Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/479

 

      2023         05           04                                         2023/ДШМ/479

Б.Лид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2202 00679 0471 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Б-ын Л, 20... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... нарын хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны 74 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

            Б.Л нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 17.6 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Б-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Лид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бохирлогдсон Вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хуйлсан 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэмт үйлдлээ ухамсарлан гэмшиж байна. Дахин гэмт үйлдэл гаргахгүй нийгэмшиж, зөв томоотой шударга хүн байж, ажил хөдөлмөр эрхэлж нийгэмдээ болон ар гэртээ тус дэмтэй сайн хүн болохыг эрмэлзэж байна. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ ямар ч маргах зүйл байхгүй. Миний үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ашиглаж, миний эрх зүйн байдлыг бага ч болов дээрдүүлж өгнө үү. Би эмээ, эгч, эгчийн хүүхэдтэй хамт амьдардаг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал эндээс гараад ажил маш сайн хийх болно.” гэв.

Шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч Ж.Буджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гомдол болон 2 хоногийн өмнө давж заалдах шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн тайлбарыг бүрэн дэмжиж байгаа. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хамаарал нь сэтгэцийн эмгэг гэж дүгнэх хандлага олон улсын түвшинд давамгайлдаг. Энэ төрлийн гэмт зан үйлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүгийн хариуцлагын зохистой бодлого чухал үр нөлөөтэй байдаг тул гэмт зан үйлээ засах сургалт, эмчилгээ хийх замаар тухайн гэмт зан үйлийг бүрэн засаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хуулийн заалттай тул анх удаа алдаж нийгэмд ба өөрийнхөө эрүүл мэндэд хор уршигтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрөө хэрэглэж, биедээ хадгалсан Б.Лийн гэм буруутай үйлдэл мөн билээ. Хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан 1181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Л нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна гэснээс дүгнэхэд шүүгдэгч 21 настай байхдаа бие дааж амьдрах шилжилтийн насандаа гэнэн болчимгүй үйлдлийнхээ улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба оновчтой эрүүгийн хариуцлагын үр дүнд гэмт зан үйлээ бүрэн засаж, дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Шүүгдэгч нь 21 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн ба одоо 22 настай, ам бүл 4, өндөр настай эмээ, эгч, дүү нарынхаа хамт амьдардаг. Урин дулааны улирал эхэлсэн энэ цаг мөчид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ тус нэмэр болох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Түүнийг урьд хөдөлмөр эрхэлж байсан “МАКД” ХХК нь ажлын байраар хангахаа илэрхийлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. “МАКД” компанийн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх бүрэлдэхүүн та бүхэн ч гэсэн шүүгдэгчийн нэгэн адил үр хүүхэдтэй хүмүүс. Эрүүгийн хариуцлага нь хүний цаашдын амьдрал, хувь заяанд шууд нөлөөлдөг үр дагавартайг та бүхэн маш сайн мэдэх билээ. Бие дааж амьдрах шилжилтийн үедээ алдаа гаргаж гэм буруутай үйлдэл хийсэн, гэм буруугаа ухаарсан, гэмшиж байгаа Б.Лийг хорих анги буюу очихыг эс хүсмээр газарт илгээх нь түүний цаашдын амьдрал, ирээдүй, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхийн аргагүй юм. Иймд алдаж эндсэн ч гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисоос хамааралгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шүүгдэгч Б.Лид гэм буруутай зан үйлээ засах боломжийг олгож, эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмыг эдлүүлж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Тус заалтад зааснаар Б.Лид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн энэ хугацаанд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлаж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэхийг хориглосон хуулийн заалт үгүй ба шүүгч хуульд захирагддаг билээ.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцлаа. Энэ гэмт хэрэг нь онцлог гэмт хэрэг. Нийгмийн хор хөнөөл маш өндөр, цаашлаад удмын санд ч нөлөөлөх гэмт хэрэг яваад байгаа. Улам залуужаад байгаа нь харагдаж байна. Дөнгөж 21-22 настай хүүхэд хар тамхи, өвс хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж төрөөс хайр энэрэл авч, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байдаг. Энэ гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын бодлого нь өндөр санкцтай байдаг. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Л нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 17.6 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Н.Цэрэнбатын “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад оройн 20 цаг 51 минутад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн Номин худалдааны төвөөс бараа хулгайлж байсан хүнийг барьсан гэх дуудлага мэдээлэл 90645599 гэсэн дугаараас ирсэн. Дуудлагын дагуу Номин худалдааны төвд очиход Номин худалдааны төвийн ажилчид нэг эрэгтэйг барьсан зогсож байсан. Тухайн хүний регистр болон овог нэрийг асуухад нэрээ Батжаргалын Лхагвадорж гэж хэлээд регистрээ хэлэхдээ дугаарыг нь 1 тоогоор зөрүүлж хэлээд байсан. Тэгээд уг этгээдээс архи үнэртэж байсан учир Гүнт эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан. Гүнт 20-д хүлээлгэж өгөх явцад уг хүний биеэс цэнхэр өнгийн гялгар ууттай, гялгар цаасанд боолттой зүйл гарч ирсэн. Гүнт 20-ын ажилчид уг этгээдээс “чи эндээс татсан уу” гэхэд “би татаагүй, өөртөө тариа хийсэн” гэж хэлсэн. Тэгээд согтуурлын зэргийг нь шалгахад 3 бүхэл гарч ирсэн. Тэгээд Гүнт 20-оос жижүүр лүү яриад “энэ цэнхэр өнгийн ууттай зүйл нь мансууруулах төрлийн бодис байж магадгүй байна” гэж хэлсэн. Тэрний дагуу хар тамхины тест тавихаар хэлтэс рүү авчирсан. ...” /хх 27/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5444 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон таггүй хуванцар сав, зиплок гялгар ууттай дотроо шингэн зүйлтэй бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, доод хэсэгтээ цоолсон тагтай хуванцар сав, “АL2896856” гэсэн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 18.9 грамм, цэвэр жин нь 17.6 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 17.2 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон таггүй хуванцар сав, зиплок гялгар ууттай дотроо шингэн зүйлтэй бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, доод хэсэгтээ цоолсон тагтай хуванцар сав, “АL2896856” гэсэн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /хх 43-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5445 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Л 21 н/эр 2022.10.27” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Л 21 н/эр 2022.10.27” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /хх 51-53/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-14/, Б.Лийн биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-19/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Лийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Л “...зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Б.Л нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах,түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг устгахаар заасан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд зохих журмын дагуу Төв банк /Монголбанк/-нд шилжүүлэх, түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдсан бохирлогдсон Вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх 30.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгалаа.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Б.Л нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бохирлогдсон вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хуйлсан 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бохирлогдсон Вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, хуйлсан 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ