Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/06201

 

2024 12 06 184/ШШ2024/06201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Ж.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* байрны ******* тоот хаягт оршин суух оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* байрны ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,264,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулаг, иргэдийн төлөөлөгч Б.Зургаанжин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт манай гэр байдаг. 2024.08.14-ний өдөр дээд айл болох ******* тоотоос шүршүүрийн хөмсөг цоорсны улмаас ус алдсан. Тухайн үед манайх хүнтэй байсан учраас орон сууцны газарт дуудлага өгч нийтийн шугамыг хаалгаж арга хэмжээ авсан. 2024.08.26-ны өдөр Хас үнэлгээ ХХК гэх газраар хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийлгүүлэхэд 1,264,000 төгрөгийг хохирол тогтоогдсон. Хариуцагч Ц.т энэ талаар хэлсэн боловч төлбөр төлөх боломжгүй гэсэн. Иймд шүүхэд хандан Ц.ээс 1,264,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024.08.14-ний өдөр Ц.ийг эзгүй байх хооронд миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ******* байр, ******* тоот орон сууцны банын өрөөний шүршүүр цоорсноос доод айл буюу ******* тоот айл руу ус алдсан байсан. Миний бие ус алдсаныг мэдээд 500,000 төгрөг өгсөн боловч бага байна гэсэн учир өгөөгүй. Миний хувьд нэхэмжлэл дээр дурдсан 1,264,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний баримтаас харахад засварын ажлын хөлс нь 39 м.кв талбайд үйлчилгээ хийх зэргээр тооцсон байна. Гэтэл ус алдаж өнгө болон чанар алдагдсан байж болох хэсэг нь уг айлын 2 м.кв талбайд хамаарах юм. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 500,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, 2024.08.26-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2024.08.19-ний өдрийн орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, фото зураг,

4. Хариуцагчаас 2024.12.05-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Дээд айлаас нь ус алдаж доод айлд нь хохирол учирсан байна. 2 айл хоёул даатгалгүй учраас даатгалаас мөнгө авах боломжгүй. Хооронд тохирч чадалгүй шүүхэд хандсан байна. Тогны утас байрны ханын завсар байдаг учраас гэмтэл орж, гэрэл асахгүй болсон нөхцөл байдал байна. Үнэлгээний газраас хохирлын хэмжээг тогтоосон тул ус алдуулсан хариуцагч тал хохирлыг арилгах нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.ээс 1,264,000 төгрөгийг ус алдсаны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд шаарджээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээ болон үнэлгээг өндөр тооцсон гэжээ.

4. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* байрны ******* тоотод, хариуцагч тус байрны ******* тоотод оршин суудаг буюу дээд, доод хөрш залгаа амьдардаг, Ц.ийн угаалгын өрөөний холигч цоорсны улмаас ус алдаж, доод айл болох Б.*******ийн орон сууцанд ус нэвчсэн гэх үйл баримтад талууд маргаагүй. /хэргийн 13 дугаар тал/

5. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй, харин орон сууцыг засварлах талбайн хэмжээ, түүний үнэлгээний хувьд маргажээ.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

7. Хариуцагч учирсан хохирлын хир хэмжээ, үнэлгээний хувьд маргаж байгаа тохиолдолд татгалзлаа аливаа нотолгооны хэрэгслээр нотлох үүрэгтэй. Гэвч хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, нотолгооны талаар хүсэлт гаргаагүй тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй нөхцөлд хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланг баримтаар үгүйсгээгүй тул тайлан тусгагдсанаар нэхэмжлэгч Б.*******ийн орон сууцанд 1,264,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзнэ. /хэргийн 5-12 дугаар тал/

8. Иймд хариуцагч Ц.ээс 1,264,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.

9. Иргэдийн төлөөлөгчийн Үнэлгээний газраас хохирлын хэмжээг тогтоосон тул ус алдуулсан хариуцагч тал хохирлыг арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хариуцагч Ц.ээс 1,264,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ

 

ШҮҮГЧ Ж.ОЮУНЖАРГАЛ