| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01101/И |
| Дугаар | 309/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон овогт *******гийн *******ийн
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд төрсөн, 55 настай, өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор болж байгаа юм. Би 1985 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөж ******* сумандаа малчин болж, үхэр хонь маллаж эхэлсэн. 1988 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 25-нд цэргээс халагдсан ба түүнээс хойш тасралтгүй мал маллан амьдарч байгаа. Цэргээс халагдаж ирээд шууд л хуучин маллаж байсан малаа үргэлжлүүлэн малласан. Гэвч цэрэгт явах үед чөлөөлөгдсөн тушаал, эргээд орсон тушаал байхгүй байна. Сүүлд фермд малчин болсон тушаал л архиваас гарсан. Иймд Л.******* намайг 1985 оны 06 сарын 01-ээс 1988 оны 10 сарын 15-н хүртэл, 1990 оны 11 сарын 01-ээс 1991 оны 01 сарын 01-н хүртэл ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/908 дугаар лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1991 оны 11-р сарын 20-ны өдрийн Б/102 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, амралт олгох тухай” тушаал, нэхэмжлэгчийн ******* нэгдэлд ажиллаж байсан цалингийн түүвэр зэргийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Л.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байх үеийн зарим тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/908 дугаар лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1991 оны 11-р сарын 20-ны өдрийн Б/102 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, амралт олгох тухай” тушаал, нэхэмжлэгчийн ******* нэгдэлд ажиллаж байсан цалингийн түүвэр, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Л.******* нь 1985 оны 06 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-н хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ээс 1991 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл тус тус Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, Боржигон овогт *******гийн *******ийг 1985 оны 06 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-н хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ээс 1991 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл тус тус Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ