| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00630/И |
| Дугаар | 314/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00039
2025 01 20 314/ШШ2025/00039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: О аймгийн Б сумын 1 дүгээр баг, Зэ.........тоотод оршин суух, 1984 онд төрсөн, .М,
Нэхэмжлэгч: ........ ............ дүүргийн ............ ..........тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 50 настай, Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 7-1 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 47 настай, ...... БТод холбогдох
“Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 аралын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Т.БТ, хариуцагчийн өмгөөлөгч М.Д, гэрч Т.М, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М, Х.Б нар нь хариуцагч Т.БТод холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 аралын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б гэдэг хүн өөрийн хадам дүү Ч.Мт 70,000,000 төгрөгийн үнэлгээтэй машиныг өөрийн өрөндөө 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 9 дүгээр сард импортлогдсон .... УНТ улсын дугаартай “Тоёото Ланд Крузер Прадо-150” маркийн авто машиныг зээлэндээ өгөхөөр тохирсон юм байна лээ. Ингээд тухайн үед “Даймонд Очир” ББСБ-д зээлд тавьсан талаар Ч.Ч.Мт хэлж байсан гэдгээ нэхэмжлэх дээр дурдсан байсан. Ч.М гэдэг хүн тухайн зээлийг төлж өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан бөгөөд за тухайн үед том оврын автомашинаар ажил хийх болсон тул фейсбүүкийн зар орчинд тавигдсан зараас ..... ӨВА улсын дугаартай “Норт бенз” маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд импортлогдсон энэ автомашиныг зарах болсныг мэдээд Ө аймгийн төвд 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр очиж үзсэн. Ингээд дээрх автомашины эвдрэл гэмтэлтэй байсан, мөн засварын газарт засварлуулж байсан гэх зэрэг шалтгаанаас болоод Орхон аймаг руу тухайн өдрөө буцсан. Гэтэл А.БТ нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод ирж байгаа талаараа хэлсэн ба засварын газарт уг автомашиныг засуулж байхад нь мөн дахин таарсан. Улмаар А.БТын автомашины эвдрэл гэмтлээс шалтгаалж төлбөр тооцоогоо харилцан тохиролцсон. Ингэхдээ 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 9 дүгээр сард импортлогдсон .... УНТ улсын дугаартай “Тоёото Ланд Крузер Прадо-150” маркийн авто машиныг 70000000 төгрөгөөр үнэлэн тооцож А.БТ нь ..... ӨВА улсын дугаартай “Норт бенз” маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд импортлогдсон автомашиныг шилжүүлэн өгөөд дээр нь нэмэлт 17,000,000 төгрөгийг Ч.Ч.Мын Хаан банкны эзэмшлийн данс руу шилжүүлсэн байна. Улмаар .... УНТ улсын дугаартай “Тоёото ланд крузер” автомаркийн машин нь банк бусад барьцаанд байсныг 17,021,900 төгрөгийг Хаан банкны “Даймонд очир” ББСБ-ын дансанд төлөөд ингээд машиныг чөлөөлөөд иргэн А.БТын нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд А.БТ нь өөрийн ..... УБА улсын дугаартай автомашиныг шилжүүлэх итгэмжлэлийг Пүрэвсүрэнд хийж өгч явуулна гэж хэлсэн боловч тухайн өдрөө ямар нэгэн байдлаар итгэмжлэлийг хийж явуулаагүй. Ч.М болон А.БТ нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээ бол энэ хуульд заасан буюу Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний бүх заалтууд одоо арилжааны гэрээн дээр мөн адил хамаардаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгөө солилцоод зөрөө үүссэн зөрөөний асуудлыг бол 17,500,000 төгрөг гэж тооцож шилжүүлсэн ийм асуудал байна. Хамгийн гол нь энэ Ч.М гэдэг хүний энэ автомашиныг сольж арилжааны гэрээг хийж том оврын автомашин аваад байгаа гол зорилго маань юу вэ? гэхээр Орхон аймагт хувь хүнээрээ зам тээврийн компанид зам тээврийн ажилд оролцуулахаар гэрээ хийсэн байсан. Тухайн компанид энэ автомашиныг түрээслээд сарын 12,000,000 төгрөгөөр түрээслээд гэрээ хийгээд орлого олох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл тухайн автомашин нь техникийн дутуу байдлаас болоод явах боломжгүй. Одоогийн байдлаар иргэн Ч.Мын ээжийнх нь гэрийн хашааны гадаа буюу камертай гарааш дотор байрлаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдах гол зорилго юу вэ? гэхээр хариуцагч А.БТ мэдээж суудлын автомашин аваад тухайн автомашинаа өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулах, иргэн Ч.Мын хувьд тухайн автомашиныг гуравдагч этгээдэд түрээслээд түүнээс ашиг олох энэ зорилготой байсан. Аль аль талдаа гэрээний зорилго тодорхойлоход ийм байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл иргэн Ч.М гэдэг хүн бол гэрээний зорилгод нийцсэн байдлаар энэ автомашиныг огт ашиглаж чадахгүй ингэж явсаар байгаад өнөөдрийн байдлаар “” ХХК-д 2024 оны 5 дугаар сард оношлуулахад дахиад 15,135,000 төгрөгийн эд анги, хөдөлгүүрийн ажилбар хийж байж энэ машин энгийн горимоор ажиллах боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг гаргаад үүн дээрээ мөн нэхэмжлэх хуудсыг бичээд өгсөн. Энэ мөнгийг иргэн Ч.М өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байгаа учраас автомашиныг явуулаагүй байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч талын санаачилгаар татгалзаад өгсөн, авсан буюу манайх хариуцагч талд машинд төлсөн 17,500,000 төгрөг болоод “Норт бенз” маркийн автомашиныг буцаах гэж байгаа. Учир нь манайх “Норт бенз” маркийн автомашиныг нэр дээр нь шилжүүлээгүй байгаа учраас биет байдлаар буцаах шаардлага үүсээд байна. Мөн “Тоёото Парадо” маркийн автомашиныг иргэн Ч.Мын нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн ийм нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч Т.БТ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ..... ӨВА улсын дугаартай “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 55,000,000 төгрөгөөр худалдаж авсныхаа маргаашаас эхлээд Цогтцэций суманд “.....” ХХК-д сарын 12,000,000 төгрөгийн гэрээ хийж, 8-12 сар хүртэл түрээслүүлсэн. Тэгээд өвөл нь тавиатай байж байгаад өөрийн хийж чадах ойр зуурын засварын ажлыг нь хийгээд чадахгүй бусад зүйлийг нь Арвайхээр суманд замд гарахад нь бэлэн болгохоор урсгал засварууд хийлгэсэн. Арвайхээр суманд том оврын машины ажил байхгүй гэсэн тул том оврын машинаа зардаг ч юм уу? гэж бодоод фейсбүүкт 60,000,000 төгрөгөөр зарна гэсэн зар оруулсан. Зарын дагуу Ч.Ч.М гэдэг хүн холбогдоод 5 дугаар сарын 10-ны өдөр ирж үзчихээд буцаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь залгаад машин дээрээ 15,000,000 төгрөг төлөөд авах боломжтой байна, тохиролцох уу? би Арвайхээр суманд очих боломжгүй байна, та Эрдэнэт хотод ирэх боломжтой юу? гэхээр нь би 5 дугаар сарын 12-ны өдөр машинаа аваад Эрдэнэт хотод очсон. Эрдэнэт хотод ирсэн чинь ковш нь жоохон хатуурсан, мөн түгжээ нь эвдэрсэн байсан учраас тэрийг солиулах гээд бас бус ойр зуурын засвар хийлгэсэн. Тэгээд нэгэнт зарах зорилготой байгаа учраас задалсан дээрээ гээд тэр хавийнх нь эвдэрсэн янзлах шаардлагатай диск зэрэг янзлах шаардлагатай бүх зүйлийг нь нийт 1,000,000 гаран төгрөгийн засвар хийлгэсэн байсан. Тэгээд авах авахгүй нь мэдэгдэхгүй байж байгаад хэд, хэд хэдэн хүн дагуулж ирж үзсэн. Үзэхдээ моторыг асааж ч үзээд ерөөсөө өдөржингөө шахуу л байсхийж байгаад л нэг хүн дагуулаад л байсхийж байгаад нэг хүн дагуулаад ирээд үзээд байсан. Нийт гурван хүн дагуулж ирээд үзсэн. Мөн тэр хавийн засварчдыг ч гэсэн таньдаг байсан. Хоорондоо ярилцаад байсан. Тэгээд оройхон дахиад 5,000,000 төгрөгийг нэмж өг гэхэд нь тэгэх боломжгүй, болъё, болъё гээд явсан. Нэгэнт ирснийх энэ хавиар том тэрэгний ажил хайя гээд хүн амьтантай уулзаад ажил олохоор байж байтал орой 19 цагийн үед залгаад 3,000,000 төгрөг нэмээд 18,000,000 төгрөгт хийе гэсэн. Тэгэхээр нь 5,000,000 төгрөгийг чинь дундаа хийгээд 17,500,000 төгрөгөөр болж байна гэсэн Ч.М машинаа унаад хүрээд ирсэн. Тэгээд би дансандаа байсан 17,000,000 төгрөгийг шилжүүлээд цаана нь 500,000 төгрөг дутсан. Тэгэхээр нь машинаа нэр дээрээ шилжүүлэхдээ үлдсэн 500,000 төгрөгөө шилжүүлье гэсэн чинь үгүй ээ ах, нэгэнт наймаа хийж байгаа юм чинь одоо наймаагаа дуусгачихъя, өгсөн, авсандаа өлзийтэй байг гэхээр нь машин байсан 4 кг ноолуураас өгөөд авсан, өгсөндөө өлзийтэй байг гээд л салсан. Яг сарын дараа хүргэн ах маань Солонгос улсаас хүрээд ирнэ, манай хүргэн ахын нэр дээр байдаг машин, тэгээд ирэхээр нь машиныг нэр дээр чинь шилжүүлчихнэ гэж хэлээд явсан. Түүнээс хойш сумандаа 2-3 хоногийн дараа очоод үзтэл “Даймонд очир” ББСБ-ын нэр дээр байгаа машиныг бас Б гэдэг нэртэй ногоон өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хамт өгсөн байсан. Тэгээд шалгаад үзтэл 2017 оноос хойш татвар, даатгалаа төлөөгүй 850,000 төгрөгийн өртэй байна гэж гарч ирсэн. Тухайн үедээ шоконд ороод Ч.М руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь “Даймонд очир” ББСБ руу залгаад асуутал энэ машин шүүх дээр асуудалтай байгаа машин, авчирч өг, та залилуулсан байна, шүүхээс энэ машиныг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Тэгээд өглөө эрт Ч.М руу залгасан чинь утас нь холбогдож байсан. Тэгээд бүх зүйлээ хэлсэн чинь ямар ч асуудалгүй машин гэхээр нь чи үнэнээ хэлээд өгчихгүй яасан юм бэ? энэ машин чинь бүтэхгүй юм байна, ах нь машинаа буцаая гэж хэлсэн. Тэгээд 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нөгөө хүн чинь яасан бэ? чи наанаасаа мөнгө төгрөгийн нь болгочихооч ээ, би энэ машиныг унаж эдэлмээр байна шүү дээ, тэгээд ч энэ машин чинь асдаггүй асуудалтай машин байна гэж удаа дараа хэлсэн. Тэгсэн нэг сар хүлээчих, тэр хүний данс нь болохгүй байгаа болохоор хүлээх шаардлагатай байна гэхээр нь нэг удаа итгэе гээд хүлээсэн. Тэгээд 6 дугаар сарын 10-ны өдөр болоод нөгөө хүн чинь юу болов оо? гээд дахиад асуухад машины эвдрэлийн талаар ярьж эхэлсэн. Тэгвэл машинаа буцаая, би ерөөсөө машинаа авъя, чиний машин чинь үнэхээр асуудалтай байна, газраа дундаа хийгээд Хархорин суманд машинаа солилцъё оо гэсэн чинь би гадаад явлаа, 15,000,000 төгрөг шилжүүлээд авбал ав, эсхүл наад машин чинь банк бусын нэр дээр байгаа, дахиад мөнгө зээлж аваад гадаад руу олон сар, жилээр явчихна шүү гэж шүүхийн шийдвэрийн мэдэгдэл гэж фейсбүүкээр нэг юм үзүүлсэн. Тэгэхээр нь Ө аймгийн болон Эрдэнэт хотын цагдаагийн газарт хандсан. Тэгээд намайг цагдаагаар явж байхад тэр хүн гадаад гараад алга болчихвол яах вэ? гэж бодоод 15,000,000 төгрөгийг чинь өгч болж байна, яг шилжүүлж өгөх үү? гэхэд тэгнэ ээ, би гадаад руу гараад ирэхгүй шүү, хохирогч болчихоод битгий гоншигноорой гэж удаа дараа байнгын сүрдүүлсэн. Сүүлдээ ажил ч хийлгэхгүй хэцүү байсан. Тэгээд манай дүү Пүрэвсүрэн очиж итгэмжлэлээр шилжүүлэхээр болоод очсон тэр Б гэдэг хүн нь хотод байсан юм лээ. Тэр хүнтэй нь уулзаад ярьсан чинь Б.Б гэдэг тэр хүн нь хүргэн ах биш, Ч.М гадаад ч яваагүй, уурхайд ажилладаг байсан. Энэ бүгдийг харахад эхнээсээ л залилж мэхлээд надаар банк бусын мөнгөө төлүүлээд явах санаатай байсан хүн юм байна аа гэж дүгнэлтээ хэлье. Тэр Б.Б гэдэг хүн нь харин сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэгээд итгэмжлэлээ хийлгээд явуулсан. Тэгсэн Ч.М Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр очоод миний итгэмжлэлийг аваагүй гэсэн гомдол гаргасан байсан. Гомдлынх нь дагуу 2 сарын хүчинтэй хугацаатай итгэмжлэл хийлгээд Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн. Одоо хүртэл “Норд бенз” машины бичиг баримтыг шилжүүлэхгүй байгаа нь анхнаасаа “Дайманд очир” банк бусын эзэмшилд байгаа машинаа худал ярьж итгэл үнэмшил төрүүлж худалдан борлуулчхаад бичиг баримт шилжүүлэхгүйгээр шантаачилж зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийн машины доголдол гэсэн шалтгаанаар төлүүлэх гэж байсан төлөвлөгөө биелүүлэх гээд байгаа нь тодорхой байсан. Энэ машиныг унаж байсан жолооч М гэх залуу үнэн сайн мотортой машин юм аа гэж хэлээд 1 жил гаран унаж байсан. Тэгээд 7 дугаар сард М над руу чи Эрдэнэтэд ажиллаж байгаа юм уу? машин чинь энд явж байна шүү дээ гэж хэлсэн. Би мэдээж цоо шинэ машин өгөөгүй. Гэхдээ машин авахдаа хүн амьтнаар үзүүлээд өөрөө ч сайн үзэж хараад авсан шүү дээ. Миний машин үнэхээр мотор сайтай, тос хаядаггүй байсан гэв.
5. Гэрч Т.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тэр машиныг авсан цагаас нь эхлээд унасан. Машин худалдсанаас хойш Ч.М надтай толгой буулгагчийг нь яаж буулгадаг юм бэ? гээд өөр бас бус зүйл яриад байсан. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдрийн үеэр 2-3 удаа утсаар ярьсан. Тэгээд машины ойр зуурын эд ангиудын талаар асуугаад байсан гэв.
6. Нэхэмжлэгч нараас дараах баримтуудыг гаргаж өгсөн: улсын тэмдэгтийн хураамжинд 507950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Х.Б, Ч.М нар П.Лхагвасүрэн, Б.Эад тус тус олгосон итгэмжлэлүүд, “Ариун гүнжмаа” ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0478 дугаартай албан бичиг, “Ариун гүнжмаа” ХХК-ны зарлагын 15135000 төгрөгийн зарлагын баримт, “Ариун гүнжмаа” ХХК-ны нэхэмжлэх, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн машин механизмын түрээсийн гэрээ, Ч.Мын эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансны хуулга, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай “Хэрэг бүртгэлтийн хээг нээх” тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Ч.Мын гаргасан өргөдөл, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хохирогчоор тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн кассын орлогын ордер зэргийг гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл /Т.БТ, Ч.М нар гарын үсэг зураагүй/, 9087 ӨВА тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Т.БТ, Ч.М нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т.БТоос М.Дд олгосон итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн техникийг хувь хүн болон аж ахуй нэгжид түрээслэх түрээсийн гэрээ, 9087 ӨВА тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Т.БТоос Ч.Мт олгосон итгэмжлэл, Т.БТын эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансны хуулга, 1833 УНТ тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримт гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б, Ч.М нар нь хариуцагч Т.БТод холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 аралын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаана...” гэж тодорхойлов.
Харин хариуцагч Т.БТ татгалзлалын үндэслэлийг “...Би мэдээж цоо шинэ машин өгөөгүй. Гэхдээ машин авахдаа хүн амьтнаар үзүүлээд өөрөө ч сайн үзэж хараад авсан. Миний машин үнэхээр мотор сайтай, тос хаядаггүй байсан...” гэж тайлбарлан маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ч.М, Т.БТ нар нь харилцан тохиролцож .... УНТ улсын дугаартай, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 арлын дугаартай автомашиныг 70000000 төгрөгт тооцож Ч.М нь 9087 ӨВА улсын дугаартай, Beiben North Benz маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн ..... арлын дугаартай автомашиныг авч зөрүү 17000000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Арилжааны гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуулиар тогтоогоогүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаана...” гэж тодорхойлжээ.
Харин эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ч.М нь 9087 ӨВА улсын дугаартай, Beiben North Benz маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн ..... арлын дугаартай тээврийн хэрэгсэлд ээлж буюу мотор, жийрэг солих, гар бие, их бие укладаш, масло насос, масло ражатор, тахир гол, шатуун, кришиг, туслах кроп, кропны 2-р гол ком араа, порсук, маслын шүүр, масло зэргийг засварласны дараа тухайн тээврийн хэрэгсэл ажиллах боломжтой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авснаар уг тээврийн хэрэгслийн доголдолыг мэдэх боломжтой юм.
Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан тул Ч.М, Х.Б нарын нэхэмжлэлтэй Т.БТод холбогдох “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 аралын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Ч.М, Х.Б нарын нэхэмжлэлтэй Т.БТод холбогдох “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркийн 1.......321 аралын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА