Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00086

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

              

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********ХХК-д холбогдох

Барааны үнэ 90,302,820 төгрөг, алданги 45,151,410 төгрөг, нийт 135,454,230 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, **********/цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч **********, түүний өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 90,302,820 төгрөг, алданги 45,151,410 төгрөг, нийт 135,454,230 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: **********ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр **********ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан гоо сайхны болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. Тус гэрээний дагуу 2023 оны оны 09 сарын  22, 23-ны өдрөөс эхлээд бараа нийлүүлээд явсан. Улмаар тухайн барааны төлбөрийг төлөөд 10 сараас төлбөрийн үлдэгдлээ төлөөрэй гэдэг шаардлагыг тавьж явж байсан. Үүний дагуу барааг буцаая гэдэг асуудлыг тавьсан. Хариуцагчаас ирүүлсэн 2023 оны 12 сарын 20-нд ирүүлсэн хүсэлтийн дагуу бид тооцооноос хасах боломжтой бараануудыг бүгдийг нь хассан. Хариуцагч 2024 оны 01 сарын 19-нд тооцоо нийлэхэд хариуцагч **********ХХК нь *********** ХХК-д барааны үнэ болох 90,302,820 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой болохыг харилцан баталгаажуулсан бөгөөд уг төлбөрөө төлөхийг удаа дараа утас болон чатаар шаардсан боловч төлбөрийн үлдэгдэл 90,302,820 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хамтран ажиллах гэрээний нийлүүлэлтийн гэрээний 7.7 дахь хэсэгт Худалдан авагч нь гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд дараа тооцоогоор худалдсан авсан барааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэж заасан. Гэрээний энэхүү заалт болон Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг үндэслэн тооцоход тооцоо нийлсэн акт үйлдэн төлбөрийг шаардсанаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл нийт 109 хоногт алданги нь 45,151,410 төгрөг болж байна. Мөн хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр нэхэмжлэгчтэй Хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр Үл хөдпөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тус барьцааны гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан ****** дугаартай Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ********* аймгийн ********* сумын ********** баг, ******* байрны ******** тоот, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай 51,86мкв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймд хариуцагч **********ХХК-иас барааны үнэ 90,302.820 төгрөг алданги 45,151,410 төгрөг, нийт 135,454,230 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. 123,079,175 төгрөгийн барааг татан авсан. Үүнээс 18,000,000 төлсөн юм байна. Үлдэгдлээ буцаахыг нь буцаагаад хамгийн сүүлийн байдлаар 90,560,000 төгрөгийг талууд тохиролцоод тооцоо нийлсэн акт үйлдсэн. Агуулахад чихэр аваачсан. ********-с гарахаас нь өмнө ийм бараануудыг буцаан авах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч бүх бараануудаа аваад ирсэн. Боломжтой барааг нь хүлээж аваад, боломжгүй барааг нь хүлээж аваагүй. Тооцооноос хасаж тооцоогүй. Төлбөрөө төлсний дараа хөнгөлөлт эдэлж болно гэдгийг хэлсэн. Манай агуулах хүнсний агуулах, стандартын дагуу хугацаа дууссан бараа агуулахад байж болохгүй. Тэр бараа гадаа контейнерт хураалгаатай байгаа болно. Би сая тодруулж асуусан гэв.

3. Хариуцагчийн татгалзал: Манай **********ХХК нь  2023 оны 09 сарын 13-ны өдрийн ********** дугаартай Худалдааны хамтран ажиллах гэрээгээр ********ХХК-тай гэрээт борлуулагч /худалдааны төлөөлөгч/ болж ажиллаж эхэлсэн. Анхны захиалгаа 2023 оны 09 сарын 23-ны өдөр хийж 60,000,000 төгрөгийн ахуйн бараа, 41,384,800 төгрөгт марс буюу чихэр захиалсан. Гэтэл 140 гаруй сая төгрөгийн бараа буюу барьцаанаас хэтэрсэн үнийн дүнтэй бараа шивэгдэж байна гэж хэл ам гараад холбогдох хүмүүстэй холбогдож байж үндсэн авах эрхтэй дүндээ захиалгаа хийе илүү бараа авахгүй гэж хэлсэн, тухайн үед одоогийн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр нэхэмжлэл гаргаж байгаа ********** нь танай бараанд 1 сартай бараанууд орж байгаа сураг байна шүү гэсэн бөгөөд Марсын албаны менежер *********-тэй ******** дугаараар холбогдож хугацаа дуусах дөхөж байгаа бараануудаа хаслаа гэсэн. Ингээд 09 сарын 28-ны өдөр ********аймагт бараагаа хүлээж авахад 01 сар, 02 сард хугацаа дуусах бараанууд явуулсан байсан бөгөөд ингэхдээ миний захиалсан бараан дээр 28,384,400 төгрөгийн илүү бараа нэмэгдэж ирсэн байсан бөгөөд нэг төрлөөс хэт их, хугацаа дуусах дөхсөн бараануудыг ирүүлсэн байсан. Иймээс **********-тэй утсаар холбогдож хугацаа дуусах дөхсөн болон ижил төрлийн илүү ирүүлсэн бараануудаа буцааж аваач гэх шаардлага тавихад тэгвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьж дарамталсан. Сүүлдээ хугацаа дуусах бараануудаа хөнгөлөлттэй үнээр зар, холбогдох шийдвэрийг гаргуулна гэж шалтаг тоочиж байсан боловч 1 сартай бараануудын хугацаа дуусаж дэлгүүрүүдээс хяналт шалгалт хийсэн байцаагч нар хурааж устгаж эхэлсэн учир энэ бараануудаа аваач гэхэд эцэстээ ******** нь утсаа авахаа больсон. Ингээд гэрээ хийсэн **********-тай холбогдож асуухад буцаах бараануудаа өөрийн биеэр авчирч өг гэж хэлсэн бөгөөд 2024 оны 01-р сарын 15-ны өдөр 26,191,025 төгрөгийн чихэр, 4,843,800 төгрөгийн ахуйн бараа нийт 31,034,825 төгрөгийн барааг агуулахад хүлээлгэж өгсөн. Гэтэл 4,843,800 төгрөгийн ахуйн бараа, 9,644,625 төгрөгийн 6, 7 сард хугацаа нь дуусах чихрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон байх бөгөөд 2, 3 сард хугацаа нь дуусах 16,546,400 төгрөгийн барааны үнийг тооцооноос хасаагүй байна. Бараа аваачиж өгөөд хугацаа дууссан бараануудын талаар арга хэмжээ авч өгөх талаар холбогдох хүмүүстэй нь уулзах гэсэн хүсэлт гаргахад огт уулзуулдаггүй бөгөөд 7 хоног тус компанийн үүдийг сахиж байгаад ирсэн. Тухайн компани нь кодтой хаалгатай бөгөөд эрх бүхий хүмүүстэй нь зүгээр очоод уулзах ямар ч боломжгүй байдалд байсан. Дүн өвлийн хүйтнээр миний бие нь нялх хүүхдээ тэврээд үүдийг нь сахиж байгаад ирсэн бөгөөд нягтлан бодогч нь та нар энэ хүний асуудлыг шийдэж өгөөч гэж холбогдох хүмүүс нь хэлсэн боловч ********* нь өөрөө зугтаагаад уулзаагүй. Миний бие уурлаж хүн гуйж байж Марсын албаны нэг дарга гэж ********* гэж хүнтэй уулзаж учир явдлаа хэлж асуудлыг шийдүүлэх хүсэлт тавихад хөнгөлөлт графикаа гаргаад ********-д өг шийдэж болно гэсэн хариуг өгсөн боловч тухайн өдөр нь ажлын цаг дууссан гээд ******** нь мөн уулзаагүй. Ингээд аймагтаа ирээд холбогдоход хүлээж аваагүй, боломжгүй гэсэн хариуг өгсөн. Дахин 2024 оны 04 сарын 23-ны мэйл явуулсан боловч огт хариу өгөхгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компанийн зүгээс тус бараануудыг дэлгүүрүүдэд тараасан байснаас хугацаа нь дуусаж хүнсний эрүүл ахуйн байцаагч хурааж аваад эцэст нь дэлгүүрүүдийн хохирол болох 2,509,900 төгрөгийг надаар төлүүлсэн. Түүнээс ч үл барам агуулахад байсан чихрийг хурааж авна гэхээр нь төлбөр тооцооны маргаантай байгаа талаараа хэлээд хураалгаагүй 7,571,440 төгрөгийн бараа хадгалагдаж байгаа болно. Компанийн зүгээс гэрээний нөхцөлөө өөрсдөө зөрччихөөд өөрсдөө хүмүүсийг төлбөрт унагаж хохироож байгаа атлаа нэмж алданги тооцож байгаад маш их гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Энэхүү үйлдэл нь иргэдийн итгэлийг эвдэж залилж байгаа үйлдэл гэж харж байна. Гэрээний 3.12-т нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь тухайн барааны нийт хадгалах хугацааны 50 хувиас багагүй байхаар заасан бөгөөд талууд тохиролцвол үүнээс бага хугацаатай барааг нийлүүлэх заалттай. Гэтэл надад огт барааны хугацааг урьдчилж мэдэгдэлгүйгээр захиалгаас илүү бараа явуулж түүндээ хугацаа дуусах дөхсөн бараа оруулж тээвэрлэлтэд оруулж байгаа үйлдэл нь гэрээний 5.2.3, 5.2.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүнсний бараан дээр анх захиалга өгөхдөө 41,384,800 төгрөгийн захиалга өгсөн боловч анх захиалга хийгдэхдээ 70 гаруй сая төгрөгийн захиалга ирсэн. Хадгалах хугацаа дөхсөн бараа байна гэдэг нь мэдэгдсэн. Өөрсдөө ч хугацаа дөхсөн бараа байгаа тухайгаа захиалга явуулахдаа мэдэж байсан. Ирсэн бараа нь миний захиалсан бараанаас үнийн дүнгээр илүү 66,273,380 төгрөгийн бараа ирсэн. Энэ нь миний захиалсан барааны дүнгээс 24,888, 584 төгрөгөөр илүү бараа ирсэн. Хугацаа дөхсөн бараагаа уг 66,273,800 төгрөгийн бараандаа  маргаан үүсгээд байгаа 1 сартай хугацаа дөхсөн бараа болон миний зарсан барааг тооцоход  27,784,708 төгрөгийн хугацаа дөхсөн буюу нийт ахуйн барааны үнийн дүнгээс 41,9 хувьд нь  хугацаа дөхсөн бараа явуулсан байгаа юм. Өөрсдийнх нь буцааж авсан болон агуулахад байгаа барааг тооцохгүй гэж үзэх юм бол захиалгын 70-80 хувь хугацааны асуудалтай бараа байгаа учраас би энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх буцаалт хийгээд буцаалт хийсэн бараануудаа аваад 1 сард барааг нь хүлээлгэж өгөөд буцаагаад байхад 16,544,000 төгрөгийн барааг хүлээж аваагүй гээд байх юм. Анх гэрээ хийхдээ танайх бараагаа хүлээж авахдаа грамм, жингээ тооцож жинлэж авдаг талаар юу ч хэлж сануулаагүй. Буцаалт хийгээд бараа аваад очиход грамм, жингээр, хайрцаг, саваар нь тооцож авсан. Бүх бараануудаа хайрцаг, саваар нь жигнэж, тооцож аваад агуулахын няравт нь бүх бараануудаа хүлээлгэж өгөөд ирсэн. Гэвч миний 3 сартай барааг 16,546,400 төгрөгийн барааг тооцооноосоо хасаагүй. Энэ тооцоонд дурдаагүй. Намайг очих үеэр хотынхоо харилцагчийн хугацаа дууссан барааг татаад авч байсан. Агуулахдаа татаж аваад гарын үсгээ зураад, хоорондоо ярилцаж байсан. Гэтэл орон нутгаас очиж байгаа бид нарыг 3 сартай бараа буцаах гээд очиж байхад энэ компанийн тухайд зарж борлуулах хангалттай боломж, хугацаа байсан. Өнөөдөр алданги тооцно гэсэн асуудал ярьж байгаа нь зохимжгүй байна. Гэрээнд байгаа хугацаа дууссан барааг буцаах ёстой. Аргацааж байсаар байгаад ийм байдалд хүргэж байна. Хөнгөлөлт бодож өгнө гэж хуурч явсан. Хөнгөлөлт олгох тухай ярьж байснаа албан бичиг болгосон уу гэхэд, тийм юм байхгүй  гэж хэлсэн. Тэгээд би аргаа араад энэ хүн шийдэж өгөхгүй юм байна гээд ********** менежертэй нь яриад асуудлаа тавьсан. Тэгэхэд албан бичгээр өгөөрэй  гэсэн ба албан бичгийн дагуу аваачиж өгсөн. Хотод байгаа 1 сартай бараагаа буцаалт хийж болж байгаа боловч орон нутгаас ирж байгаа 3 сартай барааг хүлээж авахгүй байгаа нь анхнаасаа надад сэжигтэй санагдсан. **********менежер нь Марсын алба ингэж харилцагч нарыг асуудалд оруулдаг гэж өөрөө хэлж байсан. Тиймээс би энэ компанийг харилцааг, хэрэглэгч нараа хохироогоод сурчихсан газар байна гэж ойлгож байна. Би нийт бараа нь 26,334,200 төгрөгийн бараа авч очсон тэрнээс танайх 9,400,000 төгрөгийн барааг авчихаад, би няравт чинь кг, жингээр нь тоолоод танай шаардлагын дагуу жигнүүлээд хүлээлгэж өгөөд, ийм бараанууд хүлээлгэж өглөө гээд баримтаа оруулж өгсөн боловч танайх эндээс хасаад 16,544,400 төгрөгийг тооцооноос хасаж өгөөгүй, бараагаа буцаагаад авч яв гэдэг шаардлагыг тавьсан. Танайх ямар ч асуудал шийдэж өгөөгүй учраас 6 хувийн хөнгөлөлт бодогддог барааг би дахин дахин тээвэрлээд явах ямар ч боломжгүй. Бараа ирэхэд 2 хувийг нь тээвэрт төлдөг, буцаагаад 2 хувийг нь тээвэрт төлөөд аваад очсон. Танайх ямар ч асуудал шийдэж өгөөгүй учраас энэ барааг буцаан авч явах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. 2023 оны 09 сарын 23-ны өдөр хариуцагч татан авалт хийснээс хойш, дахин татан авалт хийгээгүй. 16,544,400 төгрөгийн чихэр ********* ХХК-ийн агуулахад байгаа, би гадаа, эзгүй хаясан асуудал байхгүй. Грамм, жинг нь тооцоод агуулахын няравт  нь хүлээлгэж өгсөн. Нийт 23,079, 173 төгрөгийн бараанаас ахуйн бараа нь 56,805,790 төгрөгийн энэ ахуйн бараан дээр ямар ч асуудал байхгүй. Хүнс дээр захиалгатай 31,384,800 төгрөгийн захиалгыг хийсэн байхад 66,273,384 төгрөгийн ийм илүү захиалга явуулсан. Үүнээс бэлэн мөнгөөр төлсөн нь 18,287,930 төгрөгийг төлсөн. Буцаалт хийгдсэн нь ахуйн бараан дээр 4,843,800 төгрөгийн, марсын чихэр дээр 9,644,625 төгрөгийн буцаалтыг хийсэн. Агуулахад нь тооцооноос хасагдаагүй 16,546,400 төгрөгийн чихрийг агуулахад нь хүлээлгэн өгсөн гэвч тооцооноосоо хасдаггүй, баримт өгдөггүй. Мөн мэргэжлийн хяналтын байцаагч хурааж аваад устгасан гээд байгаа 2,509,900 төгрөг, үлдэгдэл өөрийн нь агуулахад 18,008,119 төгрөгийн үлдэгдэл бараа байгаа юм. Үүнээс хугацаа дууссан чихэр нь 11,021,652 төгрөгийн чихэр байна. Мэргэжлийн хяналтын газар хураагдсан чихэр, өөрийн агуулахад хадгалагдаж байгаа хугацаа нь дууссан чихрээ би өөрөө эрсдэлээ  үүрээд орхиё. 73,756,410 төгрөгийг хүлээн зөвшөөрье гэж байгаа юм. Яагаад алданги нэхэх эрхгүй гэхээр бараа материал, түүний хугацааны талаар мэдээллийг бүрэн өгөөгүй. Орон нутгийнханд орон нутгийн ачаа тээврийн машинд тавьж өгөөд явуулдаг. Нэгэнт 1000 км яваад ирсэн барааг яах ч аргагүй. Бараа хүлээн аваад хугацаа дуусах дөхсөн бараа байна гээд   мэдэгдэхээр зохицуулна, хасаж тооцно гэж аргацааж явсаар ийм байдалд хүргэсэн байна. Нэхэмжлэгч тал барааныхаа мэдээллийг үнэн зөв өгөөгүй дутуу өгсөн байдлаас болоод ийм асуудлууд үүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*********** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,,

-********** ХХК, **********ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ********* дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээ, гэрээний 1, 2 дугаар хавсралт /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**********ХХК-иас ************ ХХК-д гаргасан хамтран ажиллах хүсэлт / нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**********ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,

-********** ХХК, иргэн ********** нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ********-с **********-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,

-*********** ХХК, **********ХХК нарын 2024 оны 01 сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн акт /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/,

-*********** ХХК-иас **********ХХК-д бараа нийлүүлсэн агуулах хоорондын шилжүүлгийн баримтууд /2023.09.22-2023.09.23/.

 

5. Хариуцагчаас иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-**********@yahoo.com хаягаар харилцаж байсан мэйлүүд,

-9/27/2024 өдрийн 4 дугаартай татан авалтын баримтын буцаалт,

-4/18/2024 өдрийн 4 дугаартай татан авалтын баримтын буцаалт,

-Агуулах хоорондын шилжүүлгийн баримт /2023.09.22-2023.09.23/,

-**********-н ********* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2023.10.29-2023.11.30/,

-*********** гэх мессежээр харилцсан зурвасууд,

-********* гэх мессежээр харилцсан зурвасууд,

-********** гэх facebook messenger-ээр харилцсан зурвас,

-*********  гэх facebook messenger-ээр харилцсан зурвасууд,

-**********  гэх facebook messenger-ээр харилцсан зурвасууд,

-Остатки товарав на складах гэх барааны жагсаалт,

-********** сумын устгалын комиссын 2024.04.12-ны өдрийн эд зүйлсийг устгасан тухай акт /хуулбар/,

-*********** ХХК, ********** ХХК, ********* ХХК, ******** ХХК-ийн буцаалт төлсөн баримтууд.

 

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-********* аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/280 дугаар албан бичиг,

-2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн **********ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл,

-*******-н ажлын анкет,

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4821 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-г гэрчээр асуусан тэмдэглэл,

-**************-г гэрчээр асуусан тэмдэглэл,

-********** аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/62 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********ХХК-ийн 2024.03.13-ны өдрийн 05 дугаар албан бичиг, ************ сумын устгалын комиссын 2024.04.12-ны өдрийн эд зүйлсийг устгасан тухай акт, устгал хийсэн барааны жагсаалт, гэрэл зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ********** ХХК нь ********** ХХК-д холбогдуулан барааны үнэ 90,302,820 төгрөг, алданги 45,151,410 төгрөг, нийт 135,454,230 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч **********ХХК нь барааны үнэ 73,756,418 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд 16,546,400 төгрөгийн чихрийг **********ХХК-ийн агуулахад хүлээлгэн өгсөн тул тооцооноос хасуулна, захиалснаас их хэмжээгээр, хугацаа дуусах дөхсөн чихэр явуулсан, бараа материал, түүний хугацааны талаар мэдээллийг бүрэн өгөөгүй тул алданги төлөх боломжгүй гэж татгалзжээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр **********ХХК болон **********ХХК-ийн хооронд ******** дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн худалдагч *********** ХХК нь худалдан авагч **********ХХК-д өөрийн компанийн нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний 1.2-р зүйлд нутаг дэвсгэрт барааг худалдах, хадгалах, түгээх, барааны төлбөрийг Худалдагчид төлөхтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

Гэрээний 1.2-т Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг зөвхөн *********** аймгийн нутаг дэвсгэрт борлуулна гэж, 3.1-т Барааны нэр, тоо хэмжээ, нэр төрөл нь Худалдан авагчийн захиалгын дагуу тодорхойлогдох ба Худалдан авагчийн захиалгын үндсэн дээр бараа нийлүүлэх ажлыг гүйцэтгэнэ гэж, 4.3-т Худалдан авагч тал нь дараа тооцоогоор худалдан авсан барааны төлбөрийг тухайн сардаа багтаан ********банкин дахь **********ХХК-ийн ********* тоот дансаар төлнө гэж тохиролцжээ.

Улмаар **********ХХК-иас 2023 оны 09 сарын 22, 23-ны өдрүүдэд агуулах хоорондын шилжүүлгийн баримтаар ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг **********ХХК руу шилжүүлсэн, уг бараа бүтээгдэхүүнийг **********ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ********* аймагт хүлээн авсан үйл баримт нь агуулах хоорондын шилжүүлгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

6. Хариуцагч нь “…Анхны захиалгаа 2023 оны 09 сарын 23-ны өдөр хийж 60,000,000 төгрөгийн ахуйн бараа, 41,384,800 төгрөгт марс буюу чихэр захиалсан. ...09 сарын 28-ны өдөр ********* аймагт бараагаа хүлээж авахад 01 сар, 02 сард хугацаа дуусах бараанууд явуулсан байсан бөгөөд ингэхдээ миний захиалсан бараан дээр 28,384,400 төгрөгийн илүү бараа нэмэгдэж ирсэн байсан бөгөөд нэг төрлөөс хэт их, хугацаа дуусах дөхсөн бараануудыг ирүүлсэн байсан. Иймээс *********-тэй утсаар холбогдож хугацаа дуусах дөхсөн болон ижил төрлийн илүү ирүүлсэн бараануудаа буцааж аваач гэх шаардлага тавихад тэгвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьж дарамталсан. Сүүлдээ хугацаа дуусах бараануудаа хөнгөлөлттэй үнээр зар, холбогдох шийдвэрийг гаргуулна гэж шалтаг тоочиж байсан боловч 1 сартай бараануудын хугацаа дуусаж дэлгүүрүүдээс хяналт шалгалт хийсэн байцаагч нар хурааж устгаж эхэлсэн учир энэ бараануудаа аваач гэхэд эцэстээ ******** нь утсаа авахаа больсон. Ингээд гэрээ хийсэн **********-тай холбогдож асуухад буцаах бараануудаа өөрийн биеэр авчирч өг гэж хэлсэн бөгөөд 2024 оны 01-р сарын 15-ны өдөр 26,191,025 төгрөгийн чихэр, 4,843,800 төгрөгийн ахуйн бараа нийт 31,034,825 төгрөгийн барааг агуулахад хүлээлгэж өгсөн. Гэтэл 4,843,800 төгрөгийн ахуйн бараа, 9,644,625 төгрөгийн 6, 7 сард хугацаа нь дуусах чихрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон байх бөгөөд 2, 3 сард хугацаа нь дуусах 16,546,400 төгрөгийн барааны үнийг тооцооноос хасаагүй байна. Бараа аваачиж өгөөд хугацаа дууссан бараануудын талаар арга хэмжээ авч өгөх талаар холбогдох хүмүүстэй нь уулзах гэсэн хүсэлт гаргахад огт уулзуулдаггүй бөгөөд 7 хоног тус компанийн үүдийг сахиж байгаад ирсэн...” гэж маргажээ.

7. **********ХХК-иас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн агуулах хоорондын шилжүүлгийн баримтуудад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр:

  1. 31 нэр төрлийн 8952 тоо ширхэг ахуйн хэрэглээний бараа-28,316,250 төгрөг
  2. 25 нэр төрлийн 1609 тоо ширхэг ахуйн хэрэглээний бараа-2,301,498.90 төгрөг,
  3. 27 нэр төрлийн 736 тоо ширхэг ахуйн хэрэглээний бараа- 14,335,420.40 төгрөг,
  4. 6 нэр төрлийн 262 ширхэг ахуйн хэрэглээний бараа- 1,956,306.40 төгрөг,
  5. 10 нэр төрлийн 639 тоо ширхэг чипс -2,301,498.90 төгрөг,
  6. 3 нэр төрлийн 360 тоо ширхэг ургамлын тос 2,097,504 төгрөг,
  7. 7 нэр төрлийн 474 тоо ширхэг хүнсний бүтээгдэхүүн -986,432.40 төгрөг,
  8. 4 нэр төрлийн 1380 тоо ширхэг Skittles чихэр- 3,384,000 төгрөг,

2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр:

  1. 16 нэр төрлийн 25 хайрцаг /4100 тоо ширхэг/ чихэр -58,263,600 төгрөг,
  2. 11 нэр төрлийн 7200 тоо ширхэг orbit бохь-8,121,600 төгрөг,

Нийт 122,063,511 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна.

8. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актаар “Тооцоо нийлэгч **********ХХК-ийн өмнөөс ня-бо **********, **********ХХК-ийн өмнөөс ******* нар нь тус хоёр байгууллагын хооронд 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэлх өгч авсан тооцоогоо НББ-ийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд, борлуулагч **********ХХК нь нийлүүлэгч **********ХХК-д 90,302,819.58 /ерэн сая гурван зуун хоёр мянга найман зуун арван ес/ төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан батлав гэжээ.

Талууд дээрх 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актын үнийн дүнтэй маргаагүй болно.

9. Харин хариуцагчийн төлөөлөгч ********** нь “…2024 оны 01-р сарын 15-ны өдөр 26,191,025 төгрөгийн чихэр, 4,843,800 төгрөгийн ахуйн бараа нийт 31,034,825 төгрөгийн барааг агуулахад хүлээлгэж өгсөн. Гэтэл 4,843,800 төгрөгийн ахуйн бараа, 9,644,625 төгрөгийн 6, 7 сард хугацаа нь дуусах чихрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон байх бөгөөд 2, 3 сард хугацаа нь дуусах 16,546,400 төгрөгийн барааны үнийг тооцооноос хасаагүй... 73,756,418 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 16,546,400 төгрөгийн чихрийг **********ХХК-ийн агуулахад хүлээлгэн өгсөн тул тооцооноос хасуулна..” гэж маргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь “...Агуулахад чихэр аваачсан. **********-с гарахаас нь өмнө ийм бараануудыг буцаан авах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч бүх бараануудаа аваад ирсэн. Боломжтой барааг нь хүлээж аваад, боломжгүй барааг нь хүлээж аваагүй. Тооцооноос хасаж тооцоогүй. Манай агуулах хүнсний агуулах, стандартын дагуу хугацаа дууссан бараа агуулахад байж болохгүй. Тэр бараа гадаа контейнерт хураалгаатай байгаа болно. Би сая тодруулж асуусан...” гэж тайлбарлаж маргаан бүхий 16,546,400 төгрөгийн чихрийг **********ХХК-д хадгалагдаж байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

10. Иймд тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 90,302,819.58 төгрөгөөс **********ХХК-д хадгалагдаж байгаа 16,546,400 төгрөгийн чихрийн тооцоог хасч, барааны үнэд нийт 73,756,418 төгрөгийг **********ХХК нь **********ХХК-д төлөх үүрэгтэй байна.

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******** дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээний 4.3-т Худалдан авагч тал нь дараа тооцоогоор худалдан авсан барааны төлбөрийг тухайн сардаа багтаан *******банкин дахь **********ХХК-ийн ********* тоот дансаар төлнө гэж,

7.7-д Худалдан авагч нь гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд дараа тооцоогоор худалдан авсан барааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 109 хоногий алданги гаргуулна гэж шаарджээ.

Шүүх **********ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг буюу 73,756,418 төгрөгөөс алдангийг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 109 хоногийн алдангийг гэрээнд заасны дагуу 0.5 хувиар тооцож үзэхэд 40,197,247.81 төгрөг болж байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тус компанийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 73,756,418 төгрөгийн 50 хувь буюу 36,878,209 төгрөгийн алдангийг хариуцагчаас тооцон гаргуулах нь хуульд нийцэж байна.

12. Нэхэмжлэгч **********ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж,

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж,

158.3-д “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч **********ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан **********-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, ********** аймгийн ********** сумын ********* баг, ********** байрны ******** тоотод байршилтай 51,86 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

13. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **********ХХК-иас барааны үнэ 73,756,418 төгрөг, алданги 36,878,209 төгрөг, нийт 110,634,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,819,603 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

14. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох **********-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, ********** аймгийн ********** сумын ********* баг, ********** байрны ******** тоотод байршилтай 51,86 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 836,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 110,634,627 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 711,123 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **********ХХК-иас барааны үнэ 73,756,418 төгрөг, алданги 36,878,209 төгрөг, нийт 110,634,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,819,603 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох **********-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, ********** аймгийн ********** сумын ********* баг, ********** байрны ******** тоотод байршилтай 51,86 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 836,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 110,634,627 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 711,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ