Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/06334

 

2024 12 16 184/ШШ2024/06334

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, баянхошуу ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ө.*******, гэрч Н.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988.04.24-ний өдрөөс 1991.12.30-ны өдрийг хүртэл өөрийн төрсөн нутаг болох Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд Монгол Ардын Хувьсгалт намын даргын ******* машины жолоочоор ажилласан. Архивын газраас миний авч байсан цалингийн тодорхойлолт болон ажилд орсон тушаал байгаа ч ажлаас гарсан тушаал олдохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд намайг 1988.04.24-ний өдрөөс 1991.12.30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд Монгол Ардын Хувьсгалт намын даргын машины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Гурванзагал сумын гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1988.05.24-ны өдрийн №Б/63 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилон ажиллуулах тухай тушаал, Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тодорхойлолт, Гурванзагал сумын 30 жил нэгдэл, 30 жил компанийн цалингийн тодорхойлолт, Б.Ядамсүрэн, Н.Ганболд нарын бичгээр гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.******* нь 1988.04.24-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд Монгол Ардын Хувьсгалт намын даргын машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ө.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 3, 4 дүгээр тал/

4. Ө.******* нь 1988.04.24-ний өдрөөс 1991.12.30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд Монгол Ардын Хувьсгалт намын даргын машины жолоочоор ажиллаж байсан болох нь Дорнод аймгийн Гурванзагал сумын гучин жил нэгдлийн зөвлөлийн даргын 1988.05.24-ны өдрийн №Б/63 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилон ажиллуулах тухай тушаал, Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2024.09.30-ны өдрийн 173 тоот албан бичиг, түүний хасралтцалингийн тодорхойлолт, Б.Ядамсүрэн, Н.Ганболд нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.Ганболдын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-14 дүгээр тал/

5. Иймд, нэхэмжлэгч Ө.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, *******, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /рд:*******/-ыг 1988.04.24-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН