Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 123

 

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00738/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 1147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч Н.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн Б.З- нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/167 тоот зээлийн гэрээ болон барьцааны эрхийн гэрээ байгуулж 40.000.000 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, мөн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №12/292 тоот Зээлийн гэрээ болон 12/292/1 тоот барьцааны эрхийн гэрээ байгуулж нэмэлт 40.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатайгаар зээл авчээ.

Тус барьцааны гэрээний 3 дугаар зүйлд барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зэргийг барьцаалсан ба гэрээний 3.1-ийн 3-т бичигдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 2-4 тоотод байрлах 78м.кв талбайтай 000104468, Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаалжээ. Ингээд  зээлдэгч Б.З-д холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар талууд эвлэрч, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1369 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч зээлдэгч Б.З- нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь Б.З-тай анх барьцааны гэрээ байгуулахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 2-4 тоотод байрлах 78м.кв талбайтай 000104468, Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаанд авсан гэх атлаа банк ямар ч хамаагүй миний өмчлөлийн Ү-2003000012 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр гудамж, 4/В тоотод байрлах 90м.кв талбай бүхий нэг давхар хувийн сууцны фото зургийг авч, уг зургийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.З-гийн өмчлөлийн эд хөрөнгийг биш, харин Н.Г- миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 38 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ын гаргасан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээчин ирж Б.З-гийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ 78м.кв бүхий Ү-2003009244 дугаартай хувийн сууц биш, миний өмчлөлийн Ү-2003000012 дугаартай хувийн сууцны зургийг авч зах зээлийн үнэлгээг 56.400.000 төгрөгөөр үнэлж гаргасны дагуу одоо миний сууц албадан дуудлага худалдаанд орох гэж байна.

Тодруулбал: “Капитал зууч” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ тайланд “Б.З-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 2-4 тоотод байрлах 90м.кв талбай бүхий Хувийн сууцны байшин (УБД№-Ү-2003009244) ... үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож тайлан хүргүүлэв” гэсэн атлаа дүгнэлтийн хавсралтад тус үнэлгээ хийсэн байшингийн зургийг хавсаргасан нь Н.Г- миний өмчлөлийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр гудамж, 4/В тоот үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байна.

Мөн тус үнэлгээний тайлангийн 2-т үнэлэгдэж буй эд хөрөнгийн одоогийн байдал гэдэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2-4 тоотод байрладаг 2008 онд баригдсан, газар хэмжилтээр нийт 90м.кв талбай бүхий нэг давхар барилга юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 78м.кв талбай гэж бүртгэгдсэн байна. Дээрх барилга нь Б.З-гийн өмч болохыг гэрчилсэн Улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104468 тоот гэрчилгээтэй байна гэж дүгнэлтдээ бичсэнээс үзэхэд барьцаанд авагдсан Б.З-гийн үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлийн эд хөрөнгөтэй андуурсан нь нотлогдож байна.

Учир нь Б.З-гийн өмчлөлийн Ү-2003009244 дугаартай 78м.кв хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанаас харахад 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг нээж, анх удаа бүртгэж баталгаажуулсан байна. Үүнээс дүгнэхэд 2008 онд баригдсан барилгыг 2003 онд бүртгэж баталгаажуулна гэсэн асуудал байхгүй билээ. Харин миний өмчлөлийн Ү-2003000012 дугаартай хувийн сууц нь 2008 онд баригдсан. Үүгээр ч зогсохгүй Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №45-103167 дугаартай тодорхойлолтоос харахад миний өмчлөлийн Ү-2003000012 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Газар капитал” партнерс ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд байгаа нь бүртгэлтэй гэдэг нь харагдаж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн Б.З-гийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ноцтой төөрөгдөл гарч гуравдагч этгээд Н.Г- миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр гудамж, 4/В тоот /Ү-2003000012/ үл хөдлөх эд хөрөнгийг андуурч үнэлж улмаар миний үл хөдлөх хөрөнгийг Б.З-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 2-4 тоотод байрлах 78м.кв талбайтай Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй хувийн сууцтай андуурч үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Г- миний өмчлөх эрхэд халдаж байх тул уг үйл ажиллагааг залруулж, төөрөгдлийг арилган зөвтгөж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдаа Хөгжлийн банкнаас 2010 онд 20.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ дуусаж байхад 40.000.000 төгрөг нэмж авсан. Дараа дахиад 40.000.000 төгрөг аваад нийт 100.000.000 төгрөг авсан. Шүүхийн шатанд 40, 40 сая төгрөг авсан талаарх баримтыг гаргаж өгсөн боловч 20.000.000 сая төгрөг авсан гэрээг гаргаж өгөхгүй байгаа. Тэр баримт дээр бүх зураг байгаа. 20.000.000 төгрөгийн зээл авсны дараа 40.000.000 төгрөгийг өгч байхдаа эдийн засагч эмэгтэй нь манай гэрт очин 20.000.000 төгрөгийг хаана оруулсан бэ гэхээр нь би Ү-2003000012 дугаар гэрчилгээтэй байшинг ээждээ барьж өгсөн гэсэн чинь тэрний зургийг аваад явсан. Тэгээд дараа нь зээлээ төлж чадахаа болиод шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод үнэлгээ гаргуулах болсон чинь банкны хүмүүс энэ байшинг барьцаанд авсан гэж миний ээждээ барьж өгсөн байшинг үнэлсэн.

Гэрчилгээ гараагүй ээжийн байшинг үнэлсэн. Энийг би олон жил буруу байшин үнэлсэн гэж гомдол гаргаж явсан. Хамгийн сүүлд эзэн нь өөрөө гомдол гаргасан. Миний зөвшөөрөлгүйгээр 3 байшингийн зургийг нь авч байгаад нэгийг нь барьцаанд авсан байсан. Тэрийг сүүлд шүүх хурал дээр зургийг нь үзүүлэхэд л би мэдсэн. Тэр байшин нь ээжийн гэрчилгээ аваагүй байшин. Банк буруу байшингийн зураг авчхаад тэр чигээрээ дайраад байгаа. Тэгэхээр тэрийг буруу байшин гэдгийг нотлохын тулд үл хөдлөх хөрөнгийн хавтаст хэрэгтэй. Тэр хавтаст хэрэгт Ү-2003000012 дугаартай байшинг үнэлсэн байшингийн 4 талаас авсан зураг тодорхой байгаа.

Барьцаанд байгаа байшин гэдэг нь 2003 онд өөр хүнд шилжээд зарагдаад явж байсан. Тэгэхээр 2007 онд баригдсан байшинг яаж 2003 онд зараад явж байх юм бэ. Энэнээс илүү нотолгоо гэж байхгүй. Сая гаргаж өгсөн зураг дээр байгаа. 2007 онд тэр байшин байхгүй байсан. 2010 онд байгаа. 2020 онд бас нэг байшин баригдсан байгаа. Тэр гэрчилгээ нь 2003 онд авсан гэрчилгээ. Байшин байхгүй байхгүй байхад эд нар байгаа гээд байгаа. Байшин байхгүй байхад гэрчилгээ нь яваад байсан болж байгаа байхгүй юу. Миний яриад байгаа нэг давхар гээд байгаа нь зөв байхгүй юу. Гэтэл шинэ барьсан байшинг заавал авна гээд байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-, Б.Х- нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаар шийдвэрээр Балдангийн З-, Балдангийн Т- нараас 75.820.000 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан улсын бүртгэлийн Г-2003001249 дугаарт бүртгэлтэй 2825.52м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй 68.0м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013866 дугаарт бүртгэлтэй 162.0м.кв талбайтай 9 машины гражийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад, төлбөр төлөгч Б.Т-, Б.З- нар нь үнийн санал ирүүлээгүй, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилсон.

“Капитал зууч” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хэсэг 2-4 тоотод байрлах 78.0м.кв хувийн сууцыг 56.400.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011023 дугаартай 68.0м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 27.200.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013866 дугаартай 162.0м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99.800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Г- нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000012 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг үнэлж худалдан борлуулах ажиллагаа хийх гэж байгаа тухай гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд, энэ нь “Капитал зууч” ХХК-ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хэсэг, 2-4 тоотод байрлах 78.0м.кв нэг давхар хувийн сууцыг 56.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа бөгөөд тайланд нэхэмжлэгч Н.Г-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000012 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг Мангирт 1 дүгээр хэсэг 4/В тоотод бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн гэх нотлох баримт байхгүй байна. Төлбөр төлөгч Б.Т- нь барьцаа хөрөнгө болох Ү-2003009244 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 2 давхар хувийн сууц гэх боловч энэ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000012 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох нь нэхэмжлэгч Н.Г-ийн “Газар капитал” партнерс ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд хавсаргасан зургаар нотлогдож байна. Төлбөр төлөгч Б.Т- нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж 72.0м.кв хувийн сууцаа өргөтгөж 158.5м.кв болгож гэрчилгээг гаргуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Н.Г-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000012 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ерөнхийдөө шинжээчийн үнэлгээнд гаргасан гомдол гэж ойлгож байсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу хөрөнгө барьцаанд авсан талаар хэлж байна. Барьцааны хөрөнгө мөн эсэх талаар шинжээч томилохдоо барьцааны хөрөнгийн Улсын Бүртгэлийн дугаараар гаргаад манайх шинжээч томилоод шинжилгээ хийлгэсэн. Барьцааны хөрөнгийн Ү-2003009244 дугаартай үл хөдлөх хөрөнгийн дугаараар шинжээч томилсон. Шинжээч Ү-2003009244 дугаартай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн. Шинжилгээ хийхдээ бид нотлох баримт цуглуулсан. Нэхэмжлэгч талаас Ү-2003000012-г Ү-2003009244 гээд үнэлчихлээ гэж байгаа. Гэтэл Ү-2003000012 өөр үл хөдлөх хөрөнгө байна. Зөв хөрөнгөө үнэлүүлсэн байна гэдгийг тогтоосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгтэй холбогдуулан олон удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн тогтоол хүртэл гарсан. Хоёрдугаарт үнэхээр энэ хэрэг Иргэний журмаар зөвтгөөд яаж явуулах вэ гээд талуудтай ярилцсан. Талууд манайх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгө буруу байна гээд байдаг. Ингээд манайх хуульд заасан ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1147 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Б.З-гийн үүргийг гүйцэтгэлийг миний үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж байгаа буруу ташаа, андуурсан үйл ажиллагааг зөвтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1147 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Б.З-гийн өмчлөлийн эд хөрөнгийг биш, харин ямар ч хамаагүй Н.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул Н.Г-ийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ын гаргасан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээчин ирж Б.З-гийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ 78м.кв бүхий Ү-2003009244 дугаартай хувийн сууцыг биш, Н.Г-ийн өмчлөлийн Ү-2003000012 дугаартай хувийн сууцны зургийг авч зах зээлийн үнэлгээг 56.400.000 төгрөгөөр үнэлж гаргасны дагуу одоо миний сууц албадан дуудлага худалдаанд орох гэж байна.

“Капитал зууч” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны Хөрөнгийн үнэлгээ тайланд “...Б.З-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 2-4 тоотод байрлах 90м.кв тайлбай бүхий Хувийн сууцны байшин (УБД № - Ү-2003009244)-гийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож тайлан хүргүүлэв...” гэсэн атлаа дүгнэлтийн хавсралтад тус үнэлгээ хийсэн байшингийн зургийг хавсаргасан нь Н.Г-ийн өмчлөлийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 4/В тоот үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн байна.

Тодруулбал банк Б.З-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан гэх атлаа ямар ч хамаагүй хажууд нь байдаг Б.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг андуурч битүүмжилсэн ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан тайлбар, шүүх хуралдаан дээр газрын зургаас үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршлыг хүртэл нарийн тайлбарлаж өгсөн атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн гэх үйлдэлд хариуцагч байгууллага буруутай эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь банк Б.З-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагаа явуулахдаа хамааралгүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх тогтоол гаргаж цаашлаад шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ мөн тус үнэлэгдэж байгаа хөрөнгийн гэрчилгээ зэргийг шалгаж нягтлалгүй шууд үнэлж, нэхэмжлэгч Н.Г-ийн өмчлөх эрхэд халдсан нь илт харагдаж байхад огт үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Г-ээс Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан иргэн Б.З-гийн бусдад төлөх ёстой төлбөрт холбогдуулан явагдаж буй ажиллагаанд ноцтой төөрөгдөл гарч миний үл хөдлөх эд хөрөнгөөр түүний төлбөрийн гүйцэтгэлийг нь хангуулах гэж байгааг залруулан зөвтгөж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэлийн дагуу явагдаж байгаа, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлээгүй хэмээн маргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ “Капитал зууч” ХХК-ийн үнэлсэн Б.З-гийн өмчлөлийн Y-2003009244 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2-4 тоотод байрлах 78м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 2003 оны 03 дугаар сарын 05-нд анх улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Харин миний өмчлөлийн Y-2003000012 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг 4/В тоотод байрлах 158м.кв үл хөдлөх эд хөрөнгө 2008 онд ашиглалтад орж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн лавлагаагаар нотлогдож байгаа.

Гэтэл Б.З-гийн 78м.кв хувийн сууцыг үнэлэхдээ миний хувийн  2 давхар 158м.кв сууцны фото зургийг авч үнэлгээг гаргасан, би өөрийн хувийн орон сууцаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Газар капитал партнерс” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлсэн хэмээн тодорхойлжээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал Зууч” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлангаас үзвэл үнэлгээчин нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 2-4 тоотод байрлах хувийн сууцыг үнэлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн чанар байдал, элэгдлийг тооцон газар дээр нь очин хэмжилт хийх, ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн өртгийн хандлагаар үнэлгээг нь тогтоож, холбогдох зургийг хавсарган хүргүүлжээ.

Дээрх үнэлгээний тайланд хавсаргасан зурагт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Балдан овогтой Т- /ТЕ71040174/-гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Y-2003000012 дугаарт бүртгэгдэн 2014 оны 06 дугаар 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь Н.Г-т шилжиж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Газар капитал партнерс” ББСБ-д зээлийн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн зурагтай тохирч байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаарх 2007, 2013, 2020 оны сансараас авсан гэх зургийг гаргаж өгсөн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь солигдон бүртгэгдсэн гэж тайлбарласан хэдий ч эрх бүхий байгууллагын уг үйлдэлд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ямар буруутай үйл ажиллагааг нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байх ба энэ талаар нэхэмжлэгч талаас баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Б.З-гийн бусдад төлөх ёстой төлбөрийг Н.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр төлүүлэхээр үнэлэн битүүмжилж түүний өмчлөх эрх ноцтой зөрчигдсөнийг зөв гэж үзсэн үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар хүсэлт гаргасны дагуу тус шүүхээс хуульд заасан хугацааны хүрээнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                 ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                                 М.МӨНХДАВАА