Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/473

 

 

 

 

 

 

 2023             5              3                                         2023/ДШМ/473

 

 

Г.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

            шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 2208016781871 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г.А, 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Есөн нуур баялаг” ХХК-д туслах ажилтай, ам бүл 10, эцэг, эх, таван дүү, эхнэр, хүүхдийн хамт ..................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /...................../;

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өнө цаг” караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Уыг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохиж унаган биед нь “дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, амны салстад язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл үүсгэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Г.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно ...” /шийтгэх тогтоолын 2 дугаар тал/, мөн энэ үйл явдлын талаар гэрч Б.Золжаргал “би Д.Утай юм яриад зогсож байтал манай нөхрийн найз Г.А хажуугаас нь шууд гараараа цохиж унагаасан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.А нь хэргийн талаар, ялангуяа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн гэж шүүх үзсэн ...” гэжээ /шийтгэх тогтоолын 3 дугаар тал/. Шүүгдэгч Г.Аын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаан дээр “Өнө цаг” караокены гадна талд хохирогчтой маргасан талаар мэдүүлээгүй. Харин караоке дотор байхдаа хохирогч Д.Утай маргалдсан ба хохирогч намайг цохисон. Хэсэг хугацааны дараа караокены гадна талд гарч ирээд дотор болсон маргаанаас шалтгаалан гараараа нэг удаа цохисон гэж мэдүүлж байхад шүүхээс гадна талын камерын бичлэг, гэрч Б.Золжаргал нарыг мэдүүлгээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар шүүгдэгч Г.А худал мэдүүлсэн гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь хохирогч Д.Утай караокены гадна бус дотор талд маргалдаж, цохиулсан талаар ярьсан болохоос гадна гарч ирээд хэрэлдэж, маргаагүй нэг удаа гараараа хохирогчийг цохисон гэж мэдүүлж байхад шүүх анхаарч харалгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар “... Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй ...” гэж хуульчилсан.

            “шүүгдэгч Г.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.000.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Ууганбаяр нь гомдол саналгүй байх тул шүүгдэгч Г.Аыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа ...” /шийтгэх тогтоолын 4 дүгээр тал/,                            “... шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно ...”, “шүүгдэгч Г.А нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа удаа дараа согтуурсан, танхайрсан, бусдын биед халдсан талаарх мэдээлэл бүртгэгдсэн байгааг, мөн “Есөн нуур баялаг” ХХК-ийн тодорхойлолт нь дангаараа шүүгдэгч Г.Аыг хөдөлмөр эрхэлж байгааг тодорхойлох боловч цалин орлогын хэмжээ тодорхойлохгүй ...” гэжээ /шийтгэх тогтоолын 5 дугаар тал/. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй байна. Шүүгдэгч Г.А нь ажил хөдөлмөрийн хувьд “Есөн нуур баялаг” ХХК-д туслах ажилтнаар өдрийн 60.000 төгрөг, сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажилдаг талаар тодорхойлолт хавтаст хэрэгт байхад цалингийн хэмжээ тодорхойгүй байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагад ирсэн зөрчлийн дуудлага мэдээллийг үндэслэн шүүхээс Г.Ат хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, торгох ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

            Гэм буруугийн шүүх хурал нь 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болсон байтал 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан шийтгэх тогтоолын огноо нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 294 дугаартай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана гаргасан ...” тодорхой байх байтал шүүх хуралдаан болсон өдрийн огноо буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргийнхээ талаар маргахгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Хоригдож байх хугацаандаа маш их гэмшиж, ухаарсан. Дахиж хүмүүстэй маргалдахгүй, муудалцахгүй гэдгээ өөртөө амласан. Би бага насны хүүхэдтэй, гэр бүлээн тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь миний үүрэг. Үүргээ биелүүлэхэд минь боломж олгож, надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих болон торгох ялын санкцтай. Уг хэргийн хувьд 2-8 жилийн хорих ялын санкцтай бөгөөд Г.Аын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокуророос шүүх хуралдааны явцад Г.Ат хорих ял оногдуулах санал гаргасан. Прокуророос шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Прокуророос гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хянан үзэхдээ тухайн үед шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  түүнчлэн хохирогчийг цохисны улмаас түүнд хүнд хор уршиг учруулсан. Мөн тухайн үед хохирогчид хүнд гэмтэл учруулсны улмаас шууд хэргийн газраас зугтсан байдаг. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлууд харагддаг. Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан хорих ял тохирсон гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болсон юм шиг байдлаар бичигдсэн гэж давж заалдах гомдолд дурджээ. Анх Г.Ат холбогдох хэргийг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр товлосон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж шүүх хуралдаан хойшилсон. Г.Ат холбогдох гэм буруугийн хурал нь 3 дугаар сарын  9-ний өдөр болсон. Харин өмнөх шүүх хуралдааны товоор шийтгэх тогтоолд 3 дугаар 2-ний өдөр гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулах боломжтой гэж үзэж байна. Мөн уг шүүх хуралдааныг хэзээ болсныг шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр шүүх хуралдаан хэзээ болсон нь тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өнө цаг” караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Уыг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохиж унаган биед нь “дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, амны салстад язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл үүсгэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Д.Уын “...Ж.Хаш-Эрдэнэ бид хоёр “Өнө цаг” бааранд хүргүүлээд орж архи уусан. Ингээд би нэлээн согтсон байсан учраас өөрийн төрсөн дүү Амарсанааг дуудахад баарны гадаа машинтайгаа ирсэн байна гэхээр нь би баарнаас ганцаараа гартал лексус машинаас хоёр танихгүй залуу бууж ирээд нэг залуу нь шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод газар унагаасан. Би ухаан алдаад газар унасан. Ухаан орж сэрээд хартал “Өнө цаг” баарны гадаа хамраас цус гарсан байдалтай сууж байсан. ...” /хх 13-14, 17/,

            гэрч П.Д“...Д.У нь “Өнө цаг” караокены гадна үл таних хүмүүст зодуулсан ба толгойндоо 2 оёдол тавиулсан, нүүр нь хавдсан баруун чих нь юм дуулахгүй болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Ямар хүн зодсон талаар мэдэхгүй, хамт явж байсан 1 залууг цагдаа нар бариад, эрүүлжүүлэгдсэн. ...” /хх 19/,

            гэрч Ө.А“...Эрдэнэбат, Золоо,А, У бид нар хамт зогсож байсан чиньА ямар нэгэн шалтгаангүйгээр У гэх залууг гараараа хүчтэй нүүр хэсэгт нь цохиод газар унагаасан юм. Тэгсэн У газар унаад босохгүй ухаан алдсан байдалтай хэвтээд байсан, Эрдэнэбат баар луу ороод ус авч гарч ирээд нүүр хэсэгт нь цус цацаад сэргээсэн. ...Ариунбаатар надад хэлэхдээ У намайг бааранд дотор байхад цохисон гэж хэлж байсан. Миний харснаарА У гэх залууг шууд гараараа цохиод газар унагасан. Тэр үед У газар толгой ар хэсгээрээ их хүчтэй саваад унасан. Газар унаад ухаан алдсан байдалтай босож ирэхгүй хэвтээд байсан. ...”/хх 23/,

            гэрч Б.З“...Баарнаас гараад гадна юм яриад зогсож байсан чинь манай нөхөр Эрдэнэбатын найзА, Уыг гараараа шууд цохиод газар унагасан. У газар унаад босож ирэхгүй ухаан алдсан байдалтай хэвтээд байхаар нь би сэрээх гээд цамцнаас нь татсан чинь босож ирэхгүй байсан. Тэгсэн манай нөхөр Эрдэнэбат баар руу ороод ус авч гарч ирээд нүүр рүү цацаад сэрээсэн. Тэр үедА зугтаагаад яваад өгсөн байсан. ...” /хх 25/

            гэрч Д.А“...Манай ах У над руу залгаад намайг ирээд аваарай гэсэн. Уг баарны үүдэн дээр очсон чинь ах У хүнд зодуулчихлаа гээд толгой хэсгээс нь цус мэт зүйл гарсан байдалтай байсан. ...”/хх 27/,

            гэрч Ж.Х“...Би У дээр очсон чинь хүнд зодуулсан гэж надад хэлсэн. Миний санаж байгаагаар Уын толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан санагдаж байна. ...”/хх 29/

            гэрч Ж.Ц“...01-02 цагийн хооронд байх нөхөр Уын толгой хэсгээс цус гарсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн орчим сэрээд миний толгой өвдөөд байна гээд байсан. Тэгсэн манай хадам ээж Дуламдорж 103 дугаарт дуудлага өгөөд эмч ирж үзээд толгойд нь боолт хийж өгөөд гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд, нөхөр Уыг төрсөн дүү Амарсанаа эмнэлэг авч явсан. Удалгүй нөхөр У над руу гар утсаараа холбогдоод хагалгаанд орох юм байна, толгойдоо гэмтэл авсан байна гэж надад хэлсэн. ...” /хх 31/,

                   Шинжээч эмч С.Э“...Дүгнэлтэд дурдсан дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, амны салстад язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь гараар нэг удаа цохиод хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой. ...” /хх 37/,

            Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр олон залуучууд намайг дээрэлхсэн. Бууны нохой гэх мэтээр хэлсэн. Д.У гэгч залуу караоке дотор байхад намайг эхлээд цохисон. Би их айсан байсан, тэгээд гадаа байхад нэг удаа гараараа цохисон. Надад зугтах боломж байгаагүй. ...” /хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6835 дугаартай “...Д.Уын биед дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, амны салстад язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 42-43/ гэсэн дүгнэлт, компакт диск, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Аыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Аын хохирогч Д.Уыг гараараа цохиж унаган биед нь “дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, амны салстад язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүхээс хорих ялыг сонгож шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

             Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох, торгох ял оногдуулж өгөх. ...” талаар давж заалдах гомдол гаргажээ.

             Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх,  хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцжээ.

             Харин анхан шатны шүүх хуралдаан нь 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болсон нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 536 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж /хх 135/, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт /хх 136/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 141-143/, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт зэргээр тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол гэснийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол гэж зөвтгөн дүгнэсэн болно. 

             Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, шүүгдэгчид торгох ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Аын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ