| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00502/И |
| Дугаар | 308/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 308/ШШ2025/00054
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 308/ШШ2025/00054 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, *-р баг Д *-** дүгээр байрны ** тоотод оршин суух С овогт Ггийн Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг М сум,*-р баг А а нутаглах, Л овогт Цнгийн Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын эд хөрөнгөөс гурван хүүхдэдээ ногдох / 898 толгой мал/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг
Хариуцагч: Ц.Б
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Ц.Бд холбогдуулан Дундын эд хөрөнгөөс гурван хүүхдэдээ ногдох / 898 толгой мал/ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г.Ц нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон Үүнд:
-Бид 2010 онд танилцан, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл байх хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Х, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Б.А, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Х нар төрсөн.
-Бид ...шалтгааны улмаас тус тусдаа амьдарч байгаад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан.
-Биднийг айл өрх боллоо гэж бидний гэр бүлийн хэрэгцээнд зориулж,
Ц.Бгийн аав 698 толгой мал тасалж буюу /өмчлүүлж /өгсөн.
- 2022 онд мал тооллогоор 1199 толгой мал тоолуулсан. Хэдийгээр нэг ам бүл дотор амьдарч байсан ч малыг тусдаа манай ам бүлд тоолуулсан.
-Үүнээс: Адуу 112 толгой нэг хүүхдэд 28 толгой 3 хүүхдэд 84 толгой
Үхэр 8 толгой нэг хүүхдэд 2 толгой 3 хүүхдэд 6 толгой
Хонь 745 толгой нэг хүүхдэд 186 толгой 3 хүүхдэд 559 толгой
Ямаа 334 толгой нэг хүүхдэд 83 толгой 3 хүүхдэд 249 толгой нийт 898 толгой малыг 3 хүүхдийн ноогдох хувь болгон гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... одоо надад их хэмжээний мал байхгүй. Тэр үед ах, эгч нарын мал бөөн байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх бид хоёрыг 2016 онд мал тастахад миний хоёр дүү оюутан байсан. Хоёр дүүгийнхээ сургалтынх нь төлбөрийг төлөөрэй гэж анх мал өвлүүлж өгч байсан. Аятайхан харьцаатай байя гэж бодохоор энэ хүн муухай аашилдаг. Гэрлэлт цуцлуулснаас хойш юм өгөөгүй. Хүүхдүүддээ юм өгье гэж бодохоор бас болж өгөхгүй байгаа. Өгөхгүй гэж хэлээгүй, ийм олон мал нэхэмжлэхээр надад ийм олон мал байхгүй. Байгаа тоогоороо өгмөөр байна. Гурван хүүхдээ насанд хүрэхээр өгнө гэж хэлсэн. Цаг гайгүй бол өсгөөд байж л байна. Би өсгөх гэж хичээнэ. Гэрлэлт цуцлуулахад эд хөрөнгийн санал яриагүй гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, УТХ-наас чөлөөлүүлэх баримт хүсэлт /хх-2-3/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-7/, С сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-8/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-9/, ЦГ-ын албан бичиг /хх-10/, Мал тооллогын лавлагаа /хх-11-17,34-35/, Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-17/, 2025 онд малын үнэ ханш нэмэгдсэн талаар ирүүлсэн бичиг,
Хариуцагчаас: Тайлбар /хх-30-31/, М сумын * дугаар багийн ЗД-ын тодорхойлолт /хх-76,109/, малын хорогдлын талаар /хх-77/, мал эмнэлгийн гэрчилгээ/хх-78-80/, Малын А дансны хуулбар /хх-81-105,107-108,111-112/,Т.Цгийн тодорхойлолт/хх-106/,гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-110/,
Шүүхээс: Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтээр /хх-48/ М сумын ЗДТГ-аас 2022, 2023 онд тоолуулсан малын А дансны хуулбарыг гаргуулсан /хх-58-69/, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Т.Цг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ч гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан / хариуцагчийн эх, нэхэмжлэгчийн хадам эх байсан гэх үндэслэлээр/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Ц.Бд холбогдуулан дундын эд хөрөнгөөс гурван хүүхдэдээ ногдох /898 толгой мал/ хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Ц биднийг анх гэр бүл болоход Ц.Бгийн аав бидэнд айл гэр боллоо, өрх тусгаарлалаа гэж 698 толгой мал тасалж өгсөн, түүнээс хойш мал өссөн 1199 толгой мал болсон гурван хүүхдэдээ ноогдох 898 толгой мал нэхэмжилнэ,
Хариуцагч Ц.Б айл гэр боллоо гэж мал тасдаж өгөөгүй, бид эцэг эхийн гэрээс тусдаа гараагүй, тэр эцэг эх, ах дүү нарын нийлсэн мал байсан, Ц өөрөө нэхэмжлэх зүйлгүй эд хөрөнгийн маргаангүй гэж гэр цуцлах үед хэлсэн, мал цаг зудын байдлаас үхэж үрэгдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Ц.Б нар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Х, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Б.А, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Х нарыг төрүүлсэн.
Гэрлэгчид нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ цуцлуулжээ.
Тэднийг гэр бүл болоход Ц.Бгийн эцэг эхээс тусдаа гэр бүл болоход нь хөрөнгө тасалж, 498 толгой мал өгсөн нь үнэн гэсэн /хх-106/ Эх Т. Цгийн тодорхойлолтоор иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан анх гэр бүл болоход нь зориулагдсан эд хөрөнгө мал сүрэг бий болсон үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэлтээ цуцлуулах үедээ эд хөрөнгийн маргаангүй гэсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Ц нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Ц.Б намайг эд хөрөнгийн маргаангүй гэж хэл дараа нь мал тасалж өгнө гэж хэлсэн гэх ба хариуцагч би тэгж хэлээгүй өөрөө л юу ч авахгүй гэсэн тайлбар өгчээ. Энэ нь үйл баримт тогтоох үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах үедээ дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн ба түүнээс хойш шаардлага гаргаагүй, шаардах эрхээ эдлээгүй тул 2023 оны мал тооллогоос өмнөх он жилүүдийн мал тооллогын үед тоолуулсан гэх 2016 оны 698, 2017 оны 709, 2018 оны 893, 2019 оны 1148, 2020 оны 1225, 2021оны 1199 тооны толгой малаас нэхэмжлэх эрхгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч шаардах эрхээ цаг хугацааны хувьд алдсан байна.
Иймд 2023 оны 12 дугаар сард тоологдсон 784 толгой /тооны/ малаас адуу 50 толгой, үхэр 4 толгой хонь 300 толгой, ямаа 150 толгойг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ц болон түүний асрамжид байгаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Х, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.А, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Х нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Бага насны гурван хүүхэд өсгөж бойжуулж хүмүүжүүлж байгаа нэхэмжлэгч нь өөрөө цалин орлогогүй, сарын орлого хүүхдийн мөнгө 300,000 төгрөг, хүүхдийн тэтгэмж 670,000 төгрөг байгаа нь бүсийн амьжиргааны доод түвшингээс доогуур байгаа учир нэн ядуу өрх, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх гэж тодорхойлсон.
Хариуцагч 330 мал зарсан, зүй бусаар 286 тооны мал хорогдсон гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт зааснаар бага насны гурван хүүхэдтэй ядуу өрхийн тоонд бүртгэлтэй өрхийн гишүүдийг харгалзан үзэж,
Мөн цаг агаар тогтуун жил малын төл арвижих, мал сүрэг өсч үрждэг нь нотлох баримтаар нотлох шаардлагагүй зүйл, мал зүй бусаар хорогдсон гэж тайлбарлах боловч энэ эрсдэлийг хариуцагч өөрөө хариуцна гэж тус тус дүгнэлээ.
Хариуцагч шүүх хуралдаанд хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй гэж тайлбар гаргасан тул нэхэмжлэгч хариуцагч нарт Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдан сануулж байна.
Нэхэмжлэгч Г.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгээс адуу 50 толгой ,үхэр 4 толгой, хонь 300 толгой, ямаа 150 толгойг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ц болон түүний асрамжид байгаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Х, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.А, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Х нарт олгосугай.
2.Нэхэмжлэгч Г.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ