Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0806/З |
Дугаар | 13 |
Огноо | 2019-01-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 13
"Г х" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г х” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г х” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0582 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.О нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-аас гаргасан ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г х” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г х” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0582 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “энэ хуулийн 53.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж тус тус заажээ. “ММНС” ХХК-д сонгон шалгаруулалтаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь эрдсийн хуримтлал бүхий эсхүл тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан талбайн алинд нь хамаарч байсан талаарх баримтыг цуглуулж гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ уг талбайд багтаж байсан эсэх, тухайн үед нэхэмжлэгчийн маргаж буй газартай хэсэгчлэн давхцаж байсан эсэхийг тодруулж, дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоор байна гэж үзжээ.
4. Маргаан нь газрыг “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмшигч болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүссэн “эзэмшил газар нь хайгуул хийх талбайтай хэсэгчлэн давхацсан” талаарх маргаан бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
5. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “..., гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, ..., гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй нэхэмжлэгч “Г х” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани тул нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг хянан шийдвэрлэхээс өмнө “Г х” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулахаар байна гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Г х” ХХК нь гадаад улсаас хөрөнгө оруулалт авч ажиллаж буй Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд газрыг ашиглах эрхтэй юу, эзэмших эрхтэй юу гэдгээс үл хамааран зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0582 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... “Г х” компанид маргаан бүхий 2,5 га газрыг эзэмшүүлэх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гарсан, гэтэл Ашигт малтмалын газраас уг талбайд сонгон шалгаруулалт явуулах тухай мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр явуулсан. Цаг хугацааны хувьд ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь “Г х” ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарахаас өмнө явагдсан ажиллагаа юм. Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж, үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Доод буурт” нэртэй ХҮ-020526 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарч, хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр олгох үед “Газар хэвлий” компани нь маргаан бүхий газрыг түрүүлж эзэмших, ашиглах хууль эрх зүйн үндэслэл байгаагүй бөгөөд хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь бүрэн үгүйсгэгдэж байхад шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй орхигдуулсан.
8. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагч, гуравдагч этгээд “З г” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн улмаас зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэрийг шүүх гаргана гэж дурдан дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлгүй, дахин баримт цуглуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
9. Газрын хэвлийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар “...ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барих зөвшөөрлийг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Энэ тохиолдолд газрын хэвлийгээс ашигт малтмал олборлох боломжийг хангасан байвал зохино” гэж заасан байхад үл харгалзан ашигт малтмал бүхий газарт нуур далан байгуулах зориулалтаар газар эзэмшүүлсэн байгаа нь хууль бус гэж үзэж байна.
10. Тусгай зөвшөөрөл эзэмшин олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бол тусгай зөвшөөрлийн хил хязгаар дотроо усан сан, нуураа байгуулах ёстой байтал тусгай зөвшөөрлийн хилээс гадна усан сан байгуулж, угаах төхөөрөмжөө байрлуулсан, ашигт малтмал бүхий газарт хайгуул хийх бусдын эрхийг зөрчих эрхгүй юм. “Г х” ХХК нь Хонгор сумын Засаг даргын 2012 оны 8 сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжаар шороон ордын ашиглалт олборлолт явуулах зорилгоор олгогдсон 143,17 га талбайдаа нуур далангаа байгуулах бүрэн боломжтой билээ.
11. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Г х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй нөхцөл байдлыг тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
13. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад шалгарсныг үндэслэн гуравдагч этгээд “З г” ХХК-ийн хамаарал бүхий “ММНС” ХХК-д Ашигт малтмалын газрын /тухайн үеийн нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний 286 дугаар шийдвэрээр Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг “Доод буурт” нэртэй 3063.6 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020526 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон, тус талбайн 2.3 га хэсэг талбай нь Дархан-уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамжийн дагуу “Г х” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалттай усан сангийн зориулалтаар эзэмшүүлсэн 2.5 га газарт давхацсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
14. Нэхэмжлэгч “Г х” ХХК нь түүний эзэмшсэн газарт давхцуулан 2.3 га газрыг хайгуул хийлгэх зориулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосныг хууль бус гэж маргасан, анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг цуглуулснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-016891 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 143.17 га талбайн хажууд эзэмшсэн уг 2.5 га газарт усан сан /хиймэл нуур/ байгуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа, тус газрыг хамруулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулж явуулахаас өмнө буюу 2012 оноос хойш маргаан бүхий уг газар нь бусдын /“С х” ХХК/ эзэмшилд байсан бөгөөд нэхэмжлэгчид тус газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
15. Иймд, анхан шатны шүүх маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх нэхэмжлэгчид түрүүлж үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.
16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны зүйлийг зөв тогтоож, маргаанд хамааралтай нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүйгээс хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтыг нэмж цуглуулах, мөн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг тодруулж шалгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Тухайлбал, сонгон шалгаруулалт зарлаж, явуулах тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1-д заасны аль үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсныг тогтоох нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй, “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” хариуцагчийн 2016 оны 286 дугаар шийдвэрт уг “сонгон шалгаруулалт”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу явуулсан нь тусгагдсан байхад үүнийг анхаараагүй, магадлалд хийсэн уг дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцэхгүй байна.
17. Түүнчлэн, Уул, уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3-т заасны дагуу хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулах талаар Дархан-уул аймгийн Засаг даргад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6/1057 дугаартай албан бичгээр мэдэгдэж, мөн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1-365 дугаартай албан бичгээр “дэмжихгүй” гэх саналыг авсан, Засаг даргын “дэмжээгүй” санал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоогүй нь уг албан бичгээс тодорхой байхад хариуцагчийн 2016 оны 6/1057 дугаартай албан бичгийг хэрэгт аваагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийг нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлээгүй гэж буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй.
18. Үүний зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” 13 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн эзэмшил газрыг 2.3 га хэмжээгээр тодорхойлж, ийм хэмжээтэй газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, газрын хэмжээ багассан нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ багассан шалтгаан, холбогдох баримтууд нь хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүхээс “...зөрүүтэй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай” гэсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан уг баримтуудыг бүрэн үнэлээгүй байна гэж үзнэ.
19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Дархан-уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамжаар “Сонгомол хүлэг” ХХК-ийн эзэмшиж байсан 2.5 га газрыг “Г х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн, уг захирамжийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өөрийн 000322336 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэснээс үзэхэд гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “... “Г х” компанийн газар эзэмших хууль ёсны эрх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүссэн ...” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
20. Үүний зэрэгцээ, хяналтын гомдлын “нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй, энэ талбай нь “Очир ундраа” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байгаад цуцлагдсан, сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь “Газар хэвлий” компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө явагдсан” гэх үйл баримт нь энэ маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй учир хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй.
21. Мөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд шилжүүлсэн актын талаар маргах нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан, эдгээр баримтуудыг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжтой байтал хэргийг үндэслэлгүйгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, энэ талаарх гуравдагч этгээдийн хяналтын гомдол үндэслэлтэй.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргах эрхтэй, энэ тохиолдлын хувьд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглалттай холбоотой буюу талбай дотроо “усан сан, нуураа байгуулах ёстой” гэж бие даасан шаардлага гаргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, маргаагүй уг асуудлаар хяналтын шатны шүүх нь дүгнэх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцэхгүй, гуравдагч этгээдийн хяналтын гомдлын 4 дэх хэсгийг хүлээж авах үндэслэлгүй байна.
23. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээд “З г” ХХК-ийн захирал Б.Н, өмгөөлөгч Ө.О нарын хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгэр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0582 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ