Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баттулгын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1702001050050 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баттулгын А /

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод байхдаа биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.А: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз залуу Бын хамт “Грийн зоне” /Green zone/  нэртэй кафед орсон. Тэнд маш олон хүнтэй байсан учраас тэнд байсан нэг эмэгтэйн хамт тамхи татахаар гарсан. Би улаан өнгийн “боро” /Boro/, тэр эмэгтэй ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд татаж эхэлсэн. Би ямар нэртэй тамхи вэ гэж асуухад өвс гэж мэддэггүй юм уу?, сэтгэл санаа тайвшруулдаг, чи сорж үзэх үү гэсэн. Тэр зүйлээс нэг удаа сороход хоолой гашуун оргиулаад муухай байхаар нь буцааж өгсөн. Тэгээд ойр зуурын юм ярьж байхад нөгөө эмэгтэй цагаан өнгийн хуванцар савтай зүйл надад өгөөд дараа татаж үзээрэй гэж хэлсэн. Гэртээ очсоны дараа би тамхины доторхыг гаргаж байгаад нөгөө эмэгтэйн өгсөн цагаан савтай өвснөөс хийсэн. Тэр зүйлийг Б сорж үзээд үнэрийг нь гайхаад дэмий зүйл байна гээд цонхоор гаргаад шидсэн, үлдсэнийг нь би халаасандаа хийсэн. Тухайн үед бид хоёр хоорондоо маргалдсан учраас Бавуу гуай цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр очсоны дараа эмэгтэй цагдаа миний бүх хувцасыг тайлж үзлэг хийх үед нөгөө хуванцар савтай зүйл гарч ирсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө найз охины хамтаар Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод гэртээ очсон. Гэрт орсны дараа А бэлэн тамхины доторх тамхийг гаргаад оронд нь хайрцагтай өвс мэт зүйлийг гаргаж тамхи байх хэсэгт нь хийгээд асааж өөрөө 2-3 удаа сорж хэрэглэчихээд надад өгөөд, үүнийг сороод үздээ тайвшруулж сэтгэл санаа сэргээж гоё болгодог гэж хэлэхээр нь би сорж үзэхэд ямар ч тамхины амт үнэр байхгүй, хоолой гашуун оргиод муухай байхаар нь цонхоор гаргаад шидчихсэн. Агаас ямар учиртай зүйл болох талаар асуухад Грийн зоне /Green zone/-ий гадаа гарах үед үл таних эмэгтэй өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь танихгүй хүнээс юм аваад байхдаа яадаг юм бэ? гээд уурлаад, бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Үүнийг манай аав сонсоод цагдаад дуудлага өгсөн байна лээ. Удалгүй хоёр цагдаа орж ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч Э.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод “согтуу хүн агсам тавиад хоорондоо хэрэлдэж, маргалдаад байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ахлагч Л.Адилбаатарын хамтаар  гэрт нь очиход дуудлага өгсөн гэх эрэгтэй хаалга тайлж өгөөд дотогш ороход Б гэх залуу найз хүүхэн Атай маргалдаж, өөрийнхөө мөнгийг хулгайлсан гэж байсан тул Б, А хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Быг эрүүлжүүлэх байранд оруулж, Аг хамт эрүүлжүүлэх байр руу оруулах үед ижил хүйсийн албан хаагч Бүзмаагаар биед нь үзлэг хийлгэхэд  өмднийх нь дотор талаас цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл гарч ирсэн...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Гэрч Л.Адилбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 04-05 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод “согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага ирсний дагуу очиход Б гэх залуу найз хүүхэн А гэх эмэгтэйдээ агсам тавьж, хоорондоо мөнгөний хэрүүл хийж Аг өөрийнхөө мөнгийг хулгайлсан гэж байсан тул тэр хоёрыг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Б.Агийн биед ижил хүйсийн албан хаагч Бүзмаагаар үзлэг хийлгэхэд өмднийх нь дотор талаас нь цагаан өнгийн хуванцадр савтай ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл гарч ирэхээр нь юу болох талаар асуухад “Би хар тамхи хэрэглэдэггүй” гэх зэрэг хариулт хэлэхээр нь илтгэх хуудас болгон танилцуулж, гомдол мэдээллээр шалгуулахаар болсон...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч Д.Бавуу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үүрийн 03-04 цагийн үед хүү Б, түүний найз охин А нар хоорондоо өндөр дуугаар маргалдаад, гэрээс архи үнэртээд байх шиг байхаар нь цагдаа руу залгаж “гэрт хүмүүс унтуулахгүй, маргалдаж, шуугилдаад амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирж Б, А хоёрыг аваад явсан. Өөр зүйл мэдэхгүй...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой найз залуу Бын хамтаар Грийн зоне /Green zone/ нэртэй кафед сууж байгаад тамхи татахаар гарч булан тойрох үед үл таних эмэгтэй надаас гал асуухаар нь өөрт байсан асаагуурыг өгсөн. Тэр эмэгтэй цаасанд ороосон тамхи мэт зүйл гаргаж ирээд асааж татаад, намайг татах уу гэхээр нь нэг удаа сороход хоолой гашуун оргиод амт нь гашуун байхаар нь буцаагаад өгсөн. Тухайн эмэгтэй үүнийг өвс гэдэг татахаар тайвширдаг гээд хуванцар савтай ногоон өнгийн өвс мэт зүйлийг өгөөд гэртээ очоод тухтай татаж үзээрэй гэж хэлэхээр нь би санаанд оролгүй аваад халаасандаа хийсэн. ...Бын гэрт очсоныхоо дараа би нөгөө эмэгтэйгийн өгсөн өвс гэх зүйлийг гаргаж бэлэн тамхины оронд хийгээд асааж өөрөө татаад Бод өгөхөд нэг удаа сорж үзээд амт үнэрийг нь муухай гашууныг нь гайхаад цонхоор гаргаж хаясан. ...Би цагдаа явах үедээ хуванцар савтай өвс гэх зүйлийг өмднийхөө халаасанд хийгээд аваад явсан байсан тул очсоныхоо дараа тухайн зүйлийг надаас эмэгтэй цагдаагийн албан хаагч гаргаж авсан...” /хх-ийн 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №9128 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээд ирүүлсэн “Б.Агийн авч явсан хуванцар савтай эд зүйл” гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.   

2. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 31-32/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №914 дүгээр дүгнэлтэд: “... Дүгнэлт 1. Б.А урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үед буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.А нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.А нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Б.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Б.А нь сэтгэц нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-ийн 41-42/ гэсэн дүгнэлтүүд,

- Илтгэх хуудас /хх-ийн 3/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтох зорилгоор тестээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-9/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12-15/,

- Монгол Улсын Олон улсын гэрээ, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 119-124/,

- Шүүгдэгч Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-ийн 79-80/,

- Шүүгдэгч Б.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 83, 85-91/ зэрэг болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод байхдаа биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Бын “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө найз охины хамтаар гэрт орсны дараа А бэлэн тамхины доторх тамхийг гаргаад оронд нь хайрцагтай өвс мэт зүйлийг гаргаж тамхи байх хэсэгт нь хийгээд асааж өөрөө 2-3 удаа сорж хэрэглэчихээд надад өгөөд, үүнийг сороод үз дээ, тайвшруулж, сэтгэл санаа сэргээж, гоё болгодог гэж хэлэхээр нь би сорж үзэхэд ямар ч тамхины амт үнэр байхгүй, хоолой гашуун оргиод муухай байхаар нь цонхоор гаргаад шидчихсэн. Агаас ямар учиртай зүйл болох талаар асуухад Грийн зоне /Green zone/-ий гадаа гарах үед үл таних эмэгтэй өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 20-21/ гэсэн,

Гэрч Э.Энхбаатарын “...Б гэх залуу найз хүүхэн Атай маргалдаж, өөрийнхөө мөнгийг хулгайлсан гэж байсан тул Б, А хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Быг эрүүлжүүлэх байранд оруулж, Аг хамт эрүүлжүүлэх байр руу оруулах үед ижил хүйсийн албан хаагч Бүзмаагаар биед нь үзлэг хийлгэхэд  өмднийх нь дотор талаас цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл гарч ирсэн...” /хх-ийн 22-23/ гэсэн,

Гэрч Л.Адилбаатарын “...Б.Агийн биед ижил хүйсийн албан хаагч Бүзмаагаар үзлэг хийлгэхэд өмднийх нь дотор талаас нь цагаан өнгийн хуванцадр савтай ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл гарч ирэхээр нь юу болох талаар асуухад “Би хар тамхи хэрэглэдэггүй” гэх зэрэг хариулт хэлэхээр нь илтгэх хуудас болгон танилцуулж, гомдол мэдээллээр шалгуулахаар болсон...” /хх-ийн 24-25/ гэсэн, 

Шүүгдэгч Б.Агийн  “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой ...үл таних эмэгтэй цаасанд ороосон тамхи мэт зүйл гаргаж ирээд асааж татаад, намайг татах уу гэхээр нь нэг удаа сороход хоолой гашуун оргиод амт нь гашуун байхаар нь буцаагаад өгсөн. Тухайн эмэгтэй үүнийг өвс гэдэг татахаар тайвширдаг гээд хуванцар савтай ногоон өнгийн өвс мэт зүйлийг өгөөд гэртээ очоод тухтай татаж үзээрэй гэж хэлэхээр нь би санаанд оролгүй аваад халаасандаа хийсэн. ...Би цагдаа явах үедээ хуванцар савтай өвс гэх зүйлийг өмднийхөө халаасанд хийгээд аваад явсан байсан тул очсоныхоо дараа тухайн зүйлийг надаас эмэгтэй цагдаагийн албан хаагч гаргаж авсан...” /хх-ийн 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны № 9128 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээд ирүүлсэн “Б.Агийн авч явсан хуванцар савтай эд зүйл” гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.  

2. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 31-32/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №914 дүгээр дүгнэлтэд: “... Дүгнэлт 1. Б.А урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...9. Б.А нь сэтгэц нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-ийн 41-42/ гэсэн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.А нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүх, шүүгдэгч Б.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Б.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдлыг харгалзан, прокурорын санал болгосноор Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар сав 1 ширхэг, 0,7 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттулгын Аг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Баттулгын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 02 жилийн хугацаанд Б.Ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Ад анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн хуванцар сав 1 ширхэг, 0,7 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 1702001050050 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР