Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/504

 

                                                             С.Ү-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч Т.Г, А.Б,

шүүгдэгч С.Ү, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Г, А.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.Ү-д холбогдох 2203 00361 0381 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-н Ү, ....................., ял шийтгэлгүй, /РД: .........../;

Шүүгдэгч С.Ү нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Зүрх” уулын замд “Тоёота альпард” загварын ...... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ургаа мод мөргөж зорчигч Ц.С, А.Б, Т.Г, О.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Г, У.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: С.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт С-н Ү-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ү-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ү нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-г эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч С.Ү нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Ү-н №1.... дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ү-с хохирлын 4.515.799 төгрөгийг гаргуулан хохирогч А.Б-т, 2.507.315 төгрөг хохирлыг гаргуулан хохирогч Т.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Г, А.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4.635.800 төгрөгийг шүүгдэгч С.Ү-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Г, А.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тухайн осол болохын урьд өдрүүдэд эхнэр А.Б бид 2 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хөөцөлдөн ажлаараа орж гарч, хүмүүстэй уулзаад маш завгүй байхад түрээслэгчид, ажил гүйцэтгэгч нар маань “хэдүүлээ агаар салхинд гаръя” гэж яриа гарах үед эхнэр, бид хоёр “наадмын дараа болъё” гэж хэлсэн боловч ослын өмнөх өдрийн орой С.Ү утасдаад “бид ярилцаад сууж байна” гэхээр нь “бид 2 очиж байгаад ярилцъя” гээд орой ажил дээрээ очиход тэд “шийдвэрээ гаргачихсан, маргааш өглөө явахаар боллоо” гэхээр нь бид хүндэтгээд зөвшөөрсөн. Бид 2022 оны 6 дугаар сарын 29-ний өглөө салхинд гараад 18 цаг болж бүгд буцахаар болоход С.Ү нь хөл дээрээ ч зогсож чадахгүй шахам байж “эзэн нь юмаа мэддэг юм” гээд миний нүүрийг мангасдаж түлхээд машиндаа орж суугаад яах ийхийн зуургүй хурдтай давхиж мод мөргөөд, огцом ухарч дахин хурдтай үйлдлийг 2 дахь удаагаа хийж осол гаргасан. Бид орилохоос өөр юм хийж чадаагүй бөгөөд нэг мэдсэн бид эмнэлэгт хүргэгдсэн байсан. Уг ослыг согтуугаар, санаатайгаар, зориуд /ямар ч бороо ороогүй үед/ 2 удаа үйлдэл хийж 6 хүнийг гэмтээчихээд байхад түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх эхнэр А.Б-н нэхэмжлэлээс дахин хагалгаанд орох зардал болох 3.000.000 төгрөгийг хассан бөгөөд шүүх хуралдаан болсны 2 хоногийн дараа буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дахин хагалгаанд орсон тул 2.764.000 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Үүнтэй холбоотой бусад зардал болох эм, тариа, тосонд 1.490.181 төгрөг, цэвэрлүүлэх гэж явахдаа таксины зардалд 239.460 төгрөг зарцуулсан, дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү.

Түрээсийн төлбөр болох 13.662.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа цуглуулж жич нэхэмжил гэснийг зөвшөөрөхгүй тухайд:

Бид 23 жил үсчингээр ажиллаж, олон улсын тэмцээнд оролцож мастер үсчингүүд болсон төдийгүй, өвчтэй байх 4 сарын хугацаанд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй түрээслэдэг объектоо алдахгүйн тулд 4 сарын түрээсийн төлбөрийг “Монфа трейд” ХХК-ийн захирал Д.Цэ-тэй 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Талбайн түрээсийн гэрээ”-ний 2.1-т зааснаар төлсөн.

 Тухайлбал, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3.415.500 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3.415.500 төгрөгийг компанийн 5116003120 данс руу, үлдсэн төлбөрөө төлөхийн тулд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.Болд гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлж аваад мөн өдрөө түрээслүүлэгч компанийн ХААН банкны 5116003120 данс руу /гүйлгээний утга нь 9, 10 сарын түрээс гэсэн/ 6.831.000 төгрөг шилжүүлсэн баримт ч хэрэгт байгаа болно. Үүнийгээ нотлохын тулд хэрэгт ХААН банкны депозит дансны хуулгыг хавсаргаж өгсөн. Бүх баримт хэрэгт авагдсаар байхад ингэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Олох ёстой байсан орлого болох 7.371.709 төгрөгийг нэхэмжилсэн тухайд:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдад учруулсан гэм хорыг арилгахдаа “...хохирогчийн дутуу авсан цалин хөлс болон асарч сувилсан зардлыг хохирогчид зайлшгүй төлөх үүрэгтэй” гэж заасан. Бид 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр осолд орсон. Осолд орохоос өмнөх 4 сарын орлогоо нотолж дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс осолд орсноос хойшхи 3 сарын хугацаанд олсон орлогоо хасаж, тэрний зөрүүгээр нь олох ёстой байсан орлогоо тодорхойлсон болно. Иймд хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

Empire эмнэлгийн эмчилгээнд зарцуулсан 480.000 төгрөгийг нэхэмжилсэн тухайд:

Хэрэгт авагдсан тус эмнэлгийн тодорхойлолтоос гадна карт уншуулсан баримт хэрэгт байгаа бөгөөд шүүх он, сар, өдөргүй гээд хассан. Гэтэл тодорхойлолтод “Г нь 2022 оны 8 сарын 18-ны өдөр тус эмнэлэгт үзүүлэхдээ авто машины ослоос үүдэлтэй бүх шүднүүд мэдэрч 35-р бага араа босоо чиглэлээр хугарсан байдалтай ирсэн” гэж цаг хугацааг тодорхойлсон байхад хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна.

Т.Г миний бие шүүх энэ хэргийг буцаахаас өмнө алдсан гар утсаа, мөн зээлийн гэрээгээр Болд гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлсэн баримтуудаар нэхэмжилсэн баримтаа өгсөн. Энэ хохирлыг хэрэгсэхгүй болгохдоо “энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй” гэж үзсэнд гомдолтой байна. Тэгвэл намайг үнэхээр тухайн осол гарах үед гар утастай байсан эсэхийг шалгаагүй байж ингэж дүгнэж болохгүй. Осол болоод 2 гар, эгэм, өвчүү хугарчихсан, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт сахиж байсан дүү маань өөрийнхөө утсаар эхнэртэй минь холбогдсон гэдэг. Иймд утасны 850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Зээлээр авсан 7.000.000 төгрөгөө юунд зарцуулснаа гомдлын 5 дахь хэсэгт тодорхой бичсэн тул эдгээр хохирлыг хангаж өгнө үү. Манай бүх үсчин гэмтсэн, ажиллах хүч байгаагүй. Гэмтээгүй ганц хүн нь С.Ү, тэр ч ажиллаагүй. Тийм учраас түрээсээ төлөхийн тулд зээл авахаас өөр арга байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж А.Б, Т.Г бидэнд учирсан гэм хорын хохирлыг арилгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие одоогоор уут дүүрэн эм ууж, байнга тариа хэрэглэж байна. Бие маань эрүүл саруул, хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан. С.Ү миний амьдралаар тоглосон, маш их гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Би хотоос гараагүй гурван жил болж байна. Гэтэл С.Ү-д Улаанбаатар хотоос 1 жил гарч болохгүй гэсэн ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг гарснаас хойш манай гэр бүлийн эрүүл мэндийн болоод санхүү байдал маш хүнд болсон. Хувийн дансанд байсан хэдэн төгрөгөө ч барсан. Эхнэрийн маань хамар цаашаагаа цөмөрч, хавирганууд нь хугарсан. Миний хоёр гар гипстэй байсан учраас хүнээр ам руугаа хоолоо хийлгэдэг. Одоо миний хоёр гар битүү төмөртэй. Хөдөлмөрийн чадвараа алдсан, өрөнд орж, дампуурлын нөхцөл байдалтай байна. Хамт ажиллаж байгаа үсчин найзууд маань бүгд хүндэвтэр гэмтэлтэй болсон. Би амьдралаа залгуулахын тулд хүнээс мөнгө зээлж, түрээсээ төлж, арайхийж голоо зогоож байна. Бид түрээсийнхээ мөнгийг нэхэмжилж С.Ү руу удаа дараа залгахад “мөнгө хайж байна, өгнө” гэж хэлсээр байгаад өдий болгосон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө дүр эсгэж 1.000.000 төгрөгийг эхнэрт маань өгч, хохирлын талыг нь барагдуулсан гэж хэлдэг. Би зүгээр байгаа хүнээс мөнгө нэхэмжлээгүй. Амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас гомдолтой байна. ... 7 сараас 10 дугаар сар хүртэл түрээс төлсөн нийт 13.661.000 төгрөг, такси үйлчилгээний төлбөр 239.460 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд олдсон мөнгөө хохирогч нарт өөрийн боломжоор өгч байгаа. Энэ хугацаанд миний эцэг нас барж, нөхөр минь нурууны хагалгаанд орсон. Хохирогч нар “мөнгө өгөхгүй байна” гэж хэлж байна. Миний амьдрал баян биш гэдгийг хохирогч нар ойлгохгүй байна. Тухайн үед би буруугаа хүлээсэн. Хохирол, төлбөрөө төлж байгаа. Хохирогч нар надаас илүү мөнгө нэхэж байгаад нь гомдолтой байна гэж хэлсэн. Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хохирлын мөнгийг төлж дуусгана. ...” гэв.

Шүүгдэгч С.Ү-н өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Ү гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Зөвхөн шүүгдэгч С.Ү-н буруу биш, бүгдээрээ архи уусан. Хамгийн гол нь зориуд санаатай үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, зориуд санаатай үйлдээгүй. Анх анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгчийн талаас 1.800.000 төгрөг төлсөн. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2.100.000 төгрөг өгсөн. Нийтдээ 3.900.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө А.Б-д 1.000.000 төгрөг, дараа нь 2.400.000 төгрөг өгч, нийт 3.400.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар хохиролд 7.300.000 төгрөг төлсөн. Т.Г-д 500.000 гаруй төгрөг төлөх дутуу, А.Б-д 2.570.000 төгрөг төлөх дутуу байгаа. Шүүгдэгч С.Ү өөрийнхөө боломж бололцооныхоо хэрээр хохирол, төлбөрийг төлж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ү-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэгдэх хүртэл хохирогч А.Б-с 8.515.799 төгрөгийн баримт гаргаж өгсөн байдаг. Хэрэгт хавсаргасан баримтыг шинжлэн судлахад 3.000.000 төгрөгийг хамрын хагалгааны төлбөр гэж байгаа боловч баримт байгаагүй. Харин хамрын хагалгаанд “3.000.000 төгрөгөөр орно” гэж илэрхийлж байсан. ... Анхан шатны шүүх 7.371.000 төгрөгийн олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа цуглуулаад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Түүнээс анхан шатны шүүх хохирогч нарын нэхэмжилсэн мөнгийг огт төлүүлэхгүй гэж шийдвэрлээгүй. Хохирол, хор уршгийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогч А.Б хамрын хагалгаанд орсон гэх баримт шинээр өгч байна. Энэ зардлыг шүүгдэгч С.Ү-с гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Ү-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Зүрх” уулын замд “Тоёота альпард” загварын 83-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ургаа мод мөргөж, зорчигч Ц.С, А.Б, Т.Г, О.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь:

хохирогч Т.Г-н “...Х машинаа авч ирээд бүгд машинд суугаад хөдлөх гэж байсан чинь С.Ү өөрөө машинаа жолоодно гээд түлхүүрээ нэхсээр байгаад авсан. Тэгээд өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед бороо ороод зам гулгаатай байсан тул шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд зогсох үед дотор нь сууж явсан хүмүүс машинаас бууцгаая гэх үед С.Ү машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөөд зогссон. ...” /1 хх 14/,  

хохирогч Ц.С-н “... С.Ү эгч өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд зогсох үед бид нар машинаас бууцгаая гэхэд С.Ү эгч машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөж зогссон. Миний баруун гар, баруун хөл цуурч гэмтсэн. ...” /1 хх 22/,

хохирогч А.Б-н “... С.Ү машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөж зогссон. Миний зүүн талын хоёр хавирга хугарч, хамрын яс цөмөрч хугарсан. ...” /1 хх 29/,

хохирогч О.А-н “...Бид нар бууцгаая гэх үед С.Ү машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөсөн. ... Ослын улмаас миний нурууны яс хугарсан. ...” /1 хх 37/,

хохирогч Д.У-н “... С.Ү явъя гэж уурлаад тэнд байсан хүмүүсийг машиндаа суулгаад машины түлхүүр Тулгаа ахад байхад Хуягаа ах бид хоёроос машины түлхүүрээ нэхээд намайг түлхээд чимхээд байсан. Тэгээд өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед бороо ороод зам гулгаатай байсан тул шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд зогсох үед дотор нь сууж явсан хүмүүс орилоод болиоч машинаас бууцгаая гэх үед С.Ү эгч машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөж зогссон. ...” /1 хх 18/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.О-н “... Би осол гарсан өдөр “Тоёота альфард” загварын ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр С.Ү-д жолоодуулах зөвшөөрөл өгсөн. ...” /1 хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.С-н биед баруун шуу ясны далд хугарал, 2 гуяны цус хуралт, баруун өвдөгний нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 9524 дугаартай дүгнэлт /1 хх 73-74/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9500 дугаартай дүгнэлт /1 хх 86-87/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 20 дугаартай дүгнэлт /3 хх 23-25/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “... А.Б-н биед зүүн 6, 7-р хавирганы хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд 1-р /11, 21/ шүдний эмтрэл, баруун дээд 4-р /14/ шүдний талласан хугарал, хоёр нүдний зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжний зүүн 6,7-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд 1-р /11, 21/ шүдний эмтрэл, баруун дээд 4-р /14/ шүдний талласан хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...”  гэсэн 100 дугаартай дүгнэлт /3 хх 34-37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9504 дугаартай дүгнэлт /1 хх 92-93/, хавтас хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 19 дугаартай дүгнэлт /3 хх 16-18/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “... Т.Г-н биед зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал, /зүүн атгаал, баруун богтос ясыг хадах мэс заслын дараах байдал/, өвчүү ясны их биеийн зөрөөгүй хугарал, зүүн доод 5-р /35/ шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал, өвчүү ясны их биеийн зөрөөгүй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн доод 5-р /35/ шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 101 дугаартай дүгнэлт /3 хх 42-45/,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... О.А-н биед ууцны 2-р нугалмын зүүн латерал дээд ирмэг, 3-р нугалмын зүүн латерал доод ирмэгийн сэлтэрсэн хугарал, бүсэлхийн 4-5 нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 10123 дугаартай дүгнэлт /1 хх 104-105/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... У.Х-н биед тархи доргилт, баруун шуу, сарвуу, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 9564 дугаартай дүгнэлт /1 хх 67-68/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Г-н биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 9519 дугаартай дүгнэлт /1 хх 98-99/,

Мөрдөгчийн “... Жолооч С.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/... эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй.”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 779 дугаартай магадлагаа /1 хх 181-182/,

зам тээврийн осол, хэсгийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг /1 хх 4-10/, хохирогч Ц.С дүрслэл оношлогооны хариу /1 хх 75/, хохирогч нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд болон бусад эмнэлгийн байгууллагад эмчлүүлсэн талаарх магадлагаа, өвчний түүхийн хуулбар /1 хх 131-140, 157-164, 175-180, 2 хх 129/ “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /1 хх 111-114/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Ү-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс С.Ү-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул хохирогч нарын гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч нарт учирсан эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой зардлын хэмжээг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй боловч хохирогч А.Б, Т.Г нараас “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч А.Б хамрын мэс засал хийлгэсэн, үүнтэй холбоотой гарсан 5.086.796 төгрөгийн зардал, мөн түрээсийн төлбөрт төлсөн 13.662.000 төгрөгийг С.Ү-с гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, ... эд мөрийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.”, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх...” эрхтэйг хуульчилсан.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс хойш хохирогч А.Б нь хамрын мэс засалд орсон бөгөөд уг мэс засалтай холбоотой эмнэлгийн үйлчилгээ болон эм тарианы төлбөрт нийт 5.086.096 төгрөгийг зарцуулсан талаарх баримтаа давж заалдах шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн тул хохиролд тооцон, шүүгдэгчээс нэмж гаргуулах нь зүйтэй.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Г-н эрүүл мэндэд зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал, өвчүү ясны их биеийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд түүний хоёр гар удаан хугацааны турш ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Тиймээс Т.Г нь өөрийн түрээслэн ажиллуулж байсан үсчний газрын түрээсийн төлбөрийг бусдаас зээл авах байдлаар төлсөн гэх тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Монфа трейд” ХХК-д түрээсийн орлого орсон тухай санхүүгийн тооцооны баримтаар /2 хх 207/ нотлогдон тогтоогдож байна. 

Иймд хохирогч Т.Г-н түрээсийн төлбөрт төлсөн 13.662.000 төгрөгийг нэмж шүүгдэгч С.Ү-с гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин хохирогч А.Б, Т.Г нарын такси үйлчилгээнд зарцуулсан гэх 239.460 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй тодруулбал, хаанаас хаана хүрсэн, хэн үйлчлүүлсэн гэдэг нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ү-н үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мэтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид заагаагүй үйлдлээр гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх байдлыг шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг өөрчлөх замаар зөвтгөж шийдвэрлэв.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч С.Ү-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар нутаг дэвсгэрийн хэмжээг хэт өргөн хүрээгээр тогтоосон нь хуульд нийцэхгүй байх тул хязгаарлалтын бүсийг багасгаж, түүний оршин суух хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолын

- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг ...” гэснийг “... 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг ...” гэж,

- тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... Улаанбаатар хотоос гарахгүй байх ...” гэснийг “... Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх...” гэж,

- тогтоох хэсгийн 9 дэх заалтын “... шүүгдэгч С.Ү-с хохирлын 4.515.799 төгрөг гаргуулан хохирогч А.Б-т, 2.507.315 төгрөг хохирлыг гаргуулан хохирогч Т.Г-д олгож, ...” гэснийг “... шүүгдэгч С.Ү-с 9.602.595 /есөн сая зургаан зуун хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөг гаргуулан хохирогч А.Б-т, 16.169.315 /арван зургаан сая нэг зуун жаран есөн мянга гурван зуун арван тав/ төгрөг гаргуулан хохирогч Т.Г-д олгож, ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч А.Б, Т.Г нарын давж заалдах гомдлоос “ял шийтгэл хөнгөдсөн” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР