| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0277/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Н.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хотгойд овогт Нямдэлэгийн Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710001400014 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял, 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан оногдуулсан хорих ялуудын хөнгөнийг хүндэд багтааж 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн 06 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан бүрэн, Хотгойд овогт Нямдэлэгийн Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 18-223 тоотод өөрийн төрсөн дүү Н.Этай “унтуулж амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гуяны дээд хэсэгт саарал өнгийн эвхдэг тонгорог хутгаар нэг удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Н: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байдаг ээжийндээ байж байтал нагац дүү Мөнхбат хөдөөнөөс ирээд, надад 2,5 литрийн пиво авч өгөхөөр нь би ганцаараа уусан. Ганцаараа уусан болохоор нилээд согтсон байсан. Тэгээд ахынхаа гэр рүү ороод “ Мөнхбат хаана байгаа юм” гэж асуухад “хажуу гэрт унтаж байгаа” гэсэн. Тэрнээс цааш би нилээд согтоод болсон зан үйлээс заримыг нь санахгүй байна. Нэг мэдэхэд ах намайг гэрээс гар гээд байх шиг байсан, би ахтай маргалдаад өшиглөх гэтэл миний зүүн гуя хэсэгт нэг юмаар хатгагдах шиг болсон, гараад хартал зүүн гуяны дээд хэсэгт эсгэсэн байсан. Юугаар эсгэсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Гэрт өөр юм болоогүй. Манай ах бол зүрхний өвчтэй хүн, хүн хутгалах битгий хэл өөрөө арай гэж 2 хөл дээрээ тогтоод явж байгаа хүн байгаа юм. Би өөрийн буруугаас ийм асуудал үүсгэсэнд маш их харамсаж байна. ...Надад ямар нэгэн хохирол учраагүй, гуянд өнгөц эсгэгдсэн шарх үүссэн, эмчилгээ хийлгээгүй 4 хоноод өөрөө эдгэчихсэн учраас Нгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би шүүх хуралд оролцохгүй...” /хх-ийн 11-13/ гэсэн,
Гэрч Н.Батчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны орой 00 цагийн үед би нөхөр Н болон 2 хүүхдийн хамт гэртээ байсан бөгөөд ор, дэрээ засаад унтах гэж байтал гаднаас манай нөхрийн төрсөн дүү Э согтуу орж ирээд, сандал дээр суусан. Тэгснээ Мөнхбат хаана байгаа юм гэж асуусан. Мөнхбат гэдэг нь Дорнод аймгаас хотод түр ирсэн хамаатан садангийн хүн юм. “Хажуу гэрт унтаж байгаа” гэсэн чинь л яасан юм мэдэхгүй учиргүй их уурлаад манай нөхөрт “би зүрх рүү чинь хутга шаана, би их мундаг хүн шууд шаана” гэх зэргээр хэлж хэрүүл маргаан эхлүүлсэн. Нөхөр бид “хоёр чи одоо гэртээ харьж унтаж амар, цаг орой болсон байна” гэсэн чинь хүлээж авахгүй орилж хашгираад байхад манай 2 хүүхэд айгаад уйлж эхлэхээр нь хүүхдүүдээ авч байтал Э гэнэт “намайг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд цагдаа дуудсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч М.Мөнхчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Э, 2 хүүхдийн хамт амьдардаг. Н.Э нь одоогоос 5 хоногийн өмнө өөрийн төрсөн ах Нд баруун гуяны дээд хэсэгт нэг удаа хутгалуулсан, хутгалуулах үед би хамт байгаагүй. Эаас яасан талаар асуухад “ахтайгаа согтуу маргалдсан” гэж хэлсэн. ...Одоо биеийн байдал нь хэвийн ямар нэг өвчин зовиургүй, хөлөндөө боолт хийлгээд явсан. Эмнэлэгт үзүүлээгүй...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ унтах гээд байж байтал манай төрсөн дүү Э гаднаас нилээд согтуу орж ирээд “Мөнхбат хаана байна” гэж хэлсэн. Унтаж амарсан байх, чи хар шөнөөр согтуу юу хийж явсан юм, харьж амар гэсэн чинь би ерөөсөө бүгдийг чинь ална та нар яагаад ч намайг барахгүй шүү гээд уурлаад галзуу солиотой юм шиг чанга чанга орилж хашгираад байсан. Тэгэхээр нь “чи одоо яв, хүн унтаж амрах гэж байхад яагаад байгаа юм” гэхэд орилж хашгирсан хэвээрээ л байсан. Би өөрөө бие муутай Эыг хүчээр дийлэхгүй учраас халаасанд байсан саарал өнгийн тонгорог хутгаа гаргаж ирээд “чи яг одоо гар, эсхүл чамайг хатгаж байгаад ч хамаагүй гаргана шүү” гэтэл чи “чадах уу” гэж хэлээд над руу дөхөж ирээд зүүн хөлөөрөө өшиглөх гэхээр нь би хутгатай гараараа хаатал зүүн гуяны дээд хэсгээр нь хатгагдсан. Болсон асуудлыг манай эхнэр Батчимэгээс өөр харсан хүн байхгүй...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9334 тоот дүгнэлтэд : “...Дүгнэлт 1. Н.Эын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8/,
- Шүүгдэгч Н.Нн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-40, 44/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-64/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Н нь нь 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 18-223 тоотод өөрийн төрсөн дүү Н.Этай “унтуулж амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гуяны дээд хэсэгт саарал өнгийн эвхдэг тонгорог хутгаар нэг удаа хутгалж, бие махбодид нь “зүүн гуянд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Эын “...Би нилээд согтоод болсон зан үйлээс заримыг нь санахгүй байна. Нэг мэдэхэд ах намайг гэрээс гар гээд байх шиг байсан, би ахтай маргалдаад өшиглөх гэтэл миний зүүн гуя хэсэгт нэг юмаар хатгагдах шиг болсон, гараад хартал зүүн гуяны дээд хэсэгт эсгэсэн байсан. Юугаар эсгэсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Гэрт өөр юм болоогүй. Нгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-13/ гэсэн,
Гэрч Н.Батчимэгийн “...Нөхөр бид “хоёр чи одоо гэртээ харьж унтаж амар, цаг орой болсон байна” гэсэн чинь хүлээж авахгүй орилж хашгираад байхад манай хоёр хүүхэд айгаад уйлж эхлэхээр нь хүүхдүүдээ авч байтал Э гэнэт “намайг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд цагдаа дуудсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч М.Мөнхчимэгийн “...Би нөхөр Э, 2 хүүхдийн хамт амьдардаг. Н.Э нь одоогоос 5 хоногийн өмнө өөрийн төрсөн ах Нд баруун гуяны дээд хэсэгт нэг удаа хутгалуулсан, хутгалуулах үед би хамт байгаагүй. Эаас яасан талаар асуухад “ахтайгаа согтуу маргалдсан” гэж хэлсэн. ...Одоо биеийн байдал нь хэвийн ямар нэг өвчин зовиургүй, хөлөндөө боолт хийлгээд явсан. Эмнэлэгт үзүүлээгүй...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч Н.Нн “...2017 оны 07 дугаар сарын 15-наас шилжих шөнө гэртээ унтах гээд байж байтал манай төрсөн дүү Э гаднаас нилээд согтуу орж ирээд “Мөнхбат хаана байна” гэж хэлсэн. Унтаж амарсан байх, чи хар шөнөөр согтуу юу хийж явсан юм, харьж амар гэсэн чинь “би ерөөсөө бүгдийг чинь ална та нар яаагаад ч намайг барахгүй шүү” гээд уурлаад галзуу солиотой юм шиг чанга чанга орилж хашгираад байсан. Тэгэхээр нь “чи одоо яв хүн унтаж амрах гэж байхад яагаад байгаа юм” гэхэд орилж хашгирсан хэвээрээ л байсан. Би өөрөө бие муутай Эыг хүчээр дийлэхгүй учраас халаасанд байсан саарал өнгийн тонгорог хутгаа гаргаж ирээд “чи яг одоо гар, эсхүл чамайг хатгаж байгаад ч хамаагүй гаргана шүү” гэтэл чи “чадах уу” гэж хэлээд над руу дөхөж ирээд зүүн хөлөөрөө өшиглөх гэхээр нь би хутгатай гараараа хаатал зүүн гуяны дээд хэсгээр нь хатгагдсан. Болсон асуудлыг манай эхнэр Батчимэгээс өөр харсан хүн байхгүй..” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны № 9334 тоот дүгнэлтэд : “...Дүгнэлт 1. Н.Эын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх-ийн 24/ дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эын биед “зүүн гуянд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 12/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Нг гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Н.Эын хууль бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь сүрьеэ өвчний улмаас хэвтэрийн дэглэм сахих шаардлагатай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь шүүхийн шатанд өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн түүний өвчний түүх, эмнэлгийн тодорхойлолт, шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж, уг ялыг хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Н.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болох Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Нямдэлэгийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Нямдэлэгийн Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Нд оногдуулсан торгуулын ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 16,5 см, ажлын хэсэг нь 8,5 см , бариул хэсэг нь 9 см урттай саарал өнгийн эвхдэг, тонгорог хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1710001400014 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Н.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Н.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР