Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/477

 

      2023         05           04                                         2023/ДШМ/477

М.Год холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Год холбогдох 2209 00290 0563 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ы Г, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “М...” цогцолборын цэцэрлэгүүд хариуцсан ... ажилтай, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 508-69 тоотод үйл ажиллагаа явуулах “Namira-s” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн М-ны Г-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа болон байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө гэрийн ойролцоох байнга үйлчлүүлдэг үсчиний газраар үйлчлүүлээд гарахдаа тэр өдрийн олон олон ажлуудаа /ажлаасаа хоцрохгүй эрт очих, ажилчдынхаа цалинг өгөх, хүүхдүүдийнхээ бэлэгний асуудлыг зохицуулж өгөх, Дархан-Уул аймаг явах гэх мэт/ бодож яарч, сандарч яваад өөрийн эд зүйлсийн хажууд байсан хүний гар утсыг санаандгүйгээр аваад гарсан гэм буруутай үйлдэл гаргасандаа гэмшиж байгаа боловч уг үйлдлийг үнэхээр санаатай үйлдээгүй учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй гомдолтой байна. Миний боловсролын салбарын нэр хүндтэй удирдах алба хашиж байгаа, амьдралын нөхцөл боломжийн байдал зэргийг харгалзан уг ичгэвтэр үйлдлийг үйлдэхгүй гэдгийг нотлон үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Г нь тухайн гар утас яагаад өөрийн торонд орсон болох талаар мэддэггүй “тухайн өдөр яарч сандарч, явсан юмтайгаа хамаад хийсэн байж болно, ...гар утсыг хулгай хийсэн хүн ашиглах боломжтой байдаг юм уу, ...би хулгай хийсэн бол үсчинд төлбөрөө төлөхдөө өөрийн гар утасны дугаарыг бичих шаардлагатай гэж үү, ...би удирдах албан тушаал хашдаг багш хүн, миний гэрээс гар утас гарсантай маргах зүйл байхгүй ч би утас авснаа ч мэдээгүй, ...хэрэв мэдсэн бол хохирогчийг бухимдуулан уурлуулах шаардлага байхгүй байсан” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Энэ нь бусад нотлох баримт буюу хохирогч Б.Б, гэрч Б.Ганцэцэг, гэрч Г.Ундармаа, гэрч Г.Аминшагай нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх дан ганц яллах талыг баримталсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж хуульчлан заасан бөгөөд хууль бусаар авсан гэж “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг”, хүч хэрэглэхгүйгээр гэж “...бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдашгүй үйлдлийг ойлгоно”, нууцаар авсан гэж “...бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд авсныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг тогтоохоор хуульчилсан. Сэдэл шалтгаан нөхцлийг тогтоосноор М.Г уг гар утсыг санаа зорилготой хулгай хийж аваад байна уу, аль эсвэл яаруу тэвдүү явсан байдлаасаа хамаарч өөрийн зүйлтэйгээ, ухамсарлалгүй аваад гарсан уу гэдгийг тогтоох учиртай байсан.

Хулгайлах гэмт хэргийн Субьектив тал нь “Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлддэг” бол энэ шинж нь М.Гын үйлдэлд байдаггүй нь хохирогчтой утсаар анх ярьсан байдал, охин Ундармааг гэр рүүгээ явуулж утас байгаа эсэхийг шалгуулж байгаа үйлдэл зэргээр нотлогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, мөн хэсгийн 2.3-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Нөгөө талаас өмгөөлөгчийн зүгээс гар утас миний үйлчлүүлэгчийн авч явсан торноос гарч ирсэн, хүүхдүүд нь уг утсыг өөрсдөд нь ээж нь авч өгсөн гэж ойлгож унтрааж, өөрийн сим картаа хийх үйлдэл хийсэн, охин Ундармаа гэрт нь очиж уг утас байгааг мэдэж, уг утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт зэргээс М.Г утсыг аваагүй гэдэгтэй маргах боломжгүй. Харин тухайн үед яарч явахдаа ухамсарлалгүйгээр өөрийн хохирогчийн гар утсыг өөрийн тортой эд зүйлтэйгээ хаман авч гарснаас уг үйлдэл хийгдсэн нь дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг биш гэж мэтгэлцдэг.

Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэнэ.” гэж, мөн зүйлийн 2-д “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй.” гэж тус тус заасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс тодорхой дүгнэлтдээ тусгасан боловч анхан шатны шүүхээс няцаагаагүй.

М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 508-69 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “Namira-s” үсчинд Б.Бгийн эзэмшлийн “Iphone-12 pro max” гар утсыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өөрийн ухамсарлагдаагүй үйлдлийн улмаас авч явсан үйлдэл нь гэрч М.Г, хохирогч Б.Б, гэрч Б.Ганцэцэг, гэрч Г.Ундармаа, гэрч Г.Аминшагай нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд М.Год холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Гыг цагаатгаж өгнө үү.гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж байгаа боловч шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрхэн яаж нотлогддог вэ гэхээр хохирогч “гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт, гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тодорхой мэдүүлсэн. Хохирогч тухайн өдөр 9 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Namira-s” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байхад нь шүүгдэгч М.Г үйлчлүүлээд зөрөөд гарсан байдаг. Хохирогч үсчинд үйлчлүүлэхдээ жижигхэн гар цүнхтэй орж, цүнхэн дээрээ гар утсаа тавиад үсээ угаалгаад эргээд харахад гар утас нь алга болсон байдаг. Шүүгдэгч М.Г нь төлбөрийн утга дээр гар утасны дугаараа тэмдэглэсэн байсан тул хохирогч шүүгдэгч рүү 2, 3 удаа холбогдсон байдаг. Тэгэхэд шүүгдэгч “өөдөөс нь уурлаж, яагаад чиний гар утсыг авах ёстой юм, Iphone гар утсыг ашиглах боломжтой байдаг юм уу” гэх байдлаар ярьсан байдаг. Эцэст нь хохирогч цагдаагийн байгууллагад хандахад шүүгдэгч М.Г холбогдож “гар утсыг торонд орсон байна” гэдгийг хэлсэн. М.Г өөрөө ч биш 10 гаруй настай хүүхдээрээ гар утсыг буцааж хохирогчид өгүүлсэн байдаг. Хохирогч “М.Г гэдэг хүний тортой эд зүйлийг харсан. Энд түүний гар цүнх байсан, босоо виноны цаасан ууттай тор байсан, өөр  тортой эд зүйл байгаагүй. Миний гар утсыг андуурч авч гарах эсхүл тор руу унах ямар ч нөхцөл байдал байгаагүй” талаар тодорхой мэдүүлсэн. Ийм учраас шүүгдэгч М.Г нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд халдаж, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн. Иймд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 508-69 тоотод үйл ажиллагаа явуулах “Namira-s” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрөөд яваад очтол миний өмнө нэг хүн үсээ засуулж байсан. Би үсчинд явж ороод гадуур хувцсаа өлгөөд цүнхээ сандал дээр нь тавиад дээр нь гар утсаа тавьсан. Намайг ороход үсээ засуулж байсан хүн дуусаад би үсээ угаалгахаар явсан юм. Тэгээд үсээ угаалгаад хэвтэж байтал миний өмнөх үйлчлүүлэгч “мөнгөө дансаар хийчихлээ, баярлалаа” гээд гарсан. Тэгээд би үсээ угаалгаж дуусаад цүнхээ автал миний гар утас байгаагүй. Гар утсаа хайгаад олоогүй учраас үсчин эгч буюу бэр эгчийнхээ утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Үсээ угаалгаад босож ирээд гар утсаа хайсан хугацаа 7-8 минут орчим л байсан. Сая өмнөх өгсөн үйлчлүүлэгч мөнгөө дансаар шилжүүлсэн юм чинь таны дансны хуулгыг харъя гээд шүүж үзэхэд өөрийнхөө утасны дугаарыг бичээд мөнгөө шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь шууд нөгөө дугаар руу эгчийнхээ утаснаас залгаад би шууд тулгаад “та миний гар утсыг аваад явчихсан байна, танаас өөр хүн байгаагүй, би цагдаа дуудахгүй” гэхэд “одоо орчин үед I phone хулгайлдаг хүн байдаг юм уу, чи миний нэр төрд халдлаа, би чамайг цагдаад өгнө” гэсэн. ...Тэгээд байж байгаад нөгөө эгч эргэж залгаад “чи яг гар утсаа хаана тавьсан юм бэ, би олон тортой юм барьж явсан болохоор миний цүнхэнд орчихсон байж магадгүй, би үзье, тортой юмаа 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс хүүхдэдээ өгөөд явуулчихсан” гэсэн ба бас хэсэг хугацааны дараа залгаад “миний тортой юм руу чиний гар утас орчихсон байна, би өөрөө Дархан явах гээд Драгон явж байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд тухайн хүнтэй гар утсаар яриад миний гар утсыг 5-6 настай эрэгтэй хүүхэд авчирч өгсөн. Би гар утсаа яг цүнхнийхээ хажууд тавьсан. Миний гар утас цоо шинэ байсан учраас 30-40 хувийн цэнэгтэй байсан. Тэр эмэгтэйн авч явсан эд зүйлс нь нэг цаасан өндөр тор байсан. Дотор нь шилтэй эд зүйл байсан. Бас цүнх нь хаалттай байсан. Миний өөрийн цүнх жижиг хар учраас дээр нь тавьсан байсан. Сандал дээр эд зүйлүүд эмх цэгцтэй, хүний тор руу юм уначихаар эмх цэгцгүй байгаагүй. ...” /хх 30-31/,

гэрч Б.Ганцэцэгийн “...40 орчим насны эмэгтэй орж ирээд үсээ сэнсдүүлж янзлуулаад тооцоог интернэт банк ашиглаж төлбөр болох 10.000 төгрөг шилжүүлээд гарсан. Тухайн эмэгтэй үйлчлүүлж дуусаж байхад манай дүү болох Баярмаа нь надаар үсээ янзлуулахаар орж ирсэн. ...Тэгээд удалгүй эгч нь мөнгө шилжүүлчихсэн гэж хэлээд гараад явсан. Бид үсээ угааж дуусаад үсчний өрөөнд орж ирэхэд Баярмаагийн сандал дээр тавьсан байсан гар утас байхгүй байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 22-23/,

гэрч Г.Ундармаагийн “...өглөө 11 цагийн үед ээж залгаад “гэрт тортой юм үлдээсэн байгаа, тэр торон дотор утас байна уу үзээд өг” гэхээр нь гэрт нь очоод үзтэл I phone маркийн гар утас байхаар нь ээж рүү залгаад ийм утас байна гэж хэлсэн. Намайг ээжийн гэр лүү ороход хоёр дүү ээжийн тортой юмнаас утас гаргаж ирээд асаагаад тоглож байсан. Тэгээд ээж хүн ирж авна гэхээр нь хоёр дүүгээ гаргаж өг гэж хэлээрэй гээд гаргасан. ...” /хх 166-167/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15, 122-124, 159-163/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 118-119/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.Гыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Гын иргэн Б.Бгийн эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар “...М.Г нь ...үсчинд Б.Бгийн эзэмшлийн “Iphone-12 pro max” гар утсыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өөрийн ухамсарлагдаагүй үйлдлийн улмаас авч явсан үйлдэл нь гэрч М.Г, хохирогч Б.Б, гэрч Б.Ганцэцэг, гэрч Г.Ундармаа, гэрч Г.Аминшагай нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Гыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бгийн “...үсээ угаалгачихаад цүнхээ аваад утсаа үзсэн чинь байхгүй болохоор нь үсчингийн утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь тэр хавиар үзсэн чинь байхгүй болохоор нь эхний үсээ индүүдүүлсэн хүн интернет банкаар гүйлгээ хийснийг гэнэт санаад холбогдсон чинь “миний торонд орчихсон байна” гэсэн. Эхлээд тэр хүн утсаар ярихад “I phone чинь нууц кодтой байдаг, авдаг хүн байдаг юм уу” гэхээр нь “бид гурваас өөр хүн байгаагүй, шийдүүлдэг газраар нь шийдүүлэе” гэсэн чинь “би гурав дөрвөн тортой зүйл авч явсан, тэрэн дотор орчихсон байж магадгүй чи намайг гүтгэсэн байвал нэр төрөө сэргээлгэнэ” гэхээр нь “тэгээ” гэж хэлээд утсаа салгасан. Утсаа би үсчинд ороод цүнхнийхээ хажууд тавьсан байсан. ...” гэсэн мэдүүлгийг давж заалдах шатны шүүхээс харьцуулан шинжлэн судалж бусад нотлох баримттай харьцуулж, магадлах аргаар шалгаж, дээрх нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэллээ.

Насанд хүрээгүй гэрч Г.Аминшагайгийн “...Би гэртээ байж байхад ээж “сургуулийн монитад өгөх бэлгийг гэрийн гадаа гарч ирээд аваадах” гэхээр нь гарч аваад буцаад гэртээ ороод задлаад үзтэл гар утас байсан ба асаах гээд оролдоод үзтэл код нэхээд байсан тул өөрийнхөө симийг хийх гээд утсыг унтраачихсан юм. Тэгтэл эгч Ундармаа гэрийн гадаа ирээд утсаар залгаад “наана чинь нэг гар утас байна уу, аваад гараад ир” гэхээр нь нөгөө утсыг аваад гартал эгч “наад утсаа хүнд аваачиж өг” гэхээр нь би цагдаа ахад аваачиж өгсөн. ...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан хэдий боловч шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж байгаа баримт биш юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...шүүгдэгч М.Год шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа болон байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол...” гэж найруулгын хувьд алдаатай бичсэнийг “...шүүгдэгч М.Год шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа Хан-Уул дүүрэг болон байнга оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол...” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “...шүүгдэгч М.Год шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа болон байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол...” гэснийг “...шүүгдэгч М.Год шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа Хан-Уул дүүрэг болон байнга оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ