| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0160/З |
| Дугаар | 126/ШШ2024/0144 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 126/ШШ2024/0144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Ц.Ц********** ,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороо
Хариуцагчийн төлөөлөгч Т.А********** нарын хоорондын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц**********, хариуцагчийн төлөөлөгч Т.А********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.Ц**********, аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, тогтоолын хавсралт дахь мөр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг ... 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан ба намын гишүүнээс татгалзах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, намын бүртгэлээс хасагдаагүй атлаа Монгол ардын намаас нэр дэвшсэн... гэсэн үндэслэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн байна.
2.2. Уг татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.Ц**********, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Ц**********, нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардчилсан намын хороо нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/81 дугаартай албан бичгийг мөн сумын Сонгуулийн хороонд хүргүүлснээс шалтгаалан нэр дэвшигч Ц.Ц**********, миний эрх зүйн байдалд хохиролтой нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, тус албан бичигт ...Монгол ардын намаас нэр дэвшиж буй Ц.Ц**********, нь 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан... намаас гарах өргөдлөө намын дүрмийн дагуу албан ёсоор гаргаагүй... байх тул нэр дэвших хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзаж өгнө үү... гэсэн байдаг.
Гэтэл манай сумын сонгуулийн хороо улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөн холбогдох үйл баримтыг сайтар нягтлалгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, тогтоолын хавсралт дахь мөр хүчингүй болгох тухай тогтоолоор Ц.Ц**********, намайг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн бүртгэлээс хасаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байгаа юм.
Миний хувьд 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Улсын Үндсэн хуулиар заагдсан иргэний баталгаатай эдэлбэл зохих эрх, эрх чөлөө болох ...сонгох, сонгогдох эрх...-ээ эдэлж, нэр дэвшин, төлөөлөгчөөр томилогдож байсан нь үнэн.
Гэхдээ миний бие 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өдийг хүртэл тус сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүй байгаль шинжлэлийн багшаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэсэн төрийн албаны зарчмыг мөрдлөг болгон, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэн, улсын төрийн намын гишүүн байж болохгүй гэх хориглосон зохицуулалтыг өдий хүртэл удирдлага болгон, үнэнч шударгаар ажиллаж ирсэн нь үнэн.
Гэтэл зөвхөн нэг удаагийн сонгуулийн жилийн нэр дэвших процесст үндэслэн өөрийн намын гишүүн байх ёстой хэмээн хамаатуулан үзэж, миний нэр дэвшиж буй Монгол ардын намын болоод нэр дэвшигч миний эрхэд ноцтой халдан, итгэл үнэмшлээрээ хийсэн сонголтыг минь үл хүндэтгэж байгааг ойлгохгүй байна.
Миний хувьд Ардчилсан намын гишүүн болох хүсэл зоригоо илэрхийлж аливаа байдлаар тус намд өргөдөл, хүсэлт өгч байгаагүй төдийгүй тус намын батлах, намын гишүүний үнэмлэх надад огт байхгүй.
Харин Ардчилсан намын хорооноос Сонгуулийн хороонд гаргаж өгсөн гишүүдийн 2021 оны шинэчилсэн бүртгэл гэх үйл баримт нь намайг тус намын гишүүн болохыг батлах баримт болохгүй. Учир нь, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт намын гишүүн гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг... иргэнийг хэлнэ гэж тухайлан заажээ.
Гэтэл Ардчилсан намд миний бие албан ёсоор хэзээ ч элсэж байгаагүй, мөн тус намд аливаа байдлаар татвар төлж байгаагүй болно. Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооноос гаргасан тогтоол нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэх, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөн хууль бус байх тул тус сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, тогтоолын хавсралт дахь мөр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Ц.Ц**********, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллаж байсан учраас намын гишүүнчлэлгүй байх ёстой. Ардчилсан намайг намын гишүүнчлэлтэй гэсэн. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сонгуулийн хороо намайг Ардчилсан намайг гаргасан гомдол дээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд алдаатай гэж үзэж байна. Би намын гишүүнчлэлийг шүүлгэхэд намайг байхгүй байна гэсэн. Өргөдлийн талаар яриад байгаа юм. Намын дэмжигч биш нь үнэн юм байна гэсэн өргөдөл авч явсан тэрийг өгөөгүй гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаан-Уул сумын сонгуулийн хороонд Ардчилсан намаас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Ц.Ц********** нь Ардчилсан намын гишүүн, 2016 онд тус намаас нэр дэвшиж байсан бөгөөд Ардчилсан намын гишүүний шинэчилэсэн бүртгэлд нэр нь одоо хүртэл байгаа ба гишүүнээс гаргах тухай хүсэлт гаргаагүй байгаа нь манай намын гишүүн хэвээрээ байгааг илэрхийлж байна гэжээ. Үүний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын сонгуулийн хороо гомдол гаргагч тал, нэр дэвшигч хоёрыг дуудаж амаар болон бичгээр тайлбар авсан. Сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот албан бичгээр дахин баримт бичиг ирүүлэх албан бичгийн дагуу Ардчилсан нам манайд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цаг 48 минутад албан тоотыг Ардчилсан намын гишүүдийн 2021 оны шинэчилсэн бүртгэлийн хамт ирүүлсэн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай сонгуулийн хороо хуралдаж, уг шийдвэрийг гаргасан тухай тогтоолыг нэр дэвшигчид 09 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн болно.
Гэтэл Ц.Ц**********, нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өдийг хүртэл тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүй байгаль шинжлэлийн багшаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэсэн төрийн албаны зарчмыг мөрдлөг болгон, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэн, улс төрийн намын гишүүн байж болохгүй гэж хориглосон зохицуулалтыг өдий хүртэл удирдлага болгон, үнэнч шударгаар ажиллаж ирсэн гэж дурдсан нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.4-д заасан заалттай мөн үл нийцсэн гэж үзлээ.
Иймд эдгээр асуудлууд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн Нэр дэвшүүлэх нийтлэг журам-ыг зөрчиж байна гэж үзээд нэр дэвшигчийг хасах тухай шийдвэр гаргаж хүргүүлсэн болно гэжээ.
4.2. Хариуцагчийн төлөөлөгч Т.А********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардчилсан намаас гомдол ирсэн. Үүнийг Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.17.3-д заасны дагуу шийдвэрлээд хариуг нь өгөх үүднээс 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хоёр талыг байлцуулан хуралдаан хийсэн. Ингээд 2021 оны Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг авахаар Ардчилсан намд албан бичиг хүргүүлсэн. Үүнийг дагуу Ардчилсан нам 2021 оны шинэчилсэн бүртгэлийг ирүүлсэн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж хамтын шийдвэрээ гаргасан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ..
2. Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ц.Ц**********, ыг ...Ардчилсан намын гишүүнээс татгалзах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, намын бүртгэлээс хасагдаагүй атлаа Монгол ардын намаас нэр дэвшсэн... гэж үзэн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээс хасч шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс ... Ардчилсан намын гишүүн болох хүсэл зоригоо илэрхийлж аливаа байдлаар тус намд өргөдөл хүсэлт өгч байгаагүй, албан ёсоор хэзээ ч элсэж байгаагүй байтал миний нэр дэвшиж буй Монгол ардын намын болоод нэр дэвшигч миний эрхэд ноцтой халдсан нь үндэслэлгүй... гэж, хариуцагчаас ...сумын сонгуулийн хороо гомдол гаргагч Ардчилсан нам, нэр дэвшигч Ц.Ц**********, нарыг дуудаж амаар болон бичгээр тайлбар авсан...Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, хуульд заасан хугацаанд намаас гарах асуудлаа шийдвэрлээгүй ... нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчсөн учраас нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргасан гэсэн үндэслэлүүдээр тус тус маргажээ.
4. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын 11-д нэхэмжлэгчийг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна.
5. Гэтэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардчилсан намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид гомдол гаргасан байх бөгөөд гомдолдоо ... Ц.Ц**********, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь зүйл заалтыг зөрчиж нэр дэвшигчээр бүртгүүлсэн байх тул дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Улмаар гомдлын дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд хуралдаж нэхэмжлэгч болон Улаан-Уул сумын Ардчилсан намын хорооноос баримтууд цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.3-д Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж тус тус заажээ.
8. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу аливаа нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч нь өөр намын гишүүн байгаа тохиолдолд түүнийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах бөгөөд нэр дэвшигчээр бүртгүүлэхийн өмнө эсхүл нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа аль ч тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг аймаг, сумын сонгуулийн хороо гаргах эрхтэй байна.
9. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 онд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байсан ч тус намын гишүүнээр элсэж байгаагүй, намын үнэмлэх, батлах байхгүй гэж дурджээ.
9.1. Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д намын гишүүн гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг, 5 дугаар зүйлийн 5.7-д Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж тус тус заасан байна.
9.2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн байх бөгөөд Ардчилсан намын гишүүний харъяалалтай байсан болох нь хэрэгт авагдсан Улаан-Уул сумын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 119 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн Улаан-Уул сумын Ардчилсан намын гишүүдийн 2021 оны шинэчилсэн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш тус намаас гараагүй, гарах хүсэлтээ өгөөгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн а/81 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
9.3. Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ардчилсан намд бүртгэлтэй эсэхээ шалгуулахад бүртгэлгүй байсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаа нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөөгүй болно.
10. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 14.1.2-т Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь газар зүй-байгаль шинжлэлийн багш буюу төрийн үйлчилгээний албан хаагч болох нь Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
11. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.4-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэж заасан байтал нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч атлаа улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, тогтоолын хавсралт дахь мөр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ц.Ц**********, ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, тогтоолын хавсралт дахь мөр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ц.Ц**********, ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР