| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0269/З |
| Дугаар | 128/ШШ2024/0743 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Газар, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М
Гуравдагч этгээд: Оросын холбооны улсын “Хилийн чанадад байгаа төрийн өмч,”,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төмөр
Маргааны төрөл: ОХУ-ын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газарт газар ашиглах эрх олгосон болон маргаан бүхий 4 гаражийг улсын бүртгэлд бүртгэсэн болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлийн дугаарт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Нарны зам гудамж Г-30.1 тоотод байрлах 64,26 м.кв талбайтай 4 автомашины гражийн газрыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Оросын холбооны улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг // хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
1.2. Улмаар шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрыг хамтран хариуцагчаар татжээ.
2.1. Тус газар эзэмших эрхийг Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/******* дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамжаар Оросын Холбооны Улсын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-******* дугаартай 4 машины гражийн доорх газартай давхацсан гэх үндэслэлээр Д.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
2.3. Улмаар мөн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн дагуу Оросын Холбооны Улсын “Хилийн чанадад байгаа төрийн өмч”-т Баянгол дүүрэгт 81 м.кв газрыг гаражийн зориулалтаар ашиглах эрхийг олгосон байна.
4.1. Улмаар нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Д.Б надад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Бара хороо, Нарны зам гудамж, орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 72 талбай бүхий 4 ширхэг тоосгон гараашны доорхи газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон билээ. Би газрын төлбөрөө тухай бүрд нь төлдөг байсан бөгөөд нэг удаа төлбөрөө өгөхөөр очиход хариуцсан байцаагч нь төлбөр авахгүй, таны газрын гэрчилгээ хүчингүй болсон гэж тайлбар хэлсэн юм. Ингээд би 2023 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаr даргад хандан хүсэлт гаргасан юм.
Нилээн хугацаа өнгөрсний дараа 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар надад хариу ирсэн. Энэ хариу бичигт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох газар зохион байгуулалтын албанаас “Таны газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Тухайн байршилдд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжар өөр иргэн /хуулийн этгээдэд газар олгосон байна гэж бичсэн байдаг. Энэхүү Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжууд хууль зөрчсөн тул иргэн миний газар эзэмших эрхийг хохироосон билээ. Үүний баримт бол Нийслэлийн Засаг дарга нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Оросын Холбооны Улсын засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын нот бичгийн дагуу олгосон газар иргэн миний газартай давхцсан учир гэрчилгээг хүчингүй болгосон гэж хариу бичигт тайлбарлажээ. Энэ нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Оросын Холбооны Улсын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-******* дугаартай 4 ширхэг тоосго гараашны доорхи газар нь Монгол улсын иргэдийн өмчлөлд шилжиж Оросын Холбооны Улсын өмчлөл хүчингүй болсон байдаг.
Иймээс шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон газрыг миний хууль ёсны эзэмшилтэй газартай давхцсан гэсэн захиармжийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Би газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан билээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нарны зам гудамж, орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 72м² талбай бүхий 4 ширхэг тоосгон гараашны доорхи газрыг ОХУ-ын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газарт хавсралтын 2 дугаар заалтаар ашиглах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би нэхэмжлэгч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож байна. Шүүхэд гаргасан Д.Бгийн нэхэмжлэл бол Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А тоот захирамж болон Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот захирамжийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Нарны зам гудамж орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 72 м.кв талбай бүхий 4 тоосгон гараашны доорх газрыг Оросын Холбооны улсын хилийн чанадад байгаа Төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газрын хавсралт 2 заалтаар ашиглах эрх олгосон эсэхийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Ингээд бид хэргийн материалтай танилцах явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 5/8978 тоот албан бичиг шүүх дээр ирүүлснийг уншиж үзлээ. Ингэж үзэхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороо Нарны зам гудамжны Г31 тоот хаягт байрлалтай 4 автомашины гараашны өмчлөх эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Оросын холбооны өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлд бүртгэх үйлдэл хийсэн байгаа нь хууль зөрчигдсөн гэж үзээд эс зөвшөөрч нэмэлт нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар нь 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 389 дүгээр шийдвэр гарган Оросын Холбооны улсын өмчлөх эрхийг хүчингүй болгосон байхад дахин бүртгэл үйлдлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар үйлдэж гараашийг өмчлөх гэрчилгээг олгосон явдал нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бид нэмэгдүүлсэн юм.
Үүнийг нэхэмжлэгч тал нь хариуцагч тал хүлээж аваад хариу тайлбар гаргасан байсан. Би тайлбарыг уншиж танилцсан бөгөөд доорх үндэслэлээр үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа юм. Нэг дүгээрт Нийслэлийн Засаг даргын захирамжууд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын бүртгэх үйл ажиллагаа аль аль нь хууль зөрчсөн үндэслэл нь адил байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Бд Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 432 дугаар шийдвэр байна. Үүнийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А******* дугаар захирамжаар хавсралтын 2 дугаар заалтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 м.кв газрыг засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж гэрчилгээ олгосон. Үүнийг дахин бүртгэлтийн явцад Нийслэлийн Засаг даргын дээр дурдсан захирамжуудаар хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн газар дахин бүртгэлд бүртгэлд явуулж, эдгээр хүмүүст гэрчилгээ олгосон байгаа юм. Оросын холбооны өмчөөр гэрчилгээ олгосон нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дүгээр шийдвэр гаргаж, Оросын Холбооны улсын 23404 дүгээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 17 дугаар байрны 4 гараашны хамт тэнд амьдарч байгаа 24 иргэнд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг Улсын Дээд шүүх 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04 тоотоороо хэлэлцээд хууль ёсны гэж үзээд гэрээ баталсан юм. Шүүхийн заалтад бичихдээ Үл хөдлөх эд хөрөнгийн тухай Монгол Улсын хуулийн 1997 оны 6 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг 10.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч, оршин суугч н.Э******* нарын 24 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн 17 дугаар байр 4 гарааштай нийтийн зориулалттай орон сууцын байшинд эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд Оросын холбооны өмчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч ******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж шүүхийн тогтоолд ингэж заасан байдаг юм. Ингээд хэргийн материалд байгаа Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар бол Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Холбоот улсын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Холбоот улсаас Монгол Улсад нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж, бусад эд ангийн үйлчилгээнд зориулсан Бүгд Найрамдах Монгол Улсын нутаг дэвсгэрт газар олгох, бусад барилга барих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрийг тухайн үеийн шүүх хурлаар хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргасан. Тэгтэл одоо Улсын эрхийн улсын бүртгэлийн газрын шүүх дээр ирсэн тайлбарт бол ингэсэн байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр нь Улсын Их Хурлаас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталсан нот бичиг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд хамаарах асуудал тул улсын бүртгэлийн бүртгэгчийн бүртгэлийг хүчин төгөлдөр хууль, журмын дагуу бүртгэсэн гэж үзэж байна гэж манайд хариу тайлбар ирүүлсэн байна. Энэ бол шүүхийн гаргасан шийдвэрийг аль нэгэн төрийн агентлаг ч юм уу, өөр байгууллагууд өөрчлөх эрх байхгүй. Ганцхан шүүх л өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг одоо өөрчилдөг. Тэгэхэд өнөөдөр тэр хүчингүй болсон тэр тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр энэ тайлбар үндэслэл байхгүй. Өнөөдөр 17 дугаар байрны бүх хүмүүст өмчлөөд өгчихсөн байгаа. Хавтаст хэргийн дотор байгаа тогтоолын дагуу ганцхан тэр гараашийг, тэр сайн мэдэхгүй байна бас нэг давхрын тэр хоёрыг дахин бүртгэл хийгээд, тэрнийх нь үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад хүчингүй болгочихсон. Эдгээр хууль тухайлбал энд дурдаад байгаа Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулсан протоколд юу гэсэн заасан бэ, гэвэл талууд хууль тогтоомжид болон олон улсын эрх зүйн хэмжээнд нийцүүлж өмчлөх эрх болон ашиглах эрхийг тус тус хэрэгжүүлнэ гэж бичсэн байдаг юм. Тэгэхээр шүүхийн тогтоолоор хүчингүй болсон үндэслэлийг дахин хэрэглэхгүй. Энэ нь хуулийн адил Монгол Улсад хүчин төгөлдөр асуудал юм. Бид хүчингүй болгож, энэнээс хойш 10 жилийн дараа 2019 онд хэлэлцээрээр бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн эрхэд халдаж байгаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Ийм учраас Эд хөрөнгийн бүртгэлийн газраас шүүхэд өгсөн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын газраас өгсөн тайлбар ч гэсэн хуульд нийцэхгүй байгаа юм. Ийм учраас шүүхэд гаргасан дурдсан шаардлагуудыг шүүх хангаж өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Нарны зам гудамж, орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 4 ширхэг тоосгон гарааш бүхий нэгж талбарын ******* дугаартай газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 264 дүгээр захирамжаар иргэн Г.Мт авто засварын зориулалтаар 72 м.кв талбайг анх эзэмшүүлсэн байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Д.Бд шилжүүлж, 2014 оны А/522 дугаар захирамжаар хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/******* дугаар захирамжаар иргэн Д.Бд авто засвар, үйлчилгээний зориулалтаар тус газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Тус газар нь Оросын холбооны улсын “Хилийн чандад байгаа төрийн өмч”-т 24 айлын орон сууцны барилга, 4 машины тоосгон гаргаашийн хамт, 1999 онд улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжаар дээрх газарт газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд тус газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар иргэн Д.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Нарны зам, гудамж орон сууцын 30 дугаар байрны урд байрлах 4 ширхэг тоосгон гарааш бүхий ******* нэгж талбарын дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 264 дүгээр захирамжаар иргэн Г.Мт авто засварын зориулалттай 72м.кв талбайг анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Д.Бд шилжүүлж 2014 оны А522 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2015 оны А******* дугаар захирамжаар иргэн Д.Бд авто засвар үйлчилгээний зориулалтаар тус газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Тус газар нь оросын Холбооны улсын хилийн чанадад байгаа Төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газарт 24 айлын орон сууцын барилга, 4 машины тоосгон гараашны хамт 1999 онд улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А******* дүгээр захирамжаар дээрх газарт газар ашиглах эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Иргэн Д.Бгийн 72м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо анх иргэн Г.Мягмарбатад эзэмшүүлсэн байсан. Маргаан бүхий газар маань 1999 онд Оросын Холбооны улсын 2 улсын хоорондох хэлэлцээрээр улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Энэ үйл баримт тогтоогдсон учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс 2019 оны дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус үндэслэн иргэн Д.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа.” гэжээ.
9. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Оросын холбооны улсын 'Хилийн чанд дахь төрийн өмчийг удирдах Үйлдвэрийн газрын, Алс Дорнодын бүс нутгийн улс орнуудын Төлөөлөгчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 505-19 дугаар хоро нотлох баримтат Баянгол угийн үгээр хороо, 2 дугаар албан бичиг түүнд хавсарган хороолол (***) Нарны зам гудамж Г30/1 тоот хаягт байрлах 4 автомашины гаражийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан бөгөөд мэдүүлэг гаргагчаас гаргаж өгсөн материал нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тогтоомжид заасан бүрдлийг хангасан бөгөөд бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл байхгүй байсан улсын бүртгэгч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хийсэн. Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлдээ “дээрх хаягт байрлах 4 гаражийн газрыг бүртгэсэн үйлдлийг үл хууль бус болохын тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох” гэх мэтээр өөр хоорондоо зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Тухайн бүртгэл нь газрын бус харин “гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн”. өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл бөгөөд тухайн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нь ЗХШХШТХ-н 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн,
Нэхэмжлэгчээс тухайн бүртгэлтэй холбоотой хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, тухайн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэх үйл баримт нь Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Ноот бичиг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд хамаарах асуудал байх бөгөөд улсын бүртгэгчээс тухайн бүртгэлийг хүчин төгөлдөр хууль журмын хүрээнд хийсэн. Иймд иргэн Д.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны Г31 тоот хаягт байрлах 4 автомашин гараашны бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн гэсэн дугаартай бүртгэлийг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Үүнийг улсын бүртгэлд хүчингүй болгох үндэслэл байхгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан бүрдлийг бүртгүүлэхийг гаргасан мэдүүлэг болон түүнд хавсарган гаргасан нотлох баримтууд хуульд заасан бүх байх ёстой нотлох баримтууд бүгд хавсаргадан гаргасан учраас бүртгэлийг хууль ёсны бүртгэл гэж үзэж эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн сая дурдаад байгаа тэр 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гэж дурдаад байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлийг бүртгэдэг байгууллага. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын Их Хурлаас гаргасан нот бичиг нь Улсын Их Хурлын гаргадаг хууль тогтоомжийн хүрээнд мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. Тэрний дагуу улсын бүртгэл хуулийн дагуу бүртгэлээ хийсэн. Мөн тэгээд шүүхэд гаргаж өгсөн тайлбараа бас дээр нь орхигдуулсан гэж дэмжиж оролцож байна.” гэжээ.
11. Гуравдагч этгээд хариу тайлбартаа: “Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын харьяа Алс Дорнодын бүс нутгын орнуудын төлөөлөгчийн өмчлөлд нэхэмжлэгчийн шаардсан буюу Ү-******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эзэмшдэггүй болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин үл хөрөнгийн Нийслэлийн Баянгол Дүүрэг, 4-р хороо, нарны зам гудамж, орон сууцны 30-р байрны баруун талд байрлах 64.26м2 талбай бүхий 4 ширхэг тоосгон гаражны улсын бүртгэлтэй гэрчилгээг эзэмшидэг. (1)
Мөн нэхэмжлэгч маргаантай байгаа обьектыг Монгол Улсын иргэдийн өмчлөлд шилжсэн мэтээр ташаа ойлголтыг өгж шүүхийг төөрөгдүүлэхээр бичсэн нь нэн харамсалтай. Уг объект нь (Нийслэлийн Баянгол Дүүрэг, 4-р хороо, нарны зам гудамж, орон сууцны 30-р байр гаражны хамт) 2019 оны оны 12-р сарын 2ний өдөрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн ОХУ-ын нутаг дэвсгэрийн гадна байгаа Холбооны улсын үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах- шилжүүлэн өгөх актын дагуу шилжүүлэн өгөхдөө тус байрны нэг давхар мөн маргааны обьект болсон гараж ОХУ-ын өмч хэвээр үлдсэн байдаг. (2)
Улмаар уг газрын харилцаанд анхнаасаа оролцохдоо иргэн Д.Б уг газрын эрх зүйн үр дагаварыг мэдсээр байж ОХУ-ын зүгээс Монгол Улсын өмчлөлд шилжсэн мэтээр бусдад итгүүлэн төөрөгдүүлж эс бөгөөс хэзээ нэгэн цагт өөрийн өмчлөлд шилжчихнэ гэсэн хөнгөмсөг итгэлээр жигүүрлсэн үйлдэлээ зогсоохыг шаардаж байна.” гэжээ.
12. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү хэргийг хэлэлцэх явцад олон улсын эрх зүйн зарим нэг хэм хэмжээ хөндөгдөж байгааг та бүхэн анхаарна биз ээ. Улмаар 2015 онд өөрөөр хэлбэл та бидний маргааны гол сэдэв болсон объект Монгол Улсын талаас н.Энхмэндэх даргын бүрэлдэхүүнтэй комисс хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө шүүхэд гаргасан нотлох баримтынхаа дагуу Баянгол дүүргийн энэхүү байрны нэг давхар орон сууцын ашиглалтын хэлбэргүйгээр нөгөөдөх нь энэ 2 гараашийг Оросын Холбооны улсад мөн улсын өмчлөлд үлдээх шийдвэр гарч 2 улсын Засгийн газрын нот бичгийг цаашлах юм бол Улсын Их Хурлын тогтоолоор энэ нот бичгийг соёрхон баталсан байдаг нэг эх сурвалж нь байна. Энэ олон эх сурвалжуудыг бид нар шүүхэд нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн бөгөөд эцэст нь товчхондоо энэ гараад байгаа маргааны хамгийн гол сэдэв болох тэр 4 гарааш л байгаа юм. Тэгээгүй бол энэ маргаан магадгүй үүсэхгүй байсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Хуулиар батлагдсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичигт “... Хавсралт 4-ийн дагуу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэр дээр бүртгэлээс Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдээгрт байрлах оросын үл хөдлөн хөрөнгийн обьектуудын жагсаалт нь энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.” гэж тусгасан ба ноот бичгийн хавсарлт 4 “ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих, Монгол Улсын нутаг дэвсгэлторших газрын талбай болон тэдгээрт байрлах, хэлэлцээрийн дагуу барьж байгуулсан Оросын үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ын 2-т маргаан бүхий гараж багтсан байна.
2.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.”, 8 дугаар зүйлийн 8.1.”Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: …” гээд зургаан үндэслэлийг, мөн зүйлийн 8.2.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.”, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2.”гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах;”, 44 дүгээр зүйлийн 44.1.”Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.”, 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заажээ.
2.3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан гуравдагч этгээдийн төлөөлөгч Белозеров Владимирович Василия нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж Г30/1 тоот хаягт байрлалтай 64.26 м.кв талбайтай, Гаражийн зориулалттай “4 авто машин” үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч, улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, дугаартай, гэрчилгээ олгосон нь дээр дурдсан олон улсын гэрээ болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцжээ.
2.4. Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Нарны зам гудамж, орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 81 м.кв газрыг ашиглах эрхийг ОХУ-ын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газарт олгосон нь хуулиар соёрхон баталсан олон улсын гэрээнд нийцсэн бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
2.5. Учир нь гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын хуулиар соёрхон батлагдсан олон улсын гэрээнд зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж Г30/1 тоот хаягт байрлалтай 64.26 м.кв талбайтай гаражийг ОХУ-ын нэр дээр бүртгэх зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамжаар Д.Бгийн эзэмшиж байгаа 72 м.кв газар нь Оросын Холбооны Улсын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-******* дугаартай 4 машины гражийн доорх газартай давхацсан үндэслэлээр хүчингүй болгосон нь ойлгомжгүй болжээ.
3.2. Гэвч нэгэнт Ноот бичиг соёрхон батлах тухай хуулиар батлагдсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичигт 4 гаражийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэхээр заасан бөгөөд тус 4 гаражийг гуравдагч этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн болон түүний доорх газрыг ашиглуулах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
3.3. Учир нь нэхэмжлэгч газар эзэмших эрх нь хүчинтэй байхад 4 гаражийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй ба гуравдагч этгээд гаражийг өмчлөх эрхтэй тул түүнд гаражийн доорх газрыг ашиглах эрх олгох нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй салшгүй холбоотой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл ахуйн обьектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн технинкийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-д хутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Д.Бгээс Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/******* дугаартай захирамжийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Нарны зам гудамж, орон сууцны 30 дугаар байрны баруун талд байрлах 72 м.кв талбай бүхий 4 ширхэг тоосгон гараашны доорхи газрыг ОХУ-ын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийн удирдах нэгдсэн газарт хавсралтын 2 дугаар заалтаар ашиглах эрх олгосон хэсгийг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлийн дугаарт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Нарны зам гудамж Г-30.1 тоотод байрлах 64,26 м.кв талбайтай 4 автомашины гражийн газрыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Оросын холбооны улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг // хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН