Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/00101

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******ад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.*******аас 1 төлгийг 80,000 төгрөгөөр бодож нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 55 төлөг авч, үлдсэн 45 төлгийг намраас өгөхөөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой бус шалтгаанаар өгөхгүй байх тул үндсэн 3,600,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, бусад 1,100,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******оос 2024 оны 01 дүгээр сарын 20-нд 8,000,000 төгрөг авсан. Ингээд 07 дугаар сарын 20-оор 55 хонь өгсөн. Ингэхдээ төлгөө 180,000 төгрөгт, эр, эм хонио 200,000 төгрөгт бодож өгсөн. Өөрөө болно гээд тохиролцоод аваад явсан. Мөнгө нэмж нэхэж байгаа бол би өгсөн 55 хонио буцаан авч, түүний 8,000,000 төгрөгийг хүүтэй нь төлье гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.******* би нэхэмжилсэн 9,200,000 төгрөгөөс 5,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,600,000 төгрөгийг хариуцагч М.*******аас гаргуулах,

2. Хариуцагч М.******* би нэхэмжилж буй 3,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлж барагдуулахыг зөвшөөрөв. Нэхэмжилж буй 3,600,000 төгрөгийг:

- 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 1,800,000 төгрөг,

- 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,800,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******ын ХААН банк дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсон болно.

Дээрх байдлаар эвлэрч шийдвэрлүүлснээр бид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, эвлэрлийг баталсан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд хариуцагч М.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нар “нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжилсэн 9,200,000 төгрөгөөс 5,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч М.******* нь нэхэмжилж буй 3,600,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийн 50 хувь болох 81,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 81,075 төгрөгийг, хариуцагч М.*******аас 36,275 төгрөг /3,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,550 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийн 50 хувь болох 81,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 81,075 төгрөгийг, хариуцагч М.*******аас 36,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ