Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 316/ШШ2025/00094

 

                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар .... “Хаан банк” ХК /РД:.../-ийн шүүхэд гаргасан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих И.О-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“Хаан банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...И.О нь /..../ ХААН Банкнаас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр онлайн цалингийн зээл, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр онлайн Хадгаламж барьцаалсан зээл, 2022 оны 08 сарын 18 ны өдөр нийт 9,000,000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус авсан бөгөөд 420 хоног зээлээ төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үед болон ЦЕГ-с тогтоосон хаягтаа амьдрахгүй тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч И.О нь /ТГ..../ХААН Банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/... тоот зээлийн гэрээгээр 9,000,000/Есөн сая / төгрөгийн онлайн цалингийн зээл аваад 2025 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,830,100.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 779,457.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78,743.81 төгрөг буюу нийт 5,688,302.10 /таван сая зургаан зуун наян найман мянга гурван зуун хоёр зууны арав /төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

ХААН Банкны Гааль тооцооны төвөөс 2023 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн e/202351006611 тоот зээлийн гэрээгээр 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээл аваад 2025 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,566,778.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 227,170.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 44,599.54 буюу нийт 1,838,548.48 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Нийт зээлийн үлдэгдэл нь 7,526,850.58 /долоон сая таван зуун хорин зургаан мянга найман зуун тавь зууны тавин найм /төгрөг болно.

И.О. нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнэгэ аймгийн .....оот хаягтаа оршин суудаггүй бөгөөд 2024 оны 04 сарын 29 ны №148/шш2024/00241 тоот эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр, 2024 оны 12 сарын 10 ны №148/шз2024/02408 шүүгчийн захирамж, 2025 оны 01 сарын 13 ны №316/шз2025/00115 шүүгчийн захирамжаар бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй тул дахин түүний оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.

 

Иймд, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир И.О.дахин эрэн сурвалжилж, байнга оршин суугаа газрыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.О. нь ХААН банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр онлайн цалингийн зээл, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхаан хэрэглээний төвөөс хадгаламж барьцаалсан зээл аваад оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр авсан 5,688,302 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 2,800,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад 1,838,548 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн эргэн төлөлт хийгээгүй 420 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч И.О. нь одоо хаягтаа байхгүй. Зээл авахдаа Сэлэнгэ аймаг, .... тоотод бүртгэлтэй байсан. Одоо энэ хаягтаа оршин суудаггүй. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дугаартай шүүхийн шийдвэр гарч И.О эрэн сурвалжилж байсан. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хаяг тогтоогдсон. Бүртгэлтэй хаяг дээрээ байгаа гэж цагдаагаас албан тоот ирсэн. Тухайн хаягийн дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Бүртгэлтэй хаягт аав нь байдаг ч холбоо барьдаггүй гэсэн хариу өгсөн. И.О.чатаар холбогдоход мэдсэн хэр нь ирдэггүй. Урагшаа тээвэрт явдаг ажил хийдэг юм шиг байна лээ. Аав нь хаягт байдаг, ээж нь урд талын байранд нь амьдардаг. Зээлдэгчийг хаана байгааг лавлахаар мэдэхгүй гээд хаягийг нь хэлдэггүй...” гэжээ.

 

Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг шинжлэн судалж,

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч “Хаан банк” ХК-аас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих И.О. эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд  И.О. РД:/.../ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №зг/... тоот зээлийн гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №20235100... дугаартай хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, хавсралтууд /хх 7-13 тал,/ мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Сэлэнгэ аймгийн ... Засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 316/шз2025/00115 дугаар шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Урьд тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас И.О. эрэн сурвалжилж түүнийг Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суудаг талаар тогтоосон байна.

 

Гэтэл тус багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 574 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай албан бичигт И.О. нь Сэлэнгэ аймгийн ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, И.О. РД:/..../ эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И. О. РД:/..../ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, И.О РД:/.../ оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ