| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0148/З |
| Дугаар | 126/ШШ2024/0142 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 126/ШШ2024/0142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч С.Х********** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороо
Хариуцагчийн төлөөлөгч В.Э**********нарын хоорондын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн төлөөлөгч В.Э**********/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч С.Х**********ээс Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаадлага гаргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч С.Х**********-ийгөөр намын гишүүн гэсэн гомдол сумын сонгуулийн хороонд ирсний дагуу хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.2. Уг тогтоолыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 18-ны Галт сумын сонгуулийн хороонд гомдол гаргасан байх бөгөөд Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот албан бичгээр хариуг хүргүүлж, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч С.Х********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барнууд овогт С.Х********** би 2012 онд өөрийн хүсэлтээр Монгол ардын намд элсэж одоог хүртэл тус намын гишүүнчлэлтэй явж намын хүрээнд зохион байгуулагдаж буй бүхий л ажил арга хэмжээнд идэвхтэй оролцож явдаг. Би өөр намд элсэж үйл ажиллагаанд нь оролцож байсан тохиолдол байхгүй. Харин 2016 онд Нэмэн ХХК-д ажиллаж байсан бөгөөд тухайн үед Нэмэн ХХК-ийн захирал н.Ч**********гэгч хүн чи Ардчилсан намаас сумын иргэдийн хуралд нэр дэвшээч гэхээр нь би тухайн үед хууль эрхийн мэдлэг дутмагаас болоод болдог юм бол тэгэхгүй юу гэж хэлж байсан. Гэхдээ Ардчилсан намд бол албан ёсоор элсээгүй. Тэгээд намайг тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхэд Монгол ардын намын гишүүн хүн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байсан юм. Би 2024 оны ээлжит аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өөрийн гишүүнчлэлтэй Монгол ардын намаас Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн юм. Сумын Монгол ардын намын хорооноос нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр хуулийн хугацаанд сумын сонгуулийн хороонд ирүүлсэн материалыг хянаж үзээд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор нэр бүхий 25 нэр дэвшигчийн хамт миний биеийг Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гарсан юм. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын намын үүрээс сумын сонгуулийн хороонд С.Х********** намайг 2016 онд Ардчилсан намд элсэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байсан, Галт сумын Рашаант багийн намын үүрийн 65 дугаарт бүртгэлтэй байдаг, намаас гарах хүсэлтээ ирүүлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү гэсэн утгатай гомдол хүргүүлсэн байсан. Уг гомдолд хавсарган Галт сумын Рашаант багийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэл гэх 2 хуудастай 66 хүний нэр жагсаасан гар бичмэл хүргүүлсэн байсан. Уг гар бичмэлийн 65-д буюу сүүлчээсээ хоёр дахьд миний нэрийг багтааж бичээд сүүлчийн хүний нэрийн өмнөх 66 гэсэн тоог гараар зассан нь илэрхий байсан. Өөрөөр хэлбэл уг жагсаалтад миний нэрийг сүүлд нь нэмж бичээд өмнөх дугаарыг нь зассан нь тодорхой харагдаж байгаа юм. Уг гомдлын дагуу сумын сонгуулийн хороо хуралдаж 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр намайг дуудаж тайлбар шаардсан. Би Ардчилсан намын гишүүн биш үнэмлэх авч байгаагүй сонгуулийн хорооны дарга В.Э**********2016 онд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, одоо сумын Засаг даргаар ажиллаж байгаа Д.Э**********тай уулзаж тодруул гэсэн. Үүний дагуу би тэр даруйд нь сумын Засаг дарга Д.Э**********тай уулзахад сумын иргэдийн хуралд нэр дэвшихээр автоматаар намын гишүүнээр бүртгэгдчихдэг юм. Та одоо намаас гарах өргөдлөө өгчих тэгээд л болчихно гэж хэлсэн. Тэгээд надаар Ардчилсан намын гишүүнээс хасаж өгөхийг хүссэн өргөдлийг өөрөө хэлж өгч бичүүлээд авч үлдсэн. Би хууль эрхийн мэдлэг дутмагаасаа шалтгаалан өөрийн элсэж байгаагүй намаасаа гарах өргөдлийг сумын Засаг дарга Д.Э**********ийн үгэнд хууртаж бичиж өгсөн.
Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр сумын сонгуулийн хороо дахин хуралдаад 07 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Би Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.
1. Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр сонгуулийн хороонд биеэр очиж тайлбар өгөхдөө Ардчилсан намын гишүүн биш гэдгээ хэлсээр байхад сонгуулийн хорооны дарга В.Э**********намайг Ардчилсан намайг даргатай орж уулз гэж чиглүүлсний дагуу уулзахад Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Э********** нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж намаас гарах тухай өргөдөл бичүүлж авсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн хорооны дарга В.Эрдэнэбаяр, сумын Засаг дарга Д.Э********** нар намайг хууль эрхийн мэдлэг дутмагаар нь далимдуулан хуурч мэхлэн миний гараар өөрийн минь эсрэг баримт бүрдүүлсэн байсан. Мөн Галт сумын Рашаант багийн Ардчилсан намын гишүүдийн нэрс гэх хаяг, гарчиг байхгүй 66 хүний нэр бичсэн 2 хуудас гар бичмэл ирүүлсэн байсан. Эдгээр баримтыг үндэслэн намайг Ардчилсан намын гишүүн гэж үзэж сумын сонгуулийн хороо шийдвэр гаргасан бөгөөд тухайн баримтын үнэн бодитой эсэхийг огт нягталж үзээгүй, сумын Ардчилсан намаас гаргасан илт улс төрийн зорилготой гомдлыг үндэслэн миний тайлбарыг ч хүлээж авалгүйгээр шийдвэр гаргасан байна. 2016 онд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байсан минь тус намд элссэн гэх үндэслэл болохгүй гэдгийг ч анхаарч үзээгүй.2016 онд намайг сумын ИТХ-д нэр дэвшихэд Монголын ардын намыг гишүүнийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна гэсэн үндэслэлээр хасаж байсан бөгөөд энэ нь намайг Ардчилсан намын гишүүн биш, Монгол ардын намын гишүүн болохыг нотолсон илэрхий баримт байхад огт үнэлж үзээгүй байна.
2. Сумын сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр намайг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж байгаа нь миний хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвших, улмаар сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
3. Аймаг,нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэв нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргавал уг зөрчлөө засаад санал авах өдрөөс 25 хоногийн өмнө дахин бүртгүүлэхээр материалаа ирүүлж болох тухай заасан тул цаг хугацааны хувьд маш богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай болж байх бөгөөд Галт сумын сонгуулийн хороо нь намайг дахин дахин сонгуулийн хороонд хандах шүүхээр явуулах зэргээр цаг алдуулж байгаа нь миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
4. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэж, мөн хуулийн 14.10-д Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна гэж тус тус заасны дагуу би Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоолыг Галт сумын сонгуулийн хороонд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсныг сумын сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн надад Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот албан бичгээр хариу өгснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тиймээс Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81.3-т Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэсний дагуу захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагатай боллоо.
Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч С.Х********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны орон нутгийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээр болоод 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор нэр бүхий 25 нэр дэвшигчийн хамт миний биеийг Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гарсан юм. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр сумын Сонгуулийн хорооноос намайг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоол гаргасан байсан. Үүнийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Намайг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан үндэслэл нь 2016 онд Нэмэн ХХК-д ажиллаж байсан бөгөөд тухайн үед Нэмэн ХХК-ийн захирал н.Ч**********гэх хүн чи Ардчилсан намаас сумын иргэдийн хуралд нэр дэвшээч гэхээр нь би тухайн үед хууль эрхийн мэдлэг дутмагаас болоод болдог юм бол тэгэхгүй юу гэж хэлж байсан. Гэхдээ Ардчилсан намд бол албан ёсоор элсээгүй. Тэгээд намайг тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхэд Монгол ардын намын гишүүн хүн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байсан. Үүнээс хойш би Монгол Ардын намын гишүүнээрээ явж байгаад 2024 оны орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшихээр болсон. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын намын үүрээс Сумын сонгуулийн хороонд С.Х********** намайг 2016 онд Ардчилсан намд элсэж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшиж байсан, намаас гарах хүсэлтээ ирүүлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү гэсэн утгатай гомдол хүргүүлсэн байсан.
Үүнтэй холбоотойгоор намайг сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуудаж тайлбар өгөх шаардлагатай гэж хэлсэн. Би очоод Ардчилсан намын гишүүн биш үнэмлэх авч байгаагүй сонгуулийн хорооны дарга В.Э**********2016 онд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан одоо сумын засаг даргаар ажиллаж байгаа н.Эрдэнэхуягтай уулзаж энэ суудлаараа та тодруул гэж хэлсэн. Ингээд би тэр даруйд нь сумын засаг дарга В.Эрдэнэхуягтай уулзахад сумын иргэдийн хуралд нэр дэвшихээр автоматаар намын гишүүнээр бүртгэгдчихдэг юм. Та одоо намаас гарах өргөдлөө өгчих тэгээд л болчихно гэж хэлсэн. Тэгээд би яг юу гэж бичих юм бэ гэхэд надад Ардчилсан намын гишүүнээс хасаж өгөхийг хүссэн өргөдлийг өөрөө хэлж бичүүлсэн. Би хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж өөрийн элсэж байгаагүй намаасаа гарах өргөдлийг сумын засаг дарга Эрдэнэхуягт бичиж өгсөн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр сумын Сонгуулийн хороо дахин хуралдаад 07 дугаартай нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Миний бие энэ тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын Сонгуулийн хорооноос нэхэмжлэгчийг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоол гаргасан байгаа нь өөрөө ойлгомжгүй байдаг. Учир нэхэмжлэгчийг сонгуульд нэр дэвшигчээр 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэж авах тухай тогтоолыг гаргасан байдаг бөгөөд тухайн тогтоол нь хүчин төгөлдөр байхад 07 дугаартай тогтоол гаргаж байгаа нь өөрөө ойлгомжгүй юм. Мөн Ардчилсан намын үүрээс нөгөө намын нэр дэвшигчийг өмнө манай намаас сонгуульд нэр дэвшиж байсан гэж гомдол гаргаад байгаа нь мөн ойлгомжгүй юм. Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа С.Х********** өмнө нь Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байсан тул гэж тайлбарласан байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг Ардчилсан намын гишүүн мөн эсэхийг тогтоосон ямар нэгэн баримт үлдээгүй байдаг бөгөөд тухайн хүнийг Ардчилсан намын гишүүн мөн болохыг юугаар нотлох юм бэ гэхээр Ардчилсан намын дүрмийн 3.1.3-т намын гишүүний батлах авч байж намын гишүүнээр баталгаажих талаар заасан байдаг. Гэтэл сонгуулийн хорооноос Ардчилсан намаас ирүүлсэн гомдолдоо хавсаргасан 2 хуудас гараар бичсэн бичвэрийг үндэслэж байх боловч уг бичвэр нь цахим бүртгэл юм уу, тухайн бичвэрийг хэн, хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, мөн уг бүртгэл нь Хувь хүний мэдээллийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан мэдээлэл байх ёстой байтал хэнд зориулж гаргаад байгаа болох нь тодорхойгүй, хүмүүсийн нэр жагсаасан 2 хуудас баримтыг сонгуульд хороонд гаргасан байдаг. Уг бичвэрт 65 гээд засвар оруулаад иргэдийн нэр бичсэн бичвэрээр өөр хүн бичсэн бололтой хамгийн сүүлд 66 гээд 6 тоо засвартай баримтыг хүлээж аваад, хууль ёсны баримт гэж үзээд нэгэнт бүртгэгдсэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж байгаа нь өөрөө хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд тухайн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Галт сумын Монгол ардын намын хороог сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Галт сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэх тухай тогтоолыг намуудад бүртгүүлсэн.
Намууд 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нэр дэвшигчдээ дэвшүүлэх үйл ажиллагааг явуулж сумын сонгуулийн хороонд материалаа ацаандаа ирүүлснийг хянан үзээд сонгуулийн хороо 100 хувийн ирцтэйгээр алдаж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Монгол ардын намын 25 нэр дэвшигчдийг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Ардчилсан намын 25 нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолыг тус тус баталж намуудад хүргүүлэн нийтэд мэдээлсэн.
2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад Ардчилсан намаас гомдол ирүүлснийг сонгуулийн хорооны дарга миний бие сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г.Чимэдбалсан, сонгуулийн хорооны гишүүн Б.Зулзаяа, сонгуулийн хорооны гишүүн Б.Цэрэнлхам нар хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагаас хуралдаж шийдвэрлэхээр болсон. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 10 минутад хурлыг 85.7 хувийн ирцтэйгээр эхэлж гомдлыг сонгуулийн хорооны гишүүдэд танилцуулсан. Хэлэлцэх асуудал нь сумын Ардчилсан намаас ирүүлсэн гомдлын талаар хэлэлцэх байсан бөгөөд гомдлын утга нь Монгол ардын намаас нэр дэвшигч С.Х********** нь манай намын гишүүн учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзуулж хууль биелүүлж өгнө үү гэсэн агуулгаар гарсан. С.Х**********ийг дуудаж Ардчилсан намаас ирсэн гомдлыг мөн танилцуулахад 2016 онд С.Х********** миний бие Ардчилсан намаас нэр дэвшсэн нь үнэн, тухайн үед Монгол ардын нам гомдол гаргаж миний нэрийг нэр дэвшихээс татуулсан гэдэг зүйлийг ярьсан. Ардчилсан намаас намын үнэмлэх аваагүй гэсэн тайлбарыг өгсөн. 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол ардын намын үнэмлэх авсан гэдэг зүйлийг ярихаар нь ямар учиртай юм бэ тухайн үеийн Ардчилсан намын дарга одоо Засаг дарга хийж байгаа та орж тодруулмаар юм биш үү гэж сонгуулийн хорооны гишүүдийн хамт сууж байхдаа би хэлсэн. С.Х**********ийг тайлбараа бичиж өгөөрэй гэдгийг хэлсэн. С.Х********** сонгуулийн хорооны хуралдаанаас гарч яваад уулзсан байх. Хурал цааш үргэлжлэн дээд шатны сонгуулийн хороодоос зөвлөгөөг хэд хэдэн удаа авав. 11 цаг 55 минутад С.Х**********ийн тайлбарыг иртэл завсарлав.
Үдээс хойш 15 цаг 40 минутад хурал эхэлж С.Х**********ийн тайлбар, С.Х**********ийг Ардчилсан намаас хассан тухай албан бичгийг сонгуулийн хорооны гишүүдэд танилцуулав. Хурал үргэлжилсээр мөн дээд шатны сонгуулийн хорооноос асууж тодруулахад сумын сонгуулийн хороо өөрсдөө шийдвэр гаргана хуулийн дагуу нотлох баримт, тайлбар тодруулгаа сайн аваарай гэдэг зүйлийг хэлж байсан. Тухайн өдөр 18 цаг 37 минут хүртэл хэлэлцээд тодорхой шийдвэрт хүрэлгүй гомдол гаргасан Ардчилсан намаас нэмэлт баримт тодруулга авахаар тоот хүргүүлэхээр болж хурал өндөрлөв. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад Ардчилсан намаас тайлбарыг хавсралтын хамт хүргүүлэв.
Гишүүд 100 хувийн ирцтэйгээр хурал эхлэв. С.Х********** юу болж байна гэж асуухаар нь бид бүхэн хуралдаж байна, танд 2012 онд Монгол ардын намаас авсан үнэмлэх байгаа гэсэн, тэр үнэмлэхээ бидэнд өгөөрэй, танд өөр дахиад намын үнэмлэх байгаа юу гэхэд ямар ч үнэмлэх байхгүй ээ гэсэн.
Ирүүлсэн тайлбарыг нийт гишүүддээ танилцуулж баримтуудтай бүгдээрээ танилцаад дараах баримтуудыг үндэслэн:
- С.Х**********ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ардчилсан намаас гарах өргөдлийг,
- 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №10 дугаартай С.Х**********ийг Ардчилсан намын хорооноос намын гишүүнээс чөлөөлсөн тухай албан бичгийг,
- Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн товч мэдээлэлд намын харьяалал Ардчилсан нам, С.Х**********ийн гарын үсэгтэй, хуулбар үнэн дарагдсаныг,
- Нэр дэвшүүлсэн этгээдийн нэр, нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэрийн огноо Ардчилсан нам, 2016.08.28, С.Х**********ийн гарын үсэгтэй, хуулбар үнэн дарагдсаныг,
- Ардчилсан намын хорооноос ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Ардчилсан намын дүрэм нь шат шатны сонгуульд намын гишүүнээр тогтохгүй заавал тухайн шатны намын хорооны гишүүн болсон хүн нэр дэвшдэг болохыг гэдгийг,
- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Галт сумын сонгуулийн хорооны тэмдэглэлийн эхний нүүрт С.Х********** Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Монгол ардын намын даргаас Монгол ардын намд бүртгэлтэй байгаа гэсэн албан бичиг ирүүлсэн байна гэснийг,
- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Галт сумын сонгуулийн хорооны тэмдэглэлийн 2 дахь нүүрт нэр дэвшүүлэх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, намаас гарах өргөдөл нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн байгаа гэдгийг тус тус үндэслэн шийдвэрээ гаргасан. Сумын сонгуулийн хороо 7 гишүүнтэйгээс 6 гишүүн дэмжиж 1 гишүүн татгалзсанаар Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч С.Х**********-ийгтатгалзуулах шийдвэр гаргаж хуралдааныг мөн өдрийн 13 цаг 15 минутад дуусгасан. Эндээс үзэхэд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Монгол ардын намаас гарч Ардчилсан намын гишүүнээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл байсан байна. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг С.Х**********т хүргүүлж гарын үсэг зуруулсан.
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.Х********** нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлснийг тухайн өдөр сумын сонгуулийн хороо 100 хувийн ирцтэй 17 цаг 25 минутад хэлэлцэж эхэлсэн. С.Х**********ийн ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцэж сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж сонгуулийн хорооны гишүүдийн олонхын саналаар баталсан. Дэмжсэн-4, татгалзсан-3 гишүүн байна. Гомдлын хариуг М.Должинжав даргад хүргүүлж гарын үсэг зуруулсан. С.Х**********ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны 2 дахь нүүрт Сонгуулийн хорооны дарга В.Эрдэнэбаяр, сумын Засаг дарга Д.Э********** нар намайг хууль эрхийн дутмагаар нь далимдуулан хуурч мэхлэн миний гараар өөрийн минь эсрэг баримт бүрдүүлсэн гэжээ. Үүнийг уншаад ихэд гайхав. Сонгуулийн хорооны шийдвэр гишүүдийн олонхын саналаар баталгааждаг. С.Х********** ийм асуудлыг 2 дахь удаагаа гаргаж байгаа нь хууль эрхийн мэдлэг дутмаг биш болов уу гэж харагдаж байна гэжээ.
4.2. Хариуцагчийн төлөөлөгч В.Э**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын намын үүрээс С.Х**********тэй холбоотой гомдол ирсэн. Тухайн гомдолд С.Х********** нь 2016 онд Ардчилсан намд элсэж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшиж байсан, Галт сумын Рашаант багийн намын үүрийн 65 дугаарт бүртгэлтэй байдаг, намаас гарах хүсэлтээ ирүүлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол болон Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэл гэх 2 хуудастай 66 хүний нэр жагсаасан гар бичмэлийг хавсаргасан ирүүлсэн байдаг. Уг албан бичиг нь толгойгүй байсан. Энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Уг гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад сонгуулийн хорооны дарга миний бие болон сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г.Чимэдбалсан, сонгуулийн хорооны гишүүн Б.Зулзаяа, сонгуулийн хорооны гишүүн Б.Цэрэнлхам бид 4 хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор сумын сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан. Ингэж хуралдахдаа дээд шатны сонгуулийн хорооноос зөвлөмж авахад уг иргэнээсээ тодруулга, тайлбар авах талаар зөвлөмж өгсөн. Үүнтэй холбоотойгоор сумын сонгуулийн хорооны 7 гишүүдийг цуглуулаад сууж байхад нэхэмжлэгч гаднаас орж ирсэн. Нэхэмжлэгчид Ардчилсан намаас ирсэн гомдлын талаар танилцуулахад нэхэмжлэгч нь би 2016 онд Нэмэн ХХК-ийн захирал намайг Ардчилсан намаас дэр дэвшээч гээд байхаар нь би нэр дэвшсэн боловч намайг Монгол ардын намын гишүүн хүн Ардчилсан намаас нэр дэвшсэн байна гээд сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байсан гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь 2012 онд Монгол Ардын намд элсэж гишүүний үнэмлэх авсан талаараа тайлбарласан. Тэгээд би энэ чинь одоо ямар учиртай юм тухайн үед Ардчилсан намын даргаар ажиллаж байсан н.Эрдэнэхуяг нь одоо сумын Засаг даргаар ажиллаж байгаа шүү дээ та очиж асууж тодруулаач ээ гэж би нэхэмжлэгчид хэлсэн. Үүнтэй холбоотой тайлбараа нэхэмжлэгчийг өгөөрэй гэж хэлээд хурлыг завсарлуулсан. Ингээд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагаас үргэлжлүүлээд хуралдсан. Хурал завсарлах хугацаанд нэхэмжлэгч нь Ардчилсан намаас гарах тухай өргөдөл болон Ардчилсан намаас С.Х********** хүнийг намын гишүүнээс хасах шийдвэрийг албан бичгээр ирүүлсэн.
Ингээд дахин сонгуулийн хорооны гишүүд хуралдаад нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Шийдвэрлэхдээ бид нар аймгийн сонгуулийн хороо болон Сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар зөвлөмж авахад танай сумын сонгуулийн хорооны өөрсдөө мэдээд шийдвэрлэх талаар хэлсэн. Тэгээд бид нарын зүгээс ямар нэгэн толгой байхгүй, тамга тэмдэг байхгүй гар бичвэрт үндэслээд иргэнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргаж болохгүй гэж үзээд Ардчилсан намын үүрийн хороонд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө уг гомдолтойгоо холбоотой нэмэлт нотлох баримтыг ирүүлэх талаар шаардсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутын үед хариу тайлбар болон нэмэлт баримтуудыг ирүүлсэн. Бид нар тухайн өдөр хуралдаад Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл байгаа, хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа. Хурлын протоколын эхний нүүрийг уншихад С.Х********** нь Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа, Монгол Ардын намын даргад намаас гарах тухай хүсэлтээ албан ёсоор өгч намаас гараагүй байгаа гэх. Ингээд 2 дахь нүүрэнд С.Х**********ийн асуудалд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 гэж байгаа юм шиг байна, нэр дэвшүүлэх хугацаа нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг гээд дуусгавар болж байгаа, намаас гарах өргөдөл нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Ингээд бид нар нэхэмжлэгчийг 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшээд, Монгол Ардын нам бол намаас гараагүй, албан ёсоор гарах өргөдлөө өгөөгүй, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн нэр дэвших хугацаа дууссаны дараа өргөдөл ирсэн байна гэх. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Ардын намаас гараад Ардчилсан намын гишүүн хэвээрээ.
Бид нарын зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр сумын Сонгуулийн хорооноос намайг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоолыг гаргахдаа ямар баримтад үндэслэсэн юм бэ гэхээр
С.Х**********ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ардчилсан намаас гарах өргөдөл, Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн товч мэдээлэлд намын харьяалал Ардчилсан нам, С.Х**********ийн гарын үсэгтэй, хуулбар үнэн дарагдсан байгаа, нэр дэвшүүлсэн этгээдийн нэр, нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэрийн огноо Ардчилсан нам, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Х**********ийн гарын үсэгтэй, хуулбар үнэн дарагдсаныг тус тус үндэслэн шийдвэрээ гаргасан. Сумын сонгуулийн хороо 7 гишүүнтэйгээс 6 гишүүн дэмжиж 1 гишүүн татгалзсанаар Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч С.Х**********-ийгтатгалзуулах шийдвэр гаргаж хуралдааныг мөн өдрийн 13 цаг 15 минутад дуусгасан. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 07 дугаартай Нэр дэвшигчийг бүтгэхээс татгалзах тухай тогтоолыг С.Х**********т хүргүүлж гарын үсэг зуруулсан.
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.Х********** нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлснийг тухайн өдөр сумын сонгуулийн хороо 100 хувийн ирцтэй 17 цаг 25 минутад хэлэлцэж эхэлсэн. С.Х**********ийн ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцэж сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж сонгуулийн хорооны гишүүдийн олонхын саналаар батлав. Дэмжсэн-4, татгалзсан-3 гишүүн байна. Гомдлын хариуг М.Должинжав даргад хүргүүлж гарын үсэг зуруулсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ..
2. Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч С.Х**********ийг ...өөр намын гишүүн... гэж үзэн Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс ... 2016 онд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байсан минь тус намд элссэн гэх үндэслэл болохгүй ... 2016 онд намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшихэд Монголын Ардын намын гишүүнийг дэвшүүлсэн байна гэсэн үндэслэлээр хасаж байсан бөгөөд энэ нь намайг Ардчилсан намын гишүүн биш, Монгол Ардын намын гишүүн болохыг нотолсон илэрхий баримт байна... гэж, хариуцагчаас ...сумын Ардчилсан намаас ирүүлсэн гомдлын дагуу сонгуулийн хуралдаанаараа хэлэлцээд Ардчилсан намаас ирүүлсэн нэмэлт тайлбар, хавсаргасан баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан... гэсэн үндэслэлүүдээр тус тус маргажээ.
4. Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 04 дүгээр хавсралтын 16-д (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал) нэхэмжлэгчийг Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна.
5. Гэтэл Хөвсгөл аймгийн Галт сумын Ардчилсан намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид гомдол гаргасан байх бөгөөд гомдолдоо ...нэхэмжлэгчийг 2016 онд Ардчилсан намын хорооны гишүүн болж, Ардчилсан намын үндсэн дүрмэнд заасны дагуу 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, өнөөдрийг хүртэл Рашаант багийн намын үүрийн 65 дугаарт бүртгэлтэй байгаа бөгөөд Галт сумын намын хороонд Ардчилсан намаас гарах тухай хүсэлтээ ирүүлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү гэжээ.
6. Улмаар гомдлын дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хуралдаж нэхэмжлэгч болон Галт сумын Ардчилсан намын хорооноос баримтууд цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэгэнт нэр дэвшигчээр бүртгэсэн атлаа нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.
7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.3-д Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж тус тус заажээ.
7.2. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу аливаа нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч нь өөр намын гишүүн байгаа тохиолдолд түүнийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах бөгөөд нэр дэвшигчээр бүртгүүлэхийн өмнө эсхүл нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа аль ч тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг аймаг, сумын сонгуулийн хороо гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.
8. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 онд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байсан минь тус намд элссэн гэх үндэслэл болохгүй. Миний бие 2012 оноос хойш Монгол ардын намын гишүүн байсан, Ардчилсан намын гишүүнээр элсэж байгаагүй, намын үнэмлэх, батлах байхгүй гэж дурджээ.
8.1. Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д намын гишүүн гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг, 5 дугаар зүйлийн 5.7-д Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж тус тус заасан байна.
8.2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн, тухайн үед тус намын харъяалалтай байсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн С.Х**********ийн гарын үсэг бүхий сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн товч мэдээлэл-ээр (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар тал) тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш тус намаас гараагүй, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс тус намын гишүүнээс чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн Галт сумын Ардчилсан намын хороонд тус намын гишүүнээс гарах хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал), Хөвсгөл аймгийн Галт сумын Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
8.3. Хэдийгээр нэхэмжлэгч нь Монгол Ардын намын гишүүн мөн болохоо нотолсон баримт болох 2623361 дугаар бүхий үнэмлэх, гишүүний бүртгэлээ ирүүлсэн боловч Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд ....намаас гарах өргөдөл нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн байгаа (1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дугаар тал) гэснээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгч нь Монгол ардын намаас гарсан гэж үзэх үндэслэлтэй.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий С.Х**********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Галт сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий С.Х**********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР