| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0071/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ц.Ням /ҮД:0097/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л холбогдох 1703000010137 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Мега воод” ХХК-д мужааны ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, Цагаанчулуутын 3 дугаар гудамжны 3 тоотод хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б Л
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ургах наран хорооллын замд Тоёота Приус-10 загварын 39-29 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн “2 дугаар хавсралт: Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, “3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон”, “3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн гадна байсан иргэн П.Батжаргалыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхавгасүрэн: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Хэргийн газар дээр очиход бетонон, шулуун, тэгш хуурай, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээгээр зорчдог, явган хүний замгүй хашлагагүй, хайсгүй, 7.0 метрийн өргөнтэй замд Т.Приус маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун тийшээ, К.Бонго маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай зогсож байв... хүнийг анх мөргөсөн цэгийг К.Бонго маркийн автомашины жолоочоор заалгаж А үсгээр тэмдэглэн хэмжилт хийв...” гэх тэмдэглэл /хх.4/,
Хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2-3, 5-6/,
Жолоочийн согтуурал тандагч багажаар шалгахад 1.73 % гарсан тэмдэглэл: /хх.10/,
Мөрдөн байцаалтад хохирогч П.Батжаргалын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад төрсөн ах Баяндоржийн хамтаар Улаанбаатараас Налайх орох гээд Баяндоржийн 79-86 УНР улсын дугаартай Бонго маркийн автомашинтай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байтал машиных нь агаар шүүгчийн таг мултарч унасан юм. Тэгэнгүүт зам чөлөөлж зогсоод машиных нь зүүн талд кабины доор байрлах агаар шүүгчийн тагийг хийх гээд газарт явган сууж байтал гэнэт л машин ороод ирсэн, тэгээд би сайн санахгүй байгаа юм, нэг санахад зүүн хөл гэмтсэн, баруун цээж нилээн өвчин орсон байсан. Дараа нь харахад эсрэг урсгалд явж байсан Т.Приус маркийн автомашин урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14, 15/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Баяндоржийн өгсөн: “... машины маань агаар шүүгчийн таг мултарч унасан юм. Тэгэнгүүт зам чөлөөлж зогсоод дүүгээ буулгасан, манай дүү Батжаргал машинаас буугаад тагаа зам дээрээс аваад машины зүүн талд кабины доор байрлах агаар шүүгчийн тагийг боогоод газарт явган сууж байтал гэнэт л машин ороод мөргөсөн юм, би тэр үед машиныхаа руль дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн байцаалтад Ц.Ганцэцэгийн гэрч, иргэний хариуцагчаар өгсөн: “... Т.Приус-10 маркийн 39-29 УНЧ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг машин байгаа юм. Энэ машин нь 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, Монголд 2012 онд орж ирсэн машин байгаа. Би машиныг 2014 оноос хойш унаж хэрэглэсэн. Миний нэр дээр байдаг болохоос манай нөхөр Б.Л ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин нөгөө хохирсон хүмүүсийнхээ зардал, тооцоог бид чадлынхаа хэрээр төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.24, 26/,
“Т.Приус-10 маркийн 3929 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “2.7 а.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын “3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон”, “3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх.29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13776 дугаартай: “... П.Батжаргалын биед зүүн хөлийн шагайн үений гадна дотно хавчаар ясны далд хугарал /Шаант, тахилзуур ясны доод булууны хугарал/, доод уруул, дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.31/,
“Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан: “... Автомашины хойд 2 дугуйны хүчний хэмжээ, урд 2 их гэрэл хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос барихгүй, урд тэнхлэг тохиргоо алдагдсан, хойд буфер зүүн гар талын булан хэсэгт будаг халцарсан, урд 2 оврын гэрлийн чийдэнгүүд асахгүй, дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Уг автомашины урд хоёр болон зүүн хойд дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байна. Мөн хөдөлгүүрийн тос гоожилт их, зүүн болон баруун гар талын урд доод гарны өндгөн тулгуур элэгдэж хөдөлгөөн орсон, жолооны механизмын рулийн аппаратны хүчлүүр ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.40-53/,
Мөрдөн байцаалтад Б.Лгийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт үгүй...” гэх мэдүүлэг /хх.78-79/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Лхагважавын өгсөн мэдүүлэг /хх.22/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ургах наран хорооллын замд Тоёота Приус-10 загварын 39-29 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн “2 дугаар хавсралт: Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, “3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон”, “3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн гадна байсан иргэн П.Батжаргалыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4/,
Хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2-3, 5-6/,
Жолоочийн согтуурал тандагч багажаар шалгахад 1.73 % гарсан тэмдэглэл: /хх.10/,
Мөрдөн байцаалтад хохирогч П.Батжаргалын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад төрсөн ах Баяндоржийн хамтаар Улаанбаатараас Налайх орох гээд Баяндоржийн 79-86 УНР улсын дугаартай Бонго маркийн автомашинтай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байтал машиных нь агаар шүүгчийн таг мултарч унасан юм. Тэгэнгүүт зам чөлөөлж зогсоод машиных нь зүүн талд кабины доор байрлах агаар шүүгчийн тагийг хийх гээд газарт явган сууж байтал гэнэт л машин ороод ирсэн, тэгээд би сайн санахгүй байгаа юм, нэг санахад зүүн хөл гэмтсэн, баруун цээж нилээн өвчин орсон байсан. Дараа нь харахад эсрэг урсгалд явж байсан Т.Приус маркийн автомашин урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Баяндоржийн өгсөн: “... машины маань агаар шүүгчийн таг мултарч унасан юм. Тэгэнгүүт зам чөлөөлж зогсоод дүүгээ буулгасан, манай дүү Батжаргал машинаас буугаад тагаа зам дээрээс аваад машины зүүн талд кабины доор байрлах агаар шүүгчийн тагийг боогоод газарт явган сууж байтал гэнэт л машин ороод мөргөсөн юм, би тэр үед машиныхаа руль дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөгчийн магадлагаа /хх.29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13776 дугаартай дүгнэлт /хх.31/,
“Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлт /хх.40-53/,
Мөрдөн байцаалтад Б.Лгийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт үгүй...” гэх мэдүүлэг /хх.78-79/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Лг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Лгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Лгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
Б.Л ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Л хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдэж байна.
Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлын 3.100.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч П.Батжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Энэ хэрэгт түр хурааж ирүүлсэн Б.Лгийн В ангилалын 1082125 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Албанд хүргүүлж байна.
Хэдийгээр хохирогч П.Батжаргал нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бовогт Б Л “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Л хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бодит хохирлын 3.100.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч П.Батжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт түр хурааж ирүүлсэн Б.Лгийн В ангилалын 1082125 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Албанд хүргүүлсүгэй.
6. Хохирогч П.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР