| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0072/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох 1708013080069 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгино-Хайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66 дугаар гудамжны 9а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт БМ
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.М нь 2017 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 15а байрны гаднаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт ургамлыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.3-6/,
Эд зүйл эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7-8,34-36/,
Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх.10-13/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.Гэрэлтсүхийн өгсөн мэдүүлэг /хх.21-23/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхмандахын өгсөн “... Мийгаа ах куртикныхаа зүүн талын халааснаас цэнхэр өнгийн ууттай, хүний алга шиг хэмжээтэй, уутанд нь хийгээд базчихсан өвс гаргаж ирсэн. Харин баруун талын халаасандаа нугалсан ундааны сав бонготой явж байсан. Уг өвс хатсан, нунтаг өвс шиг байсан. Мийгаа ах уг ууттай өвснөөс 5, 6 тогоог хэрэглэсэн. Ингээд яг хэрэглэж байх үед цагдаа нар ирсэн бөгөөд Мийгаа ах зугатаахдаа үлдсэн өвсөө халаасандаа хийгээд зугатчихсан. Мийгаа ах өвснөөс тогоонд хийж байхдаа л бага зэрэг асгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.24-25,37-38/,
Мөрдөн байцаалтад гэрч Ё.Даваахүүгийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөнхмандах, Гэрэлтсүх нартай таараад юм ярьж сууж байгаад гурвуулаа пиво авч уух уу гэтэл нөгөө 2 тэгье гэсэн. Тэгээд 32 дугаар байрны хажууд байх дэлгүүрээс 22 цагийн үед 1.4 литрийн савтай нэг пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар сургуулийн хашаанд орох гэж явж байтал Мөнхмандахын зүс мэдэх хүнтэй таарсан. Тэр хүн бид 3-ыг та гурав пиво уух гэж байгаа юмуу гэж асуухаар нь тиймээ гэтэл би сургуулийн хашаанд ороод байж байя та 3 0.5 литрийн савтай цэвэр ус аваад ир гэсэн. Тэгээд 26-р байрны урд талын ТҮЦ-нээс цэвэр ус аваад очсон. Тэгтэл нөгөө ах юм ярьж зогсож байснаа цэвэр устай савыг аваад цаашаа хараад нэг юм хийгээд байсан. Тэгээд хэсэг байж байтал за нааш ир нааш ир гээд ахын дүү нар энийг сорцгоо гэхээр нь юу юм бэ гэтэл нэг нэр хэлээд хэрэглэж мэдэх үү гэсэн. Эхлээд Мөнхмандах 1 удаа сороод надад өгөхөөр нь би нэг удаа сорсон. Миний дараа Гэрэлтсүх нэг удаа сороод тойруулж сорцгоосон. Тэр ахын өвс нь дуусаад дахиад хийж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх.18-20,47/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүхбаярын “... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ харихаар 82 дугаар сургуулийн зүүн талд явж байтал үл таних 4 хүүхэд сууж байсан. Тэр хүүхдүүдийн хажуугаар өнгөрөх үед нэг онцгой үнэр үнэртсэн. Ямар нэг өвс, ургамал шатаж байгаа мэт үнэртсэн. Тэгээд тэр 4 хүүхэд рүү ойртож очтол тэр 4 хүүхэд 82 дугаар сургуулийн зүүн талын подвалын хажууд усны саванд хийсэн зүйл сорж байсан. Би тухайн үед энгийн хувцастай явж байсан бөгөөд цагдаагийн албан хаагч учир тухайн содон үнэрийг мансууруулах үйлчилгээтэй өвсний үнэр байна гэж мэдсэн учир тэр хүүхдүүд рүү дөхөж очоод “ах нь юм асууя” гэж хэлтэл тухайн 4 хүүхэд 4 зүгт зугатчихсан. Гэтэл уг 4 хүүхдийн 3 нь 33 дугаар байрны урд талын тоглоомын талбайд сууж байсан тул саатуулаад эргээд 82 дугаар сургуулийн буюу тэд нарын мансуурч байсан газар очоод хөдөлгөөнт эргүүл дуудсан. Тэр 3 хүүхэдтэй хамт байсан 1 залуу нь зугатаад алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8589 дугаартай:
“... шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх.66-67/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10778 дугаартай дүгнэлт /хх.72/,
Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нараар Б.Мыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэлүүд /хх.77-83,85-90/,
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх.83-84/,
Мөрдөн байцаалтад Б.Мын яллагдагчаар өгсөн: “Би одоогоос 3-4 жилийн өмнө хамгийн анх каннабисын төрлийн өвсийг хэрэглэж үзсэн. Үүнээс хойш хааяа хэрэглэдэг болсон. Гэвч би байнга хэрэглэж байдаггүй. 2017 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэгт, Жуков хавьцаа ургадаг хүнээс сонсоод тэр газар нь очиж үзсэн юм. Гэтэл уг газарт нэг уруу газар байдаг айлын хашааны гадна талд уг өвс ургасан байсан. Би тэр өвснөөс бага зэргийг түүж авсан юм. Намайг уг өвсийг түүх үед хатсан, хуурайдуу байдалтай байсан бөгөөд базахад 1 атга хэмжээтэй болж байсан. Тэгээд уг өвсийг хувцасныхаа халаасанд хийгээд авч явдаг байсан ба хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 09 сарын 05-ны өдөр хэрэглэсэн. Би тэр өдөр бага зэрэг согтуурууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байсан юм. Тэгээд 82 дугаар сургуулийн хашаанд зүс таних 3 хүүхэдтэй таарсан. Тэр гурав 82 дугаар сургуулийн хашаанд пиво ууж байсан. Тэгээд миний халаасанд байсан өвсийг гаргаж ирээд хэрэглэсэн, тухайн үед 82 дугаар сургуулийн хажуу талын подвальд нэг усны сав байсаныг хэрэглэсэн санагдаж байна. Тэр 3 хүүхдийг би хүчээр өвснөөс хэрэглүүлээгүй. Тэд нар өөрсдөө сорсон. Тэгээд бид нар сороод нэг их удаагүй байтал энгийн хувцастай хүн ирээд юу хийж байгаа юм бэ гэхээр нь сандарсандаа зугатчихсан. Зугатахдаа би үлдсэн хэсэг өвсөө халаасандаа хийгээд зугатсан. Маш бага хэмжээтэй үлдсэн байсан бөгөөд түүнээс хойш би хэрэглэлгүй хадгалж байгаад Цагдаагийн газар баригдахаасаа өмнөхөн хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг /хх.103-104/,
Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.116/,
Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх.144/ ,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх.175/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь 2017 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 15а байрны гаднаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт ургамлыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нарт өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.3-6/,
Эд зүйл эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7-8,34-36/,
Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх.10-13/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхмандахын өгсөн “... Мийгаа ах куртикныхаа зүүн талын халааснаас цэнхэр өнгийн ууттай, хүний алга шиг хэмжээтэй, уутанд нь хийгээд базчихсан өвс гаргаж ирсэн. Харин баруун талын халаасандаа нугалсан ундааны сав бонготой явж байсан. Уг өвс хатсан, нунтаг өвс шиг байсан. Мийгаа ах уг ууттай өвснөөс 5, 6 тогоог хэрэглэсэн. Ингээд яг хэрэглэж байх үед цагдаа нар ирсэн бөгөөд Мийгаа ах зугатаахдаа үлдсэн өвсөө халаасандаа хийгээд зугатчихсан. Мийгаа ах өвснөөс тогоонд хийж байхдаа л бага зэрэг асгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.24-25,37-38/,
Мөрдөн байцаалтад гэрч Ё.Даваахүүгийн өгсөн: “... Тэгтэл нөгөө ах юм ярьж зогсож байснаа цэвэр устай савыг аваад цаашаа хараад нэг юм хийгээд байсан. Тэгээд хэсэг байж байтал за нааш ир нааш ир гээд ахын дүү нар энийг сорцгоо гэхээр нь юу юм бэ гэтэл нэг нэр хэлээд хэрэглэж мэдэх үү гэсэн. Эхлээд Мөнхмандах 1 удаа сороод надад өгөхөөр нь би нэг удаа сорсон. Миний дараа Гэрэлтсүх нэг удаа сороод тойруулж сорцгоосон. Тэр ахын өвс нь дуусаад дахиад хийж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх.18-20,47/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.Гэрэлтсүхийн өгсөн мэдүүлэг /хх.21-23/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүхбаярын “... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ харихаар 82 дугаар сургуулийн зүүн талд явж байтал үл таних 4 хүүхэд сууж байсан. Тэр хүүхдүүдийн хажуугаар өнгөрөх үед нэг онцгой үнэр үнэртсэн. Ямар нэг өвс, ургамал шатаж байгаа мэт үнэртсэн. Тэгээд тэр 4 хүүхэд рүү ойртож очтол тэр 4 хүүхэд 82 дугаар сургуулийн зүүн талын подвалын хажууд усны саванд хийсэн зүйл сорж байсан. Би тухайн үед энгийн хувцастай явж байсан бөгөөд цагдаагийн албан хаагч учир тухайн содон үнэрийг мансууруулах үйлчилгээтэй өвсний үнэр байна гэж мэдсэн учир тэр хүүхдүүд рүү дөхөж очоод “ах нь юм асууя” гэж хэлтэл тухайн 4 хүүхэд 4 зүгт зугатчихсан. Гэтэл уг 4 хүүхдийн 3 нь 33 дугаар байрны урд талын тоглоомын талбайд сууж байсан тул саатуулаад эргээд 82 дугаар сургуулийн буюу тэд нарын мансуурч байсан газар очоод хөдөлгөөнт эргүүл дуудсан. Тэр 3 хүүхэдтэй хамт байсан 1 залуу нь зугатаад алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8589 дугаартай:
“... шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх.66-67/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10778 дугаартай дүгнэлт /хх.72/,
Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлтсүх нараар Б.Мыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэлүүд /хх.77-83,85-90/,
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх.83-84/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Мыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа учир түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү” гэж хүсч байх боловч Б.Мын сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж бэлтгэсэн, хадгалсан, өөрөө байнга хэрэглэж, бусдад өгч хэрэглүүлсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан атал шүүхэд ирж бүртгүүлдэггүй, өмнөх шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргээс дүгнэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хар, ногоон өнгийн, хатсан, нунтаг байдалтай, хальсан уутны хамт 0,4 грамм жинтэй “өвс”, цэнхэр өнгийн 0,5 литрийн бөөрөндөө 2 хэсэг газар цоолсон улаан өнгийн тагтай усны сав, ямар нэгэн бичилтгүй дөрвөлжин дэвтрийн цаас, базаж үрчийлгэсэн уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Б.Мт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б М “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Мт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хар, ногоон өнгийн, хатсан, нунтаг байдалтай, хальсан уутны хамт 0,4 грамм жинтэй “өвс”, цэнхэр өнгийн 0,5 литрийн бөөрөндөө 2 хэсэг газар цоолсон улаан өнгийн тагтай усны сав, ямар нэгэн бичилтгүй дөрвөлжин дэвтрийн цаас, базаж үрчийлгэсэн уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Б.М урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР