| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00711/И |
| Дугаар | 314/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00072
2025 01 30 314/ШШ2025/00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Ө аймгийн А сумын ......... тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 37 настай, О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн А сумын ....... тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 33 настай, Т холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.Т, нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Тд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Тд 2024 оны 03 дугаар сарын 10-д 3000000 төгрөг зээлсэн. Би хүнд тав, арван цаас хэдэн төгрөгийн хүүтэй зээлүүлдэг. Энэ хүн хэдэн төгрөгийн хүүтэй авчихъя гэхээр нь зээлүүлсэн. Тэгээд надаас 3000000 төгрөгийг эхнэртэйгээ ирэхэд би банк дээрээс шууд гаргаж өгсөн. Сая надад хүү нь 2 сая төгрөг үлдлээ гэж хэлсэн гэж хэлж байна. Энэ хүү нь 2 сая төгрөг биш надад хүү нь гээд мөнгөө өгөөд явж байгаад 7 дугаар сарын 15-наас хүүг нь өгч дуусгасан. Түүнээс хойш 1800000 төгрөг үлдлээ шүү гэж өөрт нь хэлсэн. Өөрөө хүлээн зөвшөөрөхгүй шүүхээр шийдүүл гээд байхаар нь шүүхэд өгсөн. Ломбардад юмаа тавьчихсан байгаа, унаа тэрэг болохгүй байна, тийм болохоор чи надад нэг хэдэн төгрөг зээлчих, жоохон ажилтай байна гэхээр нь би үнэндээ хэдэн төгрөг өгсөн. Тэгээд эргээд иймээ тиймээ юм гарахгүй юм байгаа биз дээ гэсэн чинь гарахгүй гэхээр нь ярьж хөөрөөд өгсөн. Сүүлд нь бас аавын бие жоохон тааруухан байна, мөнгө төгрөгийг чинь бүтээж өгнө гэж хэлээд одоо хүртэл байхгүй. Тэгээд үнэндээ эвлэрээд ярьж хөөрөөд үнэн учраа хэлээд чамд би тэдэн төгрөгийг чинь өгье, тэгье, ингэе гээд ярьж болох байсан. Би 3 хувийн хүүтэй өгсөн. Би хүмүүст 3 хувийн хүүтэй мөнгийг байнга зээлүүлдэг. Би үнэндээ нотариатаар баталгаажуулж гэрээ байгуулаагүй. Найз нөхдийн хувиар цөөвтөр мөнгө юм чинь гэж бодоод зээлүүлсэн. Хүү бол биш үндсэн мөнгө нь 2000000 төгрөгийг гаргуулна гэв.
3. Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сар болгон хүү гэж мөнгө төлөөгүй. Би чамд 1 удаа 1.000.000 төгрөгөөр, 1 удаа 2.000.000 төгрөгөөр үндсэн мөнгөө өгсөн. Чи адилхан амьдрах гэж байгаа хүмүүс гээд надаар хивс, дрожоо угаалгаж байсан. Одоо бид 2-ын дунд хүү, энээ тэрээ гэх юм байхгүй. Би үндсэн мөнгөө төлж барагдуулсан гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 46950 төгрөг төлсөн баримт, Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 436 дугаартай тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: Гадаад паспортыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Тд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 2000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ .... Б.Тд 3000000 төгрөгний хүүг төлж дуусгасан. Үндсэн зээл 2000000 төгрөгийг төлөөгүй...” гэж тодорхойлсон.
Хариуцагч Т.Баяртогтох татгалзлалын үндэслэлийг “...3000000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Би уг мөнгийг 2 хувааж төлсөн. Тухайн үедээ хүү авна гэж ярьж байсан ч гэрээ байгуулаагүй. Би үндсэн мөнгөө төлж барагдуулсан...” гэж тайлбарлан маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.Т нар нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3000000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй.
4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Л.О нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3000000 төгрөгийг хариуцагч Б.Тд шилжүүлснээс үзэхэд зохигчдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан /зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь авсан эд хөрөнгөтэй ижил, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ/ зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Б.Т нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж нэхэмжлэгч Л.От 2 удаагийн гүйлгээгээр 3000000 төгрөгийг өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.
Нэхэмжлэгч Л.О нь нь “...хариуцагчаас өгсөн 3000000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутган, үндсэн зээл төлөөгүй...” талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Л.О нь хариуцагчид 3000000 төгрөгийг зээлэхдээ хэдэн хувийн хүүтэйгээр өгсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар нотлож чадаагүй байна.
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.Т нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагчаас төлсөн 3000000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд суутгах эрхгүй тул хариуцагчийг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж нэхэмжлэгчид 3000000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.О нь зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөгийг хариуцагч Б.Тгөөс шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Л.Оын нэхэмжлэлтэй, Б.Тд холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 2000000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Л.Оын нэхэмжлэлтэй, Б.Тд холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 2000000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА