Тэгээд төрсөн өдөрт нь Ууганаа гээд залуугийн хамт очсон... Тэгээд үүдэнд гараад ирсэн чинь Базаргарьд нэг залуутай зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм залуучууд гэсэн чинь чи андуураад байна гээд миний цээж рүү цохисон тэгэхээр нь би эргүүлээд алгадсан чинь Базаргарьд газар унасан. Тэгсэн чинь эхнэр нь гээд хүүхэн дундуур орж ирээд дайраад байхаар нь би эхнэрийг нь цааш түлхсэн. Тэгэхэд Базаргарьд доороос алнаа гээд босоод ирэхээр нь би над руу дайрах гэж байна гэж бодоод би толгой руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд салгаад цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Манай найз Цээлээгийн цуг явж байгаа бүсгүйчүүдийн бөгс рүү нь алгадсан гээд маргаан болсон. Цээлээгийн ихэр нь болох Цээнээ гээд нэг бүсгүй коридорт хэдэн залуучууд бөгс рүү алгадаад хэл амаар доромжлоод байна гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон юм...” гэх мэдүүлэг /хх.18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” диско клубын гадна иргэн А.Базаргарьдтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Базаргарьдын өгсөн: “... баарны үүдэнд хоёр хүүхэн бөгсөн дээр алгадчихлаа гээд над руу дайрсан тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа солиороод байгаа юм бэ гээд хэрэлдсэн чинь нэг хүүхэн нь хайраа гээд дуудсан чинь Ганболд гээд залуу ирээд намайг барьж аваад миний толгой руу цохисон, би тэгээд газар унаад цааш нь юу болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэ /хх.13-14/,

Мөрдөн байцаалтад Э.Гын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би юу болоод байгаа юм залуучууд гэсэн чинь чи андуураад байна гээд миний цээж рүү цохисон тэгэхээр нь би эргүүлээд алгадсан чинь Базаргарьд газар унасан. Тэгсэн чинь эхнэр нь гээд хүүхэн дундуур орж ирээд дайраад байхаар нь би эхнэрийг нь цааш түлхсэн. Тэгэхэд Базаргарьд доороос алнаа гээд босоод ирэхээр нь би над руу дайрах гэж байна гэж бодоод би толгой руу нь хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13573 дугаартай дүгнэлт /хх.26/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Э.Гыг холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Э.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Базаргарьд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Б овогт Э Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Год оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Год мэдэгдсүгэй.

 

5. Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Базаргарьд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР