| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0036/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.М |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон өвөг овогт Батгэрэлийн Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710009800019 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Арт-88” ресортод жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 37 дугаар байр 118 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон өвөг овогт Батгэрэлийн С /РД: РХ96041812/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө” 29Б байрны 12 тоотод оршин суух иргэн Б.Байгальмааг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.С: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч яваад 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Би “хаагуур юу хийж яваад ирж байгаа юм бэ” гээд уурлаад нуруу руу нь тэлээгээр 2-3 удаа цохисон. Тэгсэн С надруу дайраад миний толгой, нуруу руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо харж газарт хэвтэхэд миний зүүн талын хавирга орчмоор, зүүн талын шанаа, нүд орчмоор хөлөөрөө өшиглөсөн. ...Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. С бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” /хх-ийн 10-11/ гэсэн,
Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би архи уучихсан гэртээ ирээд Б.Байгальмаатай маргалдаж өмдөө түүн рүү шидсэн. Тэгэхэд Бөмдний тэлээ аваад намайг ороолгосон. Тухайн үед би согтуу байсан учраас өөрийгөө хянаж чадалгүй Байгальмаагийн толгой руу цохиж өшиглөж гэмтэл учруулсан. Одоо энэ үйлдэлдээ харамсаж байна...” /хх-ийн 21-22/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №14500 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Байгальмаагийн биед дагз хэсгийн хуйхны үс халзралт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, нурууны зүүн хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд болно.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-ийн 30-31/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 24-27/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө” 29Б байрны 12 тоотод оршин суух иргэн Б.Байгалмааг зодож биед нь дагз хэсгийн хуйхны үс халзралт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, нурууны зүүн хэсэгт цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Байгальмаагийн “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Б.С надруу дайраад миний толгой, нуруу руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо харж газарт хэвтэхэд миний зүүн талын хавирга орчмоор, зүүн талын шанаа, нүд орчмоор хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 10-11/ гэсэн,
Шүүгдэгч Б.Сгийн “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би архи уучихсан гэртээ ирээд Б.Байгалмаатай маргалдаж, тухайн үед би согтуу байсан учраас өөрийгөө хянаж чадалгүй Байгальмаагийн толгой руу цохиж өшиглөж гэмтэл учруулсан...” /хх-ийн 21-22/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14500 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Байгальмаагийн биед дагз хэсгийн хуйхны үс халзралт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, нурууны зүүн хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд болно.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Байгальмаагийн биед “дагз хэсгийн хуйхны үс халзралт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, нурууны зүүн хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн /хх-ийн 39/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүх, шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, 06 сартай нялх хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хийдэггүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосноор торгуулийн ял оногдуулж, уг ялыг хуульд зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Бгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон өвөг овогт Батгэрэлийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан торгуулын ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710009800019 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бгомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР