| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00631/И |
| Дугаар | 314/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00036
2025 01 20 314/ШШ2025/00036
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ....... хороонд байрлах, “ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 11-01 тоотод оршин суух, 1992 онд төрсөн 32 настай, А,
Хариуцагч: Ө аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 11-01 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 34 настай, Б нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 23393288.31 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХБ” ХК-ийг төлөөлж О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.А нь ХБтай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1110087247 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35000000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Т.Аийн ХБ дахь 5002813231 тоот дансанд 35000000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4861111.10 төгрөг, зээлийн хүүнд 2631901.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10203.33 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1110087247 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 296 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110087247 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22361111.14 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хүү 978977.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53200 төгрөг, нийт 23393288.31 төгрөгийг Т.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Тогоо ХБны нэхэмжилсэн 23393288.31 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус үнийн дүнг сар бүр 4678658 төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн төлж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж тусалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байна. Уг тайлбарт 2025 оны 02 дугаар сараас эхэлж сар бүр 4678658 төгрөг төлөхөөр болсныг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБ” ХК нь хариуцагч Т.А, С.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 23393288.31 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 23393288.31төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ХБ” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 23393288.31 төгрөгийг хариуцагч Т.А төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Аээс 139958 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 279916 төгрөгний 50 хувь болох 139958 төгрөгийг Татварын Ерөнхий газрын 5002620116 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274916 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА