| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00710/И |
| Дугаар | 314/ШШ2025/00050 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 314/ШШ2025/00050
2025 01 24 314/ШШ2025/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Ө аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 55 настай, М хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ч.М нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Ч.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд малчин болсон. 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байгаад 1988 онд цэрэгт явж, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Одоо хүртэл хөдөө мал маллаж байгаа. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэний улмаас ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08/2581 дугаартай лавлагаа, Ө аймгийн архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 985 дугаартай лавлагаа, Ө аймгийн Б сумын “Сүхбаатар зам” ББХК-ны захирал Б.Доржхорлоогийн тодорхойлолт, Чимэддорж овогтой Мын “Сүхбаатарын зам” нэгдэлд мал маллаж байсан үеийн сүүлийн 5 жилийн /1985, 1986, 1987, 1988 он/ хөлсний тодорхойлолт, Ч.Мын №0598561 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ч.Мын №073932 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ч.Мын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Цэрэнням, Г.Ганбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ч.М нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Ч.М дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил дутуу бичигдсэн...” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Ч.М нь Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж болох нь Ө аймгийн архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 985 дугаартай лавлагаа, Ө аймгийн Б сумын “Сүхбаатар зам” ББХК-ны захирал Б.Доржхорлоогийн тодорхойлолт, Чимэддорж овогтой Мын “Сүхбаатарын зам” нэгдэлд мал маллаж байсан үеийн сүүлийн 5 жилийн /1985, 1986, 1987, 1988 он/ хөлсний тодорхойлолт, гэрч Д.Цэрэнням, Г.Ганбаатар нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагч Ч.Мыг Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М “өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оодой овгийн Чимэддоржийн Мыг Ө аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА