| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2211011650255 |
| Дугаар | 2023/ДШМ/567 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | томилолт ирээгүй учраас үг хэлээгүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/567
2023 5 30 2023/ДШМ/567
Б.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Х.Л-, П.Ш-,
шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2211011650255 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х-,
Шүүгдэгч Б.Х- нь:
нийт 19 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, 231.707.664 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Х-гийн цагдан хоригдсон 99 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Г.Н-, Ц.А-, О.Н, Д.Э, Д.Н, С.М, Т.Гүнсэнхорол нарт төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Х-гээс нийт 112.026.730 төгрөг гаргуулан хохирогч Ц.О-д 4.516.000 төгрөг, Б.С-т 1.000.000 төгрөг, М.Ө-ад 5.400.000 төгрөг, А.Х-д 29.755.000 төгрөг, Ч.Э-д 4.000.000 төгрөг, Б.Н-т 11.026.957 төгрөг, Х.Л-т 6.115.200 төгрөг, Н.О-т 5.728.600 төгрөг, П.Ш-т 4.425.573 төгрөг, М.С-д 19.355.000 төгрөг, Э.А-од 18.204.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 2.500.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н-ын хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Н- нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх удаа гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгэгдэж, олон жилийн ял шийтгүүлсэндээ гэмшиж байна. Уг хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс хойш өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөөр өнөөдрийг хүрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч цагдан хоригдсоноос хойш өнөөдрийг хүртэл хохирогч Б.С-, М.Ө-, Х.Л-, Э.А-, Х.Б- нарт учруулсан 40.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид ч ял эдлэх хугацаандаа үлдсэн хохирлоо нөхөн төлөх болно. Дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж хуульд заасан зүйлчлэлийн дотор бага хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирол төлбөрийн хэмжээг үндэслэлтэй дүгнэж гаргасан тул хохирлын тооцоотой маргах зүйлгүй. Харин шүүгдэгч Б.Х-г гэм буруутайд тооцохдоо түүнийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, авсан зүйлийн хэмжээ. үнэлгээнээс бус түүний амьдралд эдгээр эд зүйлс нь ямар үүрэг гүйцэтгэж байсан, эдийн засгийн ямар ач холбогдолтой байсан талаар шалган тогтоогоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхааралдаа авна уу. Б.Х- нь 2021 оны 5 дугаар сарын сүүлээс 2021 оны 12 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд 19 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, тогтвортой байнга гэх шинжийг хангахгүй байна. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг хэрхэн зарцуулсан талаар судлахад миний үйлчлүүлэгч нь 1 хүнээс мах аваад нөгөөд өгдөг. Зарим мах нь муудаад өрөнд орсон асуудал байдаг. Мөн шүүгдэгчийн дансны бүх хуулгыг авч шалгаагүй. Ариг банкаар гүйлгээ хийдэг байсан талаар мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг шалгаагүй. Б.Х- нь аав, ээжтэйгээ хамт амьдарч тэр хүмүүсийн амьжиргааны эх үүсвэрийг гэмт хэрэг үйлдэх замаар залгуулж, олсон орлогоо тогтвортой ашигласан талаарх үйл баримт тогтоогддоггүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж тухайн зүйлд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь 2022 оны 1 сарын 03-ны өдрөөс 4 сарын хугацаанд цагдан хоригдоод гарч ирснээсээ хойш 100.000.000 гаруй төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулж байгаа. Булган мах маркетын хохирлыг хохирогчтой тохиролцож эвлэрсэн талаарх баримтыг гаргаж өгсөн байгаа. ...” гэв.
Хохирогч Х.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Б.Х- нь миний хохирлыг бараа. материалаар бүрэн төлж барагдуулсан. ...” гэв.
Хохирогч П.Ш- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х- нь миний 3264 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсээр авч төлөлтийг хийх талаар гэрээ байгуулж байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх тээврийн хэрэгслийн төлөлтийн мөнгийг миний авах ёстой байсан 8.500.000 төгрөгнөөс хасаж тооцсон байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд “Шарын голын уурхайд мах ачуулах гэж байгаа юм, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд, маргааш махны тооцоогоо хийе”, “Мах нийлүүлж, ашгаа хувааж хамтарч ажиллана”, “Тээврийн хэрэгсэл түрээсэлнэ”, “Мах аваад эргэлтэд оруулаад мөнгийг нь өгье” зэргээр 19 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 19 иргэнд 231.707.664 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь:
эд зүйл, мөнгөө залилуулсан талаар хохирогч Ц.О- /1хх 32-33/, Г.Н- /2хх 2/, Ц.А- /2хх 99/, Б.С- /2хх 97/, О.Нн /2хх 159-160/, Б.Эг /2хх 232-233/, М.Ө- /3хх 40-41/, А.Х- /3хх 135/, Ч.Э- /3хх 198-199/, Д.Н /3хх 202/, Б.Н- /4хх 2-3/, Х.Л- /4хх 57-59/, Н.О- /4хх 103/, Т.М /4хх 180/, П.Ш- /4хх 224-225/, С.М /5хх 48/, Т.Г /5хх 114/, М.С- /5хх 189/, иргэний нэхэмжлэгч Х.Б- /5хх 53-54/ нарын мэдүүлэг,
гэрч П.Алдар-Очирын “...эхнэр Ц.О- бид хоёр хувиараа мах хүргэлтээр зардаг. ...Х- би эгчид хэлчихсэн байгаа та надад 1.000.000 төгрөг өгчих би маргааш үлдсэн мөнгөтэй өгнө гэхээр нь эхнэр лүүгээ залгатал холбогдохгүй байхаар нь итгээд 1.000.000 төгрөгийг Бат-Уул гэх хүн рүү шилжүүлсэн. ...” /1хх 35-36/,
Б.А-ын “...тооцоо хийх цаг болчихоод байдаг, нөгөө залуу мөнгөө хийдэггүй, Н- над руу залгаад “нөгөө сүүлний мөнгө төгрөг яасан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би нөгөө залуу руу залгаад “чи тооцоо, мөнгөө яасан бэ” гэсэн чинь “чиний Хаан банкны данс руу чинь Голомт банкнаас 4 сая төгрөг шилжүүлчихсэн” гэсэн, “үлдсэн мөнгөө яах вэ” гэхэд “өнөөдрийн банк хоорондын лимит хэтэрчихлээ, маргааш шилжүүлнэ” гэж хэлсэн. Дансаа шалгасан чинь 4 сая төгрөг нь ороогүй байсан. ...” /2хх 5/,
Б.Ш-ийн “...сүүлээ зоориндоо хийчихээд дэлгүүр лүү ортол над руу утсаар ярьсан залуу араас дагаж орж ирээд “мөнгө бэлэн авъя” гэхээр нь би бэлэн мөнгө байсан боловч “дансаар өгчих, би хийчихье” гэтэл мессежээр Эрдэнэхүү 2.700.000, Х- 2.700.000 гэж ирсэн. Тэгээд би 68000 төгрөг бэлнээр өгсөн ба нийт 5.468.000 төгрөг өгсөн. ...” /2хх 14-15/,
Л.Б-ийн “...Х- гэх залуу ирээд 1411 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг 14 хоногийн хугацаатай түрээслэхээр болсон. ... 7 буудалд Приус засварын газарт миний машин байсан. Тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуутал “өчигдөр манай ах С- 4,000,000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн. ...” /2хх 104-107/,
М.Н “...21 хонь, 5 ямаа Улаанбаатар хотод авчирч зарахаар Эрдэнэчимэгийн хамт ирсэн. ...88430237 дугаарын утаснаас холбогдоод махаа Баянгол дүүргийн 22 дугаар хороо Энхбаярын гудамжинд нэг айлд аваачиж өгсөн. ... Х- гэх 88430237 дугаарын утаснаас ярьсан хүн өгөх ёстой гэсэн. ...Нийт 950,000 төгрөг шилжүүлж авсан /2хх 236/,
Б.Б-ийн “...Х- гэдэг залуу утсаар холбогдож байгаад манайд ирж 4-5 удаа бага багаар 1 хоног мах хадгалуулж эргүүлээд аваад явдаг байсан ...2021 оны намар Х- урьдчилж над руу залгаад “Хүн явуулсан байгаа шүү, та махнуудыг нь хүлээгээд авчхаарай гэж хэлсэн ... төд удалгүй цэнхэр өнгийн Портертой 2 залуу хүрч ирээд 791 кг мах надад хүлээлгэн өгсөн. ...Тэр орой Х дахин над руу утсаар урьдчилан хэлж байгаад өөр хүмүүс явуулж махаа аваад явсан. ...” /2хх 239/, /4хх 111-112/,
Д.М-ын “...Х- над руу холбогдоод “ахаа наад мөнгө чинь хүмүүсийн мөнгө байгаа юм, надад интернэт банк байхгүй, та надад наад мөнгөө хүмүүс рүү шилжүүлээд өгөөч” гэж гуйгаад над руу хэд, хэдэн данс мессежээр явуулсан. Би тухайн данс руу Х-гийн оруулсан 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 49/,
Г.Б-ы “...Х- гэх хүн надаас 700 кг хонины мах аваад мөнгийг нь өгөөгүй барьцаанд нь Приүс загварын тээврийн хэрэгсэл өгөөд, тэрнийхээ төлбөрт 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2.800.000 төгрөгийг онлайнаар шилжүүлж өгсөн. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө надад 2.200.000 төгрөгийг махны мөнгөнд өгсөн байсан ба сүүлд мөнгө шилжүүлж үлдэгдэл төлбөрөө буюу 2.800.000 төгрөгийг миний дансанд хийж бид хоёр өр ширгүй болцгоосон. ...” /3хх 51/,
Н.С-ын “...Х- 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 залуутай өглөө ирж уулзаад “та мах авах хэвээрээ юу” гэж асуугаад намайг хамт явъя гээд Толгойтод айлын хашаанаас мах авахаар очоод Баян-Өлгийгөөс ирсэн Х- гэх хүнтэй очиж уулзсан. Ммахыг нь авахаар тохироод...цагаан өнгийн Пробокс машинаар махаа үйлдвэрийн цех рүү зөөгөөд 3 тонн 545кг үхрийн махыг 1кг махыг 8.600 төгрөгөөр бодож нийт 30.490.440 төгрөгийг Х-гийн Голомт банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд удаагүй дансаар нь мөнгө орсныг шалгаж үзчихээд Х- манай үйлдвэрээс гараад явсан. ...” /3хх 144-145/,
Б.С-ийн “...Х- гэх залуу ганцаараа ирж үзээд Хөвсгөл явах гэж байгаа юм, 2 хоногийн хугацаатай авч явъя гээд 160.000 төгрөгийг миний Хаан банкны 5065284515 гэсэн дугаартай данс руу шилжүүлж өгчихөөд надтай түрээсийн гэрээ хийгээд машиныг маань аваад явсан юм. Тэгтэл 2 хоногийн дараа Банк бусаас над руу ярьж чи гэрээгээ зөрчсөн болохоор тээврийн хэрэгслийг манай байгууллага хураагаад авчихсан шүү гэж хэлэхээр нь за за гэж хэлээд орхисон. ...” /3хх 208/,
А.Б-ын “...Л- мах авах Х-тэй “ирж байна уу, гарсан уу" гэж утсаар ярьж байсан. Тэгээд эмээлтэд ирэхэд Х- тосож авсан. ...Хорооллын арын замаар өгсөж байгаад гүүр гараад баруун эргээд 200 метр яваад нэг зоорьтой хашаанд Х-д хонины гулууз махаа худалдаад Л- бид 2 яваад өгсөн. ...”/4хх 72-73/,
Э.Э-ын “...сүүлд нь О-ыг тухайн үед мах зарсан мөнгөө авч чадаагүй гэж дуулсан. Миний хувьд О-ын махнуудыг ачааны машинаараа нааш, цааш зөөж тусалсан. ...” /4хх 108/,
Б.Т-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х- залгаад “найз нь машинаа зарж байна, чи Хаан банкныхаа дансыг өгчих, тэгээд хэрэгцээний мөнгөө аваад үлдэгдлийг нь миний Ариг банкны данс руу хийчих” гэхээр нь би “за” гэсэн. Удалгүй миний Хаан банкны дансанд 1.400.000 төгрөг Приус авав гэсэн утгатай орж ирсэн. Би тэр дор нь Х-гийн Ариг банкнаас 1.300.000 төгрөг Т12 гэсэн утгатай шилжүүлсэн. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний Хаан банкны дансанд 2.000.000 төгрөг “Приусын үлдэгдэл мөнгө хийж дуусгав” гэсэн утгатай орж ирсэн. Би тэр мөнгөнөөс Х-гийн Ариг банкны данс руу 1.900.000 төгрөг “ОК" гэсэн утгатай шилжүүлсэн. ...” /4хх 231-232/,
Ц.Х-ын “...Х- гэх залуу хэд хэдэн удаа “эхлээд портер авах уу, дараа нь лриус авах уу” гэх зэргээр нэлээн хэдэн удаа надтай утсаар ярьж байсан. ...Х- гэх залууд би “нэр шилжих боломжгүй бол авахгүй” гэтэл “нэр шилжих боломжтой, надад өртэй хүн хөдөө байгаа юм. Надаас махны их хэмжээний мөнгө авсан тэрийгээ төлж чадахгүй байгаа. Тэгээд надад өөрийн Приус ээ өгсөн гээд 1.400.000 төгрөг тэр өгсөн данс руу нь “Приус авав” гэх утгатай хийсэн. Тэгээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. “Надад одоо өөр мөнгө байхгүй, хэд хонгоос өгье" гэтэл “тэг тэг ах” гээд явсан. Маргааш нь Х- гэх залуу ирээд бэлнээр 1.000.000 төгрөг аваад нөгөө данс руу нь 2.000.000 төгрөг “Приусны үлдэгдэл хийж дуусгав” гэсэн утгатай шилжүүлсэн. ...Би тэр машиныг задалж зараад дууссан. ...” /4хх 234-235/,
П.Д-ийн “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамж, 27 тоотод ирж засуулахад мотор нь нил хиншүү үнэртсэн, компрессор байхгүй автомашин байсан. ...Машин нь асахгүй, мотор нь болохгүй байна гэхэд орхиод яваад өгсөн. ...Надад өөрийгөө машины ченж, мөнгөө хүнд өгөөд удахгүй авна гэсэн. ...” /5хх 59-60/,
Т.Х-ын “..ах зогсоолд байгаа хар өнгийн микронд байгаа үхрийн борцыг нэг хүн очихоор хүлээлгээд өгчих” гэхээр нь би “за” гээд удалгүй нэг залуу ирээд нэлээн хэдэн шуудайтай борц авсан. ...” /5хх 197/,
Э.А-ын “...Б.Х- агуулахад байсан махнаас өгсөн, авсан” талаарх /1хх 42, 4хх 182, 5хх 121/ мэдүүлгүүд,
шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 105х-111, 2хх 41, 143-144, 201-203, Зхх 8-9, 153-154, 210-211, 231, 4хх 20-21, 80-81, 119-120, 193-194, 5хх З-4, 5хх 127-128, 203-205, 6хх 150-153/
эд зүйлийн үнэлгээ /1хх 64/, /2хх 22/, /2хх 137/, /2хх 170/, /2хх 250/, /3хх 150/, /4хх 16/, /4хх 75/, /4хх 115/, /4хх 247/, /5хх 69, 73/, /5хх 132/, /5хх 199/,
банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 163, 211, 222/, /2хх 224-225/, /3хх 192/, /4хх 125/, /5хх 37-41/, /5хх 139/
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 174-181/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 59-60/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 129/, /5хх 86/, автомашины түрээсийн гэрээ /2хх 114-115/, мах худалдан авах гэрээ /5хх 137-138/, “****” ХХК-н зарлагын баримт /4хх 196/, хохирогч Т.Г-ын зарлагын баримт /5хх 139/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Х- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Х-гийн мах аваад эргэлтэд оруулаад мөнгийг нь өгье, ашгаа хувааж хамтарч ажиллана гэх зэргээр үхэр, хонины мах, хонины сүүл, борц зэргийг нэр бүхий хохирогч нараас авч мах нийлүүлсэн мөнгөө авсан атлаа мөнгийг нь өгөлгүйгээр өөрөө авч ашигласан, мөн тээврийн хэрэгслийг нь түрээслэхээр авсан хэрнээ бусдад зарж борлуулан мөнгийг нь авч бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Х- “...хуульд заасан зүйлчлэлийн дотор бага хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Б.Х-гийн хувьд 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 7 сар гаруй хугацаанд залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэж, нэр бүхий 19 хохирогчид нийт 231.707.664 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсаныг түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, тодорхой хэмжээний хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 5 жил 6 сар болгон өөрчлөв.
Хохирогч П.Ш-ийн хохирол холбоотой асуудлын тухайд, анхан шатны шүүх “...өмнөх түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан автомашиныг засуулахад гарсан төлбөрийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй тул шүүх хэлэлцэлгүй орхиж, шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй. ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Л- нь хохирол, төлбөрөө авсан талаараа мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоолоор түүнд гаргуулахаар заасан 6.115.200 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялын хөнгөрүүлж өгнө үү. ...” гэснийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Х-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Х- нь хохирогч Х.Л-т 6.115.200 /зургаан сая нэг зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН