Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/487

 

   

 

Б.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ц.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Над холбогдох 2311000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн

тоотод оршин суух,   

Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Бын ажлын байранд урьд худалдан авсан гар утасны асуудлаас үүдэн харилцан маргалдаж, улмаар биед нь гараараа цохих, мөргөх, өшиглөх үйлдлийн аргаар халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 600 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хэргийн бодит байдлыг гэрчлэх камерын бичлэгийг өмгөөлөгч миний бие болон иргэн Б.Н бид олж гаргаж өгч хэргийн мөрдөлт шалгалтад бодитой туслалцаа үзүүлсээр байхад мөрдөгч, прокурор, шүүгч нар нухацтай авч үзэлгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлт гэх зөрчилтэй ганц баримтад сохроор итгэж байгаа нь хэргийг буруу шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Монгол Улсад гэм буруугийн талаарх хэргийг шалгах мөрдөгчийн ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шүүлт орчин үеийн технологийн дэвшлээс илтэд хоцрогдсон, түүнээс ангид, бүдүүлэгдүү, баримжаалсан маягтай болсоны бодит жишээ нь энэхүү хэрэг боллоо гэж өмгөөлөгч би үзэж байна.

Орчин үед сумо болон жү-до бөх, бүх төрлийн спортод ч энгийн үйлдлийг шалгах, хянах, шүүлтэд технологийн дэвшлийг ашиглах болсон шүү дээ.

Гэтэл энэхүү хэргийн хувьд мөрдөгч нь хэрэг болсон газрын үйл явдлыг гэрчлэх камерын бичлэгийг ч аваагүй, зөвхөн хохирогч гэх хохироогч этгээдийн мэдүүлгээр л мөрдөлтийг дуусгаж хэргийг прокурорт шилжүүлэх гэж байсан.

Харин өмгөөлөгч миний бие иргэн Б.Нын хамт хэргийн газрын камерын бичлэгийг олж мөрдөгчид 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гарган өгч хүсэлт гаргаснаар хохирогч гэх Ц.Бын буруутай үйлдэл байгааг тогтоож түүнд зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн шийтгэл оногдуулсан болно.

Гэвч мөрдөгч камерын бичлэгт буй үйл явдлыг нарийвчлан /удаашруулж/ үзэлгүйгээр зөвхөн уг бичлэгийг хальт гүйлгэж харах байдлаар үзлэгийн тэмдэглэл гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байдаг нь хэргийн бодит байдлыг сайн шалгаж тогтоох техникийн боломж байсаар байхад түүнийг ашиглалгүй, дэндүү хайнга хандсаны илрэл юм.

Хяналт тавьж ялласан прокурорын хувьд ч ялгаагүй Б.Над эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 2-нд үйлдсэн байдаг ба хэргийн бодит байдлын талаар маш чухал нотлох баримт болох “камерийн бичлэгийг олж гаргаж өглөө, үүнд болон гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд анхаарлаа хандуулна уу” гэж гомдол гаргасаар байхад мөн л дээрх камерын бичлэгийг огт удаашруулж үзээгүй болно.

Шүүх хуралдаанд камерын бичлэгийг удаашруулж харах хүсэлт гаргасаар байхад шүүхийн зүгээс үйл явдлыг удаашруулж ч харах техникийн боломжгүй гэж хээв нэг шүүх хурал дээр хэлж чадаж байна шүү дээ.

Үнэхээр харамсалтай. Тэр бичлэгээс цаана нь хүний ялтан болох эсэх хувь заяа нь байгаа гэдгийг ч огт бодохгүй, тооцохгүй, нэг л их хүнийг ялтан болгож ажлаа дуусгах гэсэн хүмүүс.

Ийм мөрдөгчтэй, прокурортой, шүүгчтэй бид яана даа. Манай хуулийн байгууллага, шүүх технологийн дэвшлээс үнэхээр ангид, үнэхээр хоцрогдсон байна.

Захын хэн нэг хүүхэд л тэр бичлэгийг гар утаснаасаа удаашруулаад харчих үед бид амьдарч байна шүү дээ одоо.

     2. Тогтоолын шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хэсэгт “шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Бтай маргалдаж эрүүл мэндийн эсрэг халдаж гараараа нүүрэн тус газар цохисон, мөн өшиглөх, мөргөх зэрэг үйлдлүүд нь ... өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн ... гэм буруутай үйлдэл гэж дүгнэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, илэрхий өрөөсгөл дүгнэлт байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлаж хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, хяналтын прокурор, шүүгчийн үүрэг мөн.

Камерын бичлэг бол болсон үйл явдлыг бодитоор харуулахаас гадна иргэн Б.Нын 2-3 секундын хугацаанд хийсэн үйлдэл нь бусдад гэмтэл учруулсан уу гэдгийг тодорхойлох маш чухал баримт мөн.

Камерын бичлэгт хохирогч гэх Ц.Б нь 8,4 минутын бичлэгийн 8 минут гаруйд нь иргэн Б.Ныг дарамталж боох, үсдэх, дарах, цохих, явах гэхээр нь буцааж барьж авч татан явуулахгүй байх, цүнхийг нь булаах үйлдлийг олон удаа хийсэн байдаг.

Иргэн Б.Н эцэст нь удаан хугацаанд дарамтлуулснаас шалтгаалан сэтгэл санаа нь цочрон давчдаж нэг удаа мөргөх, 2 удаа өшиглөх, 2 удаа гараар цохих үйлдлийг үзүүлсэн байдаг.

Зөвхөн энэ үйлдлүүд нь л иргэн Б.Ныг шүүгдэгч болгосон.

Гэвч камерын бичлэгийг удаашруулж үзвэл иргэн Б.Нын дээрх үйлдлүүд нь иргэн Ц.Бт гэмтэл учруулахуйц, биед бодитой хүрэлцсэн, хүч үйлчлүүлсэн үйлдэл болоогүй байдаг.

Камерын бичлэгийг удаашруулж үзэхэд:

Б.Нын мөргөлт хохирогчийн хамарт огт хүрээгүй, Ц.Б толгойгоо баруун эргүүлэх хөдөлгөөн хийснээс зүүн хацрын шанааг шүргэсэн байдалтай, Ц.Б нь Б.Ныг татаж өөрөө арагшаа сууж унасан үед хийгдсэн Б.Нын хоёр удаагийн өшиглөлтийн нэг нь Ц.Бт огт хүрээгүй хий өшиглөлт, нөгөө нь эрүү, уруулын хэсгийг шүргэсэн байж болзошгүй.

Яагаад гэвэл энэхүү бичлэгийн төгсгөлд Ц.Б босч яваад уруулаа шилэмдэж шүлсээ хаяж байснаас ийнхүү болзошгүй гэсэн бөгөөд гэмтэл учруулахуйц байж болох хүрэлцсэн зөвхөн энэ л үйлдэл байгаа болно.

Харин Б.Нын гарын хоёр цохилт нэг нь Ц.Бын бугуйн хаалтанд орж түүний зүүн шанааны хажуу талаар хий өнгөрч, нөгөө нь түүний баруун шанааны хажуу талаар хий өнгөрсөн болох нь харагдана.

Харамсалтай нь мөрдөгч, прокурор, шүүх бичлэгийг ийм хүсэлт тавьсаар атал удаашруулж хараагүй, харахыг ч хүсээгүй, харах техникийн боломжгүй байна гэсэн шалтаг тавьсаар хэргийг ердийн харааны түвшинд, зөвхөн үйлдэл хийж байгаа харагдах байдалд нь өнгөцхөн дүгнэлт хийж, гэм буруугийн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймээс давж заалдах шатны шүүхийн зүгээс хэргийн бодит баримт болох камерын бичлэгийг өөрийн санаачлагаар болон өмгөөлөгч миний хүсэлтээр машид удаашруулан үзэж үйлдэл нь бодит хохирол учруулах боломж хэр байсныг тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгож байна.

     3. Тогтоолын “гэм буруугийн талаар” хэсэгт ... үйлдлүүд нь ... идэвхитэй үйлдэл, бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул ... гэм буруугийн “санаатай” хэлбэртэй гэж үзсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь:

Б.Нын үйлдэл нь хохирогч Ц.Бын зүгээс Б. Ныг дуудан ирүүлж зодооныг өөрөө санаачлан эхлүүлж бүтэн 8 минут гаруй хугацаанд түүнийг заамдаж хоолой боох, үсдэж татах, боож унагах, цохих, түлхэх, цүнхийг нь булаах, явах гэхэд нь явуулахгүй хорьж татах чангаах зэргээр дарамтлан хүч хэрэглэсэн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь Б.Ныг сэтгэл санаа цочрон давчдахад хүргэж хариу үйлдэл үзүүлсэн үйлдэл гэдэг нь камерын бичлэгээс туйлын тодорхой ойлгогдохоор байгаа.

Хохирогч Ц.Болбаатарын зодоон үүсгэсэн шууд санаа зорилго нь Б.Нын цүнхийг нь булаах дээрэмдэхэд чиглэж байсан гэмт хэргийн шинжтэй байсан гэдэг нь камерын бичлэгээс ч, шүүх хуралдаанд өмгөөлөгч миний тавьсан асуултад Ц.Бын хариулсан хариултаас ч тодорхой байхад шүүх үүнийг огт анхаараагүй байна.

Ийм илэрхий бодит баримттай зүйл дээр шүүх ингэж буруу дүгнэж, ямар хэрэг дээр ч юм бүү мэд хэрэглэж байсан жижүүрийн хэдэн үгийг давтсан байгааг шүүх ажлаа зүй ёсоор хийж чадахгүй байгаагийн илрэл гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүх камерийн бичлэгийг удаашруулж үзэх өмгөөлөгч миний саналын үл хайхарч муйхарласантайгаа адил хохирогчийн буруутай хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн үйлдэл гэдэг нь илэрхий, бүр үйлдэлдээ зөрчлийн шийтгэл хүлээсэн байхад энэ талаар тогтоолд ганц ч үг өгүүлбэр оруулаагүй байна.

Шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд авч үзэхэд энэ хэрэгт огт нийцэхгүй байгааг шууд хэлмээр байна.

Зодоон санаачилсан, үргэлжлүүлсэн, түүнийг зогсоох гэсэн шүүгдэгчийн үйлдлийг эсрэгээр нь ашигласан этгээд нь хохирогч Ц.Б болох нь бичлэгээс тодорхой байхад шүүгдэгчийг хэргийг хүсч үйлдсэн гэж дүгнэж яаж чадаж байна гэж үнэндээ гайхаж байна.

Б.Н харин маш их тэвчээртэй, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрмэлзлэлтэй, маш сайн залуу юм гэдэг нь нь ч камерын бичлэг дээрх үйлдлээс бас харагдана.

     4. Тогтоолын тогтоох хэсгийн 7-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэжээ.

Хохирогч Ц.Бт шүүх ийм том эрх олгосон нь шүүгдэгчид энэ хянаж байгаа хэргийн учрыг өчүүхэн ч олоогүй яваа хөөрхий прокуророос гадна бас нэг шүүгч гэсэн яллагч гарч ирсэнийг харуулж байна.

Ийм бусармаг байдлыг энэ хэргийн хувьд өмгөөлөгчийн би эрс эсэргүүцэж байна.

Ямар нэгэн хугацаагүй, хэмжээ хязгаарлалтгүй, юу ч юм баримт бүрдүүлээд шүүхээр шүүгдэгчийг эдийн засгийн хувьд дарамтлах боломж олгож байгаа ийм эрхийг шүүх хамаа замбараагүйгээр хохирогч гэх хохироогч этгээдэд олгож байгааг үнэхээр шударга бус, хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ.

Хохирогч Ц.Б гэгч этгээд хамраа /өмнө нь үнэр мэдэрдэггүй, хугархай хамартай гэдгээ ярьдаг, тийм гэдгийг нь ч олон хүмүүс мэддэг юм байна лээ” хэзээ ч гэмтээсэн юм билээ, дахин хэзээ ч гэмтээх юм билээ бүү мэд байгаа ийм нөхцөлд ирээдүйд үүсч болзошгүй гэх хохирлыг нэхэмжлэх тийм том эрхийг шүүхээс хохирогч Ц.Бт олгож байгаа нь үнэхээр зохисгүй юм.

Хамрын гэмтэл бол үнэндээ гавал ясны нэг хэсэгт үйлчилж байгаа, хууль тогтоомжоор бол хүнд гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл бөгөөд энэ гэмтэл нь энэ маргааны үед үүссэн үү үгүй юу гэдгийг шинжээчийн дүгнэлт нотлохгүй.

Өмнө нь тухайн этгээдэд үүссэн байсан гэмтлийг тухайн үед үүссэн мэтээр дүгнэлтэд тусгах нь ч үндсэндээ гэмт хэрэг мөн гэж харж байгаа.

Учир нь камерын бичлэгийг удаашруулж үзсэнээр ийм гэмтэл учруулахуйц үйлдэл хийгдээгүй гэдэг нь харагдана.

Хэргийн бичлэгийг удаашруулж үзэхэд хамарт хүрсэн үйлдэл огт байхгүй нь харагддаг.

Иймээс тогтоолоор олгосон энэ эрхийг шууд хүчингүй болгох ёстой гэж үзнэ.

     5. Өмгөөлөгч миний хувьд энэхүү хэргийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж олон нийтээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа ч шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээнэ.

Иймээс энэхүү давж заалдах гомдол, түүний үндэслэлд анхааралтай хандаж энэ хэргийг бүхэлд нь хянан үзэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн. Бичлэгт Б.Н нь хохирогчийн биед халдаж байгаа үйлдэл тогтоогдсон. Мөн гэрч Хосбаярын мэдүүлгээр “нүүрэн тус газар нь өшиглөсөн” болох нь тогтоогдсон. Камерын бичлэгийг харахад нүүрэн тус газар нь хүрээгүй болох нь харагдаж байна гэдэг боловч энэ нь үндэслэлгүй байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг ярьж байна. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ “цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй” гэж дурдаж өгсөн. Энэ талаар хуульд тодорхой заасан. Цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хүний эрхийг хангаж байна. Цаашид гарах зардлыг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Над холбогдох 2311000000009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Бын ажлын байранд урьд худалдан авсан гар утасны асуудлаас үүдэн Б.Н, Ц.Б нар нь харилцан маргалдаж, улмаар Б.Н нь Ц.Бын биед гараараа цохих, нүүрэн тус газар руу нь мөргөх, өшиглөх байдлаар халдсаны улмаас Ц.Бын эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл...” гэсэн хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь;

хохирогч Ц.Бын: “...Н манай ажил дээр ирэхээр нь түүнийг ялтастай гар утсаа ав гэж хэлтэл миний зарсан гар утас биш байна гээд бид 2 маргаан үүссэн. Ингээд бид 2 зууралдаж барьцалдаад 5-10 минут болж байтал Н газар унахаар нь түүний хувцаснаас нь татаад босгоод иртэл Н шууд миний нүүрэн хэсэг рүү мөргөсөн ба тэр үед нь би хойшоо саваад унатал миний нүүр лүү 2 удаа 2,3 удаа хөлөөрөө өшиглөөд гараад явчихсан. ...Наас өөр хүн цохиж, зодоогүй, ...эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлээгүй, цаашид хамарт эмчилгээ хийлгэмээр байгаа юм...” /хх-ийн 14, 16/,

гэрч Н.Хосбаярын: “...Намайг ороход Болбаатар ах Нын хамт байсан ба тэр 2 хоорондоо гар утаснаас болж маргалдаж, хэрэлдэж байсан. Тэгээд хэсэг байж байснаа Б ах босож ирээд Н руу дайраад байсан. Харин Н нь ярилцаад учраа олъё гэж хэлж байх шиг байсан. Тухайн үед би дундуур нь орж салгах гэсэн боловч Б ах би энийг цохихгүй чи цаанаа байж бай гэж хэлснээ Ныг боож унагаагаад алгадах шиг болсон ба алгадаад хувцаснаас нь чангааж босгож ирэхэд, Н нь босож ирээд Б-н нүүр лүү нь мөргөсөн чинь Б баруун чигт газар унасан, унасны дараа Н Бын нүүр лүү нь нэг удаа өшиглөх шиг болохоор нь би очоод салгатал Н гараад явсан юм. Б нүүр лүү нь ганц 2 удаа алгадсан, мөн түүнийг заамдаж унагаасан, гэмтэл учруулахаар чанга цохиж харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн18/,

Ц.Бын ажлын байрны камерт хэрэг болсон цаг хугацаан дахь үйл явдлыг харуулж буй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11/,

хэрэг болсон цаг хугацаан дахь үйл явдлыг харуулж буй хяналтын камерын бичлэг: “…цэнхэр өнгийн малгай, ягаан өнгийн цамцтай эрэгтэй (Ц.Б)-г нүдний шилтэй, хар хувцастай эрэгтэй (Б.Н) нүүр рүү нь мөргөж газарт унагаагаад, үргэлжлүүлэн баруун хөлөөрөө хөлний өвдөг орчимд 1 удаа, зүүн хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөөд, баруун гараараа нүүр рүү нь цохих, үснээс татах үйлдэл хийж, дараа нь зүүн хөлөөрөө мөр орчимд 1 удаа өшиглөж, баруун хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа хий өшиглөж байв. ..." /хэрэгт хавсаргасан СиДи/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16521 дугаар: “...1. Ц.Бын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Нын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулж, холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Бын нүүрэн тус газар руу мөргөх, цохих, өшиглөх зэргээр халдсан үйлдлийн улмаас Ц.Бын эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд заасан “...хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл...” гэсэн хөнгөн хохирол учирсан байх тул Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...толгойн зураг авахуулсан, шүдний эмчилгээ хийлгэсэн. ...Цаашид хамарт эмчилгээ хийлгэж байгаад хохирол нэхэмжлэх болно...” /хх 16/ гэж мэдүүлсэн боловч энэ талаархи нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхээс хохирогч Ц.Бын эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх Б.Над торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт нь тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Чинбатын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

                ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ