| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | Шийдвэр 126/2024/0164/З |
| Дугаар | 126/ШШ2024/0149 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 126/ШШ2024/0149
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 126/ШШ2024/0149 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ч.Б /РЖ**********/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Ч.Б**********, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, Д.Б**********, , хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Э.У**********, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц**********, Т.М**********, П.Г**********, Я.Э**********, П.Э**********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Нэр дэвшигчийн хасах тухай тогтоолыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар товч:
Нэхэмжлэгч Ч.Б**********, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн боловч 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэр дэвшигчээс хассан.
3. Процессийн түүх:
3.1. Нэхэмжлэгч Ч.Б**********, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Мөрөн сумын Сонгуулийн хороонд болон Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд тус тус хандсан.
3.2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/44 тоот албан бичгээр ... гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу,
3.3. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот албан бичгээр ... Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу тус тус өгчээ.
4. Нэхэмжлэгч Ч.Б**********, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.1. Ахай бээс овогт Ч.Б**********би Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор намайг нэр дэвшигчээр бүртгэсэн.
4.2. Нэр дэвшигчээр бүртгэгдэж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аван сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хуульд заасан сурталчилгааг өөрийн нэр дэвшиж буй тойрогт явуулж байна.
4.3. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооноос дуудсаны дагуу очиход аймгийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн тасгийн эрхлэгчийн түр албан тушаал, Эрүүл мэндийн дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байна гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээс хасах тухай тогтоол танилцуулж, ийм тогтоол гарч байна гэсэн.
4.4. Уг тогтоолыг танилцуулах үед сонгуулийн хорооны 7 гишүүнээс 3 гишүүн нь л байсан бөгөөд би 1.Надтай холбоотой шийдвэр гаргаж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа явуулж миний тайлбар саналыг сонсох ёстой. 2.Сонгуулийн хороо хуралдаж байгаа бол ирц нь бүрэн байх ёстой. Тиймээс би үүнд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн.
4.5. Гэтэл сонгуулийн хороо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй төдийгүй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан ирц бүрдүүлэлгүйгээр 3 гишүүн оролцон 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр 15 дугаартай тогтоол гаргаж намайг нэр дэвшигчээс хассан.
4.6. Би 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмчээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 01 хүртэл мэдрэлийн тасгийн эрхлэгчээр ажилласан.
4.7. Ингээд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/256 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн мэдрэлийн их эмчээр томилогдон одоог хүртэл уг албан тушаалын томилгоотой ажиллаж байгаа болно. Уг тушаалд заасан ажлаа ч эрхэлж байгаа.
4.8. Гэтэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хариуцлагын нэмэгдэл олгох тухай Б/104 дугаартай тушаалаар намайг Поликлиникийн тасгийн эрхлэгч Ө.Жавхлан жирэмсэн, амаржсаны чөлөө авсан хугацаанд тасгийн эрхлэгчээр түр томилж, хариуцлагын нэмэгдлийг 15 хувиар олгохоор шийдвэрлэсэн юм.
4.9. Мөн эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгч Л.Энхжаргал сонгуульд нэр дэвших болсонтой холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдсөн тул уг албан тушаалыг надаар хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаартай Хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал гарсан байсан.
4.10. Намайг дээр дурдсан түр, хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалуудаасаа чөлөөлөгдөөгүй гэж нэр дэвшигчээс хассан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 15 дугаартай тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.
4.11. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа ирц дутуу буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж миний тайлбар саналыг сонсоогүй.
4.12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-т Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ,ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: ... 28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж заасан. Гэтэл миний поликлиникийн тасгийн эрхлэгчийг түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4.13. Тодруулбал: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104 дугаартай Хариуцлагын нэмэгдэл олгох тухай, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаартай Хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай тушаалууд нь энэхүү ажлуудыг түр хугацаагаар болон хавсран ажилласны төлөө нэмэгдэл цалин хөлс олгох тухай харилцааг зохицуулсан тушаал гэж ойлгогдож байна.
4.14. Түүнчлэн дурдсан албан тушаалуудын хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээх тухай ямар ч заалт тушаалд тусгагдаагүй. Тийм ч үүднээс би өөрийгөө Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд /Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно/ гэж заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна.
4.15. Гэтэл ажил олгогч нь надтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т зааснаар ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй юм.
4.16. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг баталсан. Уг тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад тэнцээгүй төрийн албан хаагчийг удирдах албан тушаалд томилохыг хориглосон. Тиймээс миний бие тухайн албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
4.17. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт-ыг баталсан. Уг тогтоолоор Эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт-ыг баталсан.
4.18. Уг тогтоолоор эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнуудаас төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд адилтган үзэх албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч уг жагсаалтад багтсан байна.
4.19. Хэрэв миний түр болон хавсран ажиллаж байсан албан тушаалуудыг төрийн жинхэнэ албан тушаалтай адилтган үзэх бол Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлүүдэд заасны дагуу тухайн албан тушаалуудыг түр хугацаагаар орлон гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.
4.20. Засгийн газрын 2019 оны 09 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам-ыг баталсан. Уг журмын 2.1-д Төрийн албаны тухай хуулийн 42.1-д заасан үндэслэлээр эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг 2-6 сар хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид цалингийн зөрүүг олгоно гэж заасан.
4.21. Төрийн албаны тухай хуулийн 42.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т зааснаар тухайн албан тушаалтанд хэвээр хадгалагдах албан тушаалд жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд түр орлон гүйцэтгэж байгаа нь намайг тухайн албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэл болохгүй.
4.22. Мөн түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хавсран гүйцэтгүүлэхээр томилсон нь тухайн албан тушаалд сул орон тоо гарч уг орон тоог нөхөх буюу хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж албан тушаалтан томилогдох хүртэл уг ажлыг түр хавсарч гүйцэтгүүлэх зорилготой тушаал гэж ойлгож байна.
4.23. Иймд дээр дурдсан үндэслэлээр би Поликлиникийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хууль журамд заасны дагуу албан ёсоор томилогдоогүй, тухайн албан тушаалтан түр чөлөөтэй байсан, орон тоо нь сул байсан үед түр орлон болон хавсран гүйцэтгэж байсан учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэсэн ойлголт байх ёсгүй гэж үзэж байна.
4.24. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэж заасан.
4.25. Мөн хуулийн 14.10-д Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь, сум, дүүргийн сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна гэж заасны дагуу би Мөрөн сумын сонгуулийн хорооны шийдвэрт аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тус бүрт нь гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.
4.26. Нэр дэвшигчийг хасах тухай тогтоол хууль бус нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Ганцхан миний эрх ашиг хөндөгдөөгүй. Миний сонгогчдын эрх, ашиг хөндөгдсөн. Би сонгуулийн сурталчилгаагаа хийгээд явж байсан. Надад мэдэгдэлгүйгээр шууд шийдвэр гаргасан. Би маш их гомдолтой байна. Поликлиникийн түр орлон гүйцэтгэгч хийж байсан нь жирэмснийхээ амралтыг авсан хүний оронд түр орлон гүйцэтгэгчээр тушаал гарсан байсан. Энэ нь миний жинхэнэ ажил биш. Жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байгаа албан тушаал байгаа.
4.27. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Нэр дэвшигчийг хасах тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б**********, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
5.1. Тогтоол гаргахдаа процессын алдаа гарсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа хийнэ гэж заасан. Хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулсан гээд сонсох ажиллагааны тэмдэглэл болон Си-Ди /CD/ баримтыг ирүүлсэн байна.
5.2. Хэргийн материалтай танилцаж үзэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн хорооны хуралдаанаар нэр дэвшигч н.Баасандорж, Ч.Б**********, нарыг нэр дэвшигчээс хасах тухай санал гаргасан байна.
5.3. Хурал нь өөрөө 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 30 минутад болоод шийдвэр гаргасан байна. Сонсох ажиллааг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18 цаг 50 минут тов мэдэгдээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 15 минутад явуулсан байна.
5.4. Шийдвэр гарснаас хойш сонсох ажиллагаа явуулсан баримт нөхөн бүрдүүлсэн юм шиг баримт ирүүлсэн байна. Энэ нь өөрөө процессын зөрчил байна.
5.5. Миний үйлчлүүлэгчийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байснаа Сонгуулийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаад байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн юм уу, биш юм уу гэсэн асуудал яригдана. Жирэмсний амралттай хүний орон ажиллаж байсан. Мөн Эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгчийг хавсран гүйцэтгэж байсан.
5.6. Тухайн сул байгаа албан тушаал дээр Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгох журам байгаа. Уг журмын дагуу албан тушаалаа шинээр хүн томилтол хавсран ажиллаж байгаа гэсэн хэлбэр. Энэ нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Ийм учир ажил хүлээлгэж өгөх гэсэн асуудал байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5.7. Хуулийн үндэслэлээс харах юм бол тэр албан тушаалыг эрхэлж байгаагүй. Түр орлон гүйцэтгэсэн бол Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэлд цалин авна гэсэн зохицуулалт байгаа. Үүнийг тухайн албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх боломжгүй. Хавсран гүйцэтгэгч мөн адил байхгүй хүний ажлыг хавсран гүйцэтгэж байсан асуудал байгаа. Ямар хүнээр хавсран гүйцэтгүүлэх вэ гэхээр хамгийн ойр ажил эрхлэгддэг хүнээр орлон гүйцэтгүүлнэ гэдэг ч юм уу энэ зохицуулалтад хамрагдаад явж байсан хүнийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байсан гэж үзэж болохгүй.
5.8. Мөн сонгуулийн хороо нь сонсох ажиллагаа явуулаад энэ хүнд тайлбар байсан бол дахин хуралдах байсан гэж хэлж байна. Үүнийг хурлаараа хэлэлцүүлэхээс өмнө тайлбарыг аваад хэлэлцсэн бол өнөөдрийн шүүхийн шат хүртэл маргаан үргэлжлэхгүй ч байсан байх боломжтой. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хуульд бусад тооцож хүчингүй болгож өгнө үү гэв
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
6.1. Миний үйлчлүүлэгч нэг талыг бариад шийдвэр гаргасан гэсэн асуудлыг ярьж байна. Сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигч нарыг хасах, бүртгэх гээд асуудлууд явагдаж байгаа. Үүнтэй холбоотой улс төржилт явагдаж байна.
6.2. Үүнтэй холбоотой Ч.Б**********, ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Үүний цаана уг шийдвэрийг гаргаад байгаа хүмүүстэй холбоотой асуудал яригдах боломжтой.
6.3. Эрүүгийн хуульд Сонгуулийг хууль бусаар зохион байгуулах хуувилдах гэсэн зүйл анги байдаг. Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газарт шалгагддаг. Сонгуулийн хороо анхнаасаа нэр дэвшигчийн мэдээллийг цуглуулах боломжтой байсан ч мөрдөн шалган чиг үүргээ хэрэгжүүлээгүй.
6.4. Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль дээр сонгуулийн байгууллагын хүлээх үүргийг заагаад өгсөн. Мөн энэ нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд хариуцлага хүлээх механизм заагаад өгсөн.
6.5. Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан. Сонгуулийн ерөнхий хорооноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан үйл ажиллагаагаа бүрэн хийгээгүй байна. Үүн дээрээ анхаар гэсэн заавар, зөвлөмж ирүүлсэн. Шатлан захирах зарчмын дагуу Мөрөн сумын сонгуулийн хороо анхааруулга хүлээж аваад өөрсдөө тогтоолоо хүчингүй болгосон бол хэн хэндээ чирэгдэл учруулаад сууж байхгүй байсан.
6.6. Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зарчим байгаа. Хууль дээдлэх, ил тод, шударга ёсыг сахих гэсэн гурван зарчим байгаа. Уг зарчмыг гажуудуулсан, зөрчсөн үйл явдал тогтоогдлоо. Хууль дээдлэх зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахаас гадна Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үүргээ сонгуулийн хороо биелүүлээгүй.
6.7. Бид бүхий маргаад байгаа захиргааны акт нь өөрөө бичгээр гарах захиргааны актын хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа. Тогтоолын 3 дахь хэсэгт энэхүү тогтоолыг гардаж авснаас хойш хуульд заасанд хугацаанд холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасныг ноцтой зөрчиж байна. Энэ нь уг захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл мөн.
6.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан.
6.9. Ийм учир миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг алдагдуулж байгаа, Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаад онцгой анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
7.1. Мөрөн сумын Сонгуулийн хороонд Мөрөн сумын Ардчилсан намын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Мөрөн сумын Монгол ардын намаас Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Б**********, нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасны дагуу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэр дэвшсэн, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар гомдлыг ирүүлсэн.
7.2. Тухайн гомдлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10-д заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаас нэр дэвшигчийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт, байгууллагын бүтэц баталсан шийдвэр, томилогдсон, чөлөөлөгдсөн шийдвэр болон бусад холбогдох баримт, материалыг гаргуулан авч Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар 6 гишүүний бүрэлдэхүүнтэй (1 гишүүн эрүүл мэндийн шалтгаантай) ирүүлсэн баримтын хүрээнд нягтлан шалгаж, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ын ТҮЭМ-6-ийн удирдах албан тушаал хэсэгт хамаарч байгаа тул Сонгуулийн хорооны 6 гишүүний 100 хувийн саналаар дээрх тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзээд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг үндэслэн холбогдох ажиллагааг хийж дээрх шийдвэрийг гаргасан болно.
7.3. Иймд иргэн Ч.Б**********-ийнХөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Нэр дэвшигчийг хасах тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Э.У**********, болон тус сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
8.1. Мөрөн сумын сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэр дэвшигчдийг бүртгэх тогтоол гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа анх нэр дэвшигчдээс ирүүлсэн материалын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж бүртгэл явуулсан.
8.2. Энэ шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн чиглэл болон Аймгийн сонгуулийн хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэсэн.
8.3. Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдээс ирүүлсэн материалын хүрээнд нягталж шалгадаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг, материал, намтар дээр буруу бөглөсөн байна гэж нэр дэвшигчийг хасах эрх байхгүй гэсэн чиглэл өгсөн. Уг чиглэлийн хүрээнд ирүүлсэн материалын хүрээнд шийдвэрлэсэн.
8.4. Сая нэмэлтээр өгсөн нотлох баримт дээр нэхэмжлэгч өөрийгөө эмч гэсэн байдлаар анкетаа бөглөсөн байгаа нь харагдана. Албан тушаалын байдлаа бичиж тэмдэглээгүй байгаа. Эмч хүн ажлаа өгөх шаардлага байхгүй. Тасгийн эрхлэгч биш юм байна гэж бодож бүртгэл хийсэн.
8.5. Сонгуулийн сурталчилгаа эхлээд явж байхад 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Мөрөн сумын Ардчилсан намын хорооноос гомдол ирүүлсэн.
8.6. Уг гомдлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хуулийн 17 зүйлийн 17.3.10-т заасан эрх хэмжээний хүрээнд нягтлан шалгасан. Гомдлын дагуу Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захиралд албан бичиг өгч холбогдох баримтуудыг гаргуулан авсан.
8.7. Нягтлан шалгахдаа холбогдох баримт материалуудыг авсан. Холбогдох материал дээр 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хариуцлагын нэмэгдэл олгох тухай гэсэн Ч.Б**********, эмчийг Поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд түр томилсон. Мөн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай гэсэн байсан. Ирүүлсэн албан бичигт өнөөдрийг хүртэл эрхлэгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй гэсэн агуулгатай бичиг ирүүлсэн.
8.8. Нэхэмжлэгчийн болон өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаагаас үзэхэд хавсран ажиллах, түр ажиллах нь цалингийн нэмэгдэл авах гэж ажиллаж байгаа юм шиг тайлбар гаргаад байна. Хавсран ажилласан, түр орлон ч бай тухайн очсон албан тушаалын эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.
8.9. Ирүүлсэн материалын хүрээнд 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдаад тогтоол шийдвэр баталгаажуулахаас өмнө н.Баасандорж, Ч.Б**********, эмч нарыг дуудаж сонсох ажиллагааг зохион байгуулсан. Тухайн сонсох ажиллагааны баримтыг шүүхэд ирүүлсэн. Тухайн сонсох ажиллагааг процессын алдаатай гэсэн агуулга явж байна.
8.10. Бид бүхэн хуралдахаас өмнө энэ хүнийг хасах, ёстой, хасах ёсгүй гэсэн шийдвэрийг гаргах боломжгүй. Тогтоол албажиж баталгаажихаас өмнө дуудаж хурлын ийм шийдвэр гаргах гэж байна тайлбар байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн.
8.11. Сонсох ажиллагааны үед Ч.Б**********, ээс тайлбар, санал гаргаагүй учраас Сонгуулийн хороо дахин хуралдах шаардлагагүй гэж үзэн өмнө гаргасан тогтоолоо албажуулсан.
8.12. 2019 оны 9 дүгээр тогтоол дээр түр орлон гүйцэтгүүлсэн нэмэгдэл олгохыг сар, жилээр гэдгийг нь тогтоож өгсөн байдаг. Тухайн түр орлон гүйцэтгэж байгаа чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Энэ утгаараа хариуцлагын нэмэгдэл олгох тухай энэ шийдвэрийг дээд шатны удирдлага нь гаргасан байдаг.
8.13. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрийг гаргаж байгаа. Хэт нэг талыг барьсан, улс төржсөн шийдвэр гаргах боломжгүй. Дээд шатны сонгуулийн хорооноос манай сонгуулийн хороог байгуулсан. Нэр дэвшигч намтараа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, сонгуулийн хороонд бүх нэр дэвшигчийн мэдээллийг шалгаад явах боломж байхгүй.
8.14. Сонсох ажиллагааны хувьд сонгуулийн ажил цаг хугацаа, хуанлитай гэж ярьж байсан. 10 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 30 минутад холбогдох байгууллагуудаас өргөдөлтэй холбоотой материалыг авч сонгуулийн хорооны хурлаараа хэлэлцээд 17 цаг 50 минутад сонгуулийн хорооны хурал дууссан.
8.15. Хуралдаан дууссаны дараа нарийн бичиг миний бие сонгуулийн хорооноос гарах шийдвэрийн төслийг боловсруулсан. Төслөө боловсруулчхаад нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн.
8.16. Сонгуулийн хороо 6 гишүүнтэй хуралдсан. 3 хүнтэй байсан гэдэг нь Я.Э********** гишүүн сонгуулийн хорооноос албан бичиг хүргэж ирж таарсан. Сонсох ажиллагаа хийж байгаа учраас Сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ байх шаардлагагүй гэж үзсэн.
8.17. Бид бүхэн аль болох өргөдөл гомдол шийдэх эрх хэмжээний хүрээнд хянаад Сонгуулийн тухай хуулийн 71.1-т заасан хүрээнд холбогдох шийдвэрийг гаргаж байгаа.
8.18. Бид уг хүмүүсийн гомдол гаргах эрхийг нь хангахын тулд хуралдаан дуусмагц яаралтай төслөө боловсруулаад сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн. Бид бүхэн ийм шийдвэр гаргах гэж байна. Та бүхэн тайлбар гаргана уу гэхэд тэгье бичиж тэмдэглэх юм байхгүй байна. Бичгийн цаас өгөөч гэж байсан. Тэгээд тайлбар байхгүй гэж амаар хэлээд гарсан.
8.19. Иймээс бид бүхэн гаргасан шийдвэр дээрээ бат зогсож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
9. Нэхэмжлэгч Ч.Б**********, ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Нэр дэвшигчийг хасах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулж явуулна, 14.7-д Сонгуулийн хорооны үйл ажиллагаа түүнийг байгуулсан этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно, 17 дугаар зүйлийн 17.1-д Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэх захиргааны байгууллагад хамаарна.
11. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.5, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Б**********, ийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нэр дэвшигчийг бүртгэх тухай 07 дугаар тогтоолын хавсралтын 6 дахь мөрийн Ч.Б**********гэсэн хэсгийг хасаж шийдвэрлэжээ.
12. Дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ..., бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно гэж заасан бүх шинжийг агуулж байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан тул Ч.Б**********, сонгогдох эрхээ зөрчигдсөн эсэхийг хянуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, 14.10-т Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана заасны дагуу Мөрөн сумын Сонгуулийн хороо, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд хандсаныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзлээ.
15. Нэхэмжлэгч Ч.Б**********, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолыг тухайн өдөрт нь гардаж аваад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.
16. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монгол ардын намаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн Ч.Б**********, ийг нэр дэвшигчээр бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
17. Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо ирц дутуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан, сонсох ажиллагаа явуулж миний тайлбар саналыг сонсоогүй, миний поликлиникийн тасгийн эрхлэгчийг түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй, гэж хариуцагчаас нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Ч.Б**********, поликлиникийн тасгийн эрхлэгчийг түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан тухайгаа үнэн зөв мэдүүлээгүй, эдгээр албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байгаа тул нэр дэвшигчээс хасах нь хуульд нийцнэ гэж тус тус маргасан.
18. Нэхэмжлэгч Ч.Б**********, нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
19. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/256 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.Б**********, нь Мэдрэлийн тасгийн эмчээр томилогдон ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно.
20. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Поликлиникийн тасгийн эрхлэгчийн жирэмсэн, амаржсан чөлөөний хугацаанд мэдрэлийн эмч Чулууны Батхишигийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тасгийн эрхлэгчээр түр томилсон нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.
21. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Поликлиникийн тасгийн эрхлэгч Чулууны Батхишигийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран томилж, хавсран ажилласныг нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
22. Нэхэмжлэгч талаас Мэдрэлийн эмч Ч.Б**********, ийн хавсран болон түр ажиллаж байсан албан тушаалуудыг төрийн жинхэнэ албан тушаалтай адилтган үзэх боломжгүй, төрийн үйлчилгээний удирдах албан тушаал хашиж байсан гэж үзэхгүй гэсэн үндэслэлд дараах тайлбар өгье.
23. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь ... төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, ...-г зохицуулахад оршино бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-т зааснаар "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно.
24. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2. ... эрүүл мэнд, ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэжээ.
25. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т нэгдсэн эмнэлгийн тасаг, нэгжийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байхаар заасан.
26. Иймд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байна.
27. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албанд хамаарах бөгөөд үүний зэрэгцээ Ч.Б**********, ийн хавсран болон орлон гүйцэтгэж байгаа албан тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс /нэмэгдэл/ авч байгаагийн хувьд мөн адил эрх зүйн үр дагавар үүсгэх төрийн үйлчилгээний удирдах албан тушаалууд юм.
28. Нэхэмжлэгчийн маргаж буй түр хугацаагаар болон хавсран ажилласны төлөө нэмэгдэл цалин хөлс олгох тушаал гарсан. Хоёр тасгийн эрхлэгчийн албан тушаалын хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээх тухай ямар ч заалт тушаалд тусгагдаагүй. Энэ ажлын байрууд дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлд дараах тайлбар өгье.
29. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно, 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно гэж заасан.
30. Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулах нь хуульд нийцнэ. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ шинээр болон тусгайлан байгуулах талаар хуульд заагаагүй байна.
31. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалууд нь ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх хэлбэрээр ажиллуулж байгаа агуулгатай боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийг баримтлаагүй эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох хэдий ч гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлтэй гэж үзнэ.
32. Захиргааны эрх зүйд захиргааны актын эрх зүйн зөрчлийг хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт илт хууль бус захиргааны акт, хоёрдугаарт хууль бус захиргааны акт.
33. Илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг.
34. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан.
35. Хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргасны дагуу дээд шатны захиргаанаас, эсхүл шүүхээс хүчингүй болгоогүй л бол эрх зүйн үйлчлэлтэй байдгаараа онцлог юм.
36. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
37. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Мэдрэлийн эмч Чулууны Батхишигийг Поликлиникийн тасгийн эрхлэгчээр түр томилж, хариуцлагын нэмэгдлийг 15 хувиар, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран томилж, хавсран ажилласны нэмэгдлийг 20 хувиар тооцож олгосон захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйчлэлтэй.
38. Нэхэмжлэгч Б.Батхишигийг Поликлиникийн тасгийн эрхлэгчээр түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийг баримтлаагүй байх боловч тэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2-т заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд болохын хувьд түр болон хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалуудын хувьд эрх зүйн хариуцлагыг хүлээнэ.
39. Иймд нэхэмжлэгч Ч.Б**********, Поликлиникийн тасгийн эрхлэгчээр түр, Эрүүл мэндийг дэмжих төвийн тасгийн эрхлэгчээр хавсран ажиллаж тухайн албан тушаалуудын чиг үүргийг хэрэгжүүлж, тохирох цалин хөлсийг нэмж авч байгаагийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: ... 28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарна.
40. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ... 37.1.4.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэж заасан.
41. Нэхэмжлэгч Ч.Б**********, нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль Монгол ардын намаас Мөрөн сумын 3 дугаарт тойрогт нэр дэвшсэнийг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэж үзнэ.
42. Ч.Б**********, төрийн үйлчилгээний албан хаагч болохын хувьд төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэгтэй.
43. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасан тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2-т нийцүүлэн шийдвэр гаргасан байна.
44. Нэхэмжлэгчийн маргаж буй Мөрөн сумын Сонгуулийн хороо шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлд дараах тайлбарыг өгье.
45. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.3-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: 27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл; 27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт; 27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл, 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: ... 27.4.3.биечлэн уулзах, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6-т Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна, 27.7-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж тус тус заасан.
46. Товчилбол Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, түүнд урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй. Гарсан тайлбар, саналыг шийдвэртээ тусгаагүй байж болох ч шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээнэ.
47. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Э.У**********, , нарийн бичгийн дарга Х.Ц**********, , гишүүн Я.Э********** нар нэхэмжлэгч Ч.Б**********, тэй 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 15 минутад биечлэн уулзаж түүнийг нэр дэвшигчээс хасах тухай тогтоолын төслөө танилцуулж, тайлбар санал гаргах эсэхийг тодруулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан дууны бичлэгээр нотлогдож байна.
48. Гэсэн хэдий ч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлээс үзэхэд нэр дэвшигч Ч.Б**********, ийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс хасах тухай тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутад гаргасан, Ч.Б**********, т тогтоолын төслийн танилцуулснаас хойш Сонгуулийн хороо дахин хуралдаж эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн саналыг хэлэлцээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
49. Энэ тохиолдолд хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрх зүйн зайлшгүй процес болох сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзнэ.
50. Нэхэмжлэгч Ч.Б**********Сонгуулийн хороо ирц дутуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлээс үзэхэд 6 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан болох нь нотлогдож байна. Сонсох ажиллагаанд Сонгуулийн хорооны бүх гишүүн байх шаардлагагүй.
51. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 19.2.-т Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заасныг зөрчөөгүй байна.
52. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...- захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан.
53. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахын тулд захиргааны акт хууль бус байхын сацуу түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.
54. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн субьектив эрхийг сэргээх нь шүүхийн зорилго юм. Субьектив эрх гэдэг нь хууль тогтоомжид шууд заасан, эсхүл түүний үндсэн дээр үүсэх тодорхой этгээдийн эрх мэдэл буюу боломж юм.
55. Нэхэмжлэгч Ч.Б**********, т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвших боломж хуулиар хязгаарлагдсан байх тул түүнд хамгаалагдах субьектив эрх байхгүй гэж үзнэ.
56. Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааны журам зөрчиж эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б**********, ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай Нэр дэвшигчийн хасах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ