Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:“Б*******” ХХК /РД:/,

          Хариуцагч: Татварын ерөнхий газарт холбогдох,

          Маргааны төрөл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээс татгалзсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13,534,000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” гэж тодруулсан.

 

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр давсны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан ба 2022 оны 08 дугаар сараас эхэлж үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн.

          2.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 13,534,000.20 төгрөгийг төлсөн ба 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр татварын цахим системээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ******* тайлан илгээж татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт гаргасан боловч татварын улсын байцаагч 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тайланг буцаасан[1] байна.

          2.3.Нэхэмжлэгчээс татварын цахим системээр 2023 оны 03 дугаар сарын 02-ний өдөр дахин буцаан олголт авах хүсэлтийг илгээсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан үйлдэл[2] татварын цахим системд хийгджээ.

          2.4.Нийслэлийн татварын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын[3] нэгдүгээр хавсралтаар буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг баталсан бөгөөд үүнд 12,181,500 төгрөгийг “Б*******” ХХК-д буцаан олгохоор заажээ.

          2.5.Татварын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр[4] Нийслэлийн татварын газарт “...Танай албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар баталсан 34 татвар төлөгчийн жагсаалтыг хянахад ... хуулийн хугацаанд тайлангаа ирүүлээгүй гэх хуулийн шаардлагыг хангаагүй татвар төлөгчийг оруулсан байсан тул тушаалыг шалгаж, дахин баталгаажуулж ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөн буцаан хүргүүлсэн” гэх хариуг хүргүүлсэн байна.

          2.6.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай[5] албан бичгээр буцаан олголт олгож өгөх хүсэлтийг Татварын ерөнхий газарт гаргасан ба Татварын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай[6], 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай[7]   албан бичгээр “...Танай компани нь  хуулийн хугацаанд албан татварын тайлангаа ирүүлээгүй байсан тул буцаан олголтын тушаалын жагсаалтаас хасагдсан байна. ...тушаалаас хасагдсан шалтгааныг харьяа татварын албанаас тодруулна уу” гэх хариуг өгчээ.

          2.7.Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “2022 оны татварын хөнгөлөлтийн хүсэлт  2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зөвшөөрөгдсөн, буцаан олголтыг илүү төлөлтөд тооцуулахаар баталгаажуулсан ч буцаан олголтоо авч чадахгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг[8] Татварын ерөнхий газарт гаргасан байна.

          2.8.Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр[9] “Б*******” ХХК-д “...танай компанийг хуулийн хугацаанд тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй” гэх хариу өгчээ.

          2.9.Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт холбогдуулан “Утга агуулгын илэрхий алдаатай хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүдийг хүчингүй болгож, Б******* ХХК-ийн 13,543,000.20 төгрөгийн төлсөн татварын дүнгээс татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан.

          2.10.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.

          2.11.2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын тоот захиргааны актыг хүчингүй болгуулж, 13,534,000.20 төгрөгийн төлсөн татварын дүнгээс хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулан шүүхэд гаргасан.

          2.12.2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

          2.13.2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13,534,000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

2.14.Нэхэмжлэгч талаас “Нийслэлийн татварын газар буцаан олголтыг зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн, манай компаниас татварын системийн асуудал шалтгаалаагүй, хялбаршуулсан горимоос гарах хүсэлтээ жилийн өмнө өгсөн бөгөөд шийдвэрлэж өгөхгүй байсан тул удаа дараа хариуцагч байгууллагад хүсэлт өгч, биечлэн уулзаж шийдвэрлүүлсэн, Татвар ерөнхий газар хуулийн хугацаанд тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй гэж зөрчилдсөн, хоёрдмол утгатай, агуулга нь тодорхой бус, утга агуулгын илэрхий алдаатай акт гаргаж компанийн эрх ашгийг зөрчсөн” гэж, хариуцагч талаас “нэхэмжлэгч компани хуулийн хугацаанд тайлангаа ирүүлээгүй, Нийслэлийн татварын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тушаалд хуулийн шаардлагыг хангаагүй татвар төлөгчийг оруулсан байсан тул тус тушаалыг шалгаж, дахин баталгаажуулж ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөөг буцаан хүргүүлсэн нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б*******” ХХК 2018 онд үүсгэн байгуулагдсан давсны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2022 оны 08 дугаар сараас эхэлж үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааны орлого 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс давсан тул татварын тайланг ердийн байдлаар гаргаж эхэлсэн. Татварын байгууллагын албан тушаалтнуудын хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүдийн үр дагавраар манай компани Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасан хөнгөлөлт эдлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрч, энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан татварын үйл ажиллагаа нь тодорхой байх зарчим алдагдсан.  Манай компани нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 13,534,000.20 төгрөгийг төлсөн. Хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт гаргасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаан олголтын хүсэлтийг зөвшөөрсөн. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлалыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах эрхийг хуульчилсан. Тухайн өдөр Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Н.Б утсаар холбогдож татварын буцаан олголт зөвшөөрөгдсөн ба илүү төлөлтөд тооцохоор харилцан баталгаажуулсан. Манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлсэн, хуульд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн. Гэтэл өнөөдрийг болтол татварын буцаан олголтыг авч чадахгүй, илүү төлөлтийн татварын суутгал тооцоололд ч тооцох боломжгүй болоод байна. Энэ асуудлын талаар татварын албанд удаа дараа биеэр болон албан бичгээр хандаж байсан.

          Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн тоот албан бичгээр “...Татварын буцаан олгох, суутган тооцоолох асуудлыг “Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар батлагдсан “Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-д заасны дагуу хэрэгжүүлдэг бөгөөд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлсэн, хуульд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах зохицуулалттай учир танай компанийг хуулийн хугацаанд тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй байна.” гэсэн хариуг авлаа. Бид татварын албаны дээд шатны байгууллагын энэ шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

          Татварын улсын байцаагч нь татварын буцаан олголт зөвшөөрөгдсөн ба илүү төлөлтөд тооцохоор харилцан баталгаажуулсан төлөв цахим системд харагддаг. Гэтэл Татварын ерөнхий газар нь “хуулийн хугацаанд тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй байна” гэж тайлбарлаж хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож, агуулга нь тодорхой бус байсны үр дүнд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөж байна.” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Маргааны гол зүйл нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй, хууль бус зөрүүтэй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон захиргааны актын улмаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заагдсан хөнгөлөлт эдлэх эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ асуудал манай үйлчлүүлэгчийн зүгээс шалтгаалсан зүйл ерөөсөө байдаггүй. Татварын цахим систем алдаатай, гацсан, доголдсон байдаг ба үйлчлүүлэгчээс илгээгүй, хоцроосон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас харахад манай үйлчлүүлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-нд биечлэн уулзахдаа хялбаршуулсан журмаас гарахгүй байна, систем нь болохгүй байна гаргаад өгнө үү гэж Нийслэлийн татварын газарт очиж уулзсан байдаг. Үүнээс хойш 2023 оны 02 дугаар сарын 08, 02 дугаар сарын 12, 2023 оны 11 дүгээр сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 07, 2023 оны 12 дугаар сарын 22, 2024 оны 02 дугаар сарын 06, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгүүдээр тус хандсан байдаг. Уг хандсан асуудал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хялбарчилсан журмаасаа гарахгүй байна, developer.itc.gov.mn систем нь болохгүй байгаа учраас энэ асуудлыг засаж өгнө үү, татварын ердийн журмаар тайлангаа өгч хөнгөлөлтөө эдэлмээр байна гэдэг асуудлуудаар удаа дараа хандсан байна. Хариуцагчаас гаргаж өгсөн ЛОГ-ийн мэдээллээр системд хандсан байдал нь харагддаг. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан горимоосоо хасагдахаар нийтдээ 9 удаагийн хадгалсан үйлдэл хийсэн байдаг. Хэрвээ илгээх үйлдэл байсан бол 9 удаагийн хадгалсан үйлдэл хийх шаардлага байхгүй. Энэ асуудлууд нь төрийн байгууллагуудын хоорондын зөрчилдсөн шийдвэрүүдийн үр дагавраар Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах эрхээ эдэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн заалтад 5.1.2-т заасан тодорхой байх зарчим өнөөдрийг хүртэл алдагдсаар байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу “Б*******” ХХК-ийн зүгээс 13,534,000.20 төгрөгийг төлсөн байдаг. Үүний 90%-ийн буюу 12,180,600.18 төгрөгийн буцаан олголтыг хөнгөлөлтөндөө орж чадахгүй нөхцөл байдлаас үүдэн өнөөдрийг хүртэл авч чадахгүйгээр хохирч байна. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий газрын тоот актаар “Б*******” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Энэ нь ЛОГ систем дээр харагдана. Энэ асуудлаар хүсэлт гаргаж явсаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газраас буцаан олголт олгохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Татварын ерөнхий хуулийн 12.1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах эрхийг хуульчилсан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчтай холбогдоход буцаан олголт зөвшөөрөгдсөн тухай “Б*******” ХХК-тай холбогдсон байдаг. “Б*******” ХХК-ийн зүгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаандаа татвараа бүрэн төлсөн. Татварын ЛОГ системийн асуудал компаниас шалтгаалаагүй. Татварын ерөнхий газар хуулийн хугацаандаа манай компанийг тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэж, зөрчилдсөн, хоёрдмол утгаар ойлгогдохоор, агуулга нь тодорхой бус актыг гаргаж илтэд компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа захиргааны шийдвэр тодорхой, үндэслэлтэй, төвийг сахих, ил тод нээлттэй байх, захиргааны үйл ажиллагаа шаардлагатай тохиолдолд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, иргэн, захиргааны байгууллагын эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, итгэлийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх зарчимд баримтлан ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зарчим алдагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6 дахь заалтууд болон мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтуудыг зөрчиж буцаан олголтыг хийхээс татгалзаж, хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийг хохироож байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасны дагуу Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13,534,000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн татварын газарт татвар төлөгчөөр бүртгэлтэй “Б*******” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр давсны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байдаг. Татварын төрөл нь цалин, хөдөлмөр эрхлэлтээр төлбөрийн цалин, хөдөлмөр эрхлэлт болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, суутгагчаар хуулийн этгээдийн суутгагчийн төрлөөр 2018 онд бүртгэгдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2020 онд бүртгэгдсэн байна. Нэгдүгээрт, харьяа татварын алба буюу Нийслэлийн татварын газраас буцаан олголт авахаар баталгаажуулж ирүүлсэн татвар төлөгч буцаан олгох татварын дүнд Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар батлагдсан татварын буцаан олгохыг хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн журмын заалтын дагуу Татвар хураах удирдлагын арга зүйн газрын Орлогын хяналтын буцаан олголтын хэлтэс нь нэгдсэн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг.

Нийслэлийн татварын газраас ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар буцаан олголт олгохоор баталсан 34 татвар төлөгчийн жагсаалтыг хүргүүлсэн байгаа. Тус жагсаалтыг хянаж үзэхэд буцаан олголтод хамрагдахгүй салбар үйл ажиллагаа явуулдаг. Мөн буцаан олгох дүн нь татвар төлөгчийн тайлан, хөнгөлөлтийн дүн зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгч компани хуулийн хугацаандаа тайлангаа ирүүлээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй татвар төлөгчийг оруулсан байсан тул тус тушаалыг шалгаж, дахин баталгаажуулж ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөөг буцаан хүргүүлсэн. Татварын ерөнхий газар 34 татвар төлөгчийг хуулийн хугацаандаа ирүүлээгүй тул хугацаандаа ирүүлэхийг “Б*******” ХХК-ийг дахин нягтал гэсэн байдлаар буцаасан.

Хоёрдугаарт, Татварын ерөнхий газрын Буцаан хураалт, арга зүйн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгийг тус “Б*******” ХХК-нд хариуг хүргүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйл болон Сангийн сайдын 20 дугаар тушаалаар батлагдсан “Илүү төлсөн албан татварын буцаан олгох, хяналт тавих нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын дагуу 2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олгох үйл ажиллагааг хуулийн хугацаанд олгож дууссан. Мөн журмын 2.7-д дагуу татвар төлөгчийн хүсэлт хүлээн авсан тайланг үндэслэн буцаан олголт авах татвар төлөлтийн жагсаалтыг тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулан, татварын алба хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх зохицуулалттай. Нэхэмжлэгч компаниас хуулийн хугацаанд албан татварын тайлан ирүүлээгүй байсан тул буцаан олголтын түвшин хяналт шалгалтыг тасалсан байна гэж 2 тайлбарыг удаа дараа тус компанид хүргүүлж байсан.

Гуравдугаарт, “Б*******” ХХК-ийг татварын цахим системд хандах эрх бүхий этгээд болох Байгаль овогтой Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ТТ-02 тайланг хадгалах үйлдлийг 21 цаг 21 минутаас 22 цаг 08 минут хүртэл хийсэн ч илгээх үйлдлийг хийгээгүй байдаг. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 34 минутад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ТТ02-ХГ хялбаршуулсан горимын тайлан хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлт, мөн өдрийн 16 цаг 34 минутад Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ТТ-02 тайланг хүлээн авах хугацаа сунгалт илгээсэн дүгнэлт тухайн үед тайлангийн төлөөлөл идэвхтэй хадгалсан, төлөлттэй байсан, хандах үйлдэл нь ЛОГ системд бүртгэгдсэн байгаа юм. Хуулийн хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 19 минутад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2022 оны ******* тайланг илгээх үйлдэл анх хийснийг татварын байцаагч тайлбар бичих буцаасан ба 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 32 минутад дахин илгээснийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 37 минутад татварын алба хүлээн авсан, хандалтын мэдээллүүд үйлдлийн системд бүртгэгдсэн болно.

Дөрөвдүгээрт, дээрх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн илгээсэн үйлдэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар хуулийн 26.2-т “Татварын өмнөх жилийн албан татвар ноогдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1 дэх заалтын дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг 02 дугар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Албан татвар төлөгчийн энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоог хийнэ”, Сангийн сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар батлагдсан Илүү төлсөн албан татварыг буцааж олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 2.5-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хугацаанд жилийн эцсийн татварын тайланг гаргаж, тооцоо хийгээгүй албан татвар төлөгчийг тус журмын 2.3-т заасан жагсаалтад оруулахгүй гэж заасан байх тул хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн гэж үзэж хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах боломжгүй юм” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, өөр хоорондоо зөрчилтэй” гэж тайлбарлаж байх боловч “Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13,534,000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

3.Маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот хариу албан бичгээс үзвэл нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийг хуульд заасан хугацааг хэтрүүлж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан илгээсэн үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлэх эрхгүй гэж дүгнэсэн агуулгатай  байх тул нэхэмжлэгчийн маргаж буй утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

4.Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь давсны үйлдвэрлэл, худалдаа, хүнсний дэлгүүр, хүлэмжийн аж ахуй, хүнсний агуулахын үйл ажиллагаа, аялал жуулчлал, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд хэргийн оролцогчид нэхэмжлэгч компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1 дэх хэсэгт заасан албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэх дээр маргаагүй.

5.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:”, 22.1.1-д “ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах” 22.1.2-д “согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох”, 22.1.3-т “газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах”, 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно” гэж тус тус заажээ.

6.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн зааснаас үзвэл татварын хөнгөлөлтийг хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлэх бөгөөд энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдах үндсэн баримт бичиг нь тухайн татвар төлөгчийн хуульд заасан журмын дагуу тайлагнасан жилийн эцсийн татварын тайлан байх ба тухайн жилийн эцсийн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтлан шалгаж, эцсийн тооцоог хийхээр байна.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Б*******” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан татварын хялбаршуулсан горимоор татварын тайлангаа тайлагнах хүсэлтийг гарган баталгаажуулж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд “*******” гэсэн хялбаршуулсан горимд бүртгэгдсэн байжээ.

8.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 26 минутад хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр гаргасан бөгөөд хариуцагч байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 59 минутад[10] нэхэмжлэгч компанийг хялбаршуулсан горимоос хассан байна.

9.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг нэг жилийн өмнө татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан гаргасан байхад хариуцагч татварын байгууллага Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “... жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх” хугацаа буюу татварын тайланг хүргүүлэх хуульд заасан сүүлийн өдөр хүсэлтийг шийдвэрлэж, “Б*******” ХХК-ийг хялбаршуулсан горимоос гаргаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “*******” тайланг нэгдсэн системээр хүргүүлэх боломжийг олгожээ.

10.Улмаар “Б*******” ХХК тухай татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “*******” тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 29 минутаас 10 цаг 08 минут хүртэл  9 удаа[11] хадгалах үйлдэл хийсэн, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн үед илгээх товч ажиллахгүй байсан тул олон дахин хадгалах үйлдэл” хийсэн гэж тайлбарладаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 19 минутад нэгдсэн системээр “*******” тайланг илгээсэн байна.

11.Татварын байгууллагаас нэхэмжлэгчийн илгээсэн “*******” тайланг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 30 минутад буцаасныг нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас мөн өдрийн 06 цаг 32 минутад дахин илгээсэн, үүнийг татварын байгууллага мөн өдрийн 10 цаг 37 минутад хүлээн авчээ.

12.Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч Татварын ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаа шуурхай байх зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг бүтэн 1 жилийн хугацаанд шийдвэрлээгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хүргүүлэх хуульд заасан сүүлийн өдөр татвараа тайлагнах боломж олгосон атлаа тайлан илгээх “хуулийн хугацаа хэтрүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

13.Тодруулбал, нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гаргасан хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн төлөөлөгч татварын байгууллагад биечлэн уулзсаны үр дүнд хялбаршуулсан горимоос гарсан болох нь тус компаниас Нийслэлийн Татварын газар гаргасан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Татварын тайлан хэрхэн тайлагнах талаар хүсэлт гаргах тухай” албан бичиг[12], Татварын ерөнхий газарт хандан гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23-10 дугаартай “Татварын тайлангийн асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичиг[13], шүүхэд гаргасан гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

14.Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана” 32.2-т “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дараах зориулалттай байна”, 32.2.5-д “татвар төлөгчдөд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах” гэж заасны дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах нь хариуцагч татварын байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, татварын удирдлагын нэгдсэн системийн алдаанаас шалтгаалан нэхэмжлэгч “Б*******” ХХК хуулийн хугацаанд тайлангаа илгээх боломжгүй, улмаар буцаан олголтод хамрагдаж чадаагүй болох нь Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар нотлогдож байна гэж үзлээ.

15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “ ... Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ:”, 28.1.1-д “татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээ нь энэ хуулийн 22.7-д зааснаар хязгаарлагдах;”, 28.1.2-т “энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгч энэ хуулийн 22.7-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгон эдлэх;”, 28.1.3-т “албан татвар төлөгч энэ хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх;”, 28.1.4-т “энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тухайн татварын жилийн хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх” гэж тус тус заасны дагуу татварын буцаан олголт олгох дүнг татварын байгууллага өөрөө тодорхойлж, хөнгөлөлт эдлүүлэх эрхтэй байна.

16.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 13.534.000.20 /арван гурван сая таван зуун гучин дөрвөн мянга төгрөг хорин мөнгө/-ний дүнгээр татварын хөнгөлөлт эдлүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон, Нийслэлийн Татварын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид 12,180,600.18 /арван хоёр сая нэг зуун наян мянга зургаан зуун төгрөг арван найман мөнгө/-ний дүнгээр хөнгөлөлт эдлүүлж, буцаан олгохоор шийдвэрлэж байсан зэргээс үзэхэд талууд буцаан олголт олгох дүн дээр зөрүүтэй байр суурьтай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хууль бус болохыг тогтоож, хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн дүнгээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.2, 28 дугаар зүйлийн 28.1,1, 28.1.2, 28.1.3, 28.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот актыг хууль бус болохыг тогтоож, хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн дүнгээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэрэг /цаашид “Хх” гэх/-ийн 13 дахь тал

[2] Хх-63  дахь тал

[3] Хх-39 дэх тал

[4] Хх-38 дахь тал

[5] Хх-70 дахь тал

[6] Хх-75 дахь тал

[7] Хх-76 дахь тал

[8] Хх-80 дахь тал

[9] Хх-49 дэх тал

[10] Хх-50 дахь тал

[11] Хх-50 дахь тал

[12] Хх - 68 дахь тал

[13] Хх - 29 дэх тал