| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0037/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Д. Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д Б т холбогдох эрүүгийн 1712000120029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д. Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн нутаг дэвсгэр Ажраг гэх газар иргэн Д.Э ийг архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Э ийн өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20:00 цагийн үед гэртээ өөрийн хүү Ц-ийн хамт хоолоо хийгээд сууж байсан чинь Д. Б эхнэр М-гийн хамт гаднаас халамцуу орж ирээд чи авдраа онгойлгож харуул, надад байгаа архиа өгсөнгүй гэхээр нь надад архи байхгүй гэсэн чинь чи надаас байгаа юмаа харамлаад гээд над руу түлээний мод авч шидэж миний хамар луу түлээний модоор цохисон эхнэр нь араас нь барьж авсан чинь та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод байсан. Тэгж байсан чинь гаднаас манай нөхөр Г.Дэмбэрэлнямбуу орж ирээд Д.Б ыг орон дээр дарж авсан чинь Д. Б манай нөхрийг түлхэж унагасан. Тэгэхлээр нь би очоод салгах гэсэн чинь намайг үсдэж дараад толгойн тус газар 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд манай нөхөр одоо боль чи гээд Д.Б ыг гэрээс гаргасан. Д. Б түлээгээр миний хамар, уруул руу цохиж хамар халцалж, уруул язарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би намайг архи өгсөнгүй гэж танхайрч намайг зодсон, би архи байхгүй гэж үнэнээ хэлсэн. Д. Б болон түүний эхнэр Мөнгөнцэцэг хоёр хоёулаа архи уусан согтуу байсан. Манай нөхөр биед хоёр хоёулаа эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д. Б нь намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Ажраг гэх газрын Урд сайранд байх манай гэрт намайг зодсон юм. Би тухайн үед өөрийн гэртээ хүү Цэрэнпунцагийн хамт байж байтал гаднаас орж ирээд байгаа архиа өгсөнгүй гээд зуухны хажууд байсан түлээнээс аваад миний нүүр рүү шидчихсэн чинь хамар дээр оноод цохьчихсон. Тэр түлээг шатаачихсан. Одоо байхгүй. Би эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, Цэцэрлэг сумаас ирж очсон замын зардал 80,000 нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 хуу/
Насанд хүрээгүй гэрч Д.Цэрэнпунцагийн өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20:00 цагт би гэртээ зурагт үзээд манай ээж Д.Э э хоол хийх гээд мах хөшиглөөд сууж байсан тухайн үед манай аав Г.Дморио тавих гээд гараад явчихсан байсан. Тэгтэл гаднаас мотоцикльтой Д. Б ах эхнэртэйгээ орж ирээд та нарыг бүгдийг чинь ална гээд түлээний байрнаас түлээ авч ээжийн нүүр лүү шидээд ээжийн хамраас цус гаргаад ээжийг орон дээр үсдэж дарсан. Тэгсэн чинь Д. Б ахын эхнэр Мөнгөө эгч Д. Б ахыг салгасан. Тэгээд байж байсан чинь манай аав Г.Дэмбэрэлнямбуу орж ирээд сууж байсан чинь Д. Б ах босч ирээд ална гээд аав руу дайраад аавыг орон дээр дарж унагасан тэгэхлээр нь би Д. Б ахыг араас нь 1 удаа өшиглөчхөөд гараад гүйсэн чинь намайг ална гээд миний араас гарахаар нь би хойшоо Алтангэрэл гэх айлд очоод орон доогуур нь орж нуугдсан чинь араас орж ирээд 1 лаазтай пиво уучихаад гараад явсан. Тэгэхээр нь би гараад гэртээ харьсан. Ээжийг архи өгсөнгүй гээд ээж рүү түлээний мод шидсэн. Д. Б нь халамцуу байсан. Аавыг орон дээр заамдаж дарсан цохихыг нь хараагүй. Аавын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Намайг цохиогүй би зугтаасан. Д. Б ах ээжийн нүүр лүү түлээ шидэж хамар, дух уруулыг нь халцарсан... мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Гэрч М.Төмөрхүүгийн өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 21:00 цагийн үед Цэцэрлэг сумын төвд гэртээ нөхөр Дүгэрсүрэнгийн хамт сууж байсан чинь манай аж Цэрэнпунцаг залгаад манай ээж, аав хоёрыг Д. Б ах зодчихсон байна гэхээр нь би түргэн дуудаж түргэний машин хөдөө явуулсан. Д. Б түлээ шидээд нүүрийг нь онож хамар, амыг нь халцарсан гэсэн. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Г.Дэмбэрэлнямбуугийн өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20:00 цагийн үед хониндоо явж ирээд хонио хашчихаад гэртээ орж ирсэн чинь Д. Б манай гэрт эхнэр Мөнгөөтэйгээ хамт ирчихсэн, Д. Б манай эхнэрийг хамар, амнаас нь цус гаргачихсан орон дээр дарчихсан Д.Б ын эхнэр Д.Б ыг араас нь салгах гээд зууралдаад байж байхаар нь шууд Д.Б ыг араас нь тэвэрч авч салгаад юм яриад сууж байсан чинь Д. Б манай эхнэр лүү чи өгдөг газар нь өгөөрэй, хэлдэг газар нь хэлээрэй гээд дахиад дайрахаар нь би салгатал миний цээж рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд салаад арай гайгүй болоод гэртээ харьсан. Миний биед гэмтэл учруулаагүй би зузаан хувцастай байсан болохоор зүгээр. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Ё.Мөнгөнцэцэгийн өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед би нөхөр Д.Б ын хамт Дэмбэрэлнямбуугийн гэрт очсон. Тэгтэл манай нөхөр Б , Э-тэй маргалдаад үүднээс нь түлээний мод аваад Д.Э ийн зүг шидтэл нүүрэн тус газар оносон. Тэгээд Д.Э ийн нүүр халцарч хамраас нь цус гарч байсан. Тэгээд нөхөр нь болох Дэмбэрэлнямбуу 10 орчим цагийн үед гаднаас орж ирээд сууж байтал Э бандитайгаа Д.Б ыг түлээгээр цохиод байхаар нь Дэмбэрэлнямбуу бид хоёр салгасан. Архинаас болоод архи өгсөнгүй гэж маргалдаад, хоорондоо хэрэлдэж байгаад Б түлээ аваад Эрдэнэ рүү шидсэн. Манай нөхөр Б Дэмбэрэлнямбуутай маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Ц.Отгонцэцэгийн өгсөн: ...Д. Б нь томоотой төлөв даруу хүн байдаг. Аав нь дээхэн үед манай Туулант багийн дарга Дамдин гэдэг хүн байсан өөр зүйл мэдэхгүй. Би Д.Б , Д.Э э нар хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/
Гэрч Б.Алтанчимэгийн өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал эмнэлгийн утас руу хамраас цус гараад тогтохгүй байна. Хүнд зодуулсан гэж дуудлага ирсэн. Тэгээд дуудлаганд гараад очтол Эрдэнэ гэх хүн орон дээр хэвтэж байсан. Тэгээд сумын ЭМТ-д авч ирсэн. Тэр шөнө ажил дээрээ хоноод маргааш нь буюу 2017 оны 12 сарын 31-ний өглөө 10 цагийн үед эм бичиж зөвлөгөө өгсөн. Зовиур намдахгүй бол давтан үзүүлэх, мэдрэлийн эмчид хандахыг зөвлөсөн. Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй өөртөө үйлчлэх чадвартай байсан. Б гэх хүнд түлээний модоо цохиулсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Ш.Хулангийн өгсөн: ...Д. Б ах бол манай нөхрийн төрсөн ах. Нутаг олондоо нэр хүнд сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, томоотой, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Харин Б ах Д.Э э эгчийг түлээний модоор цохьсон гэж нутгийн хүмүүсээс сонсоод их гайхсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/
Гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: ...2017 оны 12 сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт сууж байтал Д.Ц мнайд ирээд Б ах ээжийг цохьчихлоо. Та салгаад өг гэхээр нь би 2 айлын хов живэнд орохгүй. Би явахгүй гэж хэлтэл яваад өгсөн. Удалгүй дахиж ирээд намайг та очоод салгаад өгөөч гээд сууж байтал Б ах манайд орж ирсэн чинь Д.Цэрэнпунцаг орон доогуур ороод нуугдчихсан. Б ах манайд нэг лааз пиво уучихаад гараад явсан хойгуур нь Д.Ц орон доороос гарч ирээд гэрлүүгээ харьсан Д. Б ах бол манай нөхрийн төрсөн ах. Нутаг олондоо нэр хүнд сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, томоотой, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Харин Б ах Д.Э э эгчийг түлээний модоор цохьсон гэж нутгийн хүмүүсээс сонсоод их гайхсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Д.Б ын яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 12 дугаар сарын 30-ны эхнэр бид 2-ыг айл цай уу гэхээр нь нэг шил архи аваад очъё гэж бодоод Дэмбэрэлнямбуугийнхаар ороод архи байвал өгчих би эргээд чамд аваад өгье гээд гуйсан юм.Тэднийд хотоос хүн ирээд архи авчирч өгснийг би мэдэж байсан учраас л тэднийхээс гуйсан юм. Тэгтэл эхнэр Д.Э э нь архи байхгүй гээд өгөөгүй. Тэгэхээр нь бид 2 нөгөө айл руугаа яваад өгсөн. Орой нь нилээн согтчихоод ирээд Дэмбэрэлнямбуугийнхаар ороод би эхнэртэй нь маргалдсан юм. Тэгээд нэг мэдсэн түлээ аваад шидчихсэн. Миний шидсэн түлээ баганан дээр ойгоод Д.Э ийн нүүрэн тус газарт нь цохьчихсон. Тэгтэл нөхөр орж ирээд намайг орон дээрээ дараад автал Д.Э ээ нь хашхираад намайг түлээгээр цохиод байсан. Тэгээд би тэднийхээс явсан. Маргааш өлгөө нь уучлалт гуйхаар яваад очгол Д.Э ээг эмнэлгийн тэрэг ирээд аваа явсан байсан. Би тэр үед нилээн архи уучихсан согтуу байсан. Тэгээд архиа харамлалаа гээд очоод зодчихсон байна лээ. Бид нарт урьдын өс хонзонгийн асуудал зодсон зүйл байхгүй. Би Г.Дэмбэрэлнямбууг зодож цохиогүй. Би өмнө нь Цэцэрлэгээс аймаг орж ирсэн замын зардал 100,000 төгрөг өгсөн. Одоо цаашид эмчилгээний зардлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 35 дугаар дүгнэлт:
1. Д.Э э-ийн биед, тархи доргилт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцралт, зулгаралт, 2 нүдний доод талаар цус хуралт гэмтлүүд учирчээ.
2. Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-50 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 хуу/
Хавтаст хэргийн материалыг хохирогчид танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 52 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д. Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд Архангай аймгийн Ц сумын Т агийн нутаг дэвсгэр Ажраг гэх газар иргэн Д.Э ийг түлээний модоор 1 удаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Д. Б нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Э э, гэрч Ё.Мөнгөнцэцэг, Г.Дэмбэрэлнямбуу, Ц.Отгонцэцэг, Г.Алтангэрэл, насанд хүрээгүй гэрч Д.Цэрэнпунцаг нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 35 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д. Б нь хохирогч Д.Э ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Б ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Э э нь хэргийн материалтай танилцах үедээ ”гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д. Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д. Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д ны Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д. Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д. Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д. Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ