| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00642/И |
| Дугаар | 314/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00033
2025 01 20 314/ШШ2025/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Ө аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, 1964 онд төрсөн, 59 настай, Э хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Э, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Т.Э нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Т.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ө аймгийн Б сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан хугацаа маань жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө аймгийн Б сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаартай архивын лавлагаа, Ө аймгийн Б сумын “ Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай тогтоол, Ө аймгийн Б сумын “ Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралт, Ө аймгийн Б сумын “ Сүхбаатарын зам” нэгдлийн 1982 оны 03 дугаар сар, 1987 оны 08 дугаар сар,1991 оны 09 дүгээр сар, 1992 оны 07 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, төрсний гэрчилгээний хуулбар, 40644 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Энэбиш, Ц.Лхавгасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т.Э нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Т.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн...” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Т.Э нь Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаартай архивын лавлагаа, Ө аймгийн Б сумын “ Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай тогтоол, Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралт, Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1982 оны 03 дугаар сар, 1987 оны 08 дугаар сар,1991 оны 09 дүгээр сар, 1992 оны 07 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч Г.Энэбиш, Ц.Лхавгасүрэн нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагч Т.Эыг Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жумдан овгийн Төмөртогоогийн Эыг Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА