Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/467

 

 

 

 

 

   

  2023             4             27                                       2023/ДШМ/467

 

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Хүслэнгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний 01 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн 2204000250002 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г.Э, 1975 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /................................../;

Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 4-ний орой 21 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 10 дугаар гудамжны 6 тоотод хохирогч А.Цг тодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь модон сандлаар 2-3 удаа цохих, баруун гарын долоовор хуруунаас хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Эий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 2204000250002 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 3 /гурав/-н сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч Г.Эд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэхийг тайлбарлаж, шүүхийн шийдвэр, Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох баримт бичгийн хамт харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Учралд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Ц нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт шилжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж тус тус зааж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно" гэж, мөн хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзвэл ял оногдуулах, эсхүл хэргийг прокурорт буцаах”, 4.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх” гэж, 4.3-т “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох”, 4.4-т “шүүгдэгч сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй ч эдгэрэх боломжтой гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, энэ зүйлийн 4.2-т заасан шийдвэрийг гаргах” гэж шүүхээс гарах шийдвэрийг хуульчилж өгсөн байна.

Анхан шатны шүүхээс Г.Эийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тухай дүгнэлт хийж, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр шүүгдэгч Г.Эийг өөртөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй талаар нотлох баримтуудыг үнэлэн шинжээчийн дүгнэлт, улсын яллагч, өмгөөлөгчийн саналын хүрээнд шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар авч шийдвэрлэсэн байгаа боловч түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа хэрэгсэхгүй болгосон хэргийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Г.Эд холбогдох эрүүгийн 2204000250002 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 4-ний орой 21 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 10 дугаар гудамжны 6 тоотод хохирогч А.Цг тодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь модон сандлаар 2-3 удаа цохих, баруун гарын долоовор хуруунаас хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

                   хохирогч А.Цгийн /1хх 26, 28/, гэрч Г.Энхсарнайгийн /1хх 32-33/ мэдүүлгүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дүгээр “...А.Цгийн биед тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх тархины доргилт, зулай, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 38-39/ дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй буюу өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан, өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэгтэй байсан болох нь:

                   хохирогч А.Цгийн “...Г.Э ах 1990 оноос хойш сэтгэцийн өвчтэй гэж оноштой байсан, өөрийгөө удирдаж чаддаггүй юм. Тухайн үед өөрийгөө удирдаж чадахгүйгээсээ болоод шууд цохиж зодох болсон. ...” /1хх 26-28/, гэрч Г.Энхсарнайгийн “...Ах маань намайг хүүхэд байхаас хойш сэтгэцийн өвчтэй байсан, мөн хий хоосон хөөрүү, онгироо, утга учиргүй зүйл ихээр ярьж хүнтэй ярилцах чадваргүй, дээрэнгүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлдэг. ...” /1хх 32-33/, гэрч Г.Энхмаагийн “...1992 онд хүнд зодуулснаас болоод СЭМҮТ-д хэвтэх болсон. ...” /1хх 30-31/, шинжээч эмч Л.Баттулгын “...Г.Эий онош болон хэрэг хариуцах чадваргүй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналаа тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл цаашид өөрөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой. Дээрх эмгэг нь бүрэн дүүрэн эдгэх боломжгүй. Харин эмчилгээний үр дүнд засрал сайжрал авах боломжтой. ...” /1хх 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

                   Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1191 дугаартай “...Г.Э нь сэтгэцийн хувьд Р25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэгтэй байна. Р25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэг нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг болно. Г.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна. Г.Эий Р25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэг нь өвчний олон улсын 10-р ангилалд тэмдэглэгдсэн сэтгэцийн эмгэг болно. Дээрхи эмгэг нь ихэвчлэн сэтгэл хөдлөлийн хүрээний өөрчлөлт, дэмийрлийн хам шинжээр илэрдэг болно. Г.Э нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадваргүй байна. ...” /1хх 47-49/,

                   Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл зүйн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/272 дугаартай “...Г.Э эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд сэтгэцийн үйл ажиллагааны түвшин харьцангуй хэвийн боловч сэтгэхүйн нэгэн хэвийн байдал зонхилсон, гол бус шинжид тулгуурлан бодомж үүсгэнэ. Сэтгэл хөдлөл, зориг эрмэлзлийн хүчээ зохицуулан ажиллах чадвар суларсан. Өөрийн хувь хүний сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар султай, зан төрхийн өөрчлөлтийн шинж тод илэрнэ. ...” /1хх 50/ гэсэн дүгнэлтүүд, шүүгдэгчийн өвчний түүх /1хх 83-205, 2хх 1-21/ зэрэг баримтуудыг дүгнээд анхан шатны шүүхээс Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт буюу “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” бол хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг баримталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар  3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор З.Хүслэнгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор З.Хүслэнгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ