Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Б холбогдох 1706039090003 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1966 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90Б байрны 56 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгааүй, Бовогт Ц. Б

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадаа иргэн С.Өлзийсайханыг хумс засагч гэх 5 см урттай хутгаар хацар, цээжин тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бы өгсөн: “...Би тэр өдөр машиндаа масло хийх гээд байж байхад хохирогч Өлзийсайхан намайг дуудаж маргалдсан. Би тухайн өдөр гэр бүлийн хүнтэйгээ маргалдсан байсан болохоор бухимдсан байсан. Би хохирогчийн хацрыг нь хумасны хутга шиг зүйлээр зүссэн” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Өлзийсайханы өгсөн: “... тухайн өдөр аавын дүү Энхбаатар ахтай машинд сууж байтал нутгийн ах Батчулуун явж байхаар нь би сигнал дарж Энхбаатар ах “Батчулуун ахаа” гэж дуудсан. Тэгтэл тэр машин дээр ирээд “чи муу намайг дууддаг хэн юм бэ” гээд онгорхой цонхоор миний шанаа руу цохьсон. Би буугаад маргалдаж байтал Энхбаатар ах ирж салгасан. Хэсэг хугацааны дараа Батчулуун ирээд “би чамайг хутгалаад алж чадна шүү” гээд хэлэхээр нь би машинаас буухад миний зүүн гар руу нудрах шиг болсон. Дараа нь баруун хацар руу нь ёврох шиг болсон. Би хумсаараа урчихлаа гэж бодсон.Тэгээд 2 гараараа бариад автал зүүн талын суга руу ширт гээд явсан. Харсан чинь алганы хир урттай ногоон хуванцар иштэй хутга байсан. Яагаад тэгэх болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Би түүнд хийсэн гэм байхгүй. Баруун хацарт 10, зүүн цээжинд 3-4 оёдол тавьсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлыг бүгдийг нь Батчулуун ах төлсөн. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10,24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхбаатарын өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Авто вокзалын замын урд талд дүү Өлзийсайханы машинд юм яриад сууж байтал нутгийн таньдаг ах Батчулуун явж байхаар нь би Өлзийсайханыг дуудчих гэхэд тэр сигналдаад “Батчулуун ахаа” гэсэн. Би ч гэсэн цонхоор дуудсан. Тэгтэл тэр нүдний шилэн дээгүүрээ нэг харсанаа ирээд “чи ямар том болсон юм бэ, их сэхсэн байх шив дээ” гэж хэлээд цонхоор дүүг шанаанд нь цохьсон. Тэгтэл Өлзийсайхан “та яахаараа хүн цохьдог юм” гэж хэлээд түүнтэй барьцалдаж авахаар нь би гарч салгасан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа Өлзийсайхан бид хоёрыг машинд сууж байхад Батчулуун ирээд Өлийсайханы онгорхой цонхоор ирж зогсоод “чи дараа нь орилоод байв” гэж байснаа хацар хэсэгт нь цохих шиг болсон. Тэгээд Өлзийсайхан машинаас буусан. Би нөгөө талаар нь буугаад харахад Өлзийсайханы нүүр нь цус болсон Батчулуунтай заамдалцаад зогсож байсан. Батчулуун баруун гартаа цэнхэр хуванцар иштэй жижиг хутга барьсан зогсож байхаар нь гарыг нь мушгихад хутгаа унагаасан...” гэх мэдүүлэг /хх.5/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлалын Шүүх эмнэлгийн амбулаторын шинжээч эмчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 620 дугаартай:

“1. С.Өлзийсайханд зүүн суганы урд шугамаар 8-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун хацрын доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн

үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэх дүгнэлт /хх.14/,

 

Мөрдөн байцаалтад Ц.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.11,26/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадаа иргэн С.Өлзийсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хумс засагч гэх 5 см урттай хутгаар хацар, цээжин тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Өлзийсайханы өгсөн: “... тухайн өдөр аавын дүү Энхбаатар ахтай машинд сууж байтал нутгийн ах Батчулуун явж байхаар нь би сигнал дарж Энхбаатар ах “Батчулуун ахаа” гэж дуудсан. Тэгтэл тэр машин дээр ирээд “чи муу намайг дууддаг хэн юм бэ” гээд онгорхой цонхоор миний шанаа руу цохьсон. Би буугаад маргалдаж байтал Энхбаатар ах ирж салгасан. Хэсэг хугацааны дараа Батчулуун ирээд “би чамайг хутгалаад алж чадна шүү” гээд хэлэхээр нь би машинаас буухад миний зүүн гар руу нудрах шиг болсон. Дараа нь баруун хацар руу нь ёврох шиг болсон. Би хумсаараа урчихлаа гэж бодсон.Тэгээд 2 гараараа бариад автал зүүн талын суга руу ширт гээд явсан. Харсан чинь алганы хир урттай ногоон хуванцар иштэй хутга байсан. Яагаад тэгэх болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Би түүнд хийсэн гэм байхгүй. Баруун хацарт 10, зүүн цээжинд 3-4 оёдол тавьсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлыг бүгдийг нь Батчулуун ах төлсөн. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10,24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхбаатарын өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Авто вокзалын замын урд талд дүү Өлзийсайханы машинд юм яриад сууж байтал нутгийн таньдаг ах Батчулуун явж байхаар нь би Өлзийсайханыг дуудчих гэхэд тэр сигналдаад “Батчулуун ахаа” гэсэн. Би ч гэсэн цонхоор дуудсан. Тэгтэл тэр нүдний шилэн дээгүүрээ нэг харсанаа ирээд “чи ямар том болсон юм бэ, их сэхсэн байх шив дээ” гэж хэлээд цонхоор дүүг шанаанд нь цохьсон. Тэгтэл Өлзийсайхан “та яахаараа хүн цохьдог юм” гэж хэлээд түүнтэй барьцалдаж авахаар нь би гарч салгасан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа Өлзийсайхан бид хоёрыг машинд сууж байхад Батчулуун ирээд Өлийсайханы онгорхой цонхоор ирж зогсоод “чи дараа нь орилоод байв” гэж байснаа хацар хэсэгт нь цохих шиг болсон. Тэгээд Өлзийсайхан машинаас буусан. Би нөгөө талаар нь буугаад харахад Өлзийсайханы нүүр нь цус болсон Батчулуунтай заамдалцаад зогсож байсан. Батчулуун баруун гартаа цэнхэр хуванцар иштэй жижиг хутга барьсан зогсож байхаар нь гарыг нь мушгихад хутгаа унагаасан...” гэх мэдүүлэг /хх.5/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлалын Шүүх эмнэлгийн амбулаторын шинжээч эмчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 620 дугаартай гэх дүгнэлт /хх.14/,

Мөрдөн байцаалтад Ц.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.11,26/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ц.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Өлзийсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 5 см уртай, цэнхэр өнгийн хуванцар бариултай хумс засагч 1 ширхэг жижиг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Б овогт Ц.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Б оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Б мэдэгдсүгэй.

 

5. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Өлзийсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 5 см уртай, цэнхэр өнгийн хуванцар бариултай хумс засагч 1 ширхэг жижиг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР