Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 316/ШШ2025/00095

 

                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...тоотод байрлах, “Хаан банк” ХК РД:2693321/-ийн шүүхэд гаргасан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Г.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Хаан банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Г. нь /М.../ ХААН Банкны ... Тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд 227 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч Г.Г. нь /М.../ ХААН Банкны ...н тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202354163221 тоот зээлийн гэрээ, БГХ/202354163... тоот барьцааны гэрээ байгуулан 24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 01 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 21,389,660.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,162,079.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 95,354.22 төгрөг, нийт 24,647,094.67 /хорин дөрвөн сая зургаан зуун дөчин долоон мянга ерэн дөрөв зууны жаран долоон/ төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Нийт 24,647,094.67 /хорин дөрвөн сая зургаан зуун дөчин долоон мянга ерэн дөрөв зууны жаран долоон /төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно.

Г.Г. нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн ...баг хаягт суудаггүй, бүртгэлтэй .. дугаараа огт авдаггүй, Зээл авах үеийн байдлаар Э.... ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 227 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г. нь  ХААН Банкны ... Тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээл авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 227 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ зөрчсөн. Оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Зээлдэгч Г.Г. нь ХААН Банкны . тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2025 оны 01 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар нийт 24,647,094.67 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Г.Г. нь зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн ... баг гэсэн хаягт оршин суудаггүй, бүртгэлтэй ...дугаараа огт авдаггүй. Зээл авах үеийн байдлаар Э... ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 227 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуусаж байгаа. 2024 оны 07 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрсэн. ... дугаараар аавтай нь холбогдож байгаа. Аав нь утсаа авч байгаа ч хүүгийнхээ хаана байгааг нь  мэдэхгүй гэсэн хариу өгдөг. Зээл төлөх мэдэгдлийг Улаанбаатар хотын хаягаар удаа дараа явуулсан ч хаягтаа байхгүй гэж ирсэн. ... сумын хаягаар зээл төлөх мэдэгдэл явуулахад хаягт оршин суудагггүй гэж ирсэн…” гэжээ.

 

Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч “Хаан банк” ХК-аас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г.Г. /.../ эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд  Г.Г.нь /../ иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/20235416... тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хавсралтууд /хх 1-15 тал,/ мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Сэлэнгэ аймгийн ...Засаг даргын тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл, шуудангийн тэмдэглэгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, Г.Г. /.../ эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г. Г. /.../ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, Г.Г. /.../ оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ