| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00665/И |
| Дугаар | 314/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 314/ШШ2025/00060
2025 01 28 314/ШШ2025/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Нэхэмжлэгч: Ө аймгийн Г сумын 1 дүгээр багт оршин суух, 1974 онд төрсөн, 51 настай, Н нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.Н нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ө аймгийн Г сумын “А” нэгдэлд 1990 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр гарч мал малласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл ажилласан жил дутсан тул намайг дээрхи хугацаанд Г сумын “А” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Г сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дугаартай албан бичиг, Ө аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 226 дугаартай албан бичиг, Ө аймгийн Г сумын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн №0601072 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №10392267 дугаартай баталгаажилтын хуудас, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03-08/5862, 03-08/5863, 1680 дугаартай архивын лавлагаанууд, нотариатын үйлдэл хийхээс татгалзсан тухай баримт, 1993, 1996, 1997 онуудыг мал тооллогын баримт/ огноо, нэр тодорхойгүй/, Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зөвлөмж, 1999, 2000 оны мал тооллогын баримт, 2016, 2019, 2020, 2021, 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтууд, Б.Түмэнжаргал, Б.Нэргүй нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Түмэнжаргал, Б.Нэргүй нараас гэрчийн мэдүүлэг авсан.
6. Шүүхээс Ө аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1990 оны ангийн журнал, Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт/ХААТР-1/, паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл зэргийг нотлох баримтаар гаргуулсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Н нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч С.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй ...” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Ө аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 226 дугаартай албан бичигт “...тус архивын хадгаламжийн сан дахь Ө аймгийн Г сумын “А” нэгдлийн /хуучин нэрээр/ 1991-1993 онуудын тогтоол, даргын тушаал, цалингийн баримтыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул Сүхбаатарын Нөд лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно” гэжээ.
Гэрч Б.Түмэнжаргал “...8 дугаар анги төгсөөд шууд мал маллаж байсан хүүхэд. Эцэг, эхийн хамт маллаж байгаад сүүлдээ айлын хүн болоод нөхрийн хамт мал малласан...”, Б.Нэргүй “...Сургууль төгсөөд хөдөө мал маллаж байсан. Эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1990 оноос айл гэр болоод тусдаа гарсан...” талаар тус тус мэдүүлжээ.
1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Паспорт авах өргөдөл /ХААТР-21/-д хүсэлт гаргагч С.Нийг 10 жилийн сургуулийн сурагч гэж тэмдэглэсэн.
Ө аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч П.Чулуунхүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний зөвлөмжийн хуудас “...хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй...” талаар дурдсан байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Н нь Ө аймгийн Г сумын “А” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С.Нийг хүсэлтээр Б.Түмэнжаргал, Б.Нэргүй нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд хүсэлт гаргагчийг Ө аймгийн Г сумын “А” нэгдэлд малчнаар ажилласан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
6. Иймд нэхэмжлэгч С.Нийн гаргасан “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дарги тайж овгийн Сүхбаатарын Нийн гаргасан “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА